“Үдийн цай хүүхдийн өдрийн бүтээмжид нөлөөлдөг”

11-р сарын 14, 2018 11:36 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 12
11-13-6

Ч.ГАНТУЛГА

Хүүхдүүдэд үдийн цай өгдөг болсноор сургуулийн орчинд олон дэвшилтийг авчирсан. Хүүхдүүд өлсөх ядрах асуудал багассанаас гадна хичээлдээ ирэх дуртай, таслалт багассан гэсэн үзүүлэлт хүртэл байдаг. Хичээлийн цагаар өлсөхгүй байх нь сурагчдын хичээл ойлголт, сургалтын төвшинд хүртэл сайнаар нөлөөлдөг ажээ. Тэгвэл үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгох төслийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар санаачилж, боловсруулсан. Төслийг   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцжээ. Одоогоор ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн нэг сурагчийн үдийн цай 600 төгрөг. Гэвч энэ мөнгө бүгд үдийн цай болж хүүхдүүдэд очдоггүй. Учир нь, сургуулиуд үдийн цайныхаа үйлдвэрлэлд төсвийнхөө нэг хэсгийг л зарцуулдаг ажээ. Харин энэ хууль батлагдсанаар энэ мөнгийг зөвхөн  хүүхдийн хоолонд зарцуулах аж. Чуул­ганы хуралдаанд оролц­сон гишүүдийн олонхи нь хуулийн төс­лийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж анхны хэлэл­цүү­лэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлээд байна.

ХЯТАД ХҮҮХДҮҮД ӨДӨРТ 4500 ТӨГРӨГИЙН ХООЛ ИДДЭГ

Тэгвэл олон улсын жишиг ямар байдаг вэ. Бидэнд хамгийн ойр Хятадын бага сургуульд “Үдийн хоол” хөтөлбөр хэрэгжээд 20 гаруй жил болж байна. Энд сургуулийн зэрэглэлээс хамаарч, үдийн цай нь харилцан адилгүй байдаг аж. Тэд өдөрт хоёр удаа хооллодог. Зарим сургууль хичээл эхлэхээс өмнө хүүхдүүдэд хөнгөн хоол, амттан өгдөг аж. Учир нь зарим хүүхэд өглөө цайгаа ууж амжихгүй ирэх тохиолдол бий. Тиймээс хичээл эхлэхээс өмнө цай өгөх нь хичээлийн явцад сайнаар нөлөөлдөг юм байна. Харин хичээлийн их завсарлагаанаар хүүхдүүд байнга махан төрлийн хоол иддэг. Үүнд тахиа, хонины махыг голчилдог аж. Нийт зардлыг төгрөгөөр бодвол 4500 төгрөг. Харин Харин Өмнөд Солонгосын сурагчдын нэг өдрийн үдийн цайны цэсэнд брокли, чинжүү, амталсан будаа, пүпү загасны шөл багтдаг ажээ. Солонгосчууд хүүхдийн хоол хүнсэнд эрүүл бүтээгдэхүүн сонгодгийг эндээс харж болно. Харин ОХУ-д сурагчдын хоолны нэмэлт зардлыг эцэг эхчүүд төлдөг аж. Учир нь хүүхдүүд хоолны цэсээ эцэг эхтэйгээ хамтарч гар­гаад сургуульдаа өг­дөг байна. Сонголт нь­ тогтсон үнээс давсан то­хиол­долд эцэг эхчүүд төл­дөг ажээ. Хүүхдүүд өөрс­дийн дуртай хоолоо сонгос­ноор хичээлийн идэвхи нэмэгдэж, сурлага хүртэл сайжирсан тухай багш нар ам сайтай байдаг гэнэ.

ХЭМЖЭЭ БОЛОН ОРЦ, СОНГОЛТЫГ НЬ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

Үүнээс харахад өдрийн 600 төгрөгийн үдийн цай хаана ч хүрэхгүй. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хамгийн багаар бодоход 1200 төгрөг байх ёстой гэж УИХ-ын гишүүн Б.Ундармаа онцолсон юм. Тэрээр “2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөрт 34.2 тэрбум төгрөг тусгасан. БСШУСЯ-аас “Үдийн цай” хөтөлбөрт тусгасан нэг хүүхдэд ногдох зардал болох 600 төгрөгийг 1200 төгрөг болгон нэмэгдүүлэхээр төсөвт  оруулсан ч хасагдсан байна” гэсэн юм. “Үдийн цай” хөтөлбөр хүүхдүүдээс гадна эцэг эхчүүдийн нуруун дээрээс нэг том ачааг хөнгөлөх юм. Энэ тухай зарим эцэг эх ямар байр суурьтай байгааг хүргэе. СХД-ийн иргэн Б.Баярсүрэн “Манай хүүхэд 76 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурдаг. Хичээл нь өдөр ордог учир өглөө өдөр өнжүүлэхэд хүргэж өгдөг. Өдрийн цайнд нь гурилан бүтээгдэхүүн үзэмний шүүс өгдөг юм билээ. Хэрэв махан хоолыг нь хангалттай өгдөг болчихвол ядахдаа л эцэг эхчүүд санаа амар ажлаа хийнэ” гэв. Баянзүрх дүүргийн иргэн Б.Алимаа “Манай хүүхэд 87 дугаар сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Үдийн цайндаа ихэвчлэн гурилан бүтээгдэхүүн, бууз иддэг юм билээ. Үүний оронд шөл байвал зүгээр гэж боддог юм. Ялангуяа өвлийн улиралд эрүүл мэндэд хэрэгтэй аарц, чацаргана өгвөл зүгээр байна. Мөн хоолны хэмжээг нэмэх шаардлагатай. Нэг буузанд ямар ч хүүхэд цадахгүй шүү дээ.Үдийн цай хүүхдүүдийн өдрийн бүтээмжид нөлөөлдөг” гэсэн юм. Харин Баянгол дүүргийн иргэн Л.Өлзийбаяр “Манай хүүхэд 28 дугаар сургуульд сурдаг. Үдийн цайндаа цаддаггүй гэдэг. Тэгэхээр хэмжээ болон орц, сонголтыг нь нэмэх шаардлагатай. Үнэхээр төсөв санхүү хэцүү байвал үлдэгдэл мөнгийг нь эцэг эхээс нь авч болно шүү дээ. Мөнгийг нь өгөөд хүүхдээ эрүүл хооллоно гэвэл эцэг эхчүүд татгалзахгүй” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *