Тяньжин руу галт тэргээр нүүрс тээвэрлэж эхэллээ

3-р сарын 27, 2017 8:59 am Нийтлэгч: Ангилал Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 26
3-27-5

Д.ОЮУНЧИМЭГ

Хятад Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон нь манай төмөр зам дагуу оршдог жижиг нүүрсний ордуудыг “моодонд” оруулсан. Уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар “Хятадын антрацитын нийлүүлэлт энэ жил 20 орчим сая тонноор тасалдаж буй учир Монголоос гадна Австрали, ОХУ, Индонезийн сэрлийг хөдөлгөж орхилоо” хэмээн цахим хуудастаа жиргэжээ. Ингэж жиргэсэн нь учиртай.

Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт руу өнгөрсөн пүрэв гариг буюу гуравдугаар сарын 23-наас эхлэн нүүрс тээвэрлэж эхэллээ. Тус өртөөнд өнгөрсөн онд 1.4 тэрбумын шинэчлэл хийж шинэ терминалтай болсноор аймагт үйл ажиллагаа явуулдаг “Штайнколе”, “Алаг тогоо”, “Фриендшип Монголия”, “Чингисийн хар алт” компаниудын тээврийг хийх боломжтой болжээ. Эдгээр компанийн хувьд Олон-Овоо өртөөнөөс 20 км зайд байрладаг бөгөөд хоногт 200-300 вагон нүүрс тээвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн гэж “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа хэллээ.  Тээвэрлэлт эхэлснээр Олон-Овоо өртөө сард найман тэрбум 865 сая төгрөгийн орлого олох боломжтой гэж тооцоолжээ. Өртөөний шинэчлэл нь “Улаанбаатар төмөр зам”-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар нийт дөрвөн тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж байна. Хэдийгээр “Улаанбаатар төмөр зам”-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2018 онд Олон-Овоо өртөөний шинэчлэлийн ажил хийгдэх байсан ч БНХАУ-д нүүрсний үнэ өссөн нь төслийг эрт эхлүүлэх шаардлагатай болжээ.

3-27-5й1

Шинэчлэлийн ажлын эхний шатанд 1.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар нүүрс ачих хоёр замтай тус бүр 400 метр урттай хоногт 300 вагон ачих хүчин чадалтай зам талбайг барьж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр сүүлийн гурван сарын хугацаанд тээвэрлэлт 30 гаруй хувиар өсчээ. Харин дараагийн шатанд хүлээн авах явуулах зургаан зам, вагон жин хэмжүүр, гаалийн бүрэн тохижилттой хяналтын талбай, зам талбайн тохижилт, гэрэлтүүлэг, ажилчдын байр зэргийг 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр байгуулахаар болсон аж.

Харин хоёрдугаар замыг дөрөвдүгээр сараас барьж эхлэх бөгөөд зургаадугаар сард дуусгах юм байна. Терминал бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл хоногт 19500 тонн ачаа тээвэрлэх юм байна. Мөн тус  терминал нь ачиж буулгах хэсэг, авто пүү, нүүрс овоолох талбай, тус бүр нь 40 метр урт төмөр замын салаа замтай бөгөөд нэг ачилтаар 28 вагон ачих аж. Дээрх компаниуд өдөрт гурван удаагийн ачилтаар 84 вагоныг гаргаж буй. Эхний замыг ашиглаж эхэлснээр 20 гаруй мянган тонн ачаа ачжээ.

Ингэснээр урд хөршид экспортлох нүүрс сард 200 мянга, жилд 2.5 сая тонноор өснө хэмээн албаныхан тодотголоо. Цаашлаад гуравдагч орон руу экспортлох, эрчим хүчний нүүрсээ Тяньжиний үнээр буюу  өндөр өртөгөөр борлуулах боломжтой болжээ.

Мөн үеэр “Олон Овоотын өртөөнөөс ачсан нүүрсийг Эрээний олон улсын боомтоор дамжуулан Тяньжин хүргэнэ. Энэ нь олон улсын боомт тул нүүрсийг буулган, дахин ачих шаардлагагүй. Ингэснээр өртөг, хугацаа хэмнэх давуу талтай. Мөн нүүрсний экспортоос олох орлого өсөн, ажлын байр шинээр бий болно” хэмээн Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат онцлов. Ийнхүү Монгол Улс бүтээгдэхүүнээ ямар нэг шат дамжлагагүйгээр, нээлттэй чингэлгээр, Тяньжин хот дахь далайн боомтод шууд хүргэхээр боллоо. БНХАУ-ын ЭСЯ-ны элчин зөвлөх Ян Чин Дун, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нарын албаны хүмүүс өргөтгөсөн терминалын нээлтэд оролцсон юм.

Дашрамд дурдахад, “Олон-Овоо” өртөөг 1974 онд 25 дугаар зөрлөг нэртэйгээр байгуулагджээ. 1987 онд гуравдугаар зэргийн өртөө, МАК компанийн нүүрсний тээвэрлэлт хийж эхэлснээр 2009 онд ачилтын хоёрдугаар зэргийн өртөө болон өргөжсөн байна.

banner3-14

Нийт: 4 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 27

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/tyanzhin-ruu-galt-tergeer-nuurs-teeverlezh-ehellee/ […]

2017 оны 5-р сарын 30

… [Trackback]

[…] Read More Infos here: zms.mn/tyanzhin-ruu-galt-tergeer-nuurs-teeverlezh-ehellee/ […]

2017 оны 5-р сарын 31

… [Trackback]

[…] Find More Informations here: zms.mn/tyanzhin-ruu-galt-tergeer-nuurs-teeverlezh-ehellee/ […]

2017 оны 6-р сарын 4

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/tyanzhin-ruu-galt-tergeer-nuurs-teeverlezh-ehellee/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *