У.Хүрэлсүхийн үгний халдвар

11-р сарын 28, 2018 7:40 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 26
11-28-4

С.УЯНГА

Монголчууд олон хоног дамнан үргэлжилж буй Засгийн газрыг огцруулах эрх баригч намынхны хэрүүлээс илүүтэй Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгэнд цочирдож орхив. Угтаа Монгол төрийг удирдан залж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж яваа Ерөнхий сайд нь Төрийн сүлд, цаашлаад Монголын ард түмний өмнө албан тушаал, эрх мэдлийн төлөө улайрч бухимдахдаа биеэ барьж дийлсэнгүй юу  “Та нар бүгд ард түмний мөнгөнөөс шаасан. Бүгд хулгайчид” гэж гишүүдийг зандарсан юм. Үнэндээ Ерөнхий сайдын сэнтийд энэ үг тохирох нь битгий хэл төр, ард түмнээ хүндэлдэг бол хэлэх ч эрхгүй баймаар. Ерөнхий сайдын Төрийн ордон, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ямар ч хяналтгүй хэлсэн ш-ээр төгссөн үг олон нийтийг ч багагүй бухимдууллаа.

Тэгвэл Ерөнхий сайдын хэлсэн үг тэр даруйдаа хэдхэн минутын дотор Хотын дарга асан Э.Бат-Үүлд халдварлав. Хотын дарга С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх гэж өдөр өнжин хүлээсэн НИТХ-ын төлөөлөгчид оройн 17:30 цагт хурлаа эхлүүлсэн ч НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг заавал ирүүлнэ гэж шаардсанаар бас л шийдэлд хүрч чадалгүй тарцгаав. НИТХ дахь АН-ын төлөөлөгчид Ерөнхий сайдыг ирэхгүй бол завсарлага авна гэж мэдэгдэхэд МАН-ын бүлгийн гишүүд завсарлагын хугацаагаа тодруулахыг хүсэхэд Хотын дарга асан Э.Бат-Үүл “Хотын даргын бүрэн эрх яригдаж байхад Ерөнхий сайд заавал ирэх ёстой. Завсарлагын хугацаагаа хэлэх гэж байна гэж П-ээр эхэлсэн үг хэлж бухимдсан байна. НИТХ-ын дарга С.Амарсайхан гудамжны үг хэлэхгүй байхыг хүсч, соёлтой байхыг анхааруулахад Хотын дарга асан Э.Бат-Үүл  “Ерөнхий сайддаа хэл” гэжээ. Монголчууд муу үг модон улаатай гэж ярьцгаадаг.  Ерөнхий сайдын хэлсэн гудамжны үг төрийн алба, ажлыг ингэж л муухай харагдуулж, муу жишиг тогтоож байна гэх шүүмжлэл ч өрнөлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *