Улаанбаатарын нэвтэрхий толь буюу Ма дарга

10-р сарын 26, 2015 10:38 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 178
10-26-9a1

 

Д.ЦЭРЭННАДМИД, С.УЯНГА

Эх орны маань ариун голомт гэгдэх нийслэл хотын ойн өдөр тохиож байгаатай уялдуулан Гарамын Маналжав хэмээх нэгэн эрхмийгАмьдралын тойрогбулангийнхаа зочноор урьсан юм. Төрийн албанд зүтгэсэн хагас зуун жилийнхээ 30 гаруйд нь Улаанбаатар хоттой ажил амьдралаа холбосон түүний тухай сурвалжлан бичихэд үзэгний бэх дуусч үг цөөдөх ч шиг. Яагаад гэхээр ажил, амьдралынх замнал дэндүү баян юмаа.

БИЧИГЧИЙН БОДРОЛ ХЭМЭЭХ ӨРГӨЛИЙН ҮГ

10-26-9a4

Нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав албан өрөөндөө. 2015 он.

Хэн нэгэнтэй уулзаж ярилцахуйд тэр хүний ертөнцийн тухай төсөөлөл сэтгэлд ургадаг билээ. Г.Маналжав гуайтай уулзсан тэр мөч бас нэгийг бодогдуулсан юм.

За хө чи хүний дор орохгүй сайн хүн болоорой. Цэгц шударга байдаг юм шүү дандаа. Бас хүн удирдаж, олныг араасаа дагуулж яваарай хэмээн түүнд бурхан захьсан юмсан уу. Тэрээр залуу ч явсан, сайхан ч явсан гэдэг дуу шиг амьдарч өөрийн авьяас чадвар, мэддэг чаддагаа бусдад заан сургаж тэрнээсээ урам авч ажиллаж ирлээ гэж ярьсан нь үүнийг бодогдуулав. Хүний амьдралын нэг сайхан өгсүүр шат гэж үзвэл Г.Маналжавын хувьд мацахдаа гүйж харайж яарсангүй, бүдэрч тэвдээд саатсангүй хөндөл бүхнийг нь алгасалгүй нямбайхан алхаж оргил юунд нь дөтөлж яваа нэгэн юм. Тавин жил зүтгэлээ. За би боллоо гэж тэр бодоогүй ээ. Төр, засгийн ажлын төлөө сэтгэл оюунаа чилээсэн хэвээр явна. Нийслэлийн Хангарьд ордны дэргэд байх түүх хуучлах хүрэн дүнзэн байшин бий. Уг байшин нутгийн удирдлагын холбоо гэсэн хаягтай. Тэнд очвол манай зочин Г.Маналжавтай уулзаж болно. Мартахын аргагүй хүн гэж байх. Тийм хүний ажил амьдралын гэрэлт агшин, хийсэн бүтээсэн нь басхүү мартагдахын учиргүй байдаг гэдгийг энэ хүнтэй уулзаад улам мэдэрсэн юм. Басхүү төрийн хүн ямар байхын үлгэр дууриаллыг олз болгож авья гэсэн болгонд тэр хүний үг яриа нэмэр болохсон болов уу. Ингээд Г.Маналжав гуайн амьдралын тойргоор бяцхан аялюу?

ЭГЭЛХЭН АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ БУЮУ ӨРНӨЛ

10-26-9a2

Ма даргынх хоёр охин, хоёр хүүтэй. Тэд нь өсөж ийм өнөр өтгөн болжээ.

Улирагч зууны нэг сайхан нартай өдөр Завхан аймгийн Завхан мандал сумын малчин Ц.Гарамынх нэгэн хүүтэй болсон нь Г.Маналжав байж. Эхээс наймуулаа болохооор тийм ч эрх танхи өссөнгүй, хар борхон амьдралын зам түүнийг угтсан гэдэг. Эцэг Ц.Гарам нь малчин бас жин тээдэг байж. Ээж нь Ц.Долгор гэж угийн малч нэгэн байжээ. Цагийн аяс ч байсан уу? Маналжав долдугаар анги төгсдөг жилээ хөгшин ээжийнхээ бие чилээрхснийг далимдуулан хөдөө гарч бүтэн гурван жил мал хариулжээ. Юм сурахсан гэсэн өөрийн бодол, бусдын дэмээр 1961 онд Улаанбаатарт ирж багшийн сургуульд шалгалт өгөөд тэнцэж. Гэрээсээ нэг хөвөнтэй тэрлэг, өөр түрий залгасан савхин гутал, шарваар өмдөөргангарсанөвөртөө тавин хэдэн төгрөгтэй жаал хүү оюутан болжээ. Оюутны амьдралын гурван жил хурдан өнгөрч багш болов. Тэгээд нутгаа татсан хуваарь авч Дөрвөлжин сумын бага сургуульд багшаар очоод 48 хүүхэдтэй нэгдүгээр анги дааж авсан нь түүний төрд зүтгэсэн 50 илүү жилийн түүх эхэлж. Тэндээсээ Ургамал суманд сургуулийн захирал, аймгийн ХЗЭийн хороонд эвлэл, пионерийн ажил хариуцсан зааварлагч, үзэл суртлын хэлтсийн эрхлэгч гээд шат дараалсан албатай байсан нь хүн хүмүүжүүлэх, олон түмнийг захион байгуулах ажлын дөртэй болсон тухайгаа өөрөө түүхчилж ярьсан юм.

Алба хааж үзлээ. Ахиад сурах эрмэлзлэл түүнд төрснөөс Улсын багшийн дээд сургуулийн түүх, пионерийн удирдагчийн ангид элсэж дахиад оюутан болжээ. Сурах шиг ч сурч, үеийнхнийхээ дунд нэр хүндтэй болж сургуулийнхаа оюутны зөвлөлийн даргаар хүртэл сонгогдож явж. Бас эхнэр, хүүхэдтэй хашир оюутан байсан гэдэг.

10-26-9a3

Багшийн дээд сургуулийн түүх, пионерийн удирдагчийн ангийнхан.

Тиймээ би Ургамал суманд сургуулийн захирал байхдаа танилцсан бүсгүйтэйгээ аймагт ажиллаж байхдаа гэр бүл болсон юм даа гэж байсан. Сургуулиа төгсөхөд нь Г.Маналжавыг эндээ үлд гэсэн санал тавьсныг хүлээж авсангүй. Завхан явна л гэж. Тэгснээр Улаанбаатар хотод хуваарь гарч Нисэхийн гэх долдугаар дунд сургуульд захирлаар томилогдож цэргийн хугацаа шиг гурван жилийг үджээ. Дараа нь Ажилчны районы боловсролын хэлтсийн даргаар дэвшиж. Гэтэл дахиад дэвшив. Районыхоо захиргааны хариуцлагатай нарийн бичгийн дарга болоотхов. Одоо ч миний хэр хэмжээ боллоо доо гэсэн бодол Г.Маналжавт байсан ч тэр үед намын даалгавар гэдэг юм хамгийн хүчтэй байсан болохоор 1987 оноос Улаанбаатар хотын АДХын гүйцэтгэх захиргааны зохион зааварлах хэлтсийн даргаар томилсон бол түүнээс хоёр жилийн дараа АДХын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажилласан байна.

10-26-9a7

Нийслэлийн нэгэн үеийн удирдах хүмүүс. Баруунаас Г.Маналжав, Д.Бадамжунай, М.Энхболд, Б.Сумаахүү, Г.Болдсайхан нар.

Энэ үе шаттай олон албыг хашиж байхдаа хотын найман даргын нүүр үзсэн дээ гэх. Дарга бүр л өөр өөрийн арга барил, авах туршлагатай хүмүүс байж. С.Мөнхжаргал, Л.Энэбиш, Ц.Баасанжав, Ж.Наранцацралт, М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр гээд л. Тэдний тухай Маналжав гуай ярихдаа,

Энэ том хотыг удирдана гэдэг жирийн аавын хүүгийн хийчихдэг ажил алба биш. Улаанбаатар хот чинь улс доторх улс. Түүнийг авч явах чадалтай мундаг дарга нартай ажиллаж тэндээс ихийг сурч, тэдэнд тус дэм болж явсан гэдэг маань надад их хувь заяа, ажил амьдралын маань хамаг нандин бүхэн тэнд л байсан даа гэж байлаа. Тэр яриандаа Самбуугийн Мөнхжаргал гэдэг хүн тун зангарагтайхан дарга байж дээ. Шийдэмгий чанар, ажил зохион байгуулах чадвар, албан бичиг, баримт боловсруулах асуудалд нягт нямбай ханддаг нь бидэнд ихийг сургасан даа гэж магтсан. Үнэхээр ч төрийн сайд байсан уг мэргэжил нь архитекторч хүн болохоор хотын бүхий л ажлыг арван хуруу шигээ мэддэг байсан гэж олон хүн хэлдэг юм билээ. Л.Энэбиш даргыг уужуу тайван хэрнээ хэлснийг нь биелүүлэхээс аргагүй тийм л хүн. Бас тэр бусдыг дагуулж чаддаг байсан. Ц.Баасанжав аливаад их чамбай хүн, Ж.Наранцацралт, М.Энхболд нар залуу хүний соргог ухаанаар шинэлэг зүйл сэдэж содон бүхнийг дэмждэг байлаа гэсэн үгийг Г.Маналжав гуай чин сэтгэлээсээ уудлан гаргаж хэлж байна лээ.

Бас АДХын мөн л найман даргатай хамт ажилласан байдаг. Тэднийхээ тухай бүр нарийн юм хуучилна байх л даа. Арга ч үгүй биз. Бүгдээрээ л нийслэлийн тулгын чулууг тулж, галыг нь бадраалцаж явсан журмын нөхөд болохоор. Хэн ч хэнийгээ муу хэлж явсангүй. Хэлсэн үг хийсэн ажлаараа хотоо хөгжүүлэх нэгэн зорилгод нэгдэж байсан ажээ.

ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЮМТАЙ ХҮН АМ БАРДАМ БАЙДАГ

10-26-9a5

Г.Маналжав. 1989 он.

Гарам гэдэг эцгийн алдраас гадна Нийслэлийн иргэдийн хурал гэдгээр овоглож өдий хүрсэн Маналжав гэх эрхмийг танихгүй хүн нийслэлд ховор гэхэд гайхах учиргүй юм. Хот гэдэг их айлын шинэ гэрийг барих үйлсэд сурсан эрдэм, оюун ухаанаа дайчлан байсан одоо ч ажилласаар байгаагийн учир Маналжав гэсэн нэр төдий биш хийж үлдээсэн бүхнээр нь залгамж үеийнхэн нь бахархдаг, таньж мэдэж байдаг гэж болно. Тэрбээр зүгээр нэг эрхэлсэн албаа хашихаар идэвх зүтгэлээ хязгаарлаж явсангүй. Тийм байхыг тэвчдэггүй нэгэн. Олон талын сонгуульт ажилд дарагдангуй явахдаа тэр бүхнийг тээршааж байсангүй. Ёстой л хослуулж хоёрдуулалгүй амжуулж явсан толгой л доо. УИХ, Ерөнхийлөгчийн, орон нутгийн гээд сонгуулийн ажилд Улаанбаатар хотын сонгуулийн хорооны нарийн бичгийн даргын хувиар 12 жил зүтгэхдээ элдэв хэл ам, хэрүүл хараалгүй байлгаж чадсан гэдэг бас л том үйл. Тэр тухай Г.Маналжав гуай дурсан ярихдаа,

Улс төрийн нам бүр нэр дэвшигч бүхэн өөр өөрийн ашиг сонирхол, хүсэл бодлын үүднээс ханддаг. Гэвч бид сонгуулийн хуулийн дагуу л ажилладаг байсан. Нэг харамсмаар юм нь сонгууль дуусахадбаярлалаагэж хэлдэг хүн, талархдаг нам, нэр дэвшигч байдаггүй явдал гэж хэлнэ лээ. Бас сонгуульд мэрэгшсэн хүн ажиллах ёстой. Тиймгүй тохиолдлын хүмүүс ажилладаг болсноор хэл ам, хэрүүл тэмцэл асар их байх болжээ гэж халаглангуй байсан. Г.Маналжав Нийслэлийн иргэдийн хурлын нарийн бичгийн дарга байхдаа олон түүхэн гэхээр зүйлийг бүтээж бий болгосон хүн. Үүнийг заримаас нэрлэхэд юуны түрүүнд түүний мэдлэг оюуны ур ухаан шингэсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль байна. Энэ хуулийг боловсруулахаас эхлээд төгс болж батлагдах хүртэлх замыг зассан гол хүн нь өөрөө юм. Энэ хуульд байгаачланНийслэлийн өдөр”-ийг бий болгох чармайлтыг олон эрдэмтэн, мэргэдийн туслалцаатайгаар биелүүлсэн гэдэг юм билээ. Энэ талаар түүхийн эх сурвалж хаанаас эхтэй вэ гэдгийг тогтоохдоо Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт Түшээтхан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг анхдугаар богдоор өргөмжлөөд шар бүсийн хот байгуулсан үе буюу 1639 оноор авч үзэж Улаанбаатар хот байгуулагдсан түүхэн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж байх болсон байна. Ингээд 1993 онд энэ өдрийг анх удаа тэмдэглэж баярын хурал, концерт тоглож бөхийн барилдаан зохион байгуулсан байдаг. Мөн нийслэлийн 355-аас эхлээд тав, таван жилээр түүхэн ойг тэмдэглэж ирж. БасхүүНийслэлийн сүлд, тугийг бий болгох үйлс Г.Маналжав даргын олон хоногийн мэрийлт, чармайлттай ажил байсан байна. Ердөө сүлдийг хэлэлцэж батлахын төлөө хуралдаан бүтэн өдөр, шөнө үргэжилсэн гээд боддоо. Яагаад ийм их цаг зарцуулж хэлэлцсэн бэ гэвэл маш олон янзын эсрэг хийгээд сөрөг санал гарч маргалдаж байсан тухай уг сүлдний тухай илтгэлийг тавьж хэлэлцүүлсэн болохоор асуулт бүхэн өөрт нь чиглээд байж л дээ. Энэ шувуу ямар учиртай юм. Бас могой зуусан байдаг нь гээд л асуултаар булж байсан даа гэж Г.Маналжав гуай ярьдаг. Тэгээд ийнхүү тайлбар хэлж байж. Хангарьд гэдэг бол домгийн шувуу. Энэ шувууны сарвуунд хадаг мэт байгаа могой бол богд Дүнжингарав уулын савдаг нь юм. Тэгээд Хангарьдын баруун сарвуунд Нийслэлийн үүд хаалганы түлхүүр, зүүн сарвуунд нь бадмалянхуа цэцэг бариулсан тэгээд төрийг билгэдэж магнай талд ньСоёмбо”-ыг байрлуулсан гээд л. Энэ төгс, төгөлдөр сүлд тэмдэг батлагдсан байдаг юм. Нийслэл мөнСүлдэт хуур”-тай болсон. Жил бүр болдог нийслэлийн өдрөөр уг хуурыг цэнгүүлэх ёслолыг үйлддэг. Ийнхүү нийслэл хот өөрийн гэсэн хуультай сүлд тугтай, тэмдэглэх өдөртэй, ойтой болсон түүхэн үйл явдлууд яах ч аргагүй Нийслэлийн иргэдийн хурлын гол ажил болж байсан. Тэр тусмаа Иргэдийн хурлын баталсан тогтоолуудад гарын үсгээ зурж үлдээсэн нь Г.Маналжав гуайн хувьд төрд ажилласан олон жилийн хөдөлмөрийн тод мөр гэж хэлж болно. Би төрийн хүн гэх бахархал бас түүнд бий. Байхаас аргагүй юм. Нийслэлийн район, захиргаанд 30 гаруй жил хариуцлагатай алба хашсан байдаг. Ингэж төрийн албанд он удаан жил тогтвортой ажилласан нь хэзээ ч дахиж давтагдахгүй тохиолдол юм. Тэгэхээр Маналжав гуайг төрийн албаны түүхэн хүн гэж хэлэхэд маргах юун. Түүнд даалгаж байсан олон сонгуульт ажлын нэг нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх комиссын дарга, нарийн бичгийн даргын үүргийг олон жил гүйцэтгэсэн явдал байлаа.

Тэдгээр байгууллагын түүхийн бичвэрт Г.Маналжав даргын хийж бүтээсэн бүхэн дурайтал бичигдсэн байдаг юм билээ. Түүний тухай дээр хэлдгээр тэтгэвэрт гарах нас болсон чби боллоогээд санаа бодлоо хязгаарлаж, гараа хумхиж суугаагүй гэдгийг дээр өгүүлсэн бий. Тэтгэвэрт гармагцааМонголын нутгийн удирдлагын холбоогэдэг байгууллага санаачлан байгуулж өөрөө дэд тэргүүнээр нь одоо ч ажиллаж байна. Эдний холбоо нийслэлийн дүүрэг, аймаг сумдын төр, захиргааны байгууллагын ажлыг чанаржуулах шинэчлэн өргөтгөх, ажлын арга барилыг сайжруулах чиг үүргийг боловсронгуй болгох олон талын ажил зохиож иржээ. Холбооноос заавар зөвлөмж гаргах, семинар сургалт, зохион байгуулахын зэрэгцээ орон нутгийн удирдлагад ажиллагсдыг урамшуулах, урагшуулахад анхаарч иржээ. Үүгээрээ үндэсний хэмжээний цар хүрээтэй байгууллага болсон байна.

10-26-9a6

Г.Маналжавын энэ биений нэг тал, ажил амьдралын өмөг түшиг болсон эхнэр В.Магван нь насаараа санхүүгийн ажилтан байсан юм билээ.

Г.МАНАЛЖАВ ГЭЖ ЧУХАМ ХЭН ЮМ БЭ?

Энэ асуултад хариулахад тун түвэггүй мэт ээ. Юуны өмнө Улаан­баатар хотын ирээдүйг өнгөлөг өөдрөгөөр төсөөлж явдаг хүн юм билээ. Бодлоо хэлэхдээ,

Сүүлийн жилүүдэд нийслэлийн маань өнгө төрх их өөрчлөгдөж байна. Хот байгуулалт нь боловсронгуй болж хотын тохижолт сайжирч байгаа. Гэвч цагийн эрхээр хот өргөжиж сайхан болж байгаа ч тэр хөгжлийг нь оршин суугч иргэдийнх нь хөгжил гүйцэхгүй байна. Орчин үеийн соёлтой хотод иргэд нь соёлтой болж төлөвших учиртай. Бас нэгийг хэлэхэд хэмжээтэй газарт хэмжээгүй олон хүн бөөгнөрөхөөр сөрөг талууд илэрч, хотын алив ачаалал хэрээс хэтэрч байна гэсэн юм. Басби ер нь хурцдуу талын хүн, санаснаа шууд хэлчихдэг, хэлэхгүй бол хадгалаад явж чаддаггүй, хэлж гэмээнэ санаа амардаг гэж байсан. Г.Маналжав гуай бичиг соёлын их өвтэй хүн. Ажлынх нь онцлог ч болоод тэрүү бичиг цаастай зууралдаж сав л хийвэл цаас цоохорлож суудаг нь онцлог. Хамгийн наад зах нь Нийслэлийн хурлаас гаргасан шийдвэрийг дөрвөн боть ном болгон гаргажээ. Тэр бүхэнд өөрийнхөө гар бие, оюун ухаан шингэсэн гэдэгт баярлаж явдаг юм билээ. Бас төр, захиргааны удирдлагын чиглэлээр олон ном бичжэ. Заримаас нь нэрлэвэлНутгийн өөрөө удирдах ёсны тухай бодрол”, “Монгол Улсын орон нутаг түүний удирдлага”, “Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын түүхэн товчоонзэрэг номыг хойч үеийнхэндээ гарын авлага болгон өргөн барьжээ. Эдгээр номын үсэг өгүүлбэр болон өөрийнх нь хэлсэнБи ажилласан он жилүүддээ хариуцсан үүргийнхээ хажуугаар нийгмийн олон талд ажилд идэвхийлэн оролцож байсан минь ихийг сурахад нөлөөлсөн гэх үгнээс нь төр, захиргааны ажлын арвин туршлагатай, тэр дотор Улаанбаатар хотыг арван хуруу шигээ мэддэг хүн гэдэг нь харагдаж буй. Хамт ажиллагсад нь Ма дарга гэж хүндэтгэдэг. Энэ бол нэр төрийн илэрхийлэл мөнөөс мөн. 1989, 1990 он бол Монгол орны амьдралд бүхэлд нь цочроосон үйл явдлаар дүүрэн жилүүд байлаа. Ардчиллын салхи сэвэлзэж цуглаан, жагсаал, өлсгөлөн суулт гээд үзээгүй , дуулаагүй олон юмтай учирсан юм. Энэ хөдөлгөөнийг зохицуулах том үүрэг хотын асуудал болж байлаа. Тэр дотор Г.Маналжав дарга онцгой үүрэгтэй явсан гэдэг С.Зориг, Ц.Элбэгдорж, Д.Нинж, Б.Энхтүвшин нартай өдөр бүр уулзана. Тэднийг дагуулж ирж хотын удирдлагуудтай уулзуулна. Өөрөө хөдөлгөөний нэг гишүүн шиг л явсан байгаа юм. Хотын захиргаанд болсон уулзалт бүхнийг зохион байгуулж хэн ч тэг гээгүй байхад протоколыг хөтөлж хадгалдаг байж. Тэр протоколууд нь одоо зөвхөн Г.Маналжав гуайд байна. Хэвлэлд гараагүй болохоор хэн ч уншаагүй нандин баримт бичиг түүний хувийн архивыг чимсээр байгаа юм билээ. 1990 оны нэгдүгээр сарын 19-ны 15:00 цагт хотын захиргааны хурлын танхимд болсон уулзалт дээр Л.Лантуу, С.Зориг хоёрын дунд мэтгэлцээн ширүүхэн болжээ.

С.Зориг:

Лантуу дарга та бидэнтэй ярилцаагүй байж зорилгыг маань гуйвуулдаг нь ямар учиртай юм бэ?

Л.Лантуу:

Та нөхдийн боловсруулсан хөтөлбөр, цуглаан, энд тэнд наасан зарлалаас чинь зорилго чинь мэдэгдээд байна. Бид та бүхний ажлыг эх­нээс нь дэмжсэн. Гэхдээ олон түмнийг турхирсан байдал гаргаж болохгүй шүү дээ.

С.Зориг:

Энэнийгээ нэртэй, баримттай хэлбэл сайн байна.

Л.Лантуу:

Бид муу баримт бүхнийг түүгээд байгаа юм биш гэх зэргээр хэлцэж байсан тухай цагаан дээр хараар бичсэн олон хуудас протокол байналээ.

Маналжав гуайг Улаанбаатарын нэвтэрхий толь хэмээн нэрлэсэн минь ч учиртай.

Түүнтэй ярилцаж байхад эрт, эдүгээгийн Улаанбаатараар хичнээн ч өдөр юм бэ аялсан мэт санагдсан болохоор.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *