Ө.Баянмөнх: Гурван сар дугуй унахад хагас сая төгрөг хэмнэсэн

10-р сарын 22, 2018 7:35 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг , Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 11
10-22-4

С.УЯНГА

Олон нийтийн сүлжээнд дугуй унасан аймгийн дарга шуугиан тариад байгаа нь Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх юм. Түүнтэй эко санаачлагынх нь талаар  ярилцлаа.

 

Эко Өмнөговийн талаар ярилцлагаа эхлэхийг хүсч байна. Таны хувьд унадаг дугуйг хэрэглээнд нэвтрүүлэх, хог хаягдлыг ангилах зэргээр цөөнгүй санаачлагуудыг гаргаж, сургалт хийж байна. Олон нийт тэр дундаа төрийн албан хаагчид хэрхэн хүлээж авч байна вэ?

-Хүн урт насалж,  эрүүл амьдрахын үндэс нь хүрээлэн буй орчноо эрүүл байлгах асуудал юм. Хүрээлэн буй орчноо бид хайрлаж хамгаалж унаган төрхөөр нь хадгалахын тулд хэдхэн хүний зүтгэлээс биш нийтээрээ зөв дадал хэвшил болгож байж  үр дүн гарна.

Хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр түүнээс үүдсэн хог хаягдал, эзлэхүүн хорт утаа, хүлэмжийн хий ялгарч байгаль, хүрээлэн буй орчин бохирдож байна. Тиймээс энэ бүхнийг олон нийтэд ойлгуулах зорилготойгоор эко санаачлагыг амьдралдаа хэрэгжүүлж байгаа юм. Бид өөрийнхөө болоод гэр бүл, бусдын өмнө үүрэг хариуцлага хүлээж  байгаагаа ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Ялангуяа, ирээдүй хойч үеийнхээ өмнө асар хариуцлагатай байх ёстой. Бусдыг уриалахад зүгээр л ингэе, тэгье гэж бичиж, хэлээд нэмэргүй л дээ. Тиймээс өөрөө үлгэрлэе гэж бодож  санаж зорьсноо өөрөөсөө эхэлье, зөв дадал хэвшлийг бий болгохыг хүссэн. Харин дараа нь хамт олонд, төрийн албан хаагчиддаа нөлөөлж чадвал нийт иргэдийн сэтгэл зүйг өөрчилж чадах юм болов уу гэж бодсон. Төрийн албан хаагчид  их дэмжиж хүлээж авсанд урамтай байгаа.

Эко санаачлага богино хугацаанд олон хүнд хүрлээ. Үр дүн мэдрэгдэж байна уу. Тухайлбал, таны хувьд дугуй унах санаач­лагыг яагаад гаргах болов. Мэдээж машинтай харьцуулахад эдийн засгийн тооцооллоос эхлээд  эрс ялгаатай байгаа байх?

-Эко дугуйн санаач­лагыг олон хүн дэмжиж урам өглөө. Ер нь бол би эхлээд дугуй унасан зургаа л оруулсан юм. Гэтэл дугуй нь их жижиг, мөн аймгийн удирдлага хүн дугуй унаад явж байхаар этгээд харагдсан юм байлгүй, сошиал орчинд шуугиад эхэлсэн. Хүүхдийнхээ дугуйг уначихаж, маша баавгай киноны баавгай шиг харагдаж байна гэхчлэн нэлээн шоолуулсан даа./инээв/ Гэхдээ хүмүүс сонирхож эхэлсэн. Надаар дамжуулаад нэг бүсгүй минийх шиг дугуй худалдаж авахаар нь нийлээд Эко дугуйн клуб байгуулсан юм. Тэгээд зургаа оруулсан чинь баавгай машатайгаа болжээ л гэсэн. Ер нь төрийн албаны бид чинь хөдөө гадаа явах шаардлагаар албаны жийп  машин унадаг. Гэтэл ажлаа амжуулж байна гээд төвд унахаар өртөг зардал өндөр. Том мотортой болохоор ойрхон унтарч асах,  хүнд араагаар явах нь шулуун замаас гурав дахин илүү шатахуун зарцуулна гээд зардал их. Нөгөө талаас явган явахаар цаг хугацаа алдана, энгийн дугуйг костьюмтай  буюу сорочкон цамцтай унаж болохгүй. Жийхээр хөлөрнө, амьсгаадна гээд зориулалтын хувцастай унахгүй л бол болохгүй. Ялангуяа бид чинь албаны хувцастай байх ёстой тул зохицохгүй. Тэгэхээр өртөг зардал бага, албаны хувцастайгаа ажил хурдан амжуулах асуудлыг шийдвэрлэх гарцыг хайж “Е bike” буюу Эко цахилгаан дугуйг сонгосон. Унаад гурван сар болж байна. Энд тэндээс зураг авч сошиалд тавиад зарим нь шоудлаа, машинаа унаач гэх юм. Нөгөө хэсэг нь төрийн мөнгөөр үнэтэй  дугуй авлаа гэж байна. Гэхдээ иргэдийн дийлэнх нь энэхүү санаачилгыг маань дэм­жиж  байгаад талархаж  байна.

Эко дугуйг таван цаг гар утас шиг цэнэглээд л 4-5 өдөр ямар ч асуудалгүй унана. 30 км/цаг хурдалдаг тул зарим үед машинаас хурдан ажлаа амжуулна. Дашрамд хэлэхэд хувийнхаа хөрөнгөөр авсан дугуй юм шүү дээ. Дугуй унаснаас хойш саяхан нэг тооцоо гаргаж үзсэн чинь жолоочийн цалин орохгүйгээр гурван сард 564000 төгрөг хэмнэсэн байна.

Зарим хүн энгийн дугуй ч эко шүү дээ заавал цахилгаан дугуй уначаад  эко гэхийн хэрэг юу байна гэж байсан?

– Төвд том машин унаж их шатахуун зарцуулж, агаар бохирдуулж, өндөр  өртөг зардал гаргадаг байснаа  халж цахилгаан технологи бүхий дугуйгаар хэрэг­лээгээ өөрчилснөө л эко хандлага гэж нэрлээд байгаа.

Иргэд, төрийн албан хаагчид дугуй унах хүсэл сонирхолтой ч дугуйн зориулалтын замын асуудал хотод ч хүндрэлтэй байдаг. Дугуйн зам болон иргэдийн дугуй унах санаачлагыг дэмжих ямар хөшүүрэг байна? 

-Манай аймаг өнгөрсөн жил багагүй хэл ам, бэрхшээлтэй тулгарч байж цэцэрлэгт хүрээлэн хүртэл 1.6 км дугуйн зам тавьсан юм. Тэгээд  нэг өдөр дугуй унадаг ажилтнаасаа “Дугуйн зам байхад яагаад засмал замаар дугуйтайгаа яваад байгаа юм бэ” гэж асуухад “Та өөрөө яваад үзвэл ойлгоно” гэсэн. Тэгээд би дугуйтай болсон хойноо тэр замаар нь явсан чинь автозамын гарц гаргаж тасалсан хэсгүүдийн хашлагыг дугуйн зам руу налуулаагүйгээс нуруу, бөөр доргиод, дугуй эвдэх гээд ер болох юм биш. Тэр дор нь гүйцэтгэсэн компанийг нь дуудаж засуулсан. Энэ жил таван км дугуйн зам тавьж байгаа нь удахгүй ашиглалтад орно. Энэ жил ажлын даалгаврыг нь батлахдаа өмнөх алдаануудыг нь зассан.  Ингээд 6.6 км буюу хамгийн урт дугуйн замтай аймаг болох учраас иргэд дугуйчин болж, эко аймаг болно гэж найдаж байгаа.  Ийм маягаар дугуй унахыг үлгэрлээд сурталчлаад явсан чинь аймгийн Төрийн банк сайхан санаачлага гаргаж дугуйны лизингийн үйлчилгээ нэвтрүүлсэн нь боломж гэж харж байна. 3-4 жилийн дараа бидний өдөр тутамдаа хэрэгжүүлдэг дадал хэвшил болно гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна.

Ажилдаа дугуйгаар ирдэг, тамхи татдаггүй эрүүл хэв маягийг баримталдаг ажилтнууддаа  нэмэлт урамшуулал олгох гарц бодож байна гэж та саяхан бичсэн байсан. Хэрэгжих боломж байна уу. Урамшуулал гэхээр эргээд төсөв мөнгөний асуудал яригдаж таарна?

-Үүнийг хамт олноо уриалах бас нэгэн арга гэж ойлгож байгаа. Урамшуулал хэдий мөнгөн хэлбэртэй байж болох ч олны өмнө сайшаах, хүндэт дэвтэрт бичих, чөлөө олгох гэх мэтээр мөнгөгүйгээр урамшуулах удирдлагын олон арга барил байдаг.  Ер нь эрүүл хэв маягийг дэлгэрүүлэх нь чухал нөлөөтэй. Эсрэгээр нь тамхи татдаг хүмүүсийн дам нөлөө ч их. Гурван цаг тутамд нэг удаагийн давтамжтайгаар нэг тамхийг 15 минутад татаж  гадаа зогсоод л  ажлын цагийг хийдүүлж байна. Энэ хүний дэмий зарцуулсан 40 минутын цалинг хасаад тамхи татдаггүй өндөр бүтээмжтэй ажилтандаа  урамшуулал олгож яагаад болохгүй гэж. Ажилдаа дугуйгаар ирдэг эрүүл чийрэг биетэй, цовоо сэргэлэн хүн, амьдралын буруу дадал хэвшилтэй ажил дээрээ үүрэглэж байдаг хүнээс өндөр бүтээмжтэй ажиллаад байвал тэр хүнд яагаад нэмэгдэл өгч болохгүй гэж гэхчлэн өнөө цагт ажлын бүтээмж өндөртэй хүн илүү урамшуулалтай ажиллах нь шударга. Ийм зарчим баримталбал нийтээрээ эрүүл хэв маяг, зөв дадал хэвшлийг нэвтрүүлээд  эхэлнэ. Бусдаас  хоцрохыг хүсэхгүй шүү дээ. Үүгээр л нийгэмд зөв хандлагыг түгээх юм гэж боддог.

Аймгийн Тамгын газраас хэрэгжүүлж буй бас нэгэн ажил бол хог хаягдалтай тэмцэх. Энэ хүрээнд сумдадаа хүрч ажиллах, дахин боловс­руулах үйлдвэр байгуулах ажлууд хийгдэх үү?

-Хог хаягдлыг ангилан ялгах нь маш олон талын ач холбогдолтой. Наад зах нь хог хаягдлын эзэлхүүн багасна. Бид өнөөдөр гаргасан  хогоо нүднээс далд аваачаад булдаг л технологи /landfill/ хэрэгжүүлж байна шүү дээ. Үүгээр хог хаягдал байхгүй болж байгаа биш өнгөлөн далдлалт хийж нүдээ хуурч л байгаа үзэгдэл. Бидний өдөр тутамд хаяж байгаа хогийн дийлэнх нь дахин боловсруулах боломжтой түүхий эд байдаг. Тэдгээрийг боловсруулдаг үйлдвэ­рүүдийг нэвтрүүлчихвэл бидний гаргасан хог буцаад баялаг болно. Түүнийг худалдаж авдаг болчихвол орчин тойрон хоггүй болно. Тэр хэрээр ачигдах хогийн хэмжээ багасна,  зардал буурна, байгаль дэлхий эрүүлжинэ гээд олон талын ашигтай. Үүнийг л олон түмэнд өөрөөрөө үлгэрлэж ойлгуулах том санаархалтай сууна даа. Түүнээс хүмүүсиин тарьсан  хогийг хойноос нь хөөж ачаад энэ асуудал хэзээ ч дуусахгүй.

Хог хаягдлын асуудал өнөөдөр менежмент тааруугаас тулгамдсан асуудал болж хувираад байгаа юм. Гэхдээ үүнийг шийдэх гарц олон бий. Машин тэрэг,  хүн хүчийг нь нэмээд удирдлагын арга барилыг өөрчлөөд, тогтмол цаг хугацаанд хогоо ачаад, хуваарийг  иргэдэд ойлгомжтой болгочихвол иргэдийг бухимдуулаад байх том асуудал биш юм. Бид Даланзадгадын удирдлагууд болон бусад хариуцсан хүмүүст тодорхой зөвлөмжүүд өгсөн. Дөрвөн хогийн машиныг удахгүй нийлүүлнэ.  Энэ онд багтаагаад тоноглосон зургаан машин авч өгөхөөр болсон. Хог хаягдлын менежментийн төлөвлөгөөг санаачлан боловсруулж ИТХ-д танилцуулж 3.2 тэрбум төгрөг батлуулсан. Үүнд хог ангилан ялгах болон худалдан авах цэгүүд багтсан.  2019 онд ЖДҮ-ийг дэмжих төслийн хүрээнд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг миний бие гардан бичиж байна.

Өмнөө том зорилго тавьсан. Санаанд багтаад байгаа юм. Тодорхой хугацааны дараа энэ зорилгууд маань бүрэн биелэнэ гэдэгт итгэл төгс байна. Бүх зүйлийг нэг далайлтаар хийж чадахгүй ч эхлээд хотод  байгаа 21 үйлдвэрт хандаж тэдний дундын нэг худалдан авалтын цэгийг манайд байгуулах, дараа нь боловсруулах үйлдвэртэй болох зэрэг ажлыг шат дараатайгаар хийнэ.

Олон хүнд зөв ойлголт өгөх, хандлагыг нь өөрчлөхөд төрийн албаныхан манлайлах учиртай. Тухайлбал, нэг удаагийг нийлэг уутны оронд даавуун тор хэрэглэх ажлыг санаачилсан байсан. Хэр үр дүнтэй хэрэгжиж байна? 

-Бидний гялгар уутны хэрэглээ асар их мөртлөө хэрэглэх хугацаа асар богино. Дэлгүүрээс гараад гэртээ хүрэх хүртэл 12 минут л хэрэглэдэг. Тэр 12 минут хэрэглэсэн уут байгальд 500 жил шингэхгүй хорт хаягдал болдог байх жишээтэй. Ийм үр ашиггүй хэрэглээгээ хязгаарлаж даавуун торыг нэвтрүүлэхээр үлгэрлэж  байна. Аяндаа дадал хэвшил болох байхаа.

Ер нь Өмнөговьчууд эко болохын тулд цаашид өргөн хэмжээний, далайцтай  ямар ажлууд  төлөвлөж байна вэ. Таны сэтгэл доторх эсвэл цаасан дээр буулгасан Эко Өмнөговь жишиг аймгийн зураглал, төсөөлөл ямар байх вэ?

-Даланзадгадын ногоон байгууламжийн зургийг би яг гардан хийлгэж байна. Энд миний сэтгэл оюун багагүй шингэсэн. Эх нутгаа хайрладаг, хог хаягдлаа замбараагүй хаяхаа больсон зөв дадал хэвшилтэй иргэдтэй, Даланзадгад маань орчин үеийн шийдэлтэй гоё эко хот болно гэж боддог. Ороод ирэхэд таримал модоор Green city гээд биччихсэн хаяг та бүхнийг хүлээж байна. Төлөвлөж байгаа асар олон зүйлүүд байна. Бүгдийг нь хэрэгжүүлнэ. Үүнээс гадна монголын говь буюу дэлхийн дахинд gobi нэрээр алдаршсан энэ сайхан байгалиа унаган төрхөөр нь хадгалсан, гадаад дотоодын жуулчин хөлхсөн, аялал жуулчлалын бүс нутаг байна гэж мөрөөддөг. Магадгүй уул уурхайд эвдэгдэж сүйтгэгдэж байгаа энэ нутгаа бусад хэсгийг нь унаган төрхөөр нь хадгалахын төлөө иргэн бүрийн санаачлага хэрэгтэй байх.

Саяхан хотод ирж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр туршлага судалсан байсан. Аймагтаа хэрэгжүүлэх олон санал санаачлагатай буцав уу. Өмнөговь өвөлдөө хэр утаатай байдаг, бууруулах талаар ямар ажил хийж байна вэ?

-2015 онд манай аймаг бусад аймгийг агаарын бохирдлоор тэргүүлж яваа гэсэн үзүүлэлт гарсан. Одооноос анхаарахгүй бол тун удахгүй бидний тулгамдсан том асуудал болж хувирах юм. Хотод очихдоо дан ганц агаарын бохирдол биш маш олон ажил судалж, танилцлаа. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэгчээр хаа очиж нийслэл маань маш олон аргуудыг туршиж зарим нэг амжилтийг олж яваа юм билээ. Бид хамгийн сайныг нь нэвтрүүлнэ. Гэхдээ бас л энэ асуудал иргэдийн ухамсартай холбоотой юм билээ.

-“Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлуулаад хоёр жил боллоо. Үр өгөөж хэр байна вэ?

-Бид Засаг даргын үйл ажиллагааг дагалдуулаад 17 дэд хөтөлбөр гаргаснаас саяхан 20 болгож батлууллаа. Эдгээрээс найм нь нийгмийн чиглэлд хэрэгжиж тодорхой үр дүнгүүдээ өгч байна. 2017 оны ажлаараа 21 аймаг нийслэлээс хамгийн өндөр оноо авч улсдаа тэргүүлсэн. 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж ойрын жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна гээд яривал маш том бүлэг сэдэв болно.

Энэ жил Өмнөговь үер ус, байгалийн гамшгаас болж зам нэ­лээдгүй эвдэрсэн. Хэдий хэмжээний хохирол учрав? Байгалийн аюулт үзэгдэлтэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлууд хойшилсон гээд өвлийн бэлтгэлд анхаарах шаардлага тулгарч байгаа байх? 

-Байгаль дэлхий хурын шимээ харамгүй хайрлаж говь нутагт маань сүүлийн 62 жилд ороогүй хур бороо орж, сайхан зуншлага намаржаа болж байна. Олон жилийн дунджаас ахиу бороо орсны улмаас зам харгуй эвдэрсэн мал хуй үхсэн гарз хохирол гарсан. Хохирлын үнэлгээг нийтдээ 3.3 тэрбум гэж мэргэжлийн байгууллага үнэлсэн. Бид хохирлыг барагдуулах чиг­лэлээр хуулийн дагуу ажиллаж, зарим хохирлыг бараг­дуулах сан­хүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлээд ажил­лаж байна. Өвөл­жилтийн бэлтгэлийн хувьд энэ жил өвс сайн ургасан гээд тайвширч болохгүй, зохих өвсний нөөц татах, хадлан бэлтгэх зэрэг ажлуудыг хийгээд өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *