У.Соёл: Шүүх, прокурор хуйвалдаж намайг хохироосон

7-р сарын 26, 2018 2:21 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 42
a6

Л.САЙХАНСАНАА

Соёл эрдэм дээд сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн, Японы иргэн  У.Соёл  шүүгч, прокурорууд шударга ажиллахгүй байна хэмээн өнөөдөр 10.30 цагт  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс  зүйн хороонд хандлаа. Тэрээр 2001 онд  Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт явж байхдаа автомашинаа хулгайд алдсан. Тэгвэл хулгайч машиныг нь унаж явахдаа  осолдуулсан хэрэг гарчээ. Гэтэл  хэрэг  эцэслэн шийдэгдэлгүй өнөө хүрсэн байна. Үйл явдлын мөрөөр хохирогч  У.Соёлоос  тодрууллаа. 

– Энэ хэрэг 2001 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт гарсан гэсэн. Тухайн үед юу болсон талаар тодруулна уу? 

-Тухайн үед би  үйлдвэрээс гараад жил болж байсан “Ланд Круйзер” автомашинаа хулгайд алдсан юм. Хулгайч машиныг хулгайлаад зогсохгүй унаж аваад  осолдуулсан байсан. Шүүхийн шийдвэрээр   автомашины үнийг 12 сая буюу арав дахин бага ханшаар үнэлсэн. Хохирлын мөнгөнөөс талыг нь нөхөж  олгосон.Үлдсэн  зургаан сая төгрөгийг  өгөөгүй хэрнээ өгсөн гэсэн хуурамч бичиг баримтыг шүүхийн шийдвэрээр гаргуулчихсан байдаг. Шүүхийн  ёс зүйн хороонд энэ асуудлаар  олон удаа хандсан.  “Прокурортойгоо очиж асуудлаа хэлэлц” гэсэн хариу өгдөг. Прокурорын ёс зүйн хороонд ч уг хэргийг шийдвэрлэсэн прокурорыг шалгуулах гомдол гаргаж, хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдож ажлаас нь татан буулгуулсан ч өдийг хүртэл шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй. Төрийн тугандаа тангараг өргөсөн прокурор шударга байх ёстой атал ийм байгаад гомдолтой байна. Би бусдыг хүмүүжүүлдэг багш хүн учир шударга ёсны төлөө тэмцэхээс аргагүй байдалд хүрлээ.

Хуурамч  гээд байгаа бичиг баримттай  нь танилцсан уу?

-Гадны иргэншилтэй хүнд харуулахгүй гэж хариуцсан хүн нь хэлсэн. Манай байгууллагын ажилтнуудаас авсан худал мэдүүлэг дээр хуурамч гарын үсэг зурсан байсан. Эхлээд тухайн хэргийг хариуцсан цагдаагаас прокурор хүртэл хуурамч бичиг мэдүүлсэн. Уг байдал даамжирж Төв аймгийн шүүх дээр тус хэргийн хариуцсан прокурорын хүү хуульчаар ажиллаж байсан. Ингээд уг хэрэгт ах дүү, хамаатан саднаараа нийлж хэргийг дарсан. Хууль хэрэгжүүлдэг байгууллага нь өөрөө хууль бус үйлдэл хийж байхад Монгол Улсад шударга ёс хэрэгжихгүй шүү дээ.

Энэ асуудлын мөрөөр Шүүхийн ёс зүйн хорооноос  тодруулага авахыг хүссэн ч  “Хэвлэл, мэдээллийн албанд хандаж, заавал тэднээр дамжуулж  хариу авах ёстой. Бид   шууд мэдээлэл өгөх  боломжгүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *