Ө.Анхболд: Хар тамхинд донтсон эмчлүүлэгчдийн тоо нэмэгдсэн

2-р сарын 16, 2017 9:59 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 20
16763713_1241653892578610_1148905371_o

Б.ЗАЯА

 Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, хэрэглээ үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрээд буй. Гэмт хэргийн гаралт огцом нэмэгдсэн, тэр хэрээр хууль хүчнийхэн энэ төрлийн хэргийг хяналтаасаа алдсан гэлцдэг. Энэ тухай манай сонин өмнө нь хөндөн бичиж байсан билээ. Тэгвэл энэ удаа хар тамхины хор хөнөөл, донтсон хүнд ямар хүндрэл учирдаг тухай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн их эмч Ө.Анхболд ийнхүү ярьж байна.

 

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, донтсон хүмүүс танайд эмчлүүлэх нь хэр вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

Сүүлийн үед энэ төрлийн эмчилгээ авахаар эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн тоо болон гэмт хэргийн гаралт эрс нэмэгдэж байгаа. 2014 оны эмчлүүлэгчдийн тоо хоёр жилийн дараа буюу 2016 онд гэхэд 30-40 хувиар өссөн байна.

Хар тамхи мансууруулах бодис хүний сэтгэцэд болон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сэтгэцэд гарч байгаа гол нөлөөлөл бүлэг бүлгээр өөр. Монголд газар аваад байгаа бодисууд сэргээшийн төрлийнх. Байгалийн сэргээш гэсэн ойлголт байхгүй. Ямар нэгэн байдлаар химийн үйлдвэрт бүтээгдсэн, өндөр хор уршигтайд тооцогддог. Хор уршгийн хүчээр, эрүүл мэндийн нөлөөлөх байдлаар нь АНУ гурван бүлэгт хуваасан байдаг. Манай улсад өндөр хор уршигтай, эрүүл мэнд хохироодог нь тогтоогдчихсон бодисын бүлгүүдээс түлхүү оруулж ирэх хандлагатай байгаа. Сэргээш бодисуудыг хэрэглэснээр гаднаас эрч хүч авч байгаа гэсэн үг биш. Таны өөрийн чинь биед байгаа эрч хүч, энергийн нөөц бололцоог богино хугацаанд гаргаж байгаа явдал. Эрч энергийн эх үүсвэр дайчлагдаад дуусчихвал хүн сульдаж туйлдалд ордог. Тархинд нь цус харвасан, зүрхний шигдээс үүссэнтэй ижил бүх эрхтэн цусан хангамжийн дутагдалд орж, гүнзгий хордлогын шинжүүд илэрдэг. Эрхтэн бүрт үхжил үүснэ. Үхжил мэдээж эргэж сэргэхгүй. Эргэж сэргэх боломж байхгүй учраас сорвижиж эдгэрдэг. Тэгэхээр тархинд үүсч байгаа үхжил гэмтэл оюуны чадамжийг алдагдуулдаг. Ёс суртахуунтай байх, өндөр цензуртай бие хүн гэсэн бүх шалгуурыг алга болгоно. Дотор эрхтэн дээр үүссэн үхжлүүд элэг, бөөр, уушгины бүх цирроз, хатууралт өөрчлөлтүүдийг үүсгэдэг. Энэ нь эдгэрдэггүй. Насан туршдаа дотор эрхтний болон тархины үйл ажиллагааны дутагдалтай амьдарна гэсэн үг.

Өвчтнүүдэд ямар төрлийн эмчилгээ хийгдэж байна вэ. Манай улс эмчилгээний хувьд дутмаг гэж зарим хүн шүүмжилдэг?

Манай төв дээр шинж тэмдгийн эмчилгээ л хийж байгаа. Энэ нь хордлого тайлах, тухайн бодисоос шалтгаалж бие махбодид гарч байгаа бусад эмгэг шинжүүдийг арилгах эмчилгээ. Яг энэ өвчлөлд тодорхой эмчилгээ гэж байхгүй. Уг нь эмчилгээ урт хугацаагаар хийгдсэний үр дүнд сайжрах, эдгэрэх боломжтой. Гэхдээ урт хугацааны эмчилгээг манай төвд хийх боломжгүй. Учир нь урт хугацааны эмчилгээг хагас вакумжуулсан орчин, аль эсвэл цэргийн дэглэмтэй нөхцөлд эмчлэгддэг. Донтолтын үе шатаасаа хамаарч сэтгэлзүйчээр дамжуулан өөрийгөө татаж авах, донтолтоосоо салах боломжтой. Эмчилгээнээс илүү урьдчилан сэргийлэх нь өртөг зардал багатай. Эмчилгээ бол маш өндөр зардалтай, эдгэрэлийн хувьд тийм ч сайн биш, бүрэн эдгэрэх боломжгүй гэж тооцогддог

Мансууруулах бодис хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Тэдэнд зориулж энэ төрлийн бодисыг хэрэглэхгүй байх талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

Сүүлийн үед архи бусад мансууруулах бодисыг нилээн удаан хугацаанд хэрэглэж донтож хараат байдалд ордог бол бидний хар тамхи гэж нэрлээд байгаа сүүлийн үед Монголд орж ирж байгаа бусад төрлийн сэтгэцэд идэвхит бодис нэг удаа хэрэглээд хараат байдал үүснэ. Цаашлаад биеийн хараат байдал үүсгэх хүчин чадалтай, донтуулах эрсдэл үүсгэдэг бодис орж ирж байгаа. Энэ бодисуудыг нэг удаа хэрэглээд сэтгэцийн хараат байдал үүснэ. Нэлээд удаан хэрэглэсний дараа биеийн хараат байдал үүснэ. Сэтгэцийн хараат байдал бол ядаж тэр бодисыг хэрэглээд үзчих юмсан гэсэн бодол төрдөг бол биеийн хараат байдал нь тэвчиж чадахгүйд хүргэдэг. Ийм байдалд хүрчихвэл нийгэмд маш их хор уршигтай. Хувь хүний ёс суртахуун, нийгмийн амар амгалан байдал бүгд алдагддаг. Ганц донтолттой хүнээр энэ хүрээ хумигдахгүй. Эргэн тойронд байгаа бүх хүн сэтгэлийн зовиуртай, тухайн амьдарч байгаа орчин нийгэм айдас түгшүүр ихтэй болж хувирдаг. Нэг удаа хэрэглэхэд л та донтоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр үүнийг оролдож үзэх ч хэрэггүй. Сүүлийн үед Монголд тархаж байгаа сэргээшийн төрлийн бодисуудад эмчилгээ байхгүй. Дэлхийн аль ч оронд тэр. Эдгэрч гарах найдвар маш бага. Эдгэрч гарлаа ч энэ бодисуудын хэрэглээний ард үлдэж байгаа бие махбодийн хямралууд, дотор эрхтний үхжилт өөрчлөлт цирроз, хатуурал эдгэрэх боломжгүй.

Үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. Энэ талаар тодруулаач?

АНУын санхүүжилттэй Үндэсний архидалт, мансуурлын мэргэжилтнүүдийн холбооноос санаачилсанКолумбагээд хөтөлбөр бий. Зүүн өмнөд Азийг хамарсан урьдчилан сэргийлэх эмчилгээний энэхүү цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, БСШУЯны дэмжлэгтэйгээр сүүлийн гурван жил судалж байна. Энэ жилээс үндэсний хэмжээний сургагч багш нарыг бэлтгэхээр эхний эмчилгээний урьдчилан сэргийлэлтийн хөтөлбөрүүдийг орчуулсан. Ирэх сарын сүүлчээр сургагч багш нар эхний курс, сургалтаа авна. МөнКолумбахөтөлбөрөөс гурван удаагийн айлчлал, АНУын Элчин сайдын яамтай хамтарсан уулзалт зохион байгуулсан. Үндэсний хэмжээний буюу гурван аймгийн хэмжээний уулзалт болж, цаашид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний багийг сонгосон.

Дэлхийн төвшинд хар тамхитай тэмцэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх ямар  хөтөлбөрүүд байдаг вэ ?

Бидний хэрэгжүүлж байгааКолумбадэлхийн 60 гаруй оронд хэрэгжээд үр дүн нь нэлээд өндөр төвшинд тооцогдсон хөтөлбөр. Олон улсын донтолтын мэргэжилтнүүдийн судалгааг нэг дор багцалж түүнээс хамгийн үр дүнтэй аргыг сонгон авч хэрэгжүүлдэг хөтөлбөр. Энэ хөтөлбөр хоёр жил тутамд шинэчлэгддэг. Дэлхийн 60 орчим улс гүрэн шууд авч хэрэглэдэг. Энэ хөтөлбөрт Монгол Улс үндэсний багш нараа бэлдчихвэл ирэх жилээс элсэх боломжтой. Эмчилгээний найман цув­рал хичээлтэй, урьд­чилан сэргийлэлтийн есөн цуврал хичээлтэй. Үүн дээр боловсролын байгууллага нь ямар мэдээллээ өгөх юм, ямар төвшинд урьдчилан сэр­гийлэлт хийх вэ, цагдаагийн байгууллага урьдчилан сэргийлэлт, алба­дан эмчилгээ хийх вэ, эмнэлгийн бай­гууллага юу хийх вэ, ард иргэд хэвлэл мэдээллийн оролцоо ямар байхыг нарийн тусгаж өгсөн хөтөлбөр. Үүнд оролцохгүй нэгж албан байгууллага хувь хүн гэж үгүй. Хүн бүр сэтгэл гаргаж байж ирээдүйдээ амар амгалан байх нөхцөл бүрдэж өгөх хөтөлбөр юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *