Туулын дагуух гүний худгуудыг сүлжээнээс салгажээ

3-р сарын 14, 2013 10:21 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 582
Тунгалаг Туулын минь рашаан нийслэлчүүд биднийг лав 390 гаруй жил тэтгэсэн. Сүүлийн гурван жилд Яармагийн гүүрээс Сонгины гүүр хүртэл Туулын ус тасрах болсон.

Д.БАТТОГТОХ

Тунгалаг Туулын минь рашаан нийслэлчүүд биднийг лав 390 гаруй жил тэтгэсэн. Сүүлийн гурван жилд Яармагийн гүүрээс Сонгины гүүр хүртэл Туулын ус тасрах болсон. Энэ нь арьс ширний үйлдвэрүүд болон цахилгаан станцууд, хог хаягдал болон хайрга, элсний үйлдвэрүүд гээд олон шалтгаантай холбоотой. Урсац бүрдэх шар усны үерийн дараа хур тунадас ортол ус нь тасарч,  нөхөн урсаж дийлэхгүй дутагдалд ордог гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

ХЭНЭГГҮЙГЭЭС ҮҮДЭЛТЭЙ ХОГ

Цас мөс ханзарч, хайл­­магтсан цагаар Туулын эрэг дээр очиход  өнөөх л хог сэтгэл сэмлэж  орхилоо. Архи, пивоны шил, лааз бут ёроолдож, гялгар тор хийсч, хугалж хаясан бургасны мөчрүүд энд тэндгүй хөглөрч, цемент  барилгын  үлдэгдэл гээд голын мөсөн дээгүүр сүлжих машин, тэрэг булан тохойн  бурга­ан дундуур холхилдоод их хотын гудамжинд явж буй мэт дүр зураг тусах нь хамгаалах эзэнгүй соц нийгмийн үеийн өмч л ийм байдлаар завсар гарч сүйрсэнтэй төстэй санаг­дана. Туул гол дэлхийн хамгийн их бохирдолтой долоон голын нэг болж бүртгэгджээ. Мөн Улаан­баатар хотын ундны усанд агуулагдаж буй ураны агууламж маш өндөр гарсан талаар “АНУ-ын Science of the Total Environment” сэтгүүл болон www.ncbi.­nlm.nih.gov цахим хуудаст бичжээ. “Туулын нэртэй холбогдсон арав гаруй байгууллага хэдэн оюу­тантай нийлж хааяа нэг цэвэрлэдэг боловч эргээд харахад л хог ургаа юу даа гэлтэй дүүрчихсэн байдаг юм” хэмээн “Тун­гаа”  ТББ-ын тэргүүн Д.Лхагва­дорж  хэлж билээ.

 

ХЭТЭРСЭН ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯНА

 Ер нь алт, зэс, нүүрс гэсэн ашигт малтмалын нөөц тогтмол байдаг бол усны нөөц хувьсаж, нөхөн төлжиж, дутагдаж байдаг чанартай юм билээ.  Даанч  нийслэлчүүд бид ашиглаж болох хэмжээнээс нь хэтрүүлэн хэрэглэсээр тасрахад хүргэдэг. Орон сууцны суултуурын усыг нэг татахад арав гаруй литр ус урсдгийг таван литр болтол хэмнэх боломж бий гэдэг. Сэтгэл байвал  хэмнээд хянаад байж болох гэнэ. Туул гол минь нийт 704 орчим км урсдаг амин эх булаг юм. Улаанбаатарчууд бид го­лынхоо  дөрвөн эх үүсвэ­рээс Гачууртаас Сонгино хүртэл хоногт дунджаар 150-170 мкуб  орчим ус хэрэглэсээр  мөн төдий хэмжээний бохирдсон усыг тодорхой стандартад нийцсэн үед эргүүлэн ний­­­лүүлэн  урсгадаг бай­на. Хотын их төвлөрөл болон барилгажилтаас болж усны хэрэглээ өдөр ирэх бүр өссөөр. Энэ байд­лаараа үргэлжилбэл 2017 онд нөөц шавхагдана хэ­мээн судлаачид тооцжээ. Ядаж Туул голд нэмэр болдог Улиастай, Дунд гол болон Сэлбэ голыг сэргээх төсөл эрх мэдэлтнүүдийн балгаар таг зогссон байна.

 

ХУДАГ БҮРТ ЭНГИЙН ТООЛУУР ХЭРЭГТЭЙ

Улаанбаатар хотод 3000 гаруй гүний худаг байдгаас Ус сувгийн удир­дах газрын мэдэлд 550 орчим, үлдсэн хэсэг нь хувийн эзэмшилд байдаг бололтой. Нэгэнт л өмч­лөөд авсан юм чинь усаа уух, луувангаа идэхээ хэнээр заалгах юм хэмээн бодож болно.  Гэвч хуульд мэдээж өмчлөөд авсан газар нь тухайн аж ахуйн нэгж, хувь хүний өмч бо­ловч газрын хэвлий дэх ус болон ашигт малт­мал ул­сын өмч болохыг заасан. Туул гол Алтан тэвшийн хөндийгөөс сэлбэгдэж бай­даг. Энэ савнаас өчүү­хэн жижиг хэсгийг ахуйн хэрэг­цээн­дээ авсаар тоо­ныхоо олноор ихсэх ба нөгөө талаар бохирдлын голомт үүссээр цаашид Алтан тэвшийн хөндийд байгаа ай сав өөрөө бо­хирдох аюул нүүрлээд бай­на. Ийм ч учраас усаа хэмнэх хамгийн энгийн арга бол усны тоолуурын хэрэглээг нийтэд хэвшил болгох нь чухал хэмээн мэргэжилт­нүүд үзэж бай­на. Бас нэгэн зөрчилтэй зүйл нь хуулиа сайн суд­лаа­гүй­гээс худгаа эхэлж гаргаад дараа нь зөвшөөрлөө хөө­цөлддөг. “Туул гол дагуу 170 гаруй гүний худаг байдаг ч “Скай ресурс”, “Суруга Монгол”, “Дүн­жин­гарав” болон “Наран­туул” захын ойролцоох худгуудад бо­хирдол үүссэн учир сүл­жээнээс салгаж тухайн аж ахуйн нэгжүүдэд шил­жүүлсэн” гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Туул голын сав газрын захиргааны ахлах мэргэ­жилтэн Я.Болд­баатар ярилаа.  Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гурван жилд нэг удаа  200 байгууллага хайгуул, өрөмд­лөг, худаг гаргах хүсэлт илгээж, аттестач­лалд ордог ажээ.

 

ГОЛЫН ХАЙРГА БАРИЛГЫН СТАНДАРТАД ТААРДАГГҮЙ

Элс хайрга, олборлогч аж ахуйн нэгжүүд олон нийтийн эрх ашгийн төлөө хууль, ёс зүйгээ сахих ёстой ч эсрэгээр хандах нь их. Нийслэлийн засаг даргын захирамжаар 84 компанийн элс хайрганы зөвшөөрлийг цуцлаад байгаа боловч тэд нөхөн төлбөр авах ёстой хэмээн шантаажилсаар  олбор­лолтоо эхлүүлэх бодолтой суугаа бололтой. Хууль эрх зүйн акт нь гарсан ч одоог хүртэл шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжид хариуцлага тооцож  чаддаггүй гэнэ. Байгаль хамгаалах сан­гийн тэргүүн Ш.Пүрэв­сүрэн “Дэлхий дээр зөвхөн Монгол Улс голынхоо хайргыг ухаж барилгадаа хэрэглэдэг. Голын хайрга барилгын стандартад таардаггүй юм. Хайрга усаа татаж байдаг бөгөөд хайрга дуусвал ус үгүй болно. Хайрга ус хоёр салшгүй холбоотой байдаг юм” гэлээ.

1 Сэтгэгдэлтэй

Kelli
2016 оны 12-р сарын 1

I’m rellay into it, thanks for this great stuff!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *