Өдөр өнжүүлэхийн нэг өдөр

9-р сарын 12, 2018 9:24 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 35
9-12-63

Ч.ГАНТУЛГА

Багш нар ажил хаяж, сургууль эл хуль байгаа ч есдүгээр сар гэдэг угаасаа хичээл сургууль, их ажлын сар байдаг. Зуны гурван сар санаж хүлээсэн найзуудтайгаа уулзаж, дурсамж бүхнээ сөхөн ярилцах нь сурагч насны хамгийн жаргалтай үеийн нэг билээ. Харин эцэг эхчүүдийн хувьд есдүгээр сар яахын аргагүй амьсгаа дээрдүүлнэ. Хүүхдээ сургуульд өгч, авна гэдэг толгой өвтгөсөн асуудлын нэг. Гэхдээ нэг үеийг бодвол юм бүхэн хөгжөөд, цаг сайхан болсон гэж хэлж болно. Сургуулийнхаа гадаа эцэг эхээ хүлээх, гэртээ цоожлуулж үлддэг үе ард хоцорчээ.

Учир нь хүүхдийг сургуулиас нь авч, хичээлийг нь давтуулж, амраадаг өдөр өнжүүлэх олон болж. Тэд эцэг эхчүүдийн ачааг багагүй үүрэлцэж байгаа. Хүүхэд даарахгүй, өвдөхгүй, өлсөхгүй, ядрахгүй байна гэдэг эцэг эхийн хувьд хамгийн чухал. Тиймээс зарим нь өдөр өнжүүлэхэд ам сайтай байдаг. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өдөр өнжүүлэхээр орж, орчин болон үнийн тухай сурвалжиллаа.

АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТТАЙ “БАГАЧУУД”

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 200 гаруй өдөр өнжүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрийн гэсэн онцлог, үнэ ханштай. Сонгинохайрхан дүүрэгт орших “Багачууд” өдөр өнжүүлэхийг зорилоо. Хаалгаар нь ороход “Аав ээжийн амин хүү дээ би” гэх дуу эгшиглэнэ. Доод давхарт нь цэцэрлэг байх бөгөөд багын А,Б бүлэг хэмээн хуваажээ. Энэ цэцэрлэг зөвхөн бага насны хүүхэд авдаг онцлогтой аж. Харин хоёр давхартаа өдөр өнжүүлэх байрлана. Үүдэнд нь хувцасны шүүгээ, гутлын тавиур байрлуулжээ. Өөд өөдөөсөө харсан хоёр анги байна. Эхний ангид I-III ангийнхан. Нөгөө ангид нь IV, V ангийнхан өнждөг гэж Б.Гэрэлтуяа багш танилцууллаа. Тэрээр “Манай өдөр өнжүүлэх үйл ажиллагаагаа эхлээд дөрвөн жил болж байна. Жил бүр хүүхэд ихтэй байдаг. Харин энэ жил зарим сургуулийн багш нар ажил хаясан учир харьцангуй бага хүүхэдтэй байна. Манай сарын төлбөр 200 мянган төгрөг” гэв. Б.Гэрэлтуяа багш хүүхдүүдэд англи хэлний хичээл ордог гэнэ. Түүнээс төвийнх нь бусдаас ялгарах онцлогийн талаар асуухад “Зарим өдөр өнжүүлэх сургалтын төв шиг байдаг талтай. Байнга багш нар хичээл ороод л. Харин манайх яг л гэртээ байгаа юм шиг тохилог, тав тухтай орчинг бүрдүүлж чадсан. Хүүхдүүдийн гэрийн даалгаврыг хийлгэхээс гадна унтуулж амраадаг. Дөнгөж хичээлээ тараад ирж буй хүүхдүүдийг дахин хичээлээр шахах нь буруу үйлдэл. Тиймээс эхлээд хувцсыг нь солиулж, цайг нь уулгасны дараа унтуулах эсвэл хэсэг хугацаанд тоглуулдаг” гэсэн юм. Эхний ангид зургаан хүүхэд байна. Зарим нь тавиур дээрх тоглоомоор тоглож байхад үлдсэн нь зурагт ном эргүүлж байгаа харагдлаа. Харин дараагийн ангид 10 гаруй хүүхэд байв. Гуравдугаар ангийн сурагч Х.Халиун “Би 12 дугаар сургуульд сурдаг. Энэ өдөр өнжүүлэх ээжийн ажилтай ойрхон. Хичээл тарсны дараа ээж намайг энд хүргэж өгөөд ажлаа тарахаар ирж авдаг. Манай ангийн Б.Саруул надтай хамт явдаг болохоор бид хамтдаа тоглож, гэрийн даалгавраа хийдэг. Мөн англи хэлний хичээл надад их сонирхолтой санагддаг. Би англиар “Color” гэдэг дуу сурсан” гэв.

“ГЭРИЙН ДААЛГАВАРТ НЬ САНАА ЗОВОХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ХАМГИЙН ТОМ ДАВУУ ТАЛ”

Өдөр өнжүүлэхийн төлбөр байршлаасаа хамаарч харилцан адилгүй байдаг юм байна. Хотын төв рүү ойртох тусам төлбөр нь нэмэгдэнэ. Ерөнхийдөө 150-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй. Ихэвчлэн 6-12 насны хүүхдүүдийг авдаг аж. Бидний дараагийн зогсоол “Шинэ үе” өдөр өнжүүлэх. Орон сууцны гурван өрөөг тохижуулан засчээ. Нэг өрөөнд нь хүүхдүүд амарч, зурагт үзэх боломжтой юм байна. Мөн номын тавиур дээр монгол ардын үлгэрүүд болон оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоомууд өрөөстэй харагдав. Энэ төв нь тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Цайны цагийн дараахан очиход  багш нь 10 гаруй хүүхдийн хичээлийг давтуулж байв.Тэдний хичээл 13:30 цагаас орох тул энэ хооронд давтлага авч буй нь энэ гэж тус төвийн захирал Б.Энхриймаа тайлбарласан юм. Тэрээр “Манай өдөр өнжүүлэхэд мэргэжлийн багш нар ажилладаг. Мөн өдрийн гурван хоолтой. Өдөр өнжүүлэх төв хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчноор хангаж, сургуульд нь хүргэж өгч, авах үүрэгтэй. Үүнээс гадна гэрийн даалгаврыг нь хийлгүүлж, хичээлийн хоцрогдлыг нөхөх ёстой. Эдгээр үйлчилгээг цаг тухайд нь чанартай өгснөөр эцэг эхчүүд ажлаа сэтгэл тайван хийх боломжтой болно” гэсэн юм. Биднийг ийнхүү ярилцах хооронд хоёр багш эхний ээлжний хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гарсан юм.Тус төвд хүүхдээ даатгадаг Б.Оюунгэрэл “Манай хүү хоёр дахь жилдээ энэ төвд сурч байна. Өглөө 09:00 цагаас ажилтай учир 08:30 гээд хүүгээ авчирдаг. Миний хувьд сэтгэл их хангалуун байгаа. Учир нь багш нар нь их найрсаг учир хүү минь яг л ээжтэйгээ, эгчтэйгээ гэртээ байгаа юм шиг байдаг. Үүнээс гадна гэрийн даалгаварт нь санаа зовохгүй байна гэдэг хамгийн том давуу тал юм” гэж байв. Ийнхүү бяцхан багачуудын хоёр дахь гэр болсон өдөр өнжүүлэхүүдэд очсон сурвалжлагаа энд хүргээд өндөрлөе. Хүүхэд бүхэн инээд хөөрөөр дүүрэн, эрдэм номоор бялхаж байг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *