“Үдийн цай”-нд хордвол сургуулийн захиралтай нь хариуцлага тооцно

11-р сарын 7, 2012 4:19 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 394

Э.Орхон

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжээд зургаан жил болж байгаа билээ. Өнгөрсөн жилээс эхоээл тус хөтөлбөр “Үдийн хоол хөтөлбөр” болсон. Өмнө нь “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжиж байх үед тухайн бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа аж ахуй нэгж бүх хариуцлагыг үүрч ажилладаг байсан. Харин энэ удаад сургуулийн захирлууд хөтөлбөрийн хэрэгжилт, явцад хяналт тавьж ажиллахаар болсон. Гэвч энэ хяналт шалгалт хангалтгүй, сурагчид үдийн хоол, цайнаасаа болж олноороо хордлогод ордог байдал газар авч байгаа учраас салбарын сайд хяналт шалгалт тавьж ажиллахаар болов. Тэрээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар дунд сургууль, тус дүүргийн 56 дугаар цэцэрлэгийг сонгон хүүхдүүдийн үдийн цай, хоол идэх үеэр нь очиж, үйл ажиллагаатай нь танилцав.  
Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн бага ангийхан 10:10 минутаас “Үдийн цай”-гаа уудаг аж. Тус сургуулийн 5 б ангиар оров. 38 хүүхэдтэй энэ ангийн 50 орчим хувь нь өглөө цайгаа уугаагүй ирсэн гэнэ. Тэд энэ өдөр “Бенедакт” компанид үйлдвэрлэсэн чацарганы шүүс, “Бамбууш” компанийн дугуй еэвэн идэж байв.  Нийтдээ 400 төгрөгийн өртөг бүхий  энэхүү “Үдийн цайгаа” багачууд амтархан идэж байсан юм.

 Хүүхдүүдийн цай хоолыг тарааж өгч буй сургуулийн ажилтан энэ үеэр “Уг нь үдийн цайны мөнгийг 1000 төгрөг болгоод нэмэгдүүлчих юм бол хоёр мантуун бууз, нэг аяга сүүтэй цай уугаад байх боломжтой. Ийм  санал эцэг, эхээс их   ирдэг” гэж байв. Өмнө нь тараг, сүү мэтийн цагаан идээ өгдөг байсан ч энэ төрлийн үйлдвэрлэл явуулдаг компаниудын бүтээгдэхүүний  үнэ өсссөн учраас  худалдан авч дийлэхгүй байгаа. Он гараад “Үдийн цай”-ны мөнгө 200 төгрөгөөр нэмэгдэх юм бол хоолны чанар, илчлэгийг нэмэгдүүлэх тал даар анхаарч ажиллана  гэдгээ сургуулийн захирал хэлж байлаа. Үүний дараа Улсын тэргүүний 56 дугаар цэцэрлэгээр оров.

Багачуудын өдрийн хоолонд өндөг өгөхийг зөвлөв

Цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө 1100 төгрөг байсан бол өнгөрсөн сард 1650 төгрөг болж нэмэгдсэн. Энэ мөнгөөр   илчлэг чанар сайтай хоол хэрхэн хийж болох талаар Тогооч нарын холбооны  мастер тогооч Д.Буяндэлгэр тус цэцэрлэгийн тогооч нарт бяцхан сургалт явуулж, хоол хийж  үзүүлсэн юм. Тэрээр  өндөг хүүхдийн хоол хүнсэнд байх ёстой шим, тэжээлтэй бүтээгдэхүүн боловч манайхан хордлого болно гээд бараг хэрэглэдэггүй. Уг нь өндөг тийм ч амархан муудаад байдаггүй. Хамгийн гол нь манайхан өндөгний гадна талыг угааж заншаагүйгээс  хальсанд наалдсан нян вирус нь хорлого өгөх шалтгаан болоод байдаг. Өндөгний хальсан дээр 3000 гаруй бичил биетэн, нян байдаг учраас  угааж хэрэглэхийг онцгойлж зөвлөсөн юм. Мастер тогооч энэ өдөр цагаан будааны шүүс, улаан лоолийн чихмэлийг өглөөний цайнд,  лоолийн зутан, татсан мах байцааны ороомгийг  өдрийн хоолонд, оройн хоолонд  чангаазаар амталсан аарцны амттан бэлтгэж үзүүллээ. Өнгө үзэмж, амт чанар сайтай эдгээр хоол нь 1650 төгрөгт багтаж байгаа ч мэргэжлийн тогооч дахиад нэг амттан үгүйлэгдэж байна. Иймд амттан авах мөнгийг эцэг эх хүүхдийнхээ төлөө гаргаж болох юм гэсэн санал гаргаж байсан юм. Хүүхдүүдээс энэ тухай асуухад олонхи нь тогооч эгчийнхээ саналыг дэмжиж байв. Тиймээс энэ тухай салбарын сайдын байр суурийг сонсов. 

БШУ-ы сайд Л.Гантөмөр: Ирэх сард “Хүнсний яармаг” зохион байгуулна

-“Үдийн цай”-ны мөнгө он гараад нэмэгдэх тухай ярьж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

  -Одоо хүүхдүүд 400 төгрөгөөр үдийн цай ууж байгаа нь хоол хүнсээр дамжуулан өдөрт авах ёстой амин дэмээ авах боломжгүй байгаа. Энэ мөнгө ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс  600 төгрөг болж нэмэгдэнэ.  Хэрвээ үдийн цай хөтөлбөрийн дунд явагдаад байгаа  бизнесийг багасгах юм бол энэ мөнгөөр хүүхдүүд өдөрт авах калорийнхоо 75 хувийг зөвхөн “Үдийн цай”-гаараа авах боломж байна гэсэн судалгаа гарсан. Тэр судалгааны дагуу  бид  хүүхдэд хэрэгцээтэй, шим тэжээлтэй хүнсийг 600 төгрөгт хэрхэн авч болох вэ гэдэг хөтөлбөрийг хийх гэж байна. Сургуулийн захирлуудад даатгаад,  эсвэл  зах зээлд нь хариуцлаад үлдээмээргүй байна.

-Өнгөрсөн жилээс энэ хөтөлбөрт сургуулийн захирлууд хяналт тавьж ажиллах болсон. Гэвч сурагчдын хоол шаардлага хангахгүй, амт чанар нь сайжрахгүй байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Үүнд ямар өөрчлөлт хийх үү?

-Энэ ажлыг сургуулийн захирлуудад даатгаад, эсвэл үах үээлд нь хариуцуулаад үлдээмээргүй байна. Өнөөдөр нэг сургууль дээр өдөрт 1000 орчим хүүхэд “Үдийн цай”-нд хамрагдаж байгаа нь бүтээгдэхүүний үнийг огцом доошоо буулгах боломж харагдаж байна.  

-“Үдийн цай”-ны амт чанарыг сайжруулах тал дээр сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад ямар үүрэг даалгавар өгөх вэ. Хүүхдүүдийн олонхи нь амт чанартай хоол идэхийг хүсч байна. Мөн хоолын нэр төрлийг олшруулах, өдөр бүрийн хоолыг өөр байгаасай гэх хүүхдүүд олон байна? 

-Бид ирэх сард “Хүнсний яармаг” зохион байгуулна. Яармагийн үеэр 600 төгрөгөөр хүүхэд  бүрэн цадах “Үдийн цай” бэлтгэж болгох  асуудлыг хөндөж, сайн шийдэл гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм. Одоо 50 хувь нэмэгдүүлж байгаатай холбоотой зөвхөн мөнгийг 50 хувь нэмээд сургуулиудад даатгаад үлдээхээс илүү үүнийг зөв зохион байгуулалтад оруулах хэрэгтэй  гэж бодож байна. Тэгэхгүй бол сургуулийн захирлууд аль нэг компанитай гэрээ хийдэг. Гэрээний дагуу бүтээгдэхүүнээ аваад ирдэг. Тэндээс нь хүүхэд  хордоход хариуцлага хүлээх хүн олддоггүй.  Тиймээс нэгдсэн байдлаар зохион байгуулах нь зөв гэж  харж байна.

-Хүүхдүүд цай, хоолноосоо болж хордлогод орох, эрүүл мэндээрээ хохирох явдал манайд нэлээд гарч байна. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ. Хариуцлага хүлээх хүн олддоггүй гэж та түрүүнд хэлсэн?

-Цаашдаа хоолны  хордлого гарсан   тохиолдолд  захирлыг ажлаас нь чөлөөлдөг  систем рүү шилжинэ. Хувийн сургууль ч бай, улсын сургууль ч бай тухайн сургуулийг удирдаад хоол хангамжийг зохион байгуулж байгаа хүн нь ямар нэгэн байдлаар хүүхэд хордож гэмтэх тохиолдол гарах юм бол өөр хэн нэгний хариуцлага ярилгүйгээр шууд  өөрөө ажлаа өгдөг систем рүү шилжих шаардлагатай болж.  


 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *