Үгтэй нөхөрлөсөн 46 жил

8-р сарын 6, 2018 9:55 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 27
8-6-5

Ч.ҮЛ-ОЛДОХ

Дэлхийн том улс, үндэстнүүдтэй харьцуулахад Монгол минь жижиг, бид цөөхөн. Гэвч өргөн их Азийн цээжинд улс минь оршиж, бид Монгол хэмээн дуудуулж, монгол хэлээрээ ярьж, бичиж байгаа нь бахархал. Их эрдэмтэн, нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринчен “Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл. Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ” хэмээн шүлэг, найргаар дархалсныг бид мэднэ. Төрийн соёрхолт, зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж агсан “Хэл,хил, малтайгаа байхад Монгол баян” гэсэн омогшуун гэрэлт мөрүүдийг тэрлэсэн билээ. Эх хэл бол тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Монгол хэл өнөөдөр хөгжиж байгаа хэлний нэг хэмээн нэрлэгдэж байна. Энэ бол эх хэл, монгол ухаан, өв соёлоо дархлахын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн олон эрдэмтэн, мэргэдийн сэтгэл,зүтгэлийнх юм. Насаараа үг имэрч, үгтэй нөхөрлөж ирсэн эрхэм хүмүүсийн гавьяа юм. Тэдний нэг бол Монгол Улсын гавьяат багш, хэл, бичгийн ухааны доктор, профессор Г.Гантогтох билээ.

БАГШ НАРЫН  БАГШ

Гэр бүл, шавь нарын хамт.

Г.Гантогтох багш 1971 онд УБДС(хуучин нэрээр)-ийн Монгол хэл-уран зохиолын ангийг дүүр­гэж, сургуульдаа баг­шаар үлдсэн байдаг. Аль нэг дунд сургуульд хуваарилагдалгүй шууд  их,дээд сургуульд, ирээдүйн багш нарт хичээл заасан нь ховор аз завшаан гэлтэй.  Гэхдээ энэ үеэс хэлний талаар судалгаа, шинжилгээний ажил эхлүүлж,  1975-1992 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн рүү томилогджээ. Энэ хугацаанд бүх аймаг суманд очиж хээрийн судалгаа хийж, Ж.Цолоо, Д.Шагдарсүрэн, Х.Сумьяа­базар, Г.Загд­сүрэн нарын  эрдэмтэн багш нараа дагаж улсынхаа бүх, аймаг суманд хээрийн судалгаа хийсэн байна. Ингэж  явахынхаа  өмнө хэл зохиолын хүрээлэнгийн фонд дахь  бичлэгүүдийг сонсч тухайн аймгийн ястнуудын хэл аялгуунд  дасах бэлтгэл хийнэ. Нутгийнх нь аялгуугаар ярихад хүмүүс  таатай ханддаг байж л дээ. Буриадууд оршин суудаг Оросын газар нутгаар ч томилолтоор явж судалгаа хийдэг. Яваандаа  буриад аялгууг түлхүү судалж  толь бичиг гаргажээ. Түүнийг таньж мэдэх хүмүүс, шавь нар нь МУИС-аар овоглодог, бас “Буриад судлалын” гэж тодотгодог нь эндээс эхтэй. Тэрээр 16 нас хүртлээ Дорнод аймгийн Дашбалбар суманд өвөө, эмээ дээрээ өссөн. Энэ нь түүнийг  буриад хэл, хэв заншилтайгаа үлдэхэд нөлөөлсөн гэдэг.  Тэр үеийн Чойбалсан аймагт үзэмчин, барга, харчин, хорчин, буриад гээд олон монгол угсаатан аж төрж байсны дотор  1945 онд нүүж ирсэн буриадууд өөрсдийн  үндсэн хэв заншлаар, ахуй нөхцөлөө хадгалж үлдсэн байж. Үүнийг тэрээр  миний аз таарч, хэлд орж байх үедээ тэр олон хэл аялгуу дунд өссөн нь хожим судалгаа шинжилгээ хийхэд ихээхэн  хэрэг болсон хэмээн дурсдаг. Харин ном эрдэм заасан багш нараасаа Х.Лувсанбалдан багшийгаа онцолж,   “Энэ салбарт ажиллахад минь их нөлөө үзүүлсэн. Багш маань  хилийн гадна дотно байгаа бүхий л монгол угсаатантай уулзаж судалсан байдаг юм. Би энэ багшийнхаа  мөрөөр явсан”  хэмээн ярьдаг.16-хан настай хүү Дорнодын тал нутгаас Улаанбаатар хотод хөл тавьж, МУИС-ийн хаалгыг татсан тэр  цагаас өнөө хүртэл тэрээр 46 жил үгтэй нөхөрлөж явна. Тэднийх гурван охин нэг хүүтэй бөгөөд тэднээс нэг нь аавынхаа торгон мэргэжлийг өвлөж, хэл шинжлэлийн ухааны доктор болжээ.

“ХҮНИЙ  АМЬДРАЛЫН АЛХАМ ТУТАМД БАЙГАА БҮХЭН ХЭЛЭНД НЬ БИЙ. ТИЙМЭЭС ХҮН БОЛГОН НОМЫН САНТАЙ”

Г.Гантогтох багш угсаа, хэл шинжлэлийн чиглэлээр хичээл зааж ирсэн. Шавь нар нь  түүнийг “Манай багш хичээлийг ёстой  амттай, сонирхолтой заадаг” хэмээн дурсдаг юм билээ. Хэл шинжлэл, угсаатан судлалыг зэрэгцүүлж үздэг учраас тэр байх. Тэр дотроо танихуйн хэл шинжлэл гэж сүүлийн үед гарч ирсэн чиглэл шавь нарт нь сонирхолтой байдаг байсан болов уу. Цаад зүйлийн мөн чанарыг  таниж  мэдэх, түүнийгээ хэлтэйгээ холбоод үзэхээр монгол хэл, монгол ухааны хичээл болно.  Энэ зун л гэхэд Г.Гантогтох багш гэрийн үүд, тооно зурж өнгөрүүлж байна. Тухайлбал, гэрийн үүд  гэвэл  хаалга байхгүй байх жишээтэй. “Онгойсон үүдээр тонгойсон толгой ордог” гэж хэлэхэд  шууд дүрс нь бууж байна. Өглөө бүхэн зээрд морь зайдална” гэхэд гэрийн босго  нүдэнд харагдана. “Ямар ч хүнийг мөргүүлдэг яасан сүрхий эд вэ” гэвэл гэрийн тотго” байх нь. Энэ мэтчилэн босго, тотго, унь, тооно гэхчлэн үгээ цаад утгатай нь, хэв заншилтай нь нийлүүлэн хооронд нь харьцуулан жишиж  тайлбарласан  монгол угсаатны гэрийн толь бичиг хийж байгаа аж. Ингэж хийж байж гэмээ нь бүх утга тодорхой болдог байна. Өөрөөр хэлбэл, Г.Гантогтох багшийн зааж ирсэн хичээлийн гол утга санаа энэ. Хэрэглэгдэхүүнээ өөрөө зурж дүрсэлж  бэлддэг аж. Өнөөдөр  гавьяаны амралтаа эдэлж суугаа ч  тэрээр ийм л зүйлүүд санаж, сэдэж завгүй суудаг. Хийсэн бүтээснээ хүүхдэд хүргэх л хамгийн чухал ажил байгааг тэрээр ярьж байна. Тэрээр монголчуудын ёс заншил, эд хэрэглэл, зан үйлтэй холбоотой толь  бичгийг  өмнө нь ч хэд хэдэн удаа гаргасан юм.  “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-ийн тэргүүн боть л гэхэд  гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлгээс бүрддэг. Бүлэг бүрийг гэр барих, нүүдэл хийх, ачаалахаас авахуулаад монгол үндэстэн, ястны хувцас, тэдгээрийн төрөл зүйл, мөн мал төллөх, бод малыг уналга, эдэлгээнд сургах зэрэг сэдвийн дагуу нарийвчлан тайлбарласнаараа энэ чиглэлийн анхны тайлбар толь болсон. Түүчнлэн хоёрдугаар  ботийг нь цай идээ, зоог шүүс сэдвээр, гуравдугаар дэвтрийг нь баяр, найр наадам гэсэн сэдэвтэйгээр гаргасан нь олны хүртээл болсон. Монгол хүн бүр гол, булгийн усанд сүү, цагаан идээ оруулдаггүй, уурган дээгүүр алхдаггүй гэж мэддэг ч яг ямар учраас ийнхүү цээрлэдгийг ухаж ойлгодоггүй. Баяр, наадмын үеэр л үндэсний дээл, хувцсаараа гоёх болсон өнөө үед дээл өмсөх ёс, жудаг, түүний ашиг, тусын талаар ч нарийн мэдэх хүн өнөө ховор  болсон. Энэ мэтчилэн хүмүүсийн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй ёс, цээр, мартагдах шахсан монгол ухааныг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь”-д тусгасан  байдаг юм. Үүнийгээ тэрээр “Хүний амьдралынх нь алхам тутамд байгаа бүхэн хэлэнд нь байдаг. Тэр бол асар их номын сан. Хүн болгонд ийм номын сан бүрэлддэг. Түүнийгээ ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Оньсыг нь яаж тайлах ухааныг үр хүүх­дүүдээ өвлүүлэх хэрэгтэй. Бид гаднаас сайн суралцсан ч өөртөө байгаа юмны гол руу огт ороогүй. Хотжилтыг дагаад хамаг байдгаа хаяад байна. Ингэж болохгүй” гэж тайлбарлав.

МОНГОЛ ХЭЛ ОЛОН САЛААТАЙ ГОЛ, ӨЧНӨӨН МӨЧИРТЭЙ МОД ШИГ ЮМ

Монгол хэлэнд гаднаас олон   үг орж ирж байна. Монгол хүн монгол хэлээрээ ярихад төвөгтэй болох нь, бичихэд ч асуудал байна” гэх шүүмжлэл ихээхэн гардаг. Тэгвэл Г.Гантогтох багш  эсрэгээр нь “Улс орон хөгжиж, техник, технологийн дэвшил хурдацтай нэвтэрч,  аялал жуулчлал өргөжиж байгаа өнөө цагт ямар ч хэлнээс үг орж ирнэ. Тэр хэрээр хэл хөгжих болохоос мө­хөх тухай ойлголт байхгүй. Тэр чинь түр зуурын юм шүү дээ. Хэл өөрийн зохилдлогоор авахаа авч хаяхаа хаяж, нутагшуулахаа нутаг­шуу­лаад л явна. Нэг ёсны шалгарал явагдаж, харин ч хэл маань улам дархлаажиж үлдэнэ” гэж  хэлдэг нэгэн.

Харин нутгийн аялгууны тухайд   “Аль ч хэлэнд байдаг зүйл.  Англи хэл гэхэд л маш олон нутгийн аялгуутай. Америк, Их Британи, Энэтхэгийн гэх мэт англи хэлний аялгуу олон. Тиймээс англи хэл олон салбарлаж, ихэд хөгжжээ. Гэтэл манайхан  салаа, салбар аялгуугаа хассаар ганц халх аялгуугаар ярьдаг болоход хүрсэн. Жижиг үндэстэн,угсаатны бүлгийн хэл аялгуу өдөр тутам хорогдож, мөхөх явц хурдасч байгаа.  Уг нь ойрад, буриад, цаатан аялгуугаараа ярьж чаддаг байх хэрэгтэй. Энэ салаа салбар аялгуугаа хөгжүүлж байж монгол хэлнийхээ дархлааг хадгалж үлдэнэ. Тэгэхгүй бүгд халх аялгуугаар ярьдаг болж байна. Харилцахад  төвөггүй байх талаас ингэж  болно. Хот газрын стандарт ийм байхаас аргагүй. Жишээ нь, “Таны бие ямар байна” гэхээр “миний бие барагтай”  гэхээр халх хүн бие нь тааруу муухан байна гэж ойлгоно, буриад нь болохоор сайн байгаа юм байна гэж ойлгоно. Ингэж хоёр тийшээ явчих учраас аргагүй. Гэхдээ нийлдэг юм нь олон. Иймд зөрдөг, таардаг зүйлүүдийн учрыг олоод авчихад л болно. Монгол хэл асар олон аялгуутай, олон салаатай гол шиг, олон салаа мөчиртэй мод шиг найгаж, ганхаж баяжиж, хөгжиж ирсэн”  гэлээ.

Үүнээс гадна  Г.Гантогтох багш тууль, бөө мөргөл, “Монголын нууц товчоо” гээд өөр  олон  судалгаа хийсэн. Үүнийгээ “Үгтэй хөөцөлдөж яваад өөрийн эрхгүй, ёстой  нэг л мэдэхэд  хальтарсан” гэдэг. Буриад туульс л гэхэд  буриад зоны аж төрж ирсэн ёс заншил, хэв суртал, зан үйлийг үе үеэр нь үргэлжлүүлэн өвлөн хадгалж дархалсаар ирсэн байдаг. Мөн буриад туульсын зан үйлийн уламжлал нь үлгэр туульсын заншилт хэллэгээр дархлагдаж ирснийг задлан шинжилж судлах нь чухал юм. Ер нь тууль гэрийн жавар үргэдээг гэж монголчууд ярь­даг нь оргүй биш. Туульд хүмүүжлийн, төрийг засах ухааны гээд олон нөлөө байдаг. Энэ л үүднээс “Айдура мэргэн”, “Хараацай мэр­гэн” “Хэрдээр мэргэн” туульсын номоо  хэвлүүлжээ. Бөө судлалын тухайд Монголын уламжлалт язгуур соёлыг бөө мөргөлөөс эрж хайх хэрэгтэй гэж тэрээр үздэг юм байна.

Эцэст нь тэмдэглэхэд, Г.Гантогтох багш “Монгол хэл түрэг, тунгус хэлтэй төрөл гэдэг ч маш залуу хэл. Асар олон аялгуутай.Тиймээс дархлаа сайтай. Нөгөөтэйгүүр, олон аялгуутай нэг  хэл. Үүнд төөрөлдөх хэрэггүй. Буриад хэл, ойрад хэл, монгол хэл, могол хэл гэхчлэн төөрөлдүүлэх нь ч  утгагүй. Тиймээс монгол хэлээ бид бүхэл бүтнээр нь авч үзэх ёстой гэдгийг энэ салбарынхан, эрдэмтэн судлаачид, суралцаж буй залуус, хойч үеийнхэнд захилаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *