Үерийн дараах хотын гамшиг

7-р сарын 25, 2018 9:26 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 22
7-25-6

Б.ЭНХТУУЛ

Сүүлийн үед дүүргүүдийн түргэн тусламжийн төвд ирж буй дуудлагын багагүй   хувийг бага насны хүүхдүүдийн гэдэсний халдварт өвчин, цусан суулгалт өвчин эзэлж байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар 0-7 насны хүүхэд дээрх өвчнөөр өвчлөх нь их байгаа бөгөөд энэ өвчний шинж тэмдэг хүүхдийн өтгөн цустай гарах, бөөлжих, халуурах зэргээр илэрдэг байна.  “Энэ нь Улаанбаатар хотын х, тэр дундаа нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь  амьдардаг гэр хорооллын жорлон, муу усны нүхний ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой” гэдгийг  эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс бид энэ удаа  Чингэлтэй дүүрэг, долоон буудан, Зунжин, Дарь эхийн чиглэлд гэр хорооллын гудамж талбай борооны дараа ямархуу байдалтай байгааг сурвалжилсан юм.

ТОГТООЛ УСНУУД, ЖОРЛОН БОХИРТОЙГОО НИЙЛЭЭД ИСЭЛДЖЭЭ

Нийслэл хотын төвөөр явахад бид ихэнхдээ цементэлсэн гудамж талбай, цэвэр цэмцгэр орчинд алхдаг. Бороо их орсны дараа ч бас муудаж, исэлдсэн шавар намагтай тааралдаад байх нь ховор байдаг. Харин тэгвэл гэр хорооллын гудамж талбайд арай өөр дүр зураг угтаж байна. Нийслэл хотын маань хойморт залрах Чингэлтэй дүүргийн гэр хорооллын гудамж талбайгаар явахад үерийн ус их орж ирдэг, борооны тогтоол ус их тогтсон газруудыг гудамжаар яваа иргэд төвөггүйхэн зааж өгч байв. Үнэхээр ч зарим гэр хорооллын гудамж талбай явган хүн битгий хэл машинтай хүн явахад бэрх байв. Шавхай намаг ихтэй, хиймэл нуур шиг том тогтоол уснууд тэр хавийн жорлон, муу усныхаа үнэр танартай исэлдээд ус хөрсний бохирдол битгий хэл зарим гудамжинд амьсгалах агаар нь хүртэл хамар сэтлэм, дотор муухайрам үнэртэй байна.  Ялангуяа, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гудамжнууд замын эвдрэл ихтэй, зүүн талд байрлах гэр хорооллын гудамжнууд үргэлжилсэн их шавхай намаг ихтэй хэцүүхэн орчин угтаж байлаа. Хамар сэтлэм үнэр танартай, дээрээс нь тэр хавийн гудамжны ноход нааш цааш шавхай туучин ноцолдох нь нар буусан бүгчимхэн орой тайван алхаж яваад гэртээ харихад ч бэрх байна.

УС, ХӨРСНИЙ БОХИРДОЛ ХАЛДВАРТ ӨВЧИН ҮҮСГЭХЭД БЭЛЭН БАЙНА

Гэдэсний халдварт өвчин цусан суулга, балнад зэрэг нь бохир гар болон газрын хөрсөөр дамжиж халдварладаг. Шуудхан хэлхэд, 45 хоногийн дараа идэвхждэг. Тэгвэл ойрын өдрүүдэд дуудлага нь ихсээд байгаа гэдэсний халдварт өвчин бохир гар, бохирдсон хоол хүнс, өтгөнөөр халдварладаг. Иймд үер буусан газрын ойролцоох айл өрхүүд жорлон, муу усныхаа нүхийг өөрсдийнхөө санаачлагаар  хлорамины уусмалаар ариутгаж, орчноо цэвэршүүлж, эрүүл мэндээ бодохгүй бол үерийн устай холилдсон энэ орчин  олон төрлийн халдварт өвчин тархах нөхцлийг бүрдүүлж байна. Энүүхэндээ гэж хэлэхэд, ариун цэврийн шаардлага хангасан жорлонгүй манайх шиг улс оронд гэдэсний халдварт өвчин, холер, хижиг зэрэг өвчин элбэг гардаг нь тийм ч тохиолдлын зүйл биш юм. Бидний боломжгүй амьдралын маань үр дүнд ийм өвчлөл элбэг гардаг нь нууц биш. Үер усны дараа хаа хаанаа бодолтой байж, бага насны хүүхдийг бохирдсон газар тоглуулахгүй байх, уух ундны усандаа анхаарал хандуулах, орчны ариун цэвэр гэж нэг зүйлийг толгойдоо эргэцүүлэхгүй бол нийслэлийн аль ч дүүрэгт үерийн усанд автсан, хиймэл нууртай энэ мэт гудамж талбай цөөнгүй байна гэдгийг онцолж хэлмээр санагдав. Чингэлтэй дүүрэг, долоон буудан, Зунжин, Дарь эхийн чиглэлд гэр хороололд амьдран суудаг иргэдийн олонх нь замын эвдрэл гэмтэл, газрын хөрсөндөө ч шингэж алга болдоггүй бохирдсон борооны ус их байгаад санаа зовж байв. Ялангуяа, шөнө оройн цагаар гэртээ харьдаг хүмүүс харанхуй гудамжинд шавхай намаг туучаад явах нь их хэцүү байдаг гэдгээ хэлж байсан. Мөн        гэдэсний халдварт өвчнөөр бүх насныхан өвчилдөг ч хүүхдүүд хамгийн их өвддөг. Гэтэл энэ хавийн багачууд тоглох тоглоомын талбай байхгүй учраас ихэнх нь энэ гудамжны тогтоол усанд тоглож өнждөг. Энэ нь эрүүл мэндийн хувьд асуудалтай байгааг анхаараасай гэж байв. Харин ундны усны ихэнх нь гүний худагтай учраас уух усандаа санаа зовохгүй байна гэж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *