Төрийн өндөрлөгүүдийн эдийн засгийн форумд илгээсэн мессеж

5-р сарын 21, 2018 3:08 pm Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Эдийн засаг Уншсан: 33
z9

С.САРУУЛ

“Монголын эдийн засгийн чуулган – 2018 “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд үргэлжилж байна.  Төрийн тэргүүнүүдээс гадна, сайд дарга, хувийн хэвшил, аймгуудын Засаг дарга нар оролцож өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж буй форумын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нар үг хэллээ. Харин Ерөнхийлөгч маргааш /2018.05.22/  чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээж үг хэлнэ.

Ингээд Монголын эдийн засгийн форумд төрийн өндөрлөгүүдийн илгээсэн мессеж юу байв.

УИХ-ын дарга М.Энхболд: Боломждоо тулгуурлан, хүчээ нэгтгэн ажиллахыг  уриалъя

-Өнөөдрийн чуулга уулзалт Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү хандаж эхэлсэн үед болж байгааг зориуд онцлон хэлэхийг хүсч байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголын хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэрийн дийлэнх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гаднынхны сонирхолд нийцсэн, Монголын эрх ашигт зохицсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент байгуулагдахдаа юуны түрүүнд төсвийн цэгцтэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн анхны зорилтыг тавьж байсан. УИХ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Засгийн газар төдийгүй орон нутагт эдийн засгийг сэргээх чиглэлээр хэн, юу хийх ёстой вэ гэдэг маш тодорхой зорилтыг баталсан. Олон улсын байгууллагууд, ОУВС, хандивлагч улс орнуудтай бүрэн ойлголцож, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсад тулгамдсан өр зээл, төсвийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг гэтлэн давах, гадаад орчинд Монголыг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.

Хасах 1.2 хувийн уналттай байсан эдийн засаг сүүлийн 6 сарын дотор 6.1 хувийн өсөлттэй болж чадлаа. Бид 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай улс орон гэж зарлагдаж байснаа 180 сая ам.долларын хөрөнгө оруулалттай болон уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байсан үеийг мартах учиргүй. Өнөөдөр бид энэ үзүүлэлтийг 2.3 тэрбум ам.доллар болгож чадлаа.

Цаашид төсвийн болон гадаад өр төлбөр, зээл, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зохистой бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Макро эдийн засгаас гадна микро эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох, микро эдийн засгийн суурь асуудлуудад анхаарлаа хандуулах нь хууль тогтоох байгууллагын ойрын үеийн зорилтын нэг байх ёстой. Дэлхийн банкнаас гаргадаг засаглалын индексийн судалгаагаар Монгол Улс засаглалын хувьд сүүлийн 10 жилд тодорхой амжилт олсон байна гэсэн үнэлэлт өгсөн байна. Харин хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлэн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрхзүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно. Эдийн засгийн энэхүү форум Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг хооронд нь уулзуулж, танилцуулсан, олон олон шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлсэн үр дүнгээр өндөрлөөсэй гэж би хүсч байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогодоо дахин алдаа гаргахгүйгээр, бий болгосон боломждоо тулгуурлан, хүчээ нэгтгэн ажиллахыг энэ хүндтэй индрээс Та бүхэндээ, нийт монголчууддаа хандан уриалъя.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон

– Бид өмнөх алдаа оноогоо дэнсэлж, цаашид бодлогоо зөв зүйтэй, тогтвортой авч явах вэ гэдгийг ярилцаж дотооддоо ойлголцон, шийдлүүдээ хэрэгжүүлж эхлэх нь маш чухал.  Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон.

Бид дотооддоо бодлогоо, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна. Бид урагшаа харж, өрсөлдөх чадвар бүхий эдийн засагтай, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн  хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, бүр манлайлж алхах нь туйлын чухал байна.

–  Монголтой бизнес хийж болж байна, бизнес хийж болно гэдгийг гадны түншүүддээ тодотгож хэлье. Бид хуулийн хүрээнд асуудлаа шийддэг, байгуулсан гэрээгээ биелүүлдэг. Энэ оны эхний байдлаар худалдаа, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах салбар 35 хувиар өсч, эдийн засгийн бодит өсөлт 6.1 хувьд хүрч, гадаад валютын нөөц 3.2 тэрбум долларт хүрээд байна.

–  Миний тэргүүлж байгаа Засгийн газар 2.8 их наяд төгрөгийн өрийг барагдууллаа. Энэ бол түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх нэг төрлийн амжилт. Үүнийг Та бид хамтдаа хийж чадсан. Бид бизнес эрхлэгчид ажлаа хэвийн явуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, макро эдийн засгийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч байна.

–  Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг илүү сайжруулах, шударгаар татвар төлөгчийг дэмжин татварын зардлыг бууруулна. Бид ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хамтдаа энэ бүхнийг хийх болно. Монгол Улсын Засгийн газрын нүд, чих та бүхний өмнө үргэлж нээлттэй. Миний зүрх, сэтгэл Монголоо гэсэн Та бүхэндээ ямагт нээлттэй байгааг хэлье.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *