Ө.Уянга: “Классик жим” хамтлаг хурдан танигдсан шигээ амархан тарсан

12-р сарын 5, 2012 11:17 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 710

Ч.ГАНТУЛГА

Чадалтай хоолой, авьяас билгээрээ гэрэлтэж, дуурийн урлагийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа УДЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Grand Opera in night” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрээр дуурийн дууны эх орон гэгддэг Итали улсад мэргэжил дээшлүүлсэн цөөхөн уран бүтээлчийн нэг юм. Тэрээр сопрано, сонгодог чиглэлээр тоглолтоо хийж байсан бол энэ удаад поп опера төрлийг сонгосон байна. Мөн театрынхаа гоцлол дуучин Б. Эрдэнэтуяа, Гомбо-Очир,  Ч. Энхтайван, төгөлдөр хуурч Амитай хамтарч шинэ уран бүтээл амилуулах аж.

-Хүсэл мөрөөдлийнхөө дуудлагаар дуурийн дуучин болсон уу?

-Багаасаа л урлагийн хүн болохыг хүсдэг байлаа. Хүсэл мөрөөд­лийнхөө дуудлагаар энэ мэргэжлийг сонгосон.

-Хэр баргийн хүн дуу­рийн дуучин гэдэг мэр­гэж­лийг зориглож сонгодоггүй. Таны хувьд юу нөлөөлөв?

-Анх СУИС-д шалгалт өгөхөд,  намайг дуурийн  ангид оруулсан. Хоолойны цар хүрээ­гээрээ л болсон байх.

-Уран бүтээлийн гараагаа “Классик жем” хамтлагаас эхэлсэн. Тэр үеэ дурсаач?

-Миний амьдралын хамгийн сайхан үеийн нэг. “Классик жем” хамт­лагаас уран бүтээлийн гараагаа эхэлж хоёр цомог, нэг тоглолт хийсэн. Манай хамтлаг олонд хурдан танигдсан шигээ их амархан тарсан даа. Гэхдээ “Классик жем” хамтлаг намайг олонд таниулсан гэж боддог. Хамтлагийн найзуудаа хүндэлж явдаг.

-Та яагаад хамт­лагаасаа гарчихсан юм бэ?

-Хамтлагтайгаа гурван жил хамтарч, уран бүтээл хийсэн. Өөрийнхөө үндсэн мэргэжлээр ажиллахаар шийдээд дуурийн театрт орсон.

-Дахиад хамтлагаараа нэгдэх үү?

-Одоохондоо төлөв­лөгөө алга.

-Дуурийн урлаг уран бүтээлчээс шантрашгүй хөдөлмөр шаарддаг уу?

-Тэгэлгүй яахав. Би­дэнд цаг, минут болгон  үнэтэй байдаг. Гэхдээ тэсвэр, тэвчээр шаардсан мөч бүхэн эргээд бодоход ололт, амжилтаар дүүрэн байдаг нь сайхан шүү.

-Дуурийн театрт ороод шантрах үе гарч байв уу?

-Тэгтлээ шантарч байсангүй. Хүссэн, хайрлаж, дурласан  мэргэжил минь болохоор хэцүү байсан ч даваад гарна гэж боддог.

-Сонгодог урлагийг хүмүүс ойлгож үздэг болжээ?

-Дуурийн театрын уран бүтээлчдийн хувьд яг үүнийг хүсч, хөдөлмөр­лөсөн шүү дээ. Ирээдүйн боловсролтой үзэгчдийг бэлдэх юмсан гэж хүсдэг.

-Дэлхийн орнуудтай харьцуулахад, манай дуурийн урлаг ямар шатанд яваа бол?

-Манай дуурийн урлаг хөгжиж байна. Хоолойн цар хүрээ, мэдлэг боловс­ролоороо хэнээс ч ду­тахгүй. Залуу уран бүтээлч олонтой болсон. Дуурийн театр маань нэгэн үе, залуусын төлөөллөөр бүл нэмээд байгаа. Дөнгөж сургууль төгссөн, авьяас билэг нь бялхсан, дуурийн урлагт дурлаж, тэмүүлсэн залуус олон бий.

Урлаггүйгээр энэ амьдралыг төсөөлнө гэдэг хэцүү. Урлагаас хүмүүс юуг мэдэрч, ухаажих ёстой бол?

-Хамгийн эхэнд хү­мүүж­лийг авдаг бай­гаасай. Гоо зүйн мэдлэг, сэтгэл ханамж, таашаалыг л мэдэрдэг байгаасай гэж хүсдэг.

-Хөгжмөөр, дуурийн урлагаар хүмүүст ухаарал хайрлаж яваа энэ амьд­ралдаа хэр сэтгэл ханга­луун байдаг вэ?

-Дээдийн дээд таа­шаа­лыг урлагаас л мэ­дэрдэг. Урлаг надад их зүйл өгсөн. Би амьдралаа урлаггүйгээр төсөөлж ча­дахгүй. Яг үүнтэй адил хүмүүс урлагийг ойлгож хайрладаг, мэдэрдэг бай­гаасай. Эцэг, эхчүүд хүүхдээ хөгжмөөр хүмүү­жүүлж өсгөөсэй гэж хүсч байна. Урлагаар хүмүү­жиж, урлагийн сайхныг мэдэрч өссөн хүүхэд уян зөөлөн болдог юм шиг санагдах юм.

-Поп болон зохиолын дуучидтай  хамтарч уран бүтээл хийсэн. Онцлог нь юу байв?

-Уран бүтээлч хүн үр­гэлж эрэл хайгуул хийдэг. Шинэ зүйл рүү тэмүүлж, шинийг эрэл­хий­лэгч бай­даг. Нэг их онц­лог гээд голч­лоод байх зүйл бай­гаагүй. Өөр, өөрсдийн жанраар л дуулсан.

-Анхны бүхэн мартагд­даггүй гэдэг. Анх тайзан дээр гараад сандарч байв уу?

-Оюутан байхдаа анх СТӨ-ний тайзан дээр гарч байсан. Багш нарын баяраар дуулсан юм. Сандрал гэхээсээ илүү догдолж байснаа санаж байна. Гэхдээ хүмүүсийн халуун алга ташилтыг сонсож, урамших л уран бүтээлч хүний дээдийн жаргал юм даа гэдгийг тэр үед мэдэрсэн.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *