Улс төрийн шогийг ухаан санаа зарж, ур чадвар зааж бичдэг юм буюу “Гол тоглогч” ном

1-р сарын 3, 2019 6:42 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 11
IMG_7395

Д.АРИУН

“Зууны мэдээ” сонины  “Үндэсний мэдээллийн  төвд  өнөөдөр /2019.01.3/ сэтгүүл зүйн салбарын судлаач, багш нар голлосон хүмүүс цуглаж, нэгэн залуу сэтгүүлчийн шинэ бүтээлийн талаар ярилцлаа. Сэтгүүл зүйн салбарынхныг цуглуулсан уран бүтээлч бол “Зиндаа” сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Д.Дамдинжав. Түүний уншигчдад хүрээд удаагүй байгаа бүтээл болох “Гол тоглогч” номын талаар шүүмж бичсэн  сэтгүүл зүйн судлаач, доктор Т.Баасансүрэн  улс төрийн уран шог сайн бичдэг залуу сэтгүүлч гарч ирж байгаад олзуурхаж, нэг талаар салбарынхандаа танилцуулж, нөгөө талаар шинэ бүтээлийн талаар санаа оноо солилцохоор ийм уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ. Хэдийгээр сэтгүүлч Д.Дамдинжав өмнө нь номынхоо нээлтийг хийсэн ч гэлээ салбарынхаа хүрээнд хийж байгаа хоёр дахь нээлт ч гэж хэлж болохыг Т.Баасансүрэн доктор онцлов.

Доктор Т.Баасансүрэн хэлэхдээ:

IMG_7374

-Монголын сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл дотор хэн ч барьж авч зүрхлэхгүй өдий хүртэл дөлж зугтсаар эдүгээг хүргэсэн нэг жанр байсан юм. Нэг намын системтэй социализмын он жилүүдэд үүнийг ойлгож болох байлаа. Ардчилсан, олон ургальч үзэл дэлгэрсэн, чөлөөт хэвлэлүүд өрсөлдсөн сүүлийн гучаад жилд ч уг жанраар манайд бичих хүн байсангүй. Фельетон бичдэг цорын ганц хүн төрсөн нь Б.Цэнддоо байлаа.

Памфлет бол зохиогчийн эсэргүүцэл тэмцлээ илэрхийлэх хамгийн хурц дайчин бичлэгийн аргын нэг юм. Нийгэмд оршин буй муу муухай зүйл, үзэгдэл юмстай эвлэршгүй байх үүднээс эсэргүүцэн босч дургүйцэн бичиж буйн нэг илэрхийлэл болно. Нийгмийг буруу зүг рүү буйллан чангааж байгаа, улс нийгэм, ард түмнээ бус зөвхөн өөрсдийгөө бодон хувиа бодож довоо шарлуулж байгаа урагшгүй удирдагчид, улстөрчидтэй үгийн зэвсгээр үзэлцэж байгаа нэг хэлбэр.

Сэтгүүлчийн мэргэжил бол тэмцэгчийн мэргэжил мөн гэж хүн төрөлхтөний суут ухаантнууд зүгээр ч нэг хэлээгүй нь эндээс илүүтэй тод мэдрэгдэнэ. Агуулгын хувьд ер бусын хүчтэй эсэргүүцэл бүхий байх бөгөөд бузар булайг уг үндсээр нь уудлан илчлээд түүнийгээ шээс алдам хэтэрхий хурц үг хэллэг, ам ангайм адилтгал зүйрлэлээр тодотгон товойлгож үзүүлээд элэг хөшим хэмжээнд элэглэн дооглож, ёгтлон ёжлох нь сэтгүүл зүйн памфлет хэмээх бичлэгийн үндсэн төрөлх шинж чанар нь юм. Ийм ур чадварыг эзэмшинэ гэдэг тун бэрх, бараг байхгүй. Өдрийн од шиг ховорхон. Гайхалтай нь монголын сэтгүүлзүйд тийм зоригтой, тэнгэрлэг золбоотон төржээ. Одоо тэрхүү сэтгүүлч буюу Дамдинсүрэнгийн Дамдинжавын “Гол тоглогч” ном хэмээн тодотголоо.

Сэтгүүлч Д.Дамдинжавын “Гол тоглогч” номд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Сү.Батболд, УИХ-ын дарга асан З.Энхболд гээд улстөрчдөөс эхлээд найруулагч Б.Баатар, боксчин Н.Төгсцогт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нарын олон хүний талаар бичсэн памфлетууд багтжээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамьянгийн хэлснээр, уншихаар бариад авбал дуусгахаас нааш тавихааргүй энэ номд улстөрчдийг ёжтой егөөтэйхөн бас хатуухан чимхэж бичсэн, улстөрчдийг ингэж уран шоглож үнэнийг бичнэ гэдэг сэтгүүлчээс эр зориг шаардана гэсэн юм.

Судлаачид памфлет гэдэг энэ төрлөөр сайн бичдэг сэтгүүлч гарч ирж байгааг  онцолж байна. Харин соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамьян, Х.Цэвлээ нараас эхлээд ахмад сэтгүүлчид  улстөрчдийн талаар үнэнийг нь хэлж чаддаг залуу сэтгүүлч гарч ирсэнд олзуурхаж, цаашид энэ чиглэлээр ажиллах залуу сэтгүүлчдийг дэмжих талаар холбогдох газрууд анхааралдаа аваасай хэмээн хүсч байгаагаа илэрхийллээ.

Сэтгүүлч Дамдинсүрэнгийн Дамдинжав нь Дорнод аймгийн уугуул, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн аж. Д.Дамдинжав оюутан байхдаа анхны номоо гаргаж байсан бөгөөд хоёрдугаар курсэд байхдаа бичсэн бүтээлийг нь өнөө болтол сэтгүүл зүйн сургалтад жишээ болгон ашигладаг хэмээн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш Д.Дагиймаа ярьж байна.

Д.Дамдинжавын “Гол тоглогч” номын талаар уулзалтад ирсэн соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч С.Зэвсэг, ардын уран зохиолч Т.Галсан, хөдөлмөрийн баатар Р.Рааш нарын олон хүн санал бодлоо илэрхийлж, залуу сэтгүүлчид амжилт хүслээ.

IMG_7336 IMG_7339 IMG_7341 IMG_7342 IMG_7349 IMG_7360 IMG_7365 IMG_7374 IMG_7380 IMG_7391 IMG_7392 IMG_7395

Эх сурвалж: www.zms.mn