Улаанбаатарыг бүрхсэн улаан, ягааны өрсөлдөөн

10-р сарын 18, 2018 7:25 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 31
10-18-2

Т.БАТСАЙХАН

Орчин үеийн амьдралын хэв маягийг кофены соёлгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Энэ л соёлыг түгээх сүлжээ дэлгүүр, кофе шопууд нийслэлд олноороо нээгдэж байна.  Ялангуяа энэ онд  Америкийн алдарт “Circle K”, БНСУ-ын  “CU” сүлжээ дэлгүүр нээгдэж энэ төрлийн үйлчилгээ оюутан, залуусын дунд моод болж  байна. Шөнийн 00:00 цаг, өглөөний 06:00 цагт очсон ч хаалга нь нээлттэй, шинэхэн кофены  үнэртэй угтах нь  сэтгэлд нэг л таатай. Тэр өдрийн ажлын эрч хүчийг эндээс эхлээд авчихаж байна.  Үйлчлүүлж байгаа хүмүүс нь нэг л тайван.  Үйлчилж байгаа хэсэг нь ч  илэн далангүй,  заал талбай, ойлгомжтой. Нэг тийм асуудалгүй үйлчилгээ энд байна.   Кофе, хотдог, жимсний  ундаа гээд дуртай хүнсээ авсан хүмүүс касс дээр дугаарлаж байгаа ч яарч сандарсан, бухимдсан уур амьсгал үгүй.  Дугаараа хүлээнгээ гэр ахуй, бичиг хэрэг, хүүхдийн тоглоом сонирхож, худалдан авалт хийж болно. Мөн  захиалсан  бүтээгдэхүүн түргэн хугацаанд гарах бөгөөд сууж, үйлчлүүлэх хэсэгт орж, wifi ашиглан зарим ажлаа амжуулангаа тайван хөнгөн хооллочихно.   Оюутнууд бол notebook, ipad-аа гаргаад хичээлээ ч  хийчихнэ. Зарим нэг бизнес уулзалтууд ч энд болж байх шиг. Ер нь завгүй хэв маягтай өнөөдрийн нийгэмд яг тохирсон  үйлчилгээг олон улсын сүлжээ дэлгүүрүүд нийслэлчүүдэд хүргэж эхэлжээ. Саяхан л өглөө 07:00 гээд гэрээсээ яаран сандран гарахад өглөөний цай уух газар байдаггүй байлаа.  Ихэнх кофе шоп 10:00-11:00 цагийн үед онгойно.  Тэр болтол гүрийх хэрэг гарна.  Одоо ч энэ хоёр сүлжээ дэлгүүрээс өөр 24 цагаар ажилладаг кофетой, олон улсын стандартад нийцсэн түргэн хоолтой  газар ховор.  Ийнхүү улаан, ягаан өнгө бүхий дэлгүүрүүд нийслэлд олноороо нээгдэж эхэлсэн нь хүмүүст таалагдаж байна.   Бид дэлхий нийтийн соёлыг “Circle K”, БНСУ-ын  “CU”-гийн жишгээр хүлээн авч чадаж байна.   Олон улсын сүлжээ дэлгүүрүүд нэг талаар кофены соёлыг  нөгөө талаар амьдралын шинэ хэв маягийг нийслэлчүүдэд таниулж чадаж байгаа нь сайшаалтай юм. “Circle K” сүлжээ дэлгүүр 1951 онд  АНУ-ын Техасын Эл Пасод байгуулагджээ.  Одоогоор дэлхийн 24 улсад 14 мянган салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл манай улс 25 дахь орон болсон бөгөөд энэ оны эхээр  нэвтэрсэн.  УИД-ээс  “Peace mall” явах замд нэгдүгээр салбараа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.  Түүнээс хойш Спортын төв ордны эсрэг талд, Сансарын Баянцээлийн хажууд, Тэнгисийн MN Tower, МУБИС салбар, V сургууль гээд  10 гаруй салбарыг нээн ажиллуулж байна.  2018 онд багтааж, Circle K сүлжээ  Улаанбаатарт 20 салбар, 2019 онд 60 салбартай болох зорилготой ажиллаж байгаа аж.  “Сircle K Mongolia”-ийн Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам “ Өдөрт бид дэлгүүрээрээ 800-1000 хүн үйлчлэх төлөвлөгөөтэй байсан.  Гэтэл одоо 1600-2000 хүнд үйлчилж байна.  Ялангуяа арван жилийн хүүхдүүд оюутан залуус илүү их үйлчлүүлж байна” гэсэн юм.   Харин “Circle K” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал  Жеффри Калвилло ярихдаа “Бид одоо Вьетнам, Камбож, Малайз гээд Азийн зах зээлд нэвтрэхийг зорьж байна.  Мөн ойрын таван жилдээ Монголд 200 салбар нээхээр төлөвлөж байна” гэлээ. “Circle K” нь дээд зэрэглэлийн кофегоо өөрсдийн дэлгүүр дээрээ буталж, чанадаг тул шинэхэн, баялаг амттай кофег харьцангуй хямдаар хүргэдэг.  Тухайлбал, бусад кофе шопт 4000-6000 төгрөгийн үнэтэй  байдаг  Американо кофег 2000 төгрөгөөр аваад уучихна.    Мөн “Circle K”  -ийн нэгэн брэнд бүтээгдэхүүн нь хотдог. “Дэлхий даяар стандарт болсон аргачлалаар хийгддэг тул жинхэнэ Америк амтыг мэдрэх боломжтой. Манай хотдогны зайдас нь Германы Франкфуртер технологиор үйлдвэрлэгдсэн, 100 хувь үхэр болон гахайн махаар хийсэн, шууд идэхэд зориулсан шинэхэн зайдас байдаг” хэмээн  “Circle K”-ийн үйлчилгээний ажилтан хэлж байв.  Харин БНСУ-ын CU  сүлжээ дэлгүүрийн хувьд 28 жилийн түүхтэй, олон улсад 13 мянган салбартай.  Манай улсын “Сэнтрал экспресс СВS” компани мастер франчайзийн эрхийг авсан бөгөөд өнгөрсөн наймдугаар  сарын 23-нд албан ёсоор нээлтээ хийсэн юм.  Колумб, Танзаниас хамгийн дээд зэргийн үрийг сонгож, нарийн шат дамжлагын дагуу боловсруулж бэлтгэсэн GET кофег 24 цагийн турш хэрэглэгчиддээ хүргэж байна.  Одоогоор СU нь  Багшийн дээд UBH төв, Art Gallery, МУИС Шинэ номын сангийн замын эсрэг талд, Гурван Билэг Их дэлгүүр, Peace Mall гээд мөн л арав орчим байрлалд үйл ажиллагаагаа явуулж байна. CU гэдэг нь “Convenience store for You” буюу “Ая тухтай дэлгүүрийг танд” гэсэн үгийн товчлол юм байна.  “Circle K”-ээс ялгаатай нь голдуу Солонгос улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тухайлбал, Солонгосын  бэлэн гоймон, зайрмаг  СU-д янз бүрийн орц найрлагатайгаар хуралдаалагдаж байна.

ЭКСПЕРТИЙН ҮГ

МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор, профессор Х.Цэвэлмаа: ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН БИЙ БОЛЖ БАЙНА

-Зах зээлийн зарчмаар цэвэр өрсөлдөөн хэрэгтэй. Эцсийн дүндээ хэрэглэгчийн эрэлтийг хэн хангаж байна тэр хүн үйлчилгээгээ өргөжүүлэх, тэлэх боломжтой байдаг. Түүнээс гадна бид гадны сүлжээ гээд айж, хамгаалах гэж оролдохын оронд дотоодын жижиг дэлгүүрүүдийг өрсөлдөх чадварыг нь нэмэх хөшүүрэг болгох нь зүйтэй. Нэгэнт манай улсын хууль, дүрэм журмын дагуу байгуулагдаад орж ирсэн бол заавал хамгаалах гэж оролдох хэрэггүй гэсэн үг. Харин жижиглэнгийн салбарт үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрүүд үйлчилгээний чанар, соёлыг нэвтрүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээг хангахуйц бараа бүтээг­дэхүүнийг аль болох хямд өртөгөөр нийлүүлэхийг зорих хэрэгтэй. Өөрөөр хэл­бэл, зах зээл дээр унахгүй тогтвортой байхын төлөө шударгаар өрсөлдөх учиртай.

 

Эдийн засагч, доктор П.Хашчулуун: ДОТООДЫН ХУДАЛДААГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨШҮҮРЭГ БОЛНО

-Жижиглэн худалдааны салбарт хамгаалалт хийх шаардлагагүй. Яагаад гэвэл, хэдийгээр гадаадын сүлжээ дэлгүүр гэж байгаа боловч дотоодын хөрөнгө оруулагчид хийж байгаа ажил. Өөрөөр хэлбэл, үндэсний компани гэсэн үг. Тухайн дэлгүүрүүд гадаадын үйл­чилгээний төрөл, хэлбэрийг нэвтрүүлж байгаа нь сайн жишиг. Ингэс­нээр дотоодын худал­д­ааг хөгжүүлэх, хэрэг­цээтэй, чанартай бараагаар үйлчлэх зэрэг өрсөлдөөнийг бий болгоно. Жишээлбэл, манай жижиг дэлгүүрүүд урт хугацаагаар ажилладаггүй. Тиймээс л шинээр байгуулагдсан сүлжээ дэлгүүрүүд үйлч­лүү­лэгчдэд таалагдаж байгаа. Мөн хүмүүст хамгийн ихээр таалагдаж байгаа нь өдрийн хоолыг ча­нартай, хямд өртө­гөөр идэх боломжийг бүр­дүүл­сэн явдал гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *