УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулав

7-р сарын 1, 2016 2:40 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 61
7-1-1й3

Д.ГЭРЭЛ

Сонгуульд ялалт байгуулан гишүүнээр сонгогдсон хүмүүст түр үнэмлэхийг нь гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-д сонгогдсон гишүүдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо. УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан хүмүүст түр үнэмлэх гардуулж байна” хэмээн арга хэмжээг нээж хэлсэн юм.

Ёслолын эхэнд хамгийн олон санал авсан МАН-ын дарга М.Энхболдод түр үнэмлэхийг нь гардууллаа. Долоо дахь парламентын бүрэлдэхүүнд шинэ, залуу улстөрч олон сонгогдсон. Мөн 39 гишүүн шинээр орж ирсэн нь олон талын онцлогтой парламент бүрдэж байгаа юм.

Ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллах талаар түр үнэмлэхээ авсан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.

О.Баасанхүү: Ирэх дөрвөн жил МАХН-ын дуу хоолой болно

-Юуны өмнө Эрдэнэтчүүддээ талархаж байна. Хууль тогтоох байгууллагад өөрийн дуу хоолойг гаргах зөвшөөрлийг өгсөнд баярлалаа. Ирэх дөрвөн жилд өмнөхөөсөө илүү их ажил хийх шаардлагатай болж байна. Тэр дундаа Эрдэнэтчүүдийн хувьд сүүлийн өдрүүдөд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаас болж хүнд байгаа. Үйлдвэрийн шинэ эздүүд гарч ирсэн сураг бий. Өөрөөр хэлбэл, 1978 онд оросуудтай хийсэн гэрээ хүчин төгөлдөр, иргэд нь ажилтай байх эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс энэ асуудлыг эхний ээлжинд шалгаж, тогтоох, 1978 онд хийсэн гэрээг илүү сайжруулахыг Засгийн газраас шаардана. МАХН-аас нэр дэвшиж гарсныхаа хувьд намынхаа дуу хоолой болно. Өнөөдөр ардчилалд аюул учирсан. АН-ын лидер гэх зарим нөхдийн хоорондын зөрчлөөс болж ядуурал нүүрлээд байгаа. Ардчиллыг аварч, хамгаалахын төлөө явна гэдгээ хариуцлагатай хэлье. Ямар ч тохиолдолд МАН-ыг зөв асуудал дээр нь дэмжинэ, буруу зүйлийг нь шүүмжилж ажиллана.

Ц.Мөнх-Оргил: Иргэд МАН-д эдийн засгийн хямралаас гаргах итгэл хүлээлгэсэн

-Зөв зүйтэй ажлуудыг бид үргэлжүүлнэ. Хамгийн гол нь Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэхдээ эдийн засгийн хямрал, өрийн дарамтаас гаргаж, айл өрхийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх захиа даалгавар өгсөн гэж ойлгож байгаа. Тиймээс энэ ажил дараагийн дөрвөн жилийн УИХ болон Засгийн газрын анхаарлын төвд байна.

Д.Эрдэнэбат: Бидэнд дүгнэлт хийх зүйл их байгааг энэ сонголт харууллаа

-Ямар ч байсан ялсан ялалт нь манай орон нутгийн иргэдийн итгэл байсан гэж бодож байна. Бидэнд дүгнэлт хийх зүйл их байгааг энэ сонголт харууллаа. Намаа зайлшгүй шинэчлэх шаардлагатай. АН институтийнхээ хувьд нийт иргэдийн 50 хувийн санал байгааг санаж явах хэрэгтэй. Үнэмлэхүй олонх болсон эрх баригчдад ард түмний 50 хувийн санал ардчилагчдын талд байгааг өдөр бүр санаж яваарай гэж хэлье. Энэ удаагийн сонгууль мажоритар системээр явсан. АН УИХ-д есөн гишүүнтэй бүлэгтэй болж байгаа. Бүлэг маргаашаас эхлэн МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна. Цаашид АН-ыг шинэчлэх шаардлагатайг надаар хэлүүлэлтгүй бүгд ойлгосон байх. Тиймээс би намын даргад нэг зүйлийг хэлье. Намын их хурлаа хуралдуулж, үндсэн дүрмээ өөрчлөх хэрэгтэй.

А.Сүхбат: МАН хүний амьдралд нийцсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн

-Төв аймгийн 29 дүгээр тойрогт ялалт байгуулсан. Та бүхнийхээ итгэл, сэтгэлийг ажил болгоно. Ер нь цаг наргүй ажиллаж байж амжилтад хүрнэ гэж бодож байна. Хүний амьдралын бүх мөчлөгт нийцсэн мөрийн хөтөлбөрийг МАН дэвшүүлсэн. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр юм. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно.

Эх сурвалж: Polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *