У.Хүрэлсүх “Эрс шинэчлэл”-ийн Засгийн газар байгуулах уу?

10-р сарын 10, 2017 12:34 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 8
fafafaf

Д.ЭНХБАТ

Эрс шинэчлэл хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч

Зарим хүмүүс нийгмийн цахим сүлжээгээр “Төрийн эрхийг Ард түмний гарт шилжүүлье” гэсэн хэлэлцүүлэг өрнүүлж, санал асуулга зохион байгуулж байна. Юутай ч ингэх үндэслэл байгаа болоод л тэр. Ерөнхий сайд шинээр байгуулагдах Засгийн газар нь “Ардын засаг” байна гэж хэлснийг хэвлэлүүд онцолжээ. У.Хүрэлсүх өөрийг нь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганы индэрээс “Амиа алдахаас айхгүй, харин ард түмний итгэлийг алдахаас айж байна” гэж хэллээ. Бас л ингэж хэлэх үндэслэл байгаа бололтой. Засгийн газар нь Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа бүхнийг хийж, хэрэгжүүлэхээр болохоос болохгүйг нь хүртэл зүтгэх болно гэж Ерөнхий сайд өөрөө батлан хэлж байна. Ардын засаг гэснээс өнгөрсөн хугацаанд “Бүдүүн бүлгийн”, “Их эвслийн”, Стандарт бус”, “Шинэчлэлийн”, “Шийдлийн” гээд сүржин нэртэй, “марзан” Засгийн газрууд ээлж дараалан ажиллахдаа Монгол Улсыг өеөдүүлж, өрөнд бариулсан. Гадаадыхны сценар, “барууны тэжээврүүд”-ийн хичээл зүтгэлийн хор хөнөөлөөр байгалийн асар их баялагтай Монгол орон баялгаа ашиглах тутам өрөнд ордог, цаашдаа энэ хэвээр үргэлжлүүлж хэрхэвч болохгүй “чөтгөрийн тойрог”-т орсоор нэлээд хэдэн жилийг үджээ. Энэ нь улам даамжирсаар ихээхэн хэмжээтэй өрөнд орж, өмнөх өрийг дараачийн илүү өндөр хүүтэй өрөөр дардаг, нийгмийн бүхий л баялаг маань гадаадыхны өрийн үйлчилгээнд зарцуулагддаг тогтолцоо руу орж эхэлж байна. Зүйрлэвэл тээрмийн илжиг нэг л “гадас” тойрдог шиг өрийн үйлчилгээний “гадас”-ыг Монгол Улсын гурван сая гаруй иргэд нийтээрээ тойрон “эргүүтэх” болж байна гэсэн үг. Шинэ ч юм биш. Байгалийн баялгаасаа болж хохирол, сүйрэлд орсон олон олон улсад хэрэгжсэн “төсөл”. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг даяар санхүүгийн байгууллагуудын зөвлөгөө, “тусламж”-аар ийм эргүүлгээс гарсан улс орон өнөөдөртөө байхгүй. У.Хүрэлсүхийн толгойлох Засгийн газарт үүнийг эвдэх, үгүйдээ “эмтэлж эхлүүлэх” хэцүү боловч хүндтэй үүргийг монголчууд найдан хүлээлгэх шаардлагатай. Чуулган дээр хэлсэн үгнээс нь Ерөнхий сайд үүнийг ойлгож байна гэж дүгнэмээр санагдана. Амар биш, асар хэцүү ч гэж болох зорилт боловч сэтгэл байгаад зүтгэж чадвал огт болшгүй ч зүйл бас биш. Гадаад өрийн үйлчилгээ, нийгмийн шинжтэй төсөвийн хүндрэл, нийтийн зүгээс ирэх хуулийн хэрэгжилт, шударга ёсыг хангах шаардлага, улс төрчдийн хэрүүл маргаан, гадаад дотоод дарамт…гээд олон хүндрэл, бэрхшээл хүлээж буй. Улс төр, нийгмийн болон эдийн засгийн өнөөгийн төлөв хандлага, бүтэц тогтоцыг ч өөрчлөх шаардлага байгаа. Эдийн засгийн хувьд түүхий эдийн үнийн “савалт”-аас шууд шалтгаалдаг нөхцөл байдлыг өөрчилж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж эхлэх, хөдөө аж ахуй, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал гэх мэт салбаруудыг илүү дэмжих шаардлага ч байгаа. Банк санхүү, хөрөнгийн зах зээлийн хувьд ч хийх ажил, өөрчлөх зүйл мундахгүй. Ганцхан гадаадын хөрөнгө оруулалт гээчийг шүтэх бус дотоодын хөрөнгө оруулалт, хөрөнгө дайчлах, төвлөрүүлэх замаар ард иргэдийхээ санал санаачилга, зүтгэл бүтээлийг илүүтэй дэмжих шаардлага ч гарч болох юм. Мэдээж Засгийн газар аа тогтвортой байлгахын тулд парламент дахь өөрийн болон өрөөлийн нам, гишүүдийг “тойглох” шаардлага гарна. Магадгүй энэ нь хамгийн хүнд хэцүү дарамт байх болно. Ер нь ч тэгээд парламент дахь “ноход”-ын дэмжлэг нь хариу бариу их шаардсан, цаг хугацааны хамааралтай, найдахад их л хэцүү зүйл байна гэдэг нь тодорхой. Нэгэнт парламентийн дэмжлэг найдлага багатай учир парламентын гаднаас, өөрөөр хэлвэл Ерөнхийлөгчийн институци, парламентын бус намууд, төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөнүүд, ард иргэдийн дэмжлэгт илүү ихээр түшиглэх хэрэгцээ, шаардлага гарахыг ч үгүйсгэх аргагүй. Засгийн газар байгуулах улс төрийн орчин нь өширхөл гомдол арвин, шантааж шахаастай боловч нийгмийн орчин нь харин найдлага, итгэлээр одоохондоо дутаахгүй байна. Энэ бол бага ч юм биш. Миний л мэдэхийн ойрдоо иргэдээс ийм хэмжээний итгэл найдлагын хүлээлтэн дунд “төрж” байсан Засгийн газар үгүй юм. Өөрсдийгөө нам, улстөрчид гэж нэрлэдэг, энэ дүрдээ найгүй итгэсэн нөхөд эвийг сахих ёстой, зохицоё л доо гээд урваганаж байна. Эв найр хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ эвлэхэд учир гээч бий. Хэнтэй, юуны төлөө, хэзээ, хэрхэн эвлэхийг ёстой Ерөнхий сайдын өөрийх нь сэтгэлийн чин зориг мэдэх хэрэг. Хэн нэгэнтэй, хэсэг бүлэгтэй эвлэсэн ч бай, эвдэрсэн ч бай цаашдаа тогтож ажиллах улс төрийн орчин нь хатуухан байх болно. Нийгмээс өнөөдөр хүлээлгэж байгаа найдлагыг сайн тордож, алдаж асгахгүйг хичээх шаардлага бий. Засгийн газар болгон л ямар нэг тодотгол нэртэй болсоор ингэж хэвших хандлагатай болжээ. Заавал аливаа нэг тодотголтой байх шаардлагатай юм бол засгийн залгамж чанарыг хангахад ч, өмнө тулгарч буй зорилтыг харахад ч “Эрс шинэчлэл”-ийн, “Эрс шийдлийн” гэх ч юм уу эсвэл “Эрс шинэчлэх мэргэжлийн” гэсэн нэртэй байж яагаад болохгүй гэж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *