Үхэлтэй тэмцсэн долоо хоног буюу Эгэл баатар

3-р сарын 26, 2018 8:27 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 45
29526807_2065159823696516_577688448_o

С.УЯНГА

Нэгдүгээр сарын эх бол идэр гурван ес ид тачигнаж байдаг үе. 2013 оны нэгдүгээр сарын 19-нд  Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт шөнөдөө -28 хэм хүрч хүйтэрч байсан гэдэг. Энэ үед малчин залуу Ц.Түмэндэлгэр эзгүй хээр хаягдаж зургаан шөнө, долоон өдөр үхэлтэй нүүр тулан тэмцжээ. Хугархай хөлтэй, цаснаас өөр гол зогоох юмгүй ч 168 цагийг шүд зуун тэссэн түүнийг амьдралын ухаан л осгох аюулаас гэтэлгэж чадсан байна. Учир нь Ц.Түмэндэлгэр хээр орхигдохдоо үстэй дээл, малгай, эсгий гуталтай яваагүй. Гэрээсээ холгүйхэн малаа эргүүлчихээд ирнэ хэмээн санаж хөвөнтэй тэрлэг, ноосон малгай төдий, хуучирч элэгдсэн нимгэн жолооч бээлийтэй гараад мотоциклиос унаж хөлөө хугалж  идэр есийн хүйтнээр хөр цаснаас өөр нөмөргүй долоо хоносон  байна.

“Амьдралын тойрог”-ийн хэсэгхэн үед тохиосон хүнд бэрхийн шалгуур сорилтыг  даван гарсан эгэл малчин залуу өдгөө Өмнийн шаргал говьдоо энх тунх аж төрж байна.

“Амьдралын тойрог”-ийн хэсэгхэн үед тохиосон хүнд бэрхийн шалгуур сорилтыг даван гарсан эгэл малчин залуу өдгөө Өмнийн шаргал говьдоо энх тунх аж төрж байна.

 Хасах 28 хэмийн хүйтэнд яваа гэхэд хугархай хөлтэй долоо хоногийг өнгөрүүлж хэн бүхний санаанд багтахгүй эр зориг, тэсвэр хатуужил, амьдралын ухааныамьд гэрчболсон эгэл баатар залууг бид зорьж очлоо.  “Амьдралын тойрог”-ийн хэсэгхэн үед тохиосон хүнд бэрхийн шалгуур сорилтыг  даваад гарсан эгэл малчин залуу өдгөө Өмнийн шаргал говьдоо энх тунх аж төрж байна.

Ц.Түмэндэлгэрт тохиолдсон явдлаас сэдэвлэсэн “Үхэл амьдралын заагт” киноны гол дүрийн жүжигчидтэй.

Ц.Түмэндэлгэрт тохиолдсон явдлаас сэдэвлэсэн “Үхэл амьдралын заагт” киноны гол дүрийн жүжигчидтэй.

Ц.Түмэндэлгэрийнх хотоос 670, Номгон сумаас 20-оод кмт Хармагтай багийн  Улаанхороотын бууц хэмээх газарт өвөлжиж байлаа. Биднийг очиходТөвийн хэвлэлийнхэн  очно гэж сумын Засаг дарга Ц.Буяндэлгэр дуулгасан учраас аймаг явахаа больчихлооАймгийн төв орж улсын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит барилдааныг үзэх санаатай. Ашгүй TV9 телевиз шууд дамжуулж байна. Улсын цолтон олон ирснээс харахад тун сонирхолтой барилдаан болох ньгэсээр угтлаа. Ц.Түмэндэлгэр нэг хэсэгтээ л зурагтаас нүдээ салгасангүй. Эндээс харвал жинхэнэ  бөхийн хорхойтон бололтойХарин цай, идээ болох зуурОйрд тэнгэр хангай тогтуухан байна. Мал төллөөд овоо хэд хонолоо. Өвс ногоо тарчигхан ч тэжээгээд болж байнахэмээн ээж Б.Цэрмаа нь яриа дэлгэж суулаа.

Гэр бүлээрээ

Гэр бүлээрээ

 АМЬСГАА ХЭДИЙД ТАСАРНА. ТЭР БОЛТОЛ ГҮРИЙНЭ Л ГЭЖ ЗҮТГЭСЭН

 

 Ц.Түмэндэлгэр энэ нутгийн унаган хүү. Бага нас нь өвөл тасхийм хүйтэн ч налгар цагтаа байж суух аргагүй болтол нь нар шардаг аагим говийн хөдөөд хурга ишиг хариулж өнгөрчээ. Сургууль номоос илүү хөдөөд сэтгэл нь татагдсан   хүү тавдугаар ангиасаа эргэлт буцалтгүйгээр мал маллаж эхэлсэн байна. Бага байхад аав нь бурхан болж 1998 оноос хойш өрх гэр толгойлж эмээ, ээждээ дэм болж иржээ. Ихэнхдээ бог мал дагнан маллаж ирсэн байна. Дээр дурдсанчлан  Ц.Түмэндэлгэр 2013 оны нэгдүгээр сарын 19-нд малдаа яваад мотоциклиос ойчиж хөлөө хугалаад зургаан шөнө, долоон өдөр хээр хоносон байдаг. Тухайн үед яг юу болсон талаар асуухадМалаа эргүүлэх гэж хажуугаар нь хашгирч давхиж байгаад мотоциклиосоо ойчсон. Гэрээс тийм ч хол биш. Зургаан км гаруй л байсан. Мал буцаад явчихсан. Хөл хугарчихсан болохоор босч чадахгүй эхний өдөр мотоциклийнхоо хажууд, овоо бараадаад хоносон. Тэгээд маргааш нь  айлуудын дундах төв зам бараадвал хүн таарч магадгүй гэж бодоод эрүүл талаараа аль болох ойр ойрхон мөлхөж эхэлсэн. Ойчсон газраасаа бараг хоёр км гаруй мөлхөөд зам руу нэлээд дөхөж очсон. Тухайн үед армаг, тармагхан л цастай байсан. Аль болох бараан газрыг нь бараадаж цас идээд явсан. Цаснаас өөр гол зогоох юм байхгүй юм чинь. Сүүлд хүмүүсийн ярьснаар тухайн үед өдөртөө -18, шөнөдөө -28 хэм хүрч хүйтэрсэн гэсэн. Надад бол тэсвэрлэхэд хэцүү л байсан. Сүүлдээ ам хамар мэдрэлээ алддаг юм байна лээ. Зузаандуу хөвөнтэй тэрлэгтэй ч  их л нимгэн санагдсан. Мал эргүүлчихээд давхиад ирэхийн хооронд гээд л гарсан юм чинь. Ойчино гэж хэн санахавгэв.

Ц.Түмэндэлгэрийг  осолдсоны маргаашаас нь эрлийн ажиллагаа эхэлжээ. Тухайн үед ээж нь Ханбогдод хүүхдийнх рүүгээ явсан. Хамт байсан дүүгээ хүн гуйхаар нь сум руу явуулчихсан гэртээ ганцаараа байсан учраас хажуу айлынхан нь эхний хоног айл хэсээд явчихсан болов уу гэж бодоод хүлээсэн байна. Ц.Түмэндэлгэрийн осолдсон газраас 2-3 кмийн зайд айлууд өвөлжиж байсан ч эрлийн 3-4 машинтай хүмүүс 4-5 хоног түүнийг олоогүй байна. Түүнээс эрлийн талаар асуухад  “Уг нь айлууд 2-5 кмт байсан. Намайг эндэнэ гэж санаагүй л байх. Эрлийнхэн ер олохгүй байсан юм билээ. Надад харагдаж, ойртож  байсан ч жаахан газар зөрөөд яваад өгнө. Тэгээд хашгирахаар дуу гарахгүй. Хамаг тамир тэнхээ барагдчихсан учраас дохио зангаа өгч чадахгүй байсан. Эрлийнхэн мэдээж хамаг арга чаргаараа л намайг хайсан. Сандарсан хүмүүс эвээ олохгүй байсан биз. Мэргэч төлөгч хүмүүс дээр ч очиж зүг чиг заалгасан юм шиг байна лээ. Их хүйтэн, хөл, гар мэдээ алдаж тэсэхийн аргагүй янгинаж, сүүлдээ толгой маш их өвдсөн. Хоёр гурав хоноод цөхөрсөн. Тиймээс үхсэн ч олоход арай амар гээд төв замаасаа холдолгүй овоо, жалга бараадаад дээш доошоо холхиод мөлхөж байсангэлээ.

Түүний тэвчээр ингээд дуусаагүй. Дахин хоёр хоносон бол горьдлого тасрах байлаа гэсэн юм. Ц.Түмэндэлгэрийн талаарх  “Үхэл амьдралын заагтгэсэн богино хэмжээний уран сайхны кино 2014 онд олонд хүрсэн байдаг. Кинон дээр эхнэр нь амаржих гээд сум руу түргэн дуудахаар явсан нөхөр нь замдаа осолдож долоо хоног сэг зэмээр хооллож, хээрийн амьтантай нөхөрлөж  байгаа тухай гардаг. Ц.Түмэндэлгэрээс энэ талаар асуухадМэдээж уран сайхны кино учраас хэтрүүлэг байгаа. Би зургаан өдөр юу ч идээгүй. Зөвхөн цас л идсэн. Хатуу, зөөлөн, шороотой хутгалдсан гээд тааралдсан цасаа л идсэн. Өдөр 13:00-15:00 цагийн хооронд хүйтэн нь жаахан буурч бүлгэрдэг. Тэр үед нь дугхийж авна. 16:00 цагаас хойш бол их хүйтэн. Нэлээд эцэж турсан. Идэх юм угаасаа байхгүй болохоор хайгаагүй. Нөмөр, жалга бараадаж аль болох бага даарахыг бодно. Гар хөл мэдээ алдам даарахаар үлээе гэхээр амнаас уур гарахгүй. Гэвч амьсгаа хэдийд тасарна. Тэр болтол гүрийнэ л гэж зүтгэсэн. Амьд гардаг ч байсан, үгүй ч байсан эцсээ хүртэл үхэлтэй тэмцэнэ гэж бодогдсон. Хөлдчихгүйн тулд мөлхөөд л байсан. Эрлийн хүмүүстэй хээрийн амьтан таарсан гэсэн. Надтай бол азаар таараагүй. Их л ойрхон явсан юм байна лээ. Хангайг бодвол говийн амьтан гайгүйгэсэн юм. Түүнд амьдралд тэмцэж өнгөрүүлсэн хэцүү үеэ эргээд бодох үе бий. Тиймээс хүнд үеийг даваад гарсан юм чинь утга учиртай амьдрахсан гэж боддог аж.

Ц.Түмэндэлгэрийг долоо дахь өдөр нь саахалтынх нь Болдбаатар гэдэг залуу олжээ. ТэрээрМотоциклийн дуу ойртоод ирэхээр өөрийн эрхгүй нулимс гарсанХүмүүс ирээд амьд байна гээд гайхсан. Уйлалдаад сүйд болсон. Гэр бүлийнхний санаа их зовсон байсан. Аргагүй шүү дээ. Гэртээ хариад дунд аягаар гурван аяга цай нэг дор уугаад дотор бүлээцээд ирсэн шүү. Тэгээд хотод арав гаруй хоног эмнэлэгт хэвтэж сар гаруй суга таягтай явсан. Мотоциклиос унахдаа хөлийнхөө шилбийг хоёр хугалчихсан юм билээ. Одоо бодоход нутгийн уул ус харж үзсэн гэж  итгэдэг. Хүний өөрийн малд их явна. Малын буян заяа түшсэн байх. Бас нутгийн ахан дүүс цай сүүнийхээ дээжийг өргөсний хүчинд л амьд гарсан. Амьд явах хувь тавилантай байж л гэж боддоггэсэн юм.

Харин ээж Б.Цэрмаа нь сураг дуулаад Хан­богдоос яаран иржээ. ТэрээрГэрийнхэн сандралдаад би ч тэр дороо л ирсэн. Ямаршуу  дээл хувцастай явсан бол гээд л хамаг хувцсыг нь бүртгэж эхэлсэн. Бурхандаа залбираад өдөр, шөнөгүй цай сүүнийхээ дээжийг өргөхөөс өөр хийж чадах юм байх биш. Машины дуу гарахаар л олсон болов уу гэж горьдох. Ойр ойрхон гарч гүйнэ. Дэмий л хойд, урд овоон дээр гарч харуулданаМиний хүү чинь багадаа их гүжирмэг хүүхэд байсан. Зургаан хоног бүтэн нойртой хоноогүй. Унтах ч арга байгаагүйгэсэн юм.

ЦАГ ХҮНДРЭХ СУРГААР ӨМНӨХ ЖИЛҮҮДИЙНХЭЭС ЦӨӨХӨН МАЛ ТӨЛЛҮҮЛЭХЭЭР ТООЦЖЭЭ

 

Ц.Түмэндэлгэр гурван эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Хамгийн бага нь Ханбогдод байдаг бол бусад нь мал хариулдаг. Одоо эрэгтэй дүү, ээжтэйгээ амьдарч байгаа аж. Биднийг очиход дүүгийнх нь хүүхэд коллеж төгсөөд мал төллөлтөд туслахаар  ирээд байсан юм. ТэрээрБага байхад морины нуруун дээрээс буухгүй шахам малаа хариулдаг байсан бол одоо хурдан унаанаас салахаа болилоо. Цаг хугацаа хэмнэх мөртлөө болгоомж алдвал эрсдэлтэй. Гэмтээд өнгөрөх биш амь насаа алдах аюул олон л дуулдах юм. Уг нь морь, тэмээгээ тааваараа унаад малаа хариулахад болохгүй зүйлгүй. Залуучууд бид аль болох амар хялбараар ажлаа бүтээхийг эрмэлзэх болжээхэмээж байв. Байгаль цаг уур сайхан үед малаа өсгөж, цаг хүндэрвэл аль болох чанаржуулж цөөлөхийг чухалчилдаг болжээ. Мөн отор нүүдэлд их явдаг ч энэ жил бууриа сэлгэсэнгүй гэдгийг гэрийн эзэн ярилаа.

Ц.Түмэндэлгэрийнх ямаа голцуу 500-гаад богтой. Цаг хүндрэх сургаар өмнөх жилүүдийнхээс арай цөөхөн мал төллүүлэхээр тооцжээ. Хашаагаа 2-3 эгнээ  саравч болгон модон хашлагаар тусгаарлаж ууган төлнүүд өтөг бууцан дээр тааваараа тонгочиж харагдана. Түүнээс хаваржилт хэр байгаа талаар асуухадЭнэ өвөл жаахан хүндэрлээ. Нэгдүгээр сар нэлээд хүйтэрч хэцүүхэн өнгөрлөө. Шөнөдөө -30 хэм хүрсэн. Саравчиндаа нүүрэвч хийсэн мөртлөө л ямаа зулбах шинжтэй. Цаг хүндэрнэ гэсэн учраас цөөхөн мал төллүүлэхээр болсон. Одоогоор 30 гаруй мал төллөлөө. Нэг хэсгийг нь  тэжээж байна. Сумаас дөрвөн боодол өвс үнэгүй өгөхөөр нь очиж авлаа. Тэжээл их орохоор шинжтэй байна. Сүүлийн жилүүдэд түүхий эд үнэгүйдэх янзтай. Түү­нээс тэнгэр хангай сайхан бол хөдөөд санаа зовох юмгүй. Хаа явсан газ­раасаа утасданаБүх зүйл сай­хан амар болсонгэ­сээр биднийг үдэж өгсөн юм.

Хэр баргийн хүнээс  гара­­хааргүй тэсвэр тэв­чээр, амьдралын ухаанаар хэцүү бэрхийг даван туулж үхэлтэй тэмцэж ялсан эгэл жирийн малчин залуу эрийг Өмнийн говийнхон Эгэл баатраар өргөмжилжээ.

29680751_2065132067032625_1919452081_o

Хашаагаа 2-3 эгнээ  саравч болгон модон хашлагаар тусгаарлаж ууган төлнүүд өтөг бууцан дээр тааваараа тонгочиж харагдана.

Хашаагаа 2-3 эгнээ саравч болгон модон хашлагаар тусгаарлаж ууган төлнүүд өтөг бууцан дээр тааваараа тонгочиж харагдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *