Төрийн өндөрлөгүүд реформ хийхийг уриалсан намрын чуулган

10-р сарын 2, 2018 9:23 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 14
10-2-4

Т.БАТСАЙХАН

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ.  Хүлээлт үүсгэсэн олон асуудлыг энэ намрын чуулганаар хэлэлцэх ёстой. ЗТХ-ийн сайд  Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх, Хэнтийн нөхөн сонгуулийн асуудал,  Үндсэн хуулийн өөрчлөлт, АТГ-ын даргын асуудал ч орж  ирнэ.  Үүн дээр намрын чуулганы үед батлахаар 24 хуулийн төслийг оруулж ирээд байгаа.   Тэгэхээр энэ намрын улс төр нэлээд ширүүн болох нь тодорхой байна.   Өчигдөр  чуулганы индэр дээрээс хэлсэн Төрийн өндөрлөгүүдийн үгнээс ч тиймэрхүү  уур амьсгал анзаарагдаж байв.  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар үг хэлж, зарим асуудалд санал нэгдэж байлаа.  Тухайлбал, тэд Монголын улс төрд реформ хийх цаг нь болсон. Энэ өөрчлөлтийг Үндсэн хууль, төрийн тогтолцоогоо шинэчлэхээс эхлэх учиртай гэж байв.   Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс системийн хямралд нэрвэгдсэн нь тодорхой болж байна. 1992 оноос хойш бүрэлдсэн улс төр, засаглалын тогтолцоо маань Монголын нийгмийн асуудлуудыг шийдэх, зохицуулах чадвараа бүрмөсөн алджээ. Хүмүүстээ биш, намдаа биш тогтолцоонд бүх асуудал байна.  Тиймээс та бид хамтран тогтолцоондоо бүхэлд нь реформ, эрс шинэчлэл хийхгүй бол сонгуулиар амласан амлалт чинь хэзээ ч биелэхгүй. Эдийн засагт ямар ч нааштай өөрчлөлт гарахгүй, Монголын төр үхээнц, хариуцлагагүй, нүсэр, үрэлгэн, төрийн алба нь намын хавсарга алба хэвээр үлдэх болно. Тиймээс реформыг нэн яаралтай хийх  шаардлагатай байна” гэлээ.  Харин УИХ-ын дарга М.Энхболд “Бүх шатны сонгууль явцуу зорилго, мөнгөний хамааралтай болж. Зөв бодлого, итгэл даах үнэ цэнэ, мэдлэг туршлагын үнэлэмж алдагдаж байгааг бүгдээрээ л харж байна. Үүнд хэн нэгнийг буюу аль нэг улс төрийн хүчнийг буруутгаж, яллахыг оролдсоноор асуудал шийдэгдэхгүй. Харин эрх зүйн дорвитой өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлэх нь чухал байна.  Өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоонд тохиож буй саад бэрхшээл, хөгжлийн бодлого, хариуцлагатай, шударга засаглалыг төлөвшүүлэх зорилтыг хангахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь зөв гэдэгт иргэдийн дийлэнх нь санал нэгдэж байгаа. Зайлшгүй шаардлагатайг хийхгүйгээр хэзээ, хэн хийнэ гэж хүлээж суух вэ. Хойш тавих тусам хожигдох эрсдэл ихэснэ” гэж байлаа.  Ийнхүү төрийн өндөрлөгүүд реформ хийхийг уриалсан намрын чуулган үүдээ нээлээ.  Өнөөдрөөс Монголын улс төр улам өрнөлтэйгөөр үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *