Уламжлалт жорлонг өөрчлөх цаг болжээ

11-р сарын 20, 2017 8:40 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 9
11-20-6й5

Ц.МЯГМАРБАЯР

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 19 “Дэлхийн жорлонгийн өдөр”. Манайхан олон төрлийн баяр тэмдэглэдэг хэрнээ дэлхийд жорлонгийн өдрийг тэмдэглэдэг гэдгийг тэр бүр мэдэхгүй. Харин анх удаа энэ өдрийг тохиолдуулан Ц.Оюунгэрэлийн “Жорлонгоо өөрчилье” номын нээлт Мобикомын Ансор төвд өнгөрсөн бямба гаригт боллоо. Жорлон  гэдэг үгийг тэр бүр түгээмэл хэрэглэдэггүй. Гэвч хүн гэдэг амьтан идэж, унтаж, бие засахгүйгээр амьд явахгүй нь ойлгомжтой. Гагцхүү идэх хоол, унтах ороо өөрчилдөг хэдий ч бие засах орчин жорлонгоо өөрчлөхгүй уламжлалт модон жорлонтойгоо XXI зуундаа аж төрсөөр байна. Ялангуяа хүүхдүүд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэлтэй нүхэн, модон жорлонг халах цаг болсныг энд хөндөж байв. Хөрсний бохирдол, шар өвчин үүсгэж буй модон жорлонг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа. Энэ нь аялал жуулчлал хөгжүүлэхийг зорьж буй манай улсын хувьд нэн тулгамдсан асуудал гэдгийг “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч онцолж байна. Жорлонг өөрчлөхөөр зүтгэж байгаа Ц.Оюунгэрэл олон найзууд, дэмжигчид, түншүүдтэй болжээ. Энэ өдөр зөвхөн Ц.Оюунгэрэлийн номын тухай ярилцсангүй.

Ким Хан Чул

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком корпораци, Улаанбаатар Ротари клуб, “Wash Action of Mongolia” ТББ, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх Ким Хан Чул танилцуулж “Гэр” иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв, Нутгийн шийдэл сан гэсэн долоон байгууллага хамтран, энэ жилийн “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр хийсэн бүтээснээ дэлгэн тавьсан юм. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком корпораци жорлонгоо өөрчлөх ажилд тууштай зүтгэж, “Ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж” төслийг санаачлан, дөрвөн жилийн дотор 16 аймгийн 58 сумын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг халуун, хүйтэн усаар гар угааж, эрүүл тухтай бие засах орчныг бүрдүүлжээ.

Улаанбаатар Ротари клубыг төлөөлж ирсэн А.Мөнхжаргал ротаричууд  эртнээс ариун цэврийн байгууламжид анхаарч ирсэнийг хэлж байв. “Яг үнэндээ ротаричууд хамгийн анх 1907 онд Чикагод сайжруулсан жорлон барьж байсан” гэсэн шүү. Улаанбаатар ротари клуб гэхэд л гишүүдийнхээ хөрөнгөөр 2005 оноос хойш Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороолол, орон нутгийн 20 орчим сургуулиудад эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, халуун ус байгуулж өгчээ. Сургууль, цэцэрлэгийн жорлонд анхаарсан нь учиртай.

2017 онд НҮБ-ын Хүүхдийн сан, БСШУС-ын яамнаас ус, ариун цэврийн нөхцөл байдал сургууль цэцэрлэгт ямар байгааг судлахад Улаанбаатар хотын сургуулиудын 95 хувь нь дотроо жорлонтой бол хөдөө орон нутгийн сургуулиудын 49 хувь нь гадаа нүхэн жорлон ашигладаг гэсэн дүн гарчээ. Уг нь сургуулийн жорлон 30 метрт байх журамтай ч зарим сургуулийн сурагчид бие засахын тулд 100 метр явдаг гэнэ. Хөдөөгийн дотуур байрны сурагчдын 87 хувь нь гадаа нүхэн жорлон ашигладаг байна. Эдгээрийн дийлэнхи нь уламжлалт нүхэн жорлон байдаг тухай жорлонгоо сайжруулахаар олон жилийн өмнөөс зүтгэсэн WASH Action of Mongolia” төрийн бус байгууллагын менежер П.Ариунаа ярилаа.

Нээлтэнд тэргэнцэртэй иргэд ирсэний нэг нь Түгээмэл хөгжил төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр юм. Тэрбээр ярихдаа “Жорлонгийн өрөө бидний хувьд чухал. Би гэмтсэнийхээ дараа МУБИС-д сурч эхэлсэн. Сургууль дээр байхдаа шээс хүрчихнэ гээд өглөө юм уухгүй гардаг байлаа. Хичээл тараад ангаж цангасан хүн гэртээ ирнэ. Одоо МУБИС тэргэнцэртэй оюутан бие засахад тохиромжтой ОО-той болсон байх л даа. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах тухай ярьдаг ч физиологийн асуудлыг нь мартчихдаг.

Уржнан жил АНУ-ЭСЯ руу орох гэж байхдаа хэцүүхэн байдалд орсон. Цүнхэнд маань байсан шилийг гаргаж ирээд “Энэ ямар учиртай юм бэ” гээд асуугаад байдаг. “Жорлонд орох боломжгүй үедээ хэрэглэдэг шил юм аа” гэж хэлсэн.

Аж ахуйн нэгжүүдийг налуу зам тавиач, тэргэн­цэртэй хүнд зориулсан жорлонгийн өрөөтэй болооч гэж шаардахын оронд ашиг орлого олох боломжийн тухай хэлэх нь дээр болов уу.

Хөгжлийн бэрхшээл­тэй жуулчид их аялдаг болсон. Ийм хүмүүст зориулсан дэд бүтэц бий болгох нь ирээдүйд ашиг орлогоо нэмэхэд тус болно.

Бид жил бүр гадаадаас хөгжлийн бэрхшээлтэй жуулчид авчирдаг. Нэг удаа бие засахтай холбоотой хүндхэн асуудал тохиолдсон. Японоос ирсэн жуулчид нар, тэнгэр, элс үзмээр байна гэсэн юм. Тэднийг Өмнөговь руу авч явсан. Замдаа хоёр тэргэнцэртэй охин “Бие засмаар байна” гэлээ. Өдөржингөө замд явсаны дараа зорьсон газраа ирэхэд нэг нь машинаас буудаггүй. “Сарын тэмдэг ирээд яаж ч чадсангүй” гэж надад хэлсэн юм. Тухайн үедээ асуудлыг зохицуулсан ч тэр залуус нутагтаа очоод, Монголын сайхан байгалийг шагширсан болов уу. Ямар хэцүү байснаа л дурсах байх даа.Жорлонгоо өөрчлөх асуудал бидний хувьд маш чухал шүү” гэсэн юм.

Нээлтийн арга хэм­жээг хөтөлсөн сэт­гүүлч Ц.Оюундарь, Ц.Оюун­гэрэлийн тэргүүлдэг Нут­гийн шийдэл сан­гийн Удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Тэрбээр “Бидэнд тохиолддог бэршээлүүдийг тоочих бус шийдэх хэрэгтэй болжээ” гээд “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэлийг индэрт урьсан.

“Жорлонгоо өөр­чилье” номонд юуг яаж өөрчлөх тухай зурагтай, тайлбарууд хийсэн гэж зохиогч номоо товчхон тайлбарлав. Хамгийн том нь хандлагын өөрчлөлт гэдгийг онцоллоо.

Хүний ялгадасыг өтгөн, шингэнээр нь ялгадаг болох нь маш том өөрчлөлт ажээ. Өтгөн, шингэнийг салгах жорлонгийн технологийн тухай номдоо багтаажээ.

“Жорлонгоо өөр­чилье” ном 20 000 төгрө­гийн үнэтэй бөгөөд борлуулалтын орло­гоор орон нут­гийн сургалтуудаа санхүүжүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *