УИХ-ын даргын асуудлыг буцааж, Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг дэмжив

12-р сарын 26, 2018 7:45 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 10
12-26-3

Т.БАТСАЙХАН

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 52.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам батлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжив. Мөн УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага хүргүүлсэн билээ. Уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл өчигдөр байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Энэ асуудлыг манай Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй” гэж үзэж байгаагаа хэлэв. Тэрээр “Монгол Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хоёр төрлийн дэг бий. Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухай зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.3, 10.7-д заасан дэг байна.  Энэ дэгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан таван үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Гэтэл УИХ-ын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна. Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам”-ыг зохицуулсан 32 дугаар зүйлд заасан дэгээр УИХ-ын даргыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж болно. Энэ дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд бид энэ дэгийг баримтлах боломжгүй байна. Энэ талаар УИХ-ын даргад хариуг нь өгнө гэв. Ийнхүү асуудлыг хэлэлцэх асуудлаас хассан.

Үүний дараа Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Учир нь сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчийн сонгогдох эрхийг зөрчсөн байна хэмээн тайлбарлаж байгаа. Үүний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.  Байнгын хорооны ажлын хэсэг төсөлдөө “Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор ажлаасаа чөлөөлөгдөнө” гэсэн заалт оруулжээ. Энэ саналыг нь Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин