Улстөрчдийн рейтингийг Х.Баттулга, Н.Энхбаяр нар тэргүүллээ

5-р сарын 1, 2018 8:34 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 41
5-1-3

Т.БАТСАЙХАН

“Сант марал” сангаас Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдалд хийсэн ээлжит судалгааны дүнгээ танилцууллаа. Тус 1995 оноос хойш олон нийтийн санаа бодлыг тандан судалгаа хийж эхэлсэн бөгөөд 2018 оны гуравдугаар сарын судалгаагаа Улаанбаатар хот,  Увс, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор аймгийн 1200 гаруй иргэнээс авчээ.  Ийнхүү судалгааны онцлох асуудлыг тоймлон хүргэж байна.

“ТОП-10”-Т УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД БАГТСАНГҮЙ

Судалгааны хамгийн сонирхолтой хэсгийн нэг нь улстөрчдийн рейтинг байдаг.  Энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга, МАХН-ын дарга, МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр нар рейтингээрээ тэргүүлж, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар гуравдугаарт бичигджээ.  Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвт бичигдсэн бол түүний араас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, С.Жавхлан, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар жагсаад байна.

Топ арван улстөрчдийн тоонд Төрийн гурван өндөрлөгөөс УИХ-ын дарга М.Энхболд багтсангүй. Энэ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн будлиан, 60 тэрбумын хэрэг зэргээс шалтгаалан иргэд түүнийг таалаагүйн илрэл байх. Мөн зургаан сарын өмнө топ улстөрчдийн нэгт бичигдэж байсан эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг уруудаж, дөрөвдүгээрт орсон нь МАН-ын явуулж буй бодлого, үйл ажиллагаа иргэдэд таалагдахгүй байгааг харуулсан нэг үзүүлэлт болж байна. Топ 10-т Ц.Нямдорж, С.Жавхлан, Ц.Даваасүрэн нар орж ирсэн нь судалгаанд Увс, Хөвсгөл аймгийн иргэд  оролцсонтой холбоотой байж болох юм. Үүн дээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэмвэл энэ парламентаас ердөө дөрвөн улстөрчийг онцолжээ.  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар багтсан бол бусад нь дандаа парламентын гаднаас нэрлэгдсэн нь анхаарал татаж байв.  Ийнхүү энэ удаагийн судалгааг рейтингээрээ Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлж, МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нар дээгүүр давхисан нь онцлог байлаа.

СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН 42.3 ХУВЬ НЬ “МАХН НЭЛЭЭД ТААЛАГДДАГ” ГЭЖЭЭ

Судалгааны онцлох нам хэсэг анхаарал татаж байна. Энэ нь улс төрийн хүрээнд шинэ салхи сэвэлзэж эхэлснийг зарлах шиг боллоо. Энэ хэсэгт МАХН, МАН, АН-ыг  онцолжээ. Судалгаанд оролцогчдын 42.3 хувь нь “МАХН нэлээд таалагддаг” гэж хариулсан байна. Харин иргэдийн 34.5 хувь нь МАН, 37.9 хувь нь АН-ыг таалжээ. МАХН-ын рейтинг судалгаанд оролцогчдын дунд нэлээд өндөр байгаа нь Монголын улс төрийн гуравдагч хүчин гэдэг нь бодитой болохыг баталж байна.

Мөн судалгааны “Таны бодлоор МАН зөв чигээр замнаж байна уу, буруу  тийшээ зүтгэж байна уу” гэсэн асуултад иргэдийн 21 хувь нь зөв хэмээн хариулж, харин 42 хувь нь буруу  замаар явж байна гэж хэлсэн байна.  Энэ нь эрх баригч намын үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгааг дахин харуулсан үзүүлэлт боллоо.

 Үүний дараа иргэдээс “УИХ-ын сонгуулиас хойш, саналаа өгсөн намынхаа үйл ажиллагааг та хэрхэн үнэлэж байна вэ” гэж асуусан байна.  Иргэдийн 24.5 хувь нь МАХН-д харьцангуй сайн гэсэн үнэлгээг өгсөн бол  МАН-д 17.0 хувь, АН-д 19.8 хувь нь харьцангуй сайн гэсэн дүн тавьжээ. Харин иргэдийн 10.1 нь МАН-ыг маш муу гэсэн, АН-ыг 6.7 хувь, МАХН-ыг 1.8 хувь нь муу  гэж үнэлжээ.  Ийнхүү судалгааны онцлох нам хэсэг нь  МАХН улс төрийн хүрээнд нэлээд хүчтэй өрсөлдөгч гэдгийг харуулж эхэллээ.

ИРГЭДИЙН 84.3 ХУВЬ НЬ НИЙГМИЙГ ШУДАРГА БУС БАЙНА ГЭВ

“Сант марал” сангийн  судалгаанд сэтгэл эмзэглүүлмээр хэсэг байгаа нь иргэдийн дийлэнх олонх нь нийгэмд итгэхээ байсан байна. Иргэдээс “Нийгэмд шударга тал нь илүү байна уу, шударга бус  нь илүү байна уу” гэж асуухад 84.3 хувь нь шударга бус нь илүү байна гэж хариулжээ.

Энэ нь улс төр болон  хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа иргэдэд таалагдахгүй байгааг харуулж байна. Мөн “Нийгмийн дэг журам ямар үндэс дээр тогтох ёстой вэ” гэхэд “Хүн болгон тэгш эрхтэй, хуулийн тогтолцоо” гэж 68 хувь нь хариулжээ.

Үүний дараа “Манай улс төрийн намууд олон түмний санал бодлыг илэрхийлж байна уу, эсвэл илэрхийлж чадахгүй байна уу” гэхэд  87.3 илэрхийлж чадахгүй байна гэж дүгнэжээ.

Иргэд үнэхээр нийгэмд, улстөрчдөд итгэхээ больсон гэдгийг  судалгаа харууллаа.  Ерөнхийлөгч,  Ерөнхий сайдаасаа эхлээд шударга ёс ярьж, энэ үгийг уриа лоозон мэт хэрэглэж байгаа ч  нийгэмд шударга ёс үнэ үнэ цэнээ алдаж байгаа юм байна.

Ийнхүү  “Сант марал” сангаас Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн байдалд хийсэн энэ удаагийн судалгаа эрх баригчдад муу дүн тавьсан, шударга ёсонд итгэхээ больсон нийгэм эдийн засгийн хүрээнд нэлээд бараан дүр зурагтай судалгааг дэлгэн тавиад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 8

Cialis Precio Oficial Espana Propecia Effective Generic Finasteride cialis overnight shipping from usa Cialis Lilly Brand Pills Comprar Cialis En Andorra Avec Clomid

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *