Улаанбаатарт алхах зам алга

9-р сарын 4, 2012 11:06 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 227

Д.МЯГМАР

 

Олуулаа ялсан АН-ынханд дайж, бодлогод нь тусгах үг байна. Хотын удирдлагууд замын түгжрэлийг бууруулах аянд мордож тодорхой ахиц гарч эхэллээ гэж цахимжсан монголчууд “жиргэх” боллоо. Тэд яах вэ, унаа малтай улс. Бүхэл бүтэн улсын нийслэл атал явган хүн тайван алхах замгүй болс­ныг эрхэм мээр Э.Бат-Үүл, Иргэдийн хурлын тэргүүн Д.Баттулга нар анхааралдаа авахгүй бол горьгүй нь. Дээрээс юу юугүй нураад уначихаар барилгын хамгаалалттай шат энд тэндгүй сарзайж байхтай та бүхэн таарсан байх. Ажилдаа алхаж ир­дэг моодыг хотын захиргаанд дэлгэрүүлээд байгаа мээр эрх биш энэ мэт зовлон, бэрхшээлийг тойроогүй дайрсан байлгүй.

Нийслэлийнхэнг авто­машины дугаараар нь ялгаварлаж замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон. Тиймээс хотын төвөөс холгүй гэртэй төмөр хүлэгтнүүд алхаж эрүүл мэнддээ анхаарах нь нэмэгдсэн. Дээр нь оюутан, сурагч­дын арми нэмэгдэж “алхаад марш”-ийнхан АН-ынхны уриаг дагаж олуулаа болсон. Харамсалтай нь барилга, бүтээн байгуулалтын ажилд бүслэгдсэн нийс­лэлд явган алхчих аятайхан зам тун ховор болжээ. Яг л дайн болсон нутаг аятай нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай нэлэнхүйдээ сүйджээ. Үүний хариуцлагыг хүлээх нэг ч мэргэжилтэн, албан хаагч нийслэлд алга. Энэ олон тохьгүй, тухгүй явган хүний за­маас болж бэртэж, гэмтсэн хүмүү­сийн хохирлыг хотын за­хир­гаа дангаараа хариуц­маар юм. Хальтирдаг хавтангийн бурууг тухайн байгуул­лага үүрдэг жишиг шиг.  

Хотын төвөөс дөнгөж хөдлөөд л шороонд хучигдсан явган хүний зам хаа сайгүй таарна. Эсвэл ухсан нүх, овоолсон шороо,  хавтангийн хэл­тэр­хий, муу усны онгор­хой нү­хийг “аргадаж” гэмтчихэлгүй уртын харайлт хийнэ. Уг нь өмнөх мээр Г.Мөнх­баярын үед “Явган хүний зам” арга хэмжээг нийс­лэлд эхлүүлж иргэдээс овоо оноо авч байсан үе бий. Явган хү­мүүс ч гэсэн нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах их аяны нэг хэсэг болох учир­тай. Тий­мээс түг­жир­дэг автозам­даа анхаарсан шиг явган хүний замыг да­руйхан анхаарч засахгүй бол олонхийг адалсан хэ­рэгт унах вий. Ардчилсан нийгэмтэй, ийм засагтай байж машинтай, мөнгөтэй, өнгөтэй эрхэм Улаанбаатарт хүний тоонд ордог. Харин явган мар­шийнхан гадуурхагддаг байж таарахгүй болов уу. Түгжрээд урагшилдаггүй гацаатай замыг нь журамлаад эмх цэгцэнд оруулсан юм чинь явган хүний замыг шинэчлэхэд Үүл баатарт юухан байхав.

Хотын төв гэлтгүй нийслэлийн гэр хороололд явган хүний замын талаар ярих гэхээр нэг эвлэж өгөхгүй нь. Шавар, шалбаагаар дүүрч гахайн оромж шиг болсон гудамж, талбай нийслэлд өчнөөн бий. Өн­гөрсөн зун Дарь-Эхийн авто замыг шинэчлэхдээ дагуулаад явган хүний зам барьсан санагдана. Тэр зам одоо явган битгий хэл машинтай эрхэм явахад бэрх болжээ.  Шавхай  шалбаагаар дүүрч  тэр хавийн зам тийм гэхийн тэмдэггүй болс­ныг Дамбадаржаад өн­гөр­сөн ням гаригт ажилласан Ерөн­хий сайд Н.Алтанхуяг гэрчилнэ. Явган хүнд ээлгүй замуудыг нэрлэвэл бараг газар үлдэхээргүй болжээ. Нийслэлийн Хүүхэд за­луучуудын төвийн ордны дэргэдэх авто болон явган хүний зам “дэлбэрч” том том хайрга энд тэндгүй хөглөрч, явган хүний замын хав­тан шороонд булагджээ. Нийслэлд явган хүний ийм тамтаггүй болсон зам хаа сайгүй элбэгшжээ. Гэтэл гэнэт орсон бороо, үерийн ус, барилгын ажил энэ бүхэнд буруутай гэнэ. Ингэж сүйдсэн эзэнгүй нийслэлд эзэн нь юм шмг ажиллаж өгөөч. Иргэн нь амгалан, тайван, айх аюул­гүй аж төрдөг нийс­лэлийг “олуулаа” багийн­ханд даатгаад нэг үзье.