“Төсвийн тодотгол валютын санд таалагдах ч хөрөнгө оруулагчдад ээлгүй”

4-р сарын 10, 2017 9:35 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Парламент , Улс төр Уншсан: 13
4-10-4

С.УЯНГА

Баасан гаригийн үдээс өмнө байнгын хороодыг шахаж хуралдуулснаар үдээс хойш 15:00 цагаас чуулган эхлэв. Чуулганы эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын банк санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэрээрОлон улсын болон бүс нутгийн 74 байгууллага, сан, холбоонд нэгдэн орсноос 12 нь олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллага байна.Монгол Улс эдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагын гишүүн болсноор зах зээлийн шаардлагад нийцсэн санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулах, эдийн засгийн институцийн үндэс суурийг бий болгохын зэрэгцээ эдгээр байгууллагаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болон институци, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх техникийн тусламж авах үүд хаалга нээгдсэн юмгэдгийг онцоллоо.

Үүний дараа Нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж  дэмжлээ. Энэ үеэр зарим гишүүд төсвийн тодотголтой холбоотойгоор долоон төрлийн татвар, НДШ, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн зүйлд шүүмжлэлтэй хандсан юм.

М.Оюунчимэг:

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг дэмжихгүйЭнэ удаагийн тодотголоос харахад хувь хүний орлогын албан татвар нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, НДШ төлдөг бүлгийнхэнд хамаарч байгаа. Хоёр ч төрлийн татвар нь нэгэн зэрэг нэмэгдэх болж байна. Бүгд орон сууцны зээлтэй, юугаараа амьдрах вэ.

Д.Эрдэнэбат:

Татвар, НДШийг нэмэгдүүлэх нь хувийн хэвшил, үйлдвэрлэгч нарт асар том дарамт болж байгааг эрх баригчид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэтгэврийн насыг уртасган 65 болгож , хүүхдийн мөнгөний хамрах хүрээг хумьж 40 хувь болгож ялгавартай олгож болохгүй. Монгол Улс өнөөдрөөс эхлээд санхүүгийн эрх мэдлээ гадны байгууллагад, ОУВСгийн мэдэлд өгч байгаад харамсч байна. Танхимд та бүхэн олуулаа байж болох ч гадаа үйлдвэрлэгчид,ард иргэд нэг талдаа олуулаа болох эрсдэл бий болчихсон байна.

Х.Баделхан:

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь эдийн засаг хүндрэлтэй үед дарамт учруулна. Төсвийн байгууллагад хүндээр нөлөөлөхгүй. Уул уурхайнханд том нөлөөлөхгүй. Хөнгөн үйлдвэрийнхэнд хүнд тусна. Хугацааг нь анхаарах хэрэгтэй.

Ж.Батзандан:

Зургаахан сарын өмнө баталсан төсвийн бүх үзүүлэлт буурч, дордож орж ирсэнд бухимдаж байгааг бүх гишүүд хэлж байнаЭдийн засгийн ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа бол яагаад үзүүлэлт буураад байна вэ. ОУВСаар бамбай, халхавч  хийхээ болъё. Төсвийн үндсэн үзүүлэлтээ өмнөх төсөвтөө баръя. Валютын санд таалагдах ч хөрөнгө оруулагчдад таалагдахгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь бизнесменүүдийг дарамталж байна.

Б.Баттөмөр:

Зардлыг бууруулах замаар төсвийн алдагдлыг буруулна гэсэн ойлголттой байна. Эдийн засгийн өсөлтийг 0.2 хувиар төсөөлж болохгүй, дахин тооцох ёстой. Татвар нэмж байгаа учраас урсгал зардлыг нэмэх боломжгүй гэдэг дээр тохирч байгаа. Зургаан их наяд төгрөгийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр УИХ, Засгийн газар  ажиллах шаардлагатай. Маш их боломж байна. Ашигт малтмалыг нэг цонхны бодлогод оруулж, нэг үнээр явуул. Нэг гэрээ хийгээд цаашаа аж ахуйн нэгж нь экспортолдог юм руу явах хэрэгтэй. Хүн бүр дур дураараа гэрээ хийж болохгүй. Зардлын реформыг хийх ёстой. Юуг нь менежмэнтийн гэрээгээр ажиллуулах вэ, юугаа хувьчлах вэ гэдгээ цэгцлэх. Монгол Улсын эдийн засагт барих, шилжүүлэх концесс байх ёсгүй, ойрын жилүүдэд хязгаарла.

З.Нарантуяа:

ОУВСтай хийх гэрээнд заавал төсөвт тодотгол хийж байна энэ хөтөлбөр хэрэгжинэ гэсэн заалт байгаа юу. Төсвийг тодотгохдоо заавал Төсвийн хүрээний мэдэгдлээ муутгаж хийх шаардлагагүй гэж харж байна. Тийм боломж ч байна. Тогтвортой байдлын хуулийн тусгай шаардлагыг мөрддөг хугацаагаа 2024 он болгох шаардлага байхгүй.

Т.Аюурсайхан:

Тэтгэврийн насыг 65 хүргэхээр хатуу хуульчилан тогтоосноос сонголтыг нь өгчих. Хүссэн нь 60 насандаа тэтгэвэртээ гараг, цааш ажиллая гэсэн нь 65-тайдаа тэтгэвэртээ гарч болно. Нийгмийн даатгалын сан дампуурчихсан нь үнэн. С.Эрдэнэ буруутай. Энэ тухай баримт дэлгэнэ.

Төсвийн тодотголыг хэлэлцсэний дараа Төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Мөн “Зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж батлав.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *