Төрийн эргэлтийн оролдлого “султан” Р.Эрдоганы байр суурийг бэхжүүллээ

7-р сарын 18, 2016 9:47 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Тойм , Халуун цэг Уншсан: 69
7-18-5

Б.БАРС

Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоганыг амралт су­виллын Мармарис хотод байхад тус улсын зэвсэгт хүчний дунд тушаалын хэсэг офицер төрийн эргэлт хийхийг оролдон нийслэл Анкара дахь үндэсний радио телевиз, нисэх буудал зэргийг эзлэн авч улс орноо удирдах “Энхийн зөвлөл” гэх түр хороо байгуулснаа зарласан билээ. Гэвч Ерөнхийлөгчид үнэнч армийн анги нэгтгэлүүд төрийн эргэлтийг няцааж чадсан бөгөөд мөргөлдөөний үеэр дор хаяж 265 хүн амь үрэгдсэн байна. Төрийн эргэлтэд оролцсон хоёр мянга гаруй хүнийг баривчилжээ.

Төрийн эргэлтийн оролдлогыг бүрэн дарсны дараа Р.Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандан тус улсад орогнож буй тэрс үзэлтэн лам Ф.Гуленийг эгүүлэн тушаахыг хүссэн юм. Р.Эрдоган Ф.Гуленийг төрийн эргэлтийг зохион байгуулагчдын нэг гэж буруутгасан байна. Харин Ф.Гулен Туркт болсон үйл явдалд ямар ч хамаагүйгээ мэдэгдээд төрийн эргэлтийн оролдлогыг эрх баригчид өөрсдөө найруулж тавьсан жүжиг байж болзошгүй гэсэн юм.

Өнгөрсөн үйл явдлаас хожсон хүн бол лалын ертөнцөд хамгийн ардчилсан иргэний нийгэмтэй Туркийг улам бүр шашинжуулах бодлого баримтлан эрх мэдлээ нэмэгдүүлэн даран­гуйлагч шинэ “сул­тан” болохыг эрмэлздэг гэх Р.Эрдоган байж, байр сууриа бэхжүүлж чадлаа.

Энд тэмдэглэхэд, Туркийн зэвсэгт хүчнийхэн Кемал Ататюркийн байгуулсан Туркийн иргэний нийгмийн тогтолцоог хамгаалан хэд хэдэн удаа төрийн эргэлт гарган хэт исламист эрх баригчдыг засгийн эрхээс буулгаж байсан түүхтэй. Чухам зэвсэгт хүчний удирдлага болон өдгөө сөрөг хүчин болсон Бүгд найрамдах ардын намынхныг кемалистууд гэсээр ирсэн аж.

Р.Эрдоган үүнээс өмнө өөрийн хамгийн аюултай өрсөлдөгч болох цэргийнхний эсрэг хоёр ч том дайралт хийжээ. Эхлээд 2007 онд төрийн эргэлт хийхээр завдсан гэх “Эргенекон” нууц байгууллагын хэргээр зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнуудаас гадна төрийн түшмэд, нийгмийн зүтгэлтнүүд, сэтгүүлчид, томоохон их сургууль, цэргийн ака­демиудын ректоруудыг шүүн яллажээ. “Эргенекон”-ы хэргээр Туркийн жанжин штабын командлагч генерал И.Башбугад хамгийн хүнд ял оноосон байна.

Улмаар 2011 онд Р.Эрдоган өөрийн талын хүмүүсээ зэвсэгт хүчний чухал албан тушаалд томилох болсныг жанжин штабын командлагч И.Кошанер эсэргүүцсэн бөгөөд, төдөлгүй тус улсын зэвсэгт хүчний удирдлага бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

Иймээс ч Туркийн Засгийн газар болон зэвсэгт хүчний зөрчил хэзээ нэгэн цагт иймэрхүү үйл явдалд хүргэнэ гэж гадаад, дотоодын олон ажиглагч сэрэмжлүүлж байсан аж. Юутай ч Туркт байдал намжин хэвийн гольдиролдоо орж, тус улсын Ерөнхийлөгч Р.Эрдоганд ашигтайгаар эргэн хүчтэй өрсөлдөгчдөө дарж нэр хүндээ өсгөхөд хүргэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Tessica
2016 оны 12-р сарын 1

आपके पोस्ट पर आना बहुत ही अच्छा लगा । मेरे पोस्ट पर आपका स्वागत है । य2à¨्¤¤§à¤µ&#à366;द ।

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *