Төрийн ордны сүрийг дарсан зочид буудал

9-р сарын 28, 2017 10:09 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй , Шуурхай Мэдээ Уншсан: 18
9-28-4

М.БААСАНДЭЛГЭР

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн өргөтгөл нэртэйгээр анх баригдаж эхэлсэн долоон давхар байшин нь 17 давхар болон сүндэрлэсэн. Гэвч хууль дүрэм, барилгын стандарт зөрчиж байна гэсэн хэл ам дагуулаад, жил тойрлоо.

2010 оны зургадугаар сард Хотын Ерөнхий архиетиктурын баталснаар, нэгээс долоон давхар ХИС-ийн спорт заал, сургалтын барилга гэсэн нэртэй байв. 2016 оны дөрөвдүгээр сард тууз хайчлахдаа “Пума” зочид буудлын байр болж хувирсан юм. Тус барилга нь ХИС-ийн өргөтгөл буюу хичээлийн IV байр нь мөн. Гэхдээ дээрээ зочид буудалтай их сургууль болж таарсан.

Одоогийн байдлаар “IMPERIAL HOTEL” гэсэн хаягтай 17 давхар барилгын нэг давхарт энгийн оюутан оромгүй үнэтэй кофе шоп ажилладаг.

Наймдугаар давхар хүртэл ХИС-ийн номын сан, доктор магиструудын уншлагын өрөө, долоон хичээлийн танхим, дөрвөн лекцийн танхим, хоёр техникийн өрөө байрлана. Оюутнууд хуваарийн дагуу хичээлдээ суудаг. Харин аравдугаар давхартаа фитнесс клуб, 11-15 дугаар давхартаа зочид буудал, 16 дугаар давхартаа VIP өрөөнүүд, 17 давхартаа ресторантай бүх үйлчилгээндээ ойр цогц сургууль гэж хэлж болно. Хамгийн дээд давхарт нь тухлан зоог барингаа Төрийн ордны дээрээс эхлээд хотын төвийн баруун талыг бүхэлд нь харах боломжтой. Гэхдээ энэ нь улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тухайлбал дэлхийн жишигт парламентын ордныхоо хажууд төрийн ордны сүрийг дарах, түүнээс өндөр барилга эргэн тойронд нь барихыг хориглосон жишиг нийтлэг байдаг. Манай хуульд тийм заалт байхгүй учраас ийнхүү Төрийн ордонтой хаяа нийлүүлэн сүндэрлэсэн бололтой.

Сүүлийн үед ХИС-ийн өргөтгөлөөс тансаг зочид буудлын барилгын тар танигдаж, өнгөрсөн наймдугаар сард 17 давхраас нь цахилгаан шат унаж, найман хүн битүү доргилт авч хүнд, хөнгөн бэртэл авсан. Тухайн үед яг юу болсон талаар НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн, барилгын техник хяналтын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгээс тодруулахад “Цахилгаан шат 1.75 метр секундын хурдтай явж байгаад моторын эргэлт тоологчийн мэдээлэл алдагдсанаас давхраа алдсан. Үүнээс болж иргэн Э-гийн баруун өвдөг зөөлөн эдийн урагдалтай гэсэн онош гарсан. Мөн иргэн М-ийн нуруундаа гэмтэл авч, сэртэнгийн асуудалтай гэх албан бус мэдээлэл байгаа. Гэмтсэн иргэдийн цахилгаан шатыг хийсэн “Хандок” компанийн зүгээс бүх зардлыг гарган эмчлүүлсэн. Хүний эрүүл мэнд хохирсон хэрэг учраас цагдаад шилжүүлсэн. Одоогоор тодорхой хариу өгөөгүй байна. Хэрэв цагдаагаас хэрэг буцаагдвал зөрчлийн хуулиар 3000-300 мянган төгрөгөөр торгоно” гэв. Харин “Пума” зочид буудалд хэн хариуцлага тооцох вэ. Цахилгаан шат унана гэдэг торгоод өнгөрөх асуудал биш болов уу.

Бас нэг асуудал нь барилга барихад хамгийн гол шаардлагын нэг нь газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар юм. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаарч, нэг цэгт гэхэд л олон зуун давталттай чичирхийлэл мэдрэгдэх болсныг мэргэжлийн хүмүүс сануулсаар байгаа. Газар хөдлөлтийн нормд барилгын тав хүртэл давхрыг тоосгоор барихыг зөвшөөрдөг. Түүнээс дээш давхарт хориотой байдаг. Гэтэл энэ барилгыг 17 давхар хүртэл нь тоосгоор барьжээ. Тэгвэл 2015 онд НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч А.Мягмаржав, Барилгын тэнхлэг хазгай байгаа учраас тэнхлэгээ хэмжүүл, бетоны бат бөхийг шинжилгээгээр тогтоолго, зураг хийсэн хүмүүсийнхээ дүгнэлтийг авчир, гэсэн шаардлага өгч байсан удаатай.

Энэ асуудлын талаар “Пума” зочид буудлын менежерээс тодруулахаар уулзахад “Мэдээлэл өгөх боломжгүй, мэдээлэл өгөх хүн байхгүй” гэхээс өөр тайлбар өгсөнгүй.

medee-dund

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *