У.Хүрэлсүх зөвшөөрөөгүй бол МАН-ынхан ингэж чадахгүй

9-р сарын 24, 2018 9:38 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 65
9-23-1111111111

Б.ДАМДИН-ОЧИР

Нийслэлийн МАН-ын Бага хурал баасан, бямба гариг /2018.9.21-22/ дамнан хуралдлаа. Энэ хурлын гол шийдвэр нь Нийслэлийн МАН-ын даргыг сонгох байв.

Уг Бага хурлыг угтсан дажин бараг жил орчим үргэлжилсэн. Нийслэлийн удирдлагууд, тэр дундаа МАН-даа Хотын фракцынхан гэгддэг хүмүүс байр сууриа хадгалах гэж, харин хотыг гартаа оруулах гэсэн “баг” гаднаас “довтолгоо” хийж байв.

ГАДНАА ГАДНЫН, ДОТРОО ДОТООДЫН “ДАЙСАН”-ТАЙ БАГА ХУРАЛ

Дуншиж дуншиж өнгөрсөн баасан гаригт Хүүхдийн ордонд эхэлсэн Бага хурал бөөн хэл ам, хэрүүл тэмцэл дунд эхэлж, өрнөж, дуусав.

Бага хурал болж буй Хүүхдийн ордонд “Иргэдийн шударга шүүх”-ийн Х.Бат-Ялалт очиж бужигнуулжээ. Гадаа нь жагссан худалдаачин эмэгтэйчүүдийг цагдаа­гийн­хан баривчилж авч явжээ. “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг хурлын үеэр сонин тараасан гээд бас саатуулжээ.

Харин дотор нь Бага хурлын төлөөлөгчдийн мандатаас эхлээд асуудал бүр дээр хэрүүл уруул болж, үндсэндээ хоёр талцаж байгаад хуралдсан байна. Хурлын ихэнхийг хаалттай хийсэн ч цахим сүлжээгээр мэдээллүүд нь тэр дороо “гадагшилж” байлаа.

Бага хурлыг зохион байгуулагчид, тэр дундаа Мандатын комиссын дарга С.Мөнхчулуун нар будлиантууллаа гэж олон төлөөлөгч гомдол гаргасан.

Нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудын эсрэг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Ганбаатар тэргүүтэй хэд хэдэн дүүргийн МАН-ын хорооныхон  ихээхэн идэвхтэй тэмцэж байв.

Ингэсээр баасан гаригийн оройхон Нийслэлийн МАН-ын хороог дахин шинээр бүрдүүлсэн. Энэ бүхний дараа болсон Нийслэлийн МАН-ын даргын сонгууль өмнөх өдрүүдэд харагдаж байснаас огт өөрөөр эргэсэн юм.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙНХӨӨ ШИЙДВЭРИЙГ ТООСОНГҮЙ

Уг нь хэзээнээсээ нэгэн тугийн дор эвтэй найртай, эмх замбараатай амьдарч ирсэн МАН-ын хувьд Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгох чиглэл нь гарчихсан байлаа. Энэ сарын 19-ний өдөр Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаад “…Су.Батболдыг дэмжсүгэй. Энэ тухай саналыг МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлж шийдвэрлүүлсүгэй” гэсэн албан бичгийг Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн. Удирдах зөвлөл нь 20-ны өдөр хуралдаж, олонхийн саналаар Нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг дэмжье гэсэн шийд гаргасан байдаг.

Гэсэн ч Бага хурал нь дээр хэлснээр өөрөөр явагдаж, эцэст нь бямба гаригийн шөнө дундаас санал хурааж эхлээд үүрийн 5:00 цаг өнгөрөөгөөд дүн нь гарахад Д.Сумъяабазар гурван хүний илүүгээр буюу төлөөлөгчдийн 50.4 хувийн саналаар Нийслэлийн МАН-ын дарга болсон байна. Энд МАН-ын Удирдах зөвлөл шийдсэн л бол Их, Бага хурлууд нь дэмжээд явдаг уламжлал алдагдав.

Д.СУМЪЯАБАЗАР НИЙСЛЭЛИЙН МАН-ЫГ ӨӨРИЙН БОЛГОН ӨӨРЧЛӨВ

Нийслэлийн МАН-ын Бага хурал түүхэндээ ийм их асуудалтай болж байгаагүй гэдэг. Асар хүчтэй хоёр тал “тулалдаж”, Д.Сумъяабазар дарга болсон юм. Тэрээр дарга болоод Бага хурлаа бямба гариг /2018.9.22./-ийн үдээс хойш 16:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд үргэлжлүүлжээ.

Эндээс Нийслэлийн МАН-ыг орон тооны нэг дэд дарга, орон тооны бус зургаан дэд даргатай байлгахаар болсон байна. Дарга нараа ч сонгожээ. Орон тооны дэд даргаар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагайг “сонгосон” байна. Харин орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал, Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, О.Одбаяр, Б.Мөнхбаатар нарыг сонгожээ.

Мөн Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчээр МАН-ын дүрмийн дагуу Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, дэд дарга Н.Алтаншагай, Х.Нямбаатар, Н.Учрал, Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан, О.Одбаяр, Б.Мөнхбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд, Баянгол дүүргийн МАН-ын дарга Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн МАН-ын дарга Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа, мөн Нийслэлийн НАМЗХ, Нийслэлийн НАМЭХ, Нийслэлийн МАН-ын Ахмадын хорооны дарга нарыг сонгож баталсан байна.

ХЭН ГОМДОЖ, ХЭН БАЯРЛАХ ВЭ?

Энэ их сонин асуулт. Гэхдээ хариулт нь тодорхой. Нийслэлийн МАН-ын Бага хурлын өмнө, Бага хурал болдог өдөр ч ганц л мессэж уг Бага хурлын төлөөлөгчдийг “өөр сонголт” хийхэд нөлөөлсөн байгаа юм. Тэр нь 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ зуны хэдэн сард М.Энхболдыг амар заяа үзүүлэлгүй, олон нийтийн чихнээс уяатай хонх болж ирсэн “60 тэрбум”-ын асуудал юм.

Ерөнхийдөө бол “…60 тэрбумаас салъя” гэсэн мессэж, уриалга нийслэлийн олон дүүргийн төлөөлөгчдийг Бага хурлын хэдхэн цагийн дотор Д.Сумъяабазарыг дэмжихэд хүргэснийг ажиглагчид хэлж байна. Тэгэхээр МАН дахь Хотын фракцад энэ Бага хурлын “үхлийн цохилт” болсныг бас онцолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гомдогсод нь Хотын фракцынхан болно.

Харин үүнд үнэн голоосоо баярлах хүмүүс хаа сайгүй байгаа гэлцэж буй. Хаа сайгүй гэдэг нь МАН дотор ч, бүр гадна ч бий гэсэн үг.

У.ХҮРЭЛСҮХ АМЕРИК РУУ НИССЭН, ТАНИЛ АРГА БИШ ҮҮ?

Нийслэлийн МАН-ын Бага хурлын төлөөлөгчид Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжсэнгүй. Гэсэн хэдий ч энэ намынхан одоохондоо өөрсдөө ингэж чадах зүрхтэй болоогүй. Ялангуяа У.Хүрэлсүх шиг ширүүн дориун даргатай үед  хэдхэн нөхөр гүйж ороод Бага хурлаа самарна гэдэг юу л бол. Ер нь бол ийм явдал болохыг У.Хүрэлсүх намын даргын хувьд мэдэж байсан нь тодорхой юм. Ямар сайндаа л М.Энхболд Бага хурлын өмнөхөн “…У.Хүрэлсүх нүүр бурууллаа” гэж хэлсэн хэмээн зарим эх сурвалжид мэдээлсэн байхав.

Ингэхээр У.Хүрэл­сүхийн Америк руу ниссэн. Тэр хойгуур нь Нийслэлийн МАН хуралдаж, ийм шийдвэр гаргасан нь санамсаргүй явдал биш болж таарна. Хэрвээ У.Хүрэлсүх Нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцъё, хараа хяналтаасаа гаргахгүй байя гэсэн бол товыг нь хойшлуулаад л болох байсан. “…Намын дарга оролцох учраас төд хоногоор хойшиллоо” гэхэд яах юм бэ. Тэртэй тэргүй Нийслэлийн МАН-ын Бага хурал Ц.Сандуйг даргаараа сонгосон 2012 оны долдугаар сарын хурлаасаа хойш огт бололгүй зургаан жил болсон байгаа юм.

Шийдвэр гаргадаг хамгийн том нөхөр нь ингэж бултдаг арга шинэ юм биш л дээ. Н.Багабанди 2000 оны Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтийн үеэр гадагшаа нисчихсэн гэдэг. Өөр  асуудлуудаас ч гэсэн бултах болохоороо “нисчихдэг” жишиг тогтоосон гэж улс төрийн хүрээнд ярьдаг юм.

Ерөнхийлөгч асан Н.Багабандийн дээрх аргыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болоод маш сайн хэрэглэгсэн. Долоо хоногийн баасан гариг болохоор Монгол дотроо юм уу, гадаад руу нисчихнэ. Тэр хойгуур нь хууль хяналтынхан элдвийн баривчилгаа хийгээд баллаж тавина. Мань эр даваа гаригт “…Юу болсон бэ” гээд юу ч мэдээгүй хүн ороод л ирнэ.

Энэ бүхнээс У.Хүрэлсүхийн Америкт хийж буй айлчлал,  араар нь МАН-д нь болж буй явдлыг ойлгож цөхөх юм алга.

МАН-ЫН ЁРОО, ЁМБОО НАР “ИХ ХЭРҮҮЛ АВДАР”-ЫГ ОНГОЙЛГОЛОО

Ийн Нийслэлийн МАН их олон жилийн “өөр хүн”-ий гарт очлоо. Нэг хэсэг нь алга ташиж, нөгөө хэсэг нь хараал урсгаж байна. Гэвч энэ явдал МАН-д өрнөх маш хурцадмал үйл явдлын үүдийг нээж байгаа юм. “Алтан өргөө” гэж кино бий. Өвгөний хүү Ёроо, Ёмбоо хоёр унтаж байхад нь авдар онгойлгож гай түйтгэр тарьдаг шиг л юм МАН-д болно. Ингэхээр хэд хэдэн асуудал хөндөгдөж, түүнийг дагаж энэ намд хэрүүл тэмцэл өрнөнө гэсэн  үг.

Нэг. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын суудал ганхаж таарна. Ийм хурдтайгаар Нийслэлийн МАН-ын “өөртөө засч” байгаа Д.Сумъяабазарын хамгийн эхний дайралт Су.Батболдын суудал руу чиглэх нь тов тодорхой юм.

Хоёр. Нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагийн дарга нар “хөдөлж” таарна.

Гурав. Бага хурлын үеэр эсрэг саналтай байсан Дүүргийн МАН-ын дарга нар ч энэ шуурганд өртөнө.

Дөрөв. МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаа Хотын фракцад харьяалагддаг хүмүүсийг зайлуулах ажиллагаа явагдана.

Гэхдээ энэ бүхэнд Нийслэлийн МАН-ын хуучин удирдлага, Хотын фракц тийм ч амархан сөхөрчихгүй болов уу. Тэгэхээр МАН-ын дотоодод ихээхэн хүчтэй сөргөлдөөн болно л гэсэн үг. Энэ нь өнөө маргаашгүй эхэлнэ. Харин хэзээ дуусахыг бүү мэд.

Сонгууль хаяанд ирчихсэн. Магадгүй, МАН энэ хэрүүлээ дуусгаж чадалгүй 2020 оны сонгуульд ороод бүгдээрээ савж унахыг үгүйсгэхгүй.

Эцэст нь, одоо тэд одоо намаа бодох тэнхээгүй болсон байгаа юм. Хэрэлдэнэ, уралцана. Тиймээс л ямар ч хяналтгүйгээр энэ Бага хурлаа хийж, МАН яаж сонгуульддагийг харууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *