У.Хүрэлсүхээс юу хүлээх вэ?

9-р сарын 27, 2017 9:39 am Нийтлэгч: Ангилал Намууд , Парламент , Улс төр Уншсан: 27
9-27-1h

Б.ДАМДИНОЧИР

Уржигдар эхэлсэн МАНын Бага хурал өчигдөр үүрээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Бага хурлын 294 төлөөлөгчийн 188 нь буюу 63.9 хувь нь У.Хүрэлсүхийг дэмжиж, 101 нь Ө.Энхтүвшингийн төлөө, тав нь Н.Энхболдын төлөө саналаа өгсөн байна. Ингэснээр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг эрх баригч МАНаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр УИХд өргөн барих болж байгаа юм.

Угтаа У.Хүрэлсүх Ерөнхий сайдын сунгаанд ялсан нь тохиолдлын хэрэг биш юм.

МАНынхан зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш өөр хоорондоо толхилцон, адгийн аргаар бие биетэйгээ шөргөөцөлдөх болсон юм биш. Илэрсэн хэлбэр, цаг хугацааны хувьд  нь өмнөх Ерөнхий сайд, удахгүй эрхээ баталгаажуулах Ерөнхий сайд нарын хоорондынх мэтээр харагдаад байсан. Гэвч үгүй юм. Ерөөс Монголын улс төрд урт удаан оршин тогтносон ХАР ХҮЧийг зайлуулах улс төр, нийгмийн сэтгэлзүй нэгэнт бэлтгэгдсэн байв. Ингэхээр МАНын Бага хурлын энэ удаагийн шийдвэр ХАР ХҮЧний л эсрэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

МАНын Бага хурлын өмнөхөн НИТХын дарга Ц.Сандуй огцорсон. Ингэснээр нийслэл маань 22 жилийн дараа М.Энхболдын хяналтаас гарсан. Үндсэндээ ХАР ХҮЧ нийслэлд ийм удаан хаанчилсан байгаа юм.

МАНын Бага хурлаар гурван хүн Ерөнхий сайдад өрсөлдлөө. У.Хүрэлсүхээс гадна Ө.Энхтүвшин, Н.Энхболд хоёр байв. Туршлага, нэр хүндийн хувьд ярихын аргагүй улстөрчид шүү дээ.

Гэхдээ нэгэнт ХАР ХҮЧний эсрэг зогссон нийгмийн, бас МАН доторх давалгааг тэд сөрж чадсангүй. Тэгэх ч аргагүй нөхцөл үүссэн.

Ө.Энхтүвшин 101 хүний санал авсан байгаа юм. МАНын дарга байсан, элдэв хар зүйлд нэр холбогдоогүй, маш зарчимч, ихээхэн нэр хүндтэй энэ эрхэм  намынхнаасаа дэмжлэг авах бүрэн боломжтой байв. Гэвч журмын нөхөд нь У.Хүрэлсүхэд илүү итгэлээ. Ганц л юмнаас болсон. Хэрэв Ө.Энхтүвшинг Хотын фракц дэмжиж байна гээгүй л бол 30 дахь Ерөнхий сайд тэр болох байсан. Шуудхан хэлэхэд, Бага хурлаас өмнө элдэв мэдэгдэл, янз бүрийн яриа, тохироо хийлгүйзаалнааснэр дэвшсэн бол өдийд Ө.Энхтүвшин л дараагийн Ерөнхий сайд болох байсан биз. ХАР ХҮЧ л түүнийг унагасан

Н.Энхболдын хувьд сайн улстөрч, олон жилийн туршлагатай. Гэвч Н.Энхболд бол С.Баяр гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ХАР ХҮЧний төлөөлөл. Тэгэхээр МАНынхан С.Баярт өгч байгаа үнэлэлт, дүгнэлт, хариулт гэж ойлговол зохилтой.

Юутай ч МАНынхан ХАР ХҮЧний эсрэг босч, У.Хүрэлсүхийгээ Ерөнхий сайдад дэмжлээ.

У.Хүрэлсүх УИХ дээр түүртэхгүй. 100 дөхүү хувийн саналаар л Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болчихно.

Ингээд морин дэл дээр хувьсгал хийхэд амархан, мориноосоо буугаад төрийг төвх­нүүлэхэд хэцүү гэдэг шиг юм эхэлнэ дээ.

Өнөөдөр Монгол Улсын өмнө хамгийн тулгамдсан зүйл бол эдийн засгийн уналт  байгаа. Он гарангуут 500, нэмээд 100 гаруй, нийлээд 600 гаруй сая ам.долларын өрийг төлөх ёстой. Засаг байгуулагдах гэсээр удвал энэ мөнгийг бүрдүүлэх бонд босгоход ч бэрх болно. За, тэгээд завхарсан юм энэ улсад зөндөө байна даа. Тиймээс 30 дахь Ерөнхий сайдыг уул шиг том ажил хүлээж байгаа юм. Бас хэцүү даваануудтай тэрээр олон удаа нүүр тулна.

У.Хүрэлсүх намынхаа Бага хурлын гишүүдийн олонхийн санал авчихаад индэрт гарахдаа “…Ард түмэнд амласан амлалтаа биелүүлэх ёстой” гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуулийн амлалтыг биелүүлэхээр зүтгэнэ гэсэн үг. Ер нь бол Монгол Улсын Ерөнхий сайд гэдэг том эрх мэдэл, том хариуцлага л даа. Дээр дурдсан хийх ёстой зүйлээ хийж л таарна. Гэхдээ У.Хүрэлсүх гэдэг хувь улстөрчийн хувиар ямар Ерөнхий сайдын албан тушаалыг яаж хашиж, ямар тоглолт хийх вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. Сонирхолтой байна гэсэн ч болно. Ингэхээр түүнийг юу хийх бол гэдэг хүлээлт нийгэм даяар байна. Өнөөдөр түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшихээр боллоо гэхэд “…Зөв” гэж байгаа хүн олон байна. Энэ бол итгэл. Итгэлийг яаж даах нь одоо У.Хүрэлсүхээс шалтгаална. Тэр итгэлийг хариуцлага дагаж байгаа гэдгийг бас санах ёстой.

 9-27-1

Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, 1989 онд БХИСийн Улс төрийн курс, 1994 онд ТЗУХИийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд МУИСийн ХЗДСийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1989-1990 онд МААийн 152 дугаар ангид улс төрийн орлогч, 1991-1994 онд МАХНын Төв хороонд улс төрийн ажилтан, 1994-1996 онд УИХ дахь МАХНын Бүлгийн Ажлын албанд зөвлөх, 1996-1997 онд МАХНын Залуучууд хөгжил төвийн ерөнхий захирал, 1997-1999 онд МАСЗХны ерөнхийлөгч, 1999-2000 онд УИХ дахь МАХНын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх, 2000-2005 онд МАСЗХны ерөнхийлөгч, 2000-2007 онд МАХНын Удирдах зөвлөлийн гишүүн, 2000-2004 онд УИХын гишүүн, 2004-2008 онд УИХын гишүүн, 2004-2006 онд Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд, 2006-2008 онд Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд, 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч, 2008-2012 МАНын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд УИХын гишүүн, 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд, 2016 оноос Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байна. Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа ажээ.

У.ХҮРЭЛСҮХШИНЭ СЭРГЭЛТ”-ИЙГ ИНГЭЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮҮ?

У.Хүрэлсүхээс бид юу хүлээж болох вэ. Үүнд хариулт авахын тулд Ерөнхий сайдад өрсөлдөхөө мэдэгдсэн үедээ, ойрын үед юу хэлж байсныг нь сануулъя.

У.Хүрэлсүх:

Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож байна.

Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа.

Нийгмийн баялаг хэдхэн эрх мэдэлтний гарт нууцаар төвлөрч, ард иргэдэд ямар ч хүртээмжгүй байдлаар зарцуулагдаж, иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтсоор байна.

Баян, хоосны ялгаа туйлдаа хүрлээ. Одоо л энэ байдалтай цаг алдалгүй тэмцэж, нийгэмд шударга ёсыг тогтоож, бодлогын эрс шийдэмгий томоохон өөрчлөлт хийхгүй бол жинхэнэ утгаараа үймээн болж, нийгмийн эмх замбараагүй байдал бий болоход ойрхон боллоо.

Бүр сүүлдээ хууль хяналтын байгууллагууд ч энэ бүлэглэлийн өмнө толгой гудайлган, гар хөл нь болон үйлчилдэг болоод байна.

Би нэг зүйлд их харамсаж байгаа. Энэ намын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн, мэдлэг боловсролтой, төрийн албаны дадлага туршлагатай, итгэл сэтгэлтэй намын олон зуун гишүүн гудамжинд үлдэж, хэзээ, хаана явсан нь мэдэгдэхгүй, дээгүүр харсан дэвхрэгнүүдээр төрийн алба дүүрсэн.

Сайд нь Төрийн нарийнаа, Төрийн нарийн нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа больсон. Зүйрлэж хэлэх үг ч олдохгүй юм.

Эрх барьж байгаа намын нүүр царай нь Засгийн газар байдаг. Бүх анхаарал Засгийн газар дээр төвлөрдөг. Засгийн газар хэрхэн ажиллахаас намын нэр хүнд, сонгуулийн үр дүн шууд шалтгаална.

Засгийн газрын гишүүдийнхээ хувийн болон нэгдмэл ашиг сонир­холтой компаниудад 807.8 тэрбумын кон­цесс өгдөг бусармаг явдал.

Эрдэнэт”, “Монросцветметзэрэг томоохон үйлдвэрийн асуудлаар УИХ нь шийдвэр гаргачихаад байхад хэрэгжүүлэхгүй байгаа.

Цагаан суваргазэрэг уул уурхайн баялгаа цөөхөн хэдэн эрх мэдэлтэнд завшуулдгаа больё.

Хөгжлийн банк, Монголбанк, нөгөө алдарт бондын асуудлаар буруутнуудад хариуцлага тооцохгүй хаацайлаад байгаа.

Ардын намыг сонгуульд ялагдуулсан нэг хүчин зүйл бол ард түмний дургүйцлийг төрүүлж буй, төрийн албыг үнэлж зарах тухай 60 тэрбумын асуудал. Бид энэ асуудлаар хариуцлага тооцох ёстой. Эс тэгвээс Ардын нам 2020 он болон дараа дараагийн сонгуульд амжилтгүй оролцох том шалтгаан болно. Саяхан явуулсан мэргэжлийн байгууллагын судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь 60 тэрбумын асуудлаар хариуцлага тооцох ёстой гэж үзжээ. Тэгэхээр бид энэ асуудалд холбогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, эс бөгөөс ард түмэн Ардын намтай хариуцлага тооцох гэсэн хоёр сонголтын өмнө нүүр тулаад байна.

Ардын нам бол ард түмний нам болохоос олигарх цөөнхийн өмч байж болохгүй. Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойрхон байх тусам хүчирхэгжиж, олон нийтээс алсрах тусам бөхдөг жамтай. Ардын нам цаг үетэйгээ хөл нийлүүлсэн шинжлэх ухаанч, ил тод, хаалттай биш, нээлттэй нам байх ёстой. Тиймээс бид эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, хөгжлийн бодлогод суурилсан, олон нийтэд тулгуурласан орчин цагийн дэвшилт нам болон хөгжиж, түүхт 100 жилийн ойгоо угтах ёстой.

Шинэ цагийнХичээн эрмэлзэх зүйл”-ээ тунхаглан зарлах цаг болжээ. “Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол бидэнд цаг алга. Хамгийн гол нь монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах учиртай. Ингэхийн тулд бидэндШинэ сэргэлтавчирсан шийдэмгий бодлого хэрэгтэй байна.

Нэгдүгээрт. Баялгийн тэгш хүртээмжтэй, шударга хуваарилалт. Бид стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн орд газруудаа түшиглэн баялгийн сан байгуулах ёстой. Мөн баялгийн сандаа тулгуурлан хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал гэх мэт эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болжээ.

 

Хоёрдугаарт. Төрийн нэгдсэн стандарт. Төрийн алба нь аль социализмын үеийн тэр л бүтэц системээрээ ажиллаж байна. Энэ олон ашиггүй, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, үйл ажиллагаа нь уялддаггүй яам, тамгын газруудыг төрийн нэгдсэн стандарт гаргаж эмхэлж цэгцлэх цаг болжээ.

Дарга, цэргийн цалин хангамж, албан тасалгааны хэм хэмжээ, хот хөдөөд унах унаа, тусгай дуут дохионоос эхлээд эдлэх эрх ямбыг нэг стандартад оруулах хэрэгтэй.

Үндсэн хуулийг өөрчлөх замаар төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгох хэрэгтэй.

Улс төрийн намууд хандив нэрээр авлига авч дараа нь түүндээ барьцаалагддаг асуудлыг нэн даруй цэгцэлж, намуудын санхүүжилтийг ил тод болгох шаардлагатай.

Төрийн үйлчилгээ ч хүнд сурталгүй, заасан цаг хугацаа, заавраасаа эхлээд бүх зүйл шилэн болох ёстой.

Улс төр нь солигдсон ч төрийн мэргэшсэн албан хаагч нь тогтвортой ажилладаг эрх зүйн орчин бүрдэх учиртай. Ингэж байж төрийн бодлогын залгамж чанар хадгалагдаж төрт ёс эмх цэгцтэй болно.

 

Гуравдугаарт. Үндэсний ялгарал ба соёлын дархлаа. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дунд монголчууд бид хаана байх ёстой вэ. Бидний хамтын мөрөөдөл, хүрэх цэг юу юм бэ. Нүүдлийн соёл иргэншил, түүнд шингэсэн соёлын өвөө орчин үеийн иргэншилтэй, шинэ үеийн иргэдтэйгээ хэрхэн уялдуулах вэ? Бид зүүний, барууны хөгжил гэж зөндөө л ярилаа. Тэгвэл Монголын хөгжлийн төсөөлөл ямар байх ёстойг цаг алдалгүй тодорхойлох шаардлагатай болоод байна.

Дээрх бол Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийн үг, бодлого. Түүний ажлын зарчим, анхаарах зүйл нь эдгээр юм байна гэж ойлголоо. Чухамдаа бондын өр зэрэг бол цаг зуурын л асуудал. Унасан эдийн засгийг ухаан гаргавал өсгөж бас болох байх. Харин У.Хүрэлсүх ярьж, тунхагласан шигээ бодлогын, тогтолцооны өөрчлөлтүүдийг хийгээд ажиллавал ард түмний итгэл хөсөрдөхгүй билээ.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *