Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалт бүрэн цахимжсан гэв

7-р сарын 30, 2012 9:19 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 316

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн баасан га­ригт Монгол Улсын Ерөн­хий про­курорын газар, Төрийн албаны зөвлөл, Сан­хүүгийн зохицуулах хо­рооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. УЕПГ-аас орон нутгийн проку­ро­рын байгууллагуудыг байртай болгох, боловсон хүчнээ сэлгэж ажиллах нөхцлийг бүрдүүлэх та­лаар анхаарч аймаг бүрт про­курорын мэдлийн орон сууцны байртай болохоор ажиллаж байгаа. Ажил­лагс­дын ажлын ачааллыг жигдлэх, давтан сургалтад хамруулах, хэргийн явц байдалтай шуурхай танил­цаж мэдээлэл солилцох теле хурал хийх,  онлайн сүлжээнд холбох зэрэг ажлуудыг  хийж эхлээд  байгаа зэр­гийг Ерөнхий прокурор Д.Дорлигжав танилцуулав.

УИХ-ын дарга  З.Энхболд өнгөрсөн сон­гуулийн маргаантай асуудлуудыг шийдэхэд хэр удах талаар тод­руулсан. Ерөнхий про­курор  Д.Дорлигжав “Холбогдох байгууллагуудтай ярилцсан. Аль болох шуурхай, шударгаар шийдэх болно. Энэ удаагийн сонгуулийн маргаантай асуудлуудыг үнэн зөв шийдэхгүй бол дараа дараагийн сон­гуульд сөрөг нөлөөтэй. Мөн УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын талаар хуульд зарим өөрчлөлт оруулахгүй  бол эрх зүйн хувьд зохицуулалтгүй хүндрэлтэй асуудлууд бий. Энэ талаар Ерөнхийлөг­чийн өргөн барьсан хуулийн төслийг яаралтай баталвал сайн байна” гэлээ.

Харин Санхүүгийн зохицуулах хороо бай­гуулагдсанаас хойш ши­нээр батлагдаж байгаа хуулиудтай холбогдуулан ажил үүрэг нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа юм. Тус хорооноос хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарал тавин ажиллаж байна хэмээн СЗХ-ны дарга Д.Баярсайхан мэдээлэв. Тухайлбал, Инновацийн хууль, Зээлийн батлан даалтын тухай, Жолоо­чийн даатгалын тухай, Банкны тухай, Компа­нийн тухай, Хадгаламж зээлийн хоршооны тухай болон Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангахад анхаарч  байгаа аж.

Төрийн албаны зөв­лөлийн хувьд  сонгон шалгаруулалттай холбоотойгоор өмнө нь олон гомдол гардаг байсан нь больж, төрийн албан хаагчийн сонгон шал­гаруулалт бүрэн цахимж­сан гэдгийг тус зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам дуулгав. Харин сонгон шалгаруулалтад ороод нэгдүгээрт орсон ч санал болгосон тухайн албан тушаалд очихгүй байх тохиолдол багагүй гардаг байна. Энэ нь тухайн зарлагдсан албан тушаалд очих гэж шалгалт өгөөгүй харин нөөцөд орохын тулд шалгалтад орсон гэсэн тайлбарыг хүмүүс өгдөг ажээ. Иймд шалгалтын дүнгээр нэгдүгээрт орсон ч тухайн зарлагдсан албан тушаалд очихгүй тохиол­долд сар хүлээгээд шалгалтын дүнг хүчингүй болгох журамд шилжээд байгаа гэлээ.

УИХ-ын дарга З.Энхболд “Ашиг со­нирхлын тухай хууль үйлчилж эхлээд байгаа. Зарим сумдын Тамгын газарт хамаатан садангууд ажиллах явдал их гарч байна. Энэ нь ёс зүйд нийцэхгүй . Иймд Ашиг сонирхлын хуультай хол­богдуулж энэ асуудал дээр анхаарч ажиллах хэрэг­тэй” гэж анхаа­рууллаа.

 Түүнчлэн УИХ-ын дарга дөнгөж их, дээд сургууль төгссөн хүнийг ажилд авах зохицуулалтын талаар тодруулсан юм.

Өмнө нь  их, дээд сургууль дөнгөж төгссөн хүнийг төрийн албанд заавал нэгээс хоёр жил ажилласан байх ёстой гэсэн босго тавьдаг байсан. Харин одоо  их, дээд сургууль төгсөгчид сул орон тоон дээр өр­сөлдөх боломжтой. Ажил­ласан жил шаардахгүй, туслах, дэс түшмэлийн албан тушаалд ажиллах боломжтой  гэсэн хариул­тыг Д.Зүмбэрэллхам дарга өгөв.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *