Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөлд 1.2 их наядыг зарцуулна

10-р сарын 15, 2018 11:52 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 14
10-15-3й1
Бүтээн байгуулалтад шаардлагатай нийт төсөвт өртөгийн 47.8 хувийг нь санхүүжүүлэхээр төсөвт тусгасан байна. Магадгүй энэ нь зардлаа танаж буй нэг хэлбэр хэмээн төсөв батлагчид тайлбарлах байх. Гэхдээ царцсан барилга “гэсэх” үед илүү их зардал гардгийг эдийн засагчид сануулж байна.

Д.ОЮУНЧИМЭГ

Монгол Улс ирэх онд хэдэн төгрөгийн орлого олох вэ. Түүнийгээ хэрхэн зарцуулах вэ гэдгийг тун удахгүй батална. 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сард баталсан. Энд нэгдсэн төсвийн 2019 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 25.6 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 10.9 их наяд буюу ДНБ-ий 31.7 хувь байхаар тооцсон байдаг. Ингэснээр төсвийн алдагдал -2.1 их наядтай тэнцэж буй. Гэхдээ эдийн засгийн идэвхжилийг дэмжих, эрэлтийг тэлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулан өрхийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагын улмаас төсвийн нийт зарлага өсөхөөр байгааг албаны эх сурвалж хэлж байв. Тиймээс төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчилж магадгүй хэмээсэн хэрэг. Бүр тодруулбал, ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9.6 их наяд, зарлагын дээд хэмжээ 11.5 их наядад хүрч төсвийн алдагдал -1.9 их наяд төгрөгт хүрнэ гэж тодорхойлсон байна. Энэ дүр зургаас харвал сонгуулийн жилийн өмнөх оны төсөв хөөс ихтэй, сонгуульд зориулсан хэмээн шүүмжлэл дагуулж байгаа юм. Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн долдугаар зүйлд “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,217,550.8 сая төгрөгөөр баталсугай” хэмээн заажээ. Хэдийгээр 1.2 их наядыг хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжид зарцуулна гэж байгаа ч төсөвт өртөг нь 2.5 их наядыг зарцуулах төсөл хөтөлбөрүүд юм байна. Өөрөөр хэлбэл, нийт төсөвт өртөгийн 47.8 хувийг нь санхүүжүүлэхээр төсөвт тусгасан байна. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайдаас эхлээд бүх яамд, АТГ, УЕП, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Ерөнхий аудитор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нарт 1,217,550.8 мянган төгрөгийг хуваарилжээ. Эл санхүүжилтээс БХБ-ын сайдын багцад 90,821.0 мянган төгрөгийг шийдвэрлэхээр тусгасан байна. Тус яамны хувьд 270,966.2 мянган төгрөг шаардлагатай. Нийслэлчүүдийн бухимдлыг ихээр төрүүлдэг зүйлийн нэг нь авто зогсоол. Тэгвэл ирэх жилийн төсөвт Баянгол дүүргийн зургадугаар хороонд автомашины нийтийн эзэмшлийн зогсоолын барилгыг барих санхүүжилтийг нь төсөвт суулгажээ. Уг зогсоолыг барихын тулд хоёр тэрбум төгрөг шаардлагатай хэдий ч нэг тэрбум 250 сая төгрөгийг нь төсвөөс санхүүжүүлэхээр болсон байна. Магадгүй нийт төсөвт өртгийнх нь 62.5 хувийг олгосон учраас гэрээний хугацаанд ажлаа хүлээж авахыг шаардах биз. Гэтэл санхүүжилт дутуу учраас гацчихлаа хэмээн гүйцэтгэгчид тайлбарлана. Энэ мэтчилэн асуудал үүсэх нь дамжиггүй. Харин төсөв батлагчид эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгож, зардлаа танах, бүсээ чангалахыг уриалсан хэвээр. Эдийн засагч Л.Оюун “Төсвийн төслөөс харвал барилга байгууламжид нэлээд хөрөнгө зарцуулахаар тусгажээ. Гэхдээ нийт өртөгийн 50 хүрэхгүй хувийг нь санхүүжлэхээр бүтээн байгуулалт гацах эрсдэлтэй. Үүнийг дагаад өртөг зардал өсөх хандлага бий. Тиймээс төсвийн зардлыг бууруулахдаа ирээдүйд зардал өсөхгүй байх арга замыг эрэлхийлэх нь чухал юм” гэлээ. Түүнчлэн төсөв батлах үедээ бүтээн байгуулалтаа хойш тавьж, тойрогтоо “очков” авах гэсэн хүсэл тэмүүлэлдээ автах вий гэх болгоомжлол байгааг эдийн засагчид онцолж байна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *