Улс төрийн тоглоомын дүрэм бохир хэвээрээ байна

10-р сарын 23, 2012 10:27 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 253

З.ОРГИЛ

 

Улс төр судлаач Д.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

 

Яг одоо Монголын улс төрийн сонирхол татаж буй үйл явдал бол УИХ-ын сонгуулиар Өвөрхангайн Х дугаар тойрогт гарсан маргаан АН-ын талд шийдэгдэж байгааг МАН-аас эсэргүүцэж байгаа явдал. Та хэрхэн харж байна вэ?

Бүр сонгуулийн кампанийн үеэр л нэлээд хэл ам дагуулж эхэлсэн үйл явдал. АН-аас нэр дэвшигчид сонгогчдодоо мөнгө төгрөг тарааж, сонгогчдыг худалдан авч байна гэж Өвөрхангайн АН-ын дарга нь мэдэгдэж байсан даа. Сонгууль бол эрх баригчдаа цус урсгалгүйгээр сольдог арга механизм юм. Гэтэл одоо бараг цус урсгаж мэдэхээр төвшинд хүргээд хаячихлаа. Сонгууль бол олонхийн нь дэмжлэг авдаг тогтолцоо. Гэтэл цөөнх нь гараад ирдэг, гаргаж ирэх гээд механизм ажиллаад байдаг тогтолцоо руу орж байна. Энэ буруу. УИХ-ын буюу парламентын хямрал үүсээд эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох байгууллага үйл ажиллагаагаа тогтвортой явуулах бололцоогүй болж, нэр хүнд нь олон түмний дунд унахыг парламентын хямрал гэж томъёолдог.

-Үйл явдал цаашдаа яаж өрнөх бол?

-Энэ хоёр суудлыг АН болон МАН хэрхэн шийдвэрлэх талаар харилцан зөвшилцөхөөс л хамаарах байх. 2004 оны сонгуулиар ч нэр дэвшигчдийн хооронд мөн л ийм маргаантай асуудал үүсч, хоёр жил хүртэл сунжирч байсан. Маргалдаж буй нэр дэвшигчдийн аль алийг “гомдоохгүйн” тулд нэгийг нь УИХ-д тангараг өргүүлж нөгөөг нь том албан тушаалд томилж асуудлыг намжааж байлаа. Ийм зөрчил маргаан шийдвэрлэх зохистой арга механизм бүрдүүлэхгүй бол цаашдаа ардчилсан тогтолцоонд халтай үйлдлүүд газар авахад хүрнэ. Ухаандаа энэ маргааныг Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдэгдвэл цаашдаа сон­гуульд ялсан нэр дэв­шигчидтэйгээ зууралдан өөрт ашигтай шийдвэр гаргуулахыг эрмэлздэг, өөрөө гараагүйд өширхөж бусдыг татаж унагахыг оролддог тийм жишиг тогтоно.

Таны хэлж буй тэр зохистой арга механизмыг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Жишээ нь Сонгуулийн ерөнхий хороо гэх улстөрийн том институци байна. Ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн цэвэр тунгалаг орчин бүрдүүлэхэд энэхүү байгууллагын үүрэг хэчнээн чухал болохыг бид одоо ухаарч эхэллээ. Нэн түрүүнд энэхүү байгууллагыг улс төрийн намуудаас хараат бус болгомоор байна. Аль нам ялна тэр нь СЕХ-ны даргыг томилдог, нөгөө хэсэг нь тэрхүү этгээдэд хэзээ ч итгэдэггүй байдал өнөөдөр үйлчилж байна.

Шүүх засаглалд бас асуудал байх шиг байна?

-Мөн шүүхийн бие даасан, хараат бус байд­лыг хангахад дорвитой алхам хийх шаардлагатай. Ялангуяа улс төрийн асуудалд шүүх тогтолцоог ашигладаг, шүүхийн шийдвэрт улс төрч этгээд хутгалдан ордог байвал ардчилал, шударга ёсыг яаж хэрэгжүүлэх вэ. Одоо манайд хэрэгжүүлж буй шүүхийн шинэчлэл нь мөнгө төгрөг, хамаатан садангаар дамжуулж шүүхэд нөлөөлдөг явдлыг хязгаарлахад чухал алхам байх. Гэтэл шүүх засаглалаар өөрт ашигтай шийдвэр гаргуулахаар улс төрийн хүчнүүд тэмцэлдэж байгааг хэрхэн зохицуулсныг лав олж харахгүй байна. Ёгтолж хэлэхэд улс төр гэх па­цаанд шүүх хэмээн хөг­шин толгойгоо мэдүүлдэг хэвээрээ л үлдлээ.

-Энэ асуудлыг шийд­вэрлэх өөр хувилбар танд байна уу?

-Дөрвөн хэрээ нэг нэгийхнээ харыг гайхаж талцчихаад хоёр хэрээ нь нөгөө хоёрыгоо илүү хар юм байна гэж зарга үүсгээд байгаа л харагдах юм. Болдог бол дөрвүүлэнгийнх нь нэрийг татчихаад дахиад сонгууль явуулчихмаар санагдах юм. Тэгээд бүгдээрээ хараад сууж байя. Хэн нь шударгаар өрсөлдөж гарч ирэх вэ гэдэгт Монгол даяараа хяналт тавиг.

УИХ дахь МАН бүлэг байгуулж чадахгүй нэлээд удлаа. Энэ нөхцөл байдлыг судлаачийн хувьд та юу гэж харж байна?

-АН-ын зүгээс хууль тогтоомж дахь онц ач холбогдолгүй заалтыг ашиглаж өөртөө улс төрийн ашиг хонжоо гаргасан. Нөгөө 24 цагийн дотор УИХ-ын даргад бүлэг байгуулж буйгаа мэдэгдэх ёстой гэдэг заалтыг хэлээд байна. Энэ удаагийн сонгуулийн үр дүнд МАН яалт ч үгүй цөөнх болсон. Цөөнх олонхидоо “садаа болж”, хяналт тавихаас сэргийлж АН-аас явуулсан улс төрийн ов заль. Цөөнх үгээ хэлэх бололцоог хязгаарлах нь парламентат ёс гэх ардчилсан тогтолцооны чухал шалгуурт огт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, цөөнхийг хүндэтгэх, дуу хоолойгоо илэрхийлэх нөхцлийг нь хаачихсан байгаа УИХ-ыг ардчилсан парламент гэж нэрлэхэд хэцүү. Ардчилсан орнуудад муухай л харагдаж байгаа. Тэрнээс биш манайхан шиг дотроо “өмнө нь МАН эрх баригч байхдаа ингэж байсан юм. Болж муу хогнууд, өшөөгөө ингэж авах ёстой юм” гэж тэд ойлгохгүй л дээ.

Цөөнх болсон МАН үүргээ одоо хэрхэн биелүүлэх вэ?

-Яг үнэндээ цөөнх нь цөөнхийн тоглолтын арга барилдаа орж өгдөггүй, олонх нь буурь суурь, намба сууж өгдөггүй нэг хэсэгтээ “зовох” нь. Аль, алинд нь тухайн дүрээ бүтээх улс төрийн соёл дутагдаж байгааг харуу­лаад байна. Ухаандаа МАН өнгөрсөн хугацаанд өөрсдийн хийж бүтээж байсан зүйлийг үгүйсгэж, буруутгаж байгааг зүгээр хараад суугаад байна. Хийснээ танилцуулж, хамгаалж, басхүү эрх баригч хүчний зохисгүй алхмуудыг няцааж, шүүмжилж байх шаардлагатай байна. Төрийн албан хаагчдыг цөөн олноор нь сугалж халж байгааг зүгээр хараад сууж болохгүй. Нэг үгээр хэлбэл,  сөрж сурмаар байна. Олонх нь асуудлыг сэтгэл хөдлөлөөр, хүч түрж шийддэг, цөөнхийг гутааж доромжилсон, хэлснийг нь үл ойшоон ханддаг явдлаа эргэж хармаар байна.

-Засаглалын арай л нэг дарангуйлаад байгаа байдлыг МАН эсэргүүцэж жагслаа. Энэ нь сөрөг хүчний арга барилдаа орж байна гэж харж болох уу?

-Сөрөг хүчний дүрдээ орох гэж хичээж байна аа. Гэхдээ нөгөө хошин шогийн үзүүлбэр дээр гардаг шиг МАН-ыг “дуугараач ээ, ямар нэг юм хийгээч ээ…” гээд байсан хүмүүс сөрөг хүчний дүрээ бүтээж эхэлтэл, түүнийг нь хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэлгүй байх жишээтэй. “Эд нар хэзээ ийм болчихсон юм, худлаа харагдаж байна, эд нар ардчиллын талд байж яг харагдаач” гэж ч байх шиг. АН-ын гишүүд нь сөрөг хүчний дүрээсээ салж өгөхгүй тэд нараар оролдоод л, “…гудамжинд гарч хэвт, ингэж сөрдөггүй юм, зааж өгье” гэж намбагүйтээд л. Ардчилал гэдгийг хэн нь өмчилдөггүй нийтийн үнэт зүйл гэдгийг ухаардаг болоогүй л байна даа.

АН-ын явуулж байгаа бодлогыг та юу гэж харж байна?

-АН толгойлсон эвслийн Засгийн газар бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд удаагүй байна. Харагдаж байгаа зүйл гэвэл… тэд зоригтой, шийдэмгий байна. Үүн дээр бодлоготой байхыг нэмчихвэл ч. Бараг засгийн бодлогоос илүүтэй засаг даргаар томилогдсон Бат-Үүлийн алхмууд хүмүүст илүү тод томруун харагдаж, ойлгогдож байна л даа. Түгжрэлийг багасгах талаар өмнөх Засаг даргын бодож байсан зүйлийг шууд ажил хэрэг болгочихлоо. Хууль бус, зөвшөөрөлгүй барилга байшингуудыг цэгцлэх зэргээр олон түмний анхаарлыг татсан, сайшаал хүртсэн зүйлүүд байнаа. Гэхдээ нөгөө талд нь үндэсний хөрөнгө оруулагчид, тэдний бүтээн байгуулалт хийх сонирхол тэмүүлэл байгаа гэдгийг харгалзах шаардлагатай юм билээ. Бас шинэчлэл гэдэг бол бодлого хөтөлбөр болохоос биш олон нийтэд таалагдахын төлөөх үйлдэл, хэтэрхиий партизанчилсан үйлдэл бол биш л дээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *