Туулын тархинд тачигнасан моторт хөрөөний жимээр…

3-р сарын 16, 2017 10:54 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб , Шуурхай Мэдээ Уншсан: 12
3-16-4a1

Б.ЭНХЗАЯА

Хан Хэнтийн уулсаас эх авдаг Туул, Онон, Хэрлэн, Хараа, Ерөө гээд томоохон голууд Монгол Улсын хүн амын гуравны хоёр хувийг ундны усаар хангадаг. Тэр дундаас нийслэл Улаанбаатар хотын нэг сая гаруй хүнийг ундаалж буй нь Туул гол. Тиймээс Туул гол төдийгүй Хан Хэнтийн уулс, тэндээс эх авдаг гол мөрөнг, гол мөрөнг тэжээж буй ой тайгыг монголчууд бид нүдний цөцгий мэт хайрлаж, хамгаалах учиртай.

Гэтэл бүхэл бүтэн хотыг тэжээж буй Туул голын эхэнд, улсын хүн амын талаас илүүг тэтгэдэг гол мөрөнг бүрэлдүүлдэг Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраас их хэмжээний мод бэлтгэж байна гэх мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татав.

Туул голын бохирдол, усны нөөц хомсдлын асуудал өнгөрсөн олон жилийн хугацаанд яригдсан ч саяхнаас л өндрөө авч УИХ, Засгийн газрын хэмжээнд хүрсэн. Улсын төсвөөс багагүй хөрөнгө зарцуулан тэмцэж эхэлтэл голынх нь эхэнд мод бэлтгэл нэрийдлээр татраах ажиллагаа явагдаж байна уу гэсэн хардлага төрөхөөр байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ямар зөвшөөрлөөр, хэдий чинээ мод бэлтгэх болов, энэ ажиллагааг хэн зохион байгуулж байгаа, түүнд нь тавих хяналт хэр байгаа зэргийг тодруулахаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрыг зорилоо.

МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ БАЙГАЛЬ СҮЙДЭХ НЬ БИДЭНД ХАМААГҮЙ

Улаанбаатар хотоос гарч Налайх дүүргээр дайран Тэрэлжийн гүүр оров. Тэрэлжийн гүүрнээс Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар эхэлж буй. Түүнээс цааш давхисаар Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын заагт хүрээд манай сурвалжлах баг зогслоо. Уг хилийн зааг бол Төв аймгийн Эрдэнэ сумын II багийн газар нутаг. Биднийг хүнд даацын автомашинуудад мод ачиж буй залуус угтав. Тэднийг тойруулан их хэмжээний цагаалсан мод буулгажээ. 10 гаруй хүн хоёр машинд зэрэг мод ачиж байв. Жолооч нар нь машиныхаа бүхээгт сууна. Цас хаялсан, шуургатай байснаас хоёр залуу ил гал асааж, цай чанаж байснаа биднийг харуут асгачихав. Тэднээс хэдхэн алхмын цаанаас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газар эхэлж буйг илтгэх самбар харагдана. Яг дэргэд нь жижгэвтэр байшингийн модон рам зангиджээ. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын пост гэнэ. Мод ачиж буй залуусаас хаанахын ямар компанийн ажилтнууд болох, хэзээнээс ажил нь эхэлсэн тухай асуувалМэдэхгүйгэхээс өөр зүйл хэлсэнгүй. Удтал шалгаасны эцэст ахимаг насны эрБид амьдралаа залгуулахын төлөө энд ажиллаж байна. Өглөө мод ачих ажил байна гэхээр нь хүрээд ирсэн. Хаанахын ямар компанийг мэдэхгүйгэв. Хаана, хэний захиалгаар ажиллаж байгаагаа мэдэхгүй эрсэд байгаль орчны асуудал хамаагүй болсон эсэхийг лавлавал мөнгө л олж байвал юу ч хамаагүй хийх цаг болсон гэж нэг залуу цаанаас дуугарав.

Уулнаас цагаалж ирсэн модод хэдэн арван машин болохоор харагдана.

Ямартаа ч тэдний хэлснээр ганц, хоёр өдрийн ажил гэж хэнд ч харахааргүй байв. Уулнаас цагаалж ирсэн модод хэдэн арван машин болохоор харагдана. Замын хоёр талаар эгнүүлж, машин ачихад бэлэн болгожээ. Модны холтос газраар хөглөрнө. Хот руу ачихаас өмнө постны дэргэд холтослодог бололтой. Холтослосон моддоо хүнд даацын шалаанз, маяти машинаар хот руу тээвэрлэдэг юм байна. Хаанахын ямар компани, зөвшөөрөлтэй эсэх мэдээллийг ажилтнуудаас авч чадаагүй учир дүгнэж хэлэхэд эрт. Харин нойтон мод бэлтгэх нь эрүүгийн хэрэгт татагдах хүртэл хуультайг хэн бүр мэднэ. Гэтэл шалаанзад ачсан моддын дунд нойтон хуш хэд, хэд харагдлаа. /Зурагт үзүүлэв/. Түүгээр зогсохгүй Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын барьж буй постны дээд хэсгийг нойтон хушаар зангидсан нь харагдав. Хуурай моддын дунд нойтон мод хавчуулсан, дээрээс нь хууль сахиулагч байгууллага нь нойтон модоор постоо барьж байгаа явдал хууль ёсных мөн үү.

Уулнаас ачиж ирсэн, хот руу ачиж байгааг хянах ямар нэгэн албан тушаалтан тэнд байсангүй. Байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нар хянах учиртайг нутгийнхан хэлж байв. Гэвч биднийг очих үед тэдгээр хүмүүсээс нэг нь ч ирсэнгүй.

ХАН ХЭНТИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРААСЭБЭКОМПАНИ МОД БЭЛТГЭЖ БАЙНА

Бэлтгэсэн модоо нийслэл рүү тээвэрлэхээр 10 гаруй залуус мод ачиж байв.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын постыг нойтон хушаар зангиджээ.

Постоос цааш 20 орчим кмийн гүнээс мод цагаалж байгаа аж. Уг үйл явцыг сурвалжлахаар бид цааш хөдлөв. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар уул хад ихтэй учир зам хэцүү, Туул голын мөсөн дээгүүр тээвэр хийдэг юм байна. Цаг агаар наашилснаас гол дээгүүр халиа гүйжээ. Гол дээгүүр мод тээвэрлэсэн  хүнд даацын машины мөр илт харагдана. Машины мөрөөр голын мөс цөмөрсөн хэсэг нэлээд байв. Тийнхүү мөсөн дээгүүр 10 гаруй км явсаар Хаг Туулын бэлчирт хүрэв. Уулын олон булаг шандаас бүрдэлдсэн жижигхэн Туул гол Хагийн голтой ирж нийлдэг хэсэг юм байна. Хаг Туулын бэлчрээс холгүйхэн мод ачсанЗИЛ-131” машины жолоочтой тааралдав. Дугуй нь хагарснаас ийн зогсчээ. ТэрээрЭБЭкомпанийн гэрээт ажилтан гэж өөрийгөө танилцуулав. Сар шинийн баярын өмнө гурав, дөрөв хоног мод бэлтгээд буусан. Баярын дараа гарч ирээд гурав хонож байгаа гэв. Тэрээр бас унасан, хуурай модыг л бэлтгэж байгаа гэлээ.

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газраасЭБЭгэх компани мод бэлтгэж байгаа юм байна. Тэд тусгай хамгаалалттай газрын Зуухт, Цахир цагаан чулуут гэх нэртэй хоёр ууланд отог гарган ажиллаж байхтай таарав. Цахир цагаан чулуут ууланд компанийн ажилтнуудын хоёр отог гарчээ. Харин Зуухт ууланд бидний харснаар дөрвөн отог байрлаж байв. Тэд Зуухт уулын арын шил дээр мод бэлтгэж байна. Нэг отог 3-4 хүнтэй бололтой. Нэг отгийнхон бололтой гурван залуу моторт хөрөөгөө засч байхад нь явж очив. Бас л саяхнаас ууланд гарсан гэнэ. Компани нь ойн цэвэрлэгээ хийж мод бэлтгэх зөвшөөрөлтэйг гэж хэлэхээ тэд мартсангүй. Тэд өнгөрсөн жил Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт ойн цэвэрлэгээ хийж мод бэлтгэжээ. Нөхөн сэргээлт хийгдсэн эсэхийг лавлавал хараахан хийж амжаагүй байгаа гэв. Тэдний отогийн үүдэнд шинэхэн хожуулууд харагдана. Саяхан унагаасан хуш бололтой. Цагаалж амжаагүй, ногоон саглагар мөчиртэй нь унагаагаад орхисон хуш, бас цагаалчихсан хушны дэргэд газраар хөглөрсөн ногоон мөчрүүд, энд тэнд моторт хөрөөний дуу тачигнахаас өөр чимээ аниргүй Зуухт уул ийнхүү угтсан юм.

Үргэлжлэл бий.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *