“Улс төр дэх авлигыг хазаарлаж чадахгүй байна”

12-р сарын 5, 2018 10:45 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 7
4-2

С.УЯНГА

Монгол Улс дахь авлигын нөхцөл байдалд судалгаа, шинжилгээ ямар үүрэг гүйцэтгэж ирсэн,  авлигын шалтгаан нөхцлийг шинжээчид хэрхэн дүгнэдэг талаарх олон талын байр суурь, шүүмжлэл бүхий онол практикын бага хурлыг АТГ, Азийн хамтран зохион байгууллаа. Төрийн болон Төрийн бус байгууллагуудын байр суурийг сонссон энэхүү хурлыг  Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж зохион байгуулж байгаа аж. 15 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн  тунхагласан байдаг. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулдаг учраас АТГ-аас 3-4 удаагийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаагийн эхнийх нь ““Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол практикийн бага хурал юм.

Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд манай улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталснаар нэгдэн оржээ. Ингэснээр авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлж эхэлсэн байна.

“Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа-шинжилгээ-анализ” онол практикийн бага хурлын үеэр авлигын нөхцөл байдлын судалгаа, учир шалтгааныг хөндсөн цөөнгүй илтгэл тавигдаж АТГ, Азийн сан болон бусад байгууллагаас сүүлийн 10 гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх судалгааны арга зүй, аргачлал, үр дүнг нэгтгэн хэлэлцлээ. Энэ үеэр авлига нэмэгдэж байгаа, эсвэл буурч байгаа болон авлигын төсөөлөл ба бодит байдлын хооронд зөрүү бий эсэх, судалгаануудын арга зүй зөв, бодитой байгаа эсэх зэрэг олон чухал  асуудлыг хөндсөн юм.

Хурлын үеэр АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж “Манай судалгаануудын үр дүнг төрийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд төдийлөн ашиглахгүй байна. Харин гадны байгууллагын судалгаануудад ач холбогдол өгдөг нь өөрсдийнхөө үндэсний хэмжээний судалгааг сурталчлах чиглэлээр хангалтгүй ажиллаж байгаатай холбоотой байж мэднэ. Эсвэл судалгаа олон нийтэд ойлгомжгүй, асуудлыг зөв гаргаж чадахгүй байна уу. Энэ мэт судалгааны аргачлал, аргазүйгээс эхлээд үр дүнг нэмэгдүүлэх нь чухал” гэсэн юм.

Харин судлаачдын зүгээс авлигын талаарх ойлголт, судалгааг тоон мэдээлэлд тулгуурлахгүй бол авлигын төсөөлөл нь тэр бүр оновчтой бус гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тухайлбал, авлигыг хэмжихэд олон нийтийн төсөөллийг авч үзэхэд өндөр гардаг. Энэ нь авлигын талаарх төсөөллийг бодит болгох эрсдэлтэй. Төсөөллийн судалгааны дүнд итгэсэн иргэн авлига өгөхийг илүүд үздэг бол төрийн албан хаагч нэгэнт тархсан юм чинь гээд авлига авах эрсдэлтэй. Тиймээс төсөөллийн судалгаанд болгоомжтой хандах хэрэгтэй, мэргэжлийн байгууллагуудын тоон мэдээлэлд тулгуурлая гэсэн санал гаргаж байлаа.

Харин авлигын талаарх судалгаанууд хоорондоо тэр бүр хол зөрүү гардаггүй. АТГ, Азийн сангийн судалгаа гэхэд ойролцоо үр дүнг харуулдаг гэнэ.

АТГ-ын судалгааны шинжилгээний албаны ахлах ажилтан Д.Жаргалан: БИЗНЕС ТӨРИЙГ ЭЗЛЭХ ҮЙЛ ЯВЦ ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА

-АТГ байгуулагдсан цагаасаа хойш Авлигын индекс, улс төр хууль хяналтын хүрээн дэхь авлигын төсөөлөл, Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ зэргээр хэд хэдэн төрлийн судалгааг тогтмол явуулж ирсэн. Мөн Азийн сангаас эхлээд цөөнгүй байгууллагууд судалгаа хийж ирсэн. Азийн сан, АТГ-ын судалгааны үр дүн төдийлөн зөрдөггүй. Авлигыг улс төрийн буюу бодлого гаргах, хууль тогтоох түвшний  “том”, захиргааны буюу гудамжны “жижиг”  гэж ангилж үзэх юм бол хоёр байгууллагын хийж байгаа судалгаагаар Захиргааны түвшнийхийг  ямар нэг хэмжээгээр хязгаарлаж, барьж чадаж байна. Харин улс төрийн хүрээн дэхь авлигыг Монгол Улс хазаарлаж чадахгүй байна. Үүнд Улс төрийн намын санхүүжилт, Сонгуулийн хууль зэрэг нөлөөлнө. Авлига төрийг эзлэх, авлига бизнесийг эзлэх гэж үздэг. Манай улсад бизнес төрийг эзлэх үйл явц эрчимтэй явагдаж байна. Жишээлбэл, томоохон бизнес эрхлэгчид хууль тогтоох дээд байгууллагад орсон нь төрийг эзэлж буй үйл явц. Үүнийг өдөр хөгжилтэй орнуудад шийдэхдээ Лоббигийн тухай хууль гаргах зэргээр хууль эрхзүйг  хангалттай шийдэж өгдөг. Улс төр хууль хяналтын хүрээн дэхь авлигын судалгаагаар улс төрийн хүрээний авлига  ихэсч байгаад шинжээчид санал нэгддэг. Авлига тухайн улс орны ядуурлыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сааруулж хөрөнгө оруулалтыг бууруулахын зэрэгцээ ардчиллыг үгүй болгож иргэдийн төрдөө итгэх итгэлгүй болгоно. Цаашлаад үндэсний хэмжээнд нөлөөлөх эрсдэл үүсгэдэг. Хууль эрхзүйг сайжруулахаас эхлээд улс төрийн хүрээ­ний авлигыг бууруулах алхмуудыг бодлогын түвшинд хийх хэрэгтэй.

Шинжээч Ч.Даваасүрэн: АВЛИГЫН УЛМААС УЧИРСАН ХОХИРОЛ  ТӨСВИЙН ГУРВАН ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

-Авлигын хэлбэрийн үзүүлэлтүүдийг оруулж ирэхдээ АТГ-т шалгагдсан хэргүүдийн ангилал, давталтын байдалтай уялдуулах хэрэгтэй. Хэр ноцтой байдлаар илрэн гарч байгаа зэргийг хардаг. Мөн авлигын цар хүрээний үзүүлэлт өссөөр ирсэн ч эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөө бага зэрэг буурсан. Авлигын эдийн засгийн үр дагаврын үзүүлэлт буюу АТГ-т шалгагдаж байгаа гэмт хэргийн учруулсан хохирлын хэмжээгээр улсын төсвийн зарлагад эзлэх хувийг илэрхийлнэ. Эндээс харвал авлигын улмаас учирсан хохирол улсын  төсвийн гурван хувийг эзэлж байгаа гэсэн дүгнэлтийг хийж болно. Авлигын гэмт хэрэг төрийн байгууллагын үйл ажиллагаанд хор уршиг учруулахаас гадна иргэдийн эрх ашгийг давхар хөндөж байгаа байдал харьцангуй буурсан. Төсөөлөл авлигыг улам нэмэгдүүлж байна. Тиймээс тоон мэдээлэл дээр тулгуурлаж дүн шинжилгээ хийхгүй бол төсөөлөл авлигыг улам бодит болгох эрсдэлтэй.

Азийн сангийн суурин төлөөлөгч Кэйниг:  ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

-Авлигыг бууруулах, урьдчилан сэргийлэх нэг гол арга бол ил тод байдлыг хангах асуудал байдаг. Ялангуяа төрийн байгууллагуудын бодлого, шийдвэр, үйл ажиллагааг ил тод байлгаж чадвал авлигаас урьдчилан сэргийлэх нэг үр дүнтэй арга юм. АТГ болон Азийн сангуудын судалгаанууд ижил үр дүнг харуулж байна. Нэг талдаа авлигын талаарх ойлголт мэдлэг улам нэмэгдэхийн хэрээр шахалт, шаардлага сайжирч байна. Нөгөө талаас авлига нэмэгдэж байна гэсэн мэдээлэл өсч байгаа нь илрүүлэлт сайн байгаатай холбоотой. Тиймээс олон нийтийн дундах авлига улам нэмэгдэж байгаа гэх ойлголт төдийлөн оновчтой биш юм. Авлигатай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагууд анхаарлаа хандуулж, улам хүчтэй ажиллахад олон нийтийн хяналт, дэмжлэг чухал.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *