Төрийн албанд гурван сарын хугацаанд 1822 халаа сэлгээ хийгджээ

11-р сарын 9, 2017 8:05 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 7
11-9-2

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин төрийн албаны халаа сэлгээ, хууль бус томилгоо тойрсон асуудлыг хөндөж “Албан тушаалтнуудын алдааны төлбөр ард түмний халааснаас гарна”, “Улстөрчдийн “халаасны” мест ба төрийн албаны мерит зарчим”, “Төрийн албаны давхар цалин” зэрэг цуврал нийтлэлийг хүргэсэн билээ. Тодруулбал, албан тушаалтнуудын буруутай шийдвэрээс болж хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт 1.1 тэрбум төгрөг олгохоор улсын төсөвт тусгасан.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2008-2016 онд төрийн албатай холбоотой 2100 хэрэг хянан шийдвэрлэсний 1238 нь буюу 59 хувийг ажлаас үндэслэлгүй халагдсан асуудал эзэлж байгаа. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 20 орчим хууль эрх зүйн болон бусад актад заасны дагуу 110 гаруй ажлын байранд 350 орчим төрийн жинхэнэ албан хаагчийг томилж, чөлөөлөх асуудлыг Засгийн газрын гишүүн буюу улс төрийн албан хаагч эрхэлж байгаа нь төрийн алба улс төрөөс ангид, ил тод, адил, тэгш байх зарчим алдагдаж, улмаар төрийн албанд орох болзол, босго тэгш бус, ялгавартай байх нөхцөл, шалтгаан болж байгааг   Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ээр  дамжуулан УИХ-д хүргүүлсэнийг хөндсөн юм. Түүнчлэн сонгуулийн дараа төрийн албан хаагчдын ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн талаарх өргөдөл, гомдол хэд дахин нэмэгддэг гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс хэлсэн юм.

Тэгвэл АТГ-аас нийтийн албанд томилогдохоор мэдүүлгээ гаргасан албан хаагчдын энэ оны III улиралын тоон мэдээг гаргажээ.

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ АТГ-т хянуулах үүрэгтэй. Энэ дагуу  тус газрын Судалгаа шинжилгээний албанаас  дүн шинжилгээ хийснээр энэ оны  III улиралд 1822 хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл, төрийн албанд  гурван сарын хугацаанд 1822 томилгоо, шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэсэн үг. Албан тушаал ахих, буурах, шилжих, шинээр томилогдох хүсэлтээ баталгаажуулахаар АТГ-т хандсан   газруудаас хамгийн олон нь  Цагдаагийн ерөнхий газар 350, Онцгой байдлын ерөнхий газар 71, Төрийн банк 62, Хил хамгаалах ерөнхий газар 50, Зэвсэгт хүчний жанжин штаб 46, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 43, Гадаад харилцааны яам 42 байгаа юм.

Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 40, Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын яам 39, Гаалийн ерөнхий газар 33, Баянзүрх дүүргийн ЗДТГ 28, Батлан хамгаалах яам, 25,  Тагнуулын ерөнхий газар 24, Татварын ерөнхий газар 22, Хууль зүй, дотоод хэргийн яам 21 мэдүүлэг ирүүлжээ.  Харин аймаг нийслэлээр нь авч үзвэл 1822  мэдүүлгийн 1533 нь буюу 84.1 хувийг нийслэлээс, 289 буюу 15.9 хувийг аймгуудаас ирүүлсэн байна.

Энэ дундаас Хөвсгөл, Дорнод, Төв, Орхон аймаг 19-28 мэдүүлэг ирүүлсэн нь бусад аймгуудаас хамгийн  өндөр байгаа аж.  Ийнхүү гуравхан сарын хугацаанд явагдсан 1822 хүний томилгоо, шилжилт хөдөлгөөний цаана ийм хэмжээний хүний ажлын байр, албан тушаалын асуудал яригдана. Өөрөөр хэлбэл,  төрийн албаны мерит зарчим болох  төрийн албаны залгамж халаа, ур чадвараар  шатлан дэвших боломж  төрийн албанд  байгаа эсэхийг дээрх баримтаас хангалттай харж болно.

Бүр нарийвчлаад үзэх юм бол АТГ-т мэдүүлэг гаргагчдын 698 нь  төрийн тусгай албан тушаалд,  575  нь төрийн захиргааны албан тушаалд , 234 нь төрийн үйлчилгээ, 172 нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд, 128 нь улстөрийн албан тушаалд томилогдохоор  мэдүүлэг ирүүлжээ.  Эдгээрийн 808 нь удирдах, 1014 нь гүйцэтгэх албан тушаал байгаа юм. АТГ-аас ашиг сонирхлын мэдүүлгүүдийг хянаад 1459 нь ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, 136 нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, зургаад нь илт ашиг сонирхлын зөрчилтэй, 96 нь томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулахаар буцаасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *