Төрийн албан хаагчдын ажлын цаг бол нийтийн өмч юм

5-р сарын 24, 2018 10:17 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 43
معلومات-عن-السلوك-الإنساني

С.УЯНГА

Өмнөө иргэдийг дугаарлуулчихаад компьютер дээрээ “Candy crush” тоглоод сууж буй төрийн албан хаагчийн зураг сошиалд тарж олон нийтэд чичлүүлж байсан нь саяхан. Үнэндээ “баригдсан” л энэ болохоос иргэдийг энэ бүү хэл хэдэн цаг, хоног, сараар нь хүлээлгэчихээд ажлаа хийдүүлдэг нөхөд төрийн албанд захаас аваад бий. Эрхээ эдэлж, үйлчилгээ авахаар эрэл, сурал болж очсон хүний амыг мянган үгээр таглачихна. Уулзалтай, сургалттай, томилттой, гишүүн, сайд дарга нар дуудсан гээд түмэн шалтгаан хэлнэ дээ. Очоод шалгадаг завтай хүн байх биш аль өдөр ирвэл аз таарах юм бол гээд л хоосон хаалга мөргөж, шалтаг шалтгаан сонсч буцсаар монголчууд бараг л дөжирсөн гэхэд болно. Тэгсэн мөртлөө эрхээ  давуулан эдэлнэ. Цайны завсарлага, ажил тарах цагаа харин ч нэг ягштал баримтална. Минут өнгөрсөн л бол хэчнээн чухал ажил, хойшлуулшгүй уулзалт гэж учирлаад ч нэмэргүй. Хаалга саваад гарч одно. Товчхондоо энэ бол өнөөдрийн манай ихэнх төрийн албан хаагчдын нийтлэг дүр зураг гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй дээ. Үүн дээр нэмээд төр жолоодож яваа эрхэм түшээдийн ажилдаа ирдэг цаг, хуулиа баталдаг байдлыг хэлэх юм бол тохуу болохоор. Өглөө 10:00 цагийн чуулганд цагтаа ирээд суудаг нь цөөхөн. Дээр нь 76-аас арав хүрэхгүй нь цуглачихаад хууль хэлэлцдэгийг олон нийт мэднэ.

Уг нь төрд тангараг өргөсөн хүмүүсийн үүрэг нь иргэдэд хурдан шуурхай үйлчилж, төрийн ажлыг гацаахгүй байх юм. Нэг ёсондоо бидний татварын мөнгөөр цалинжиж байгаа 188974 төрийн албан хаагчийн ажлын цаг нийтийн өмч байх ёстой. Үүнийг нь хууль журмандаа ч тодорхой заагаад өгчихсөн. Төрийн албаны хуульд “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэжээ. Тиймээс төрийн албан хаагч нэртэй хүн бүхнээс ажлаа хийж, хурдан шуурхай үйлчлэхийг иргэд шаардаж, ажлын цагийг нь ч бүртгэх эрхтэй юм шүү.

Гэтэл өнөөдөр аргагүйн эрхэнд төрийн албан хаагчдын хүнд суртал, ёсзүйг доод шатнаасаа эхлээд улс орон, орон нутгийн удирдлагын түвшинд хүртэл ярьж эхэллээ. Засгийн газраас 2018 оны сахилга хариуцлагын жил болгон зарлаад байгаа юм. Тэгвэл орон нутгаас Сэлэнгэ аймаг төрийн албан хаагч ажлаа хийж чадахгүй, хүнд суртал, ёсзүйгүй үйлдэл гаргах юм бол дараагийнх нь хүнийг авах системийг ажил хэрэг болгохоор эхлүүлжээ. Тодруулбал, тухайн төрийн албан хаагчийн албан тушаалд тэнцэх дараагийнх нь хүмүүсийг бүртгээд самбар дээр хадчихаж. Хэрэв аль нэг газрын мэргэжилтэн ажлаа мэдэхгүй, хүнд суртал гаргах юм бол арынх нь хүн бэлэн байгаа юм. Энэ мэтээр төрийн албан хаагчдыг  хариуцлагажуулах аяныг нийслэл, 21 аймагт эхлүүлж байж иргэд өөрт нь хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үйлчилгээгээ хүртэх боломж олдож магадгүй юм.

ЯАМНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД ХЭД ХЭДЭН КОМПАНИД ДАВХАР АЖИЛ ХИЙЖ БАЙЖЭЭ

Нийтийн өмч байх учиртай төрийн албан хаагчийн ажлын цаг цалгардаж байгаагийн бас нэг жишээ нь нийтийн албан тушаалтнууд давхар ажил эрхэлдэг байдал юм. Өөрөөр хэлбэл, нэг байгууллагад бүрэн дүүрэн зориулах ёстой ажлын найман цагтаа дахин өөр байгууллагад давхар ажил хийж буй явдал түгээмэл байдаг. Хэдэн жишээ хэлье.

АТГ-аас өнгөрсөн жил төрийн бүх шатны байгууллагад очиж ажиллах үеэрээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн судалгаатай танилцахад 2017 оны байдлаар тус яамны 15 албан тушаалтан ажлын бус цагаар давхар ажил эрхэлж байжээ. Эндээс хамгийн сонирхол татсан нь тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн У нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гурван  компанид зөвлөх, орчуулагчийн ажил хийдэг талаар тайлбар гаргуулан авчээ. Энэ нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчжээ. У яамны удирдах албан тушаалтнаас бичгээр давхар ажил эрхлэх зөвшөөрөл хүссэн боловч удирдлагын зүгээр илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэх тул зөвшөөрөөгүй байна. Ийнхүү  удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад гадаадын хөрөнгө оруулалттай гурван  компанид давхар ажил эрхэлж байжээ.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газрын албан хаагчид ажил үүргийнхээ хажуугаар шинжээчийн үүргийг давхар гүйцэтгэж байжээ. Уул уурхайн яамны 19 мэргэжилтэн аж ахуйн нэгжийн ашигт малт­малын ор­дын нөөцийг тогтоосон тайланд шинжээчээр оролцож 3-25 сая төгрөгийн хөлс авсан байна. Энэ салбарт төрийн албан хаагч өөрийн эрхэлж буй ажлын хүрээнд шинжээчээр оролцож, түүнээсээ орлого олохыг зөвшөөрсөн журам үйлчилж байгаа нь авлигын маш том эрсдэл бөгөөд төрийн албан хаагч хуулиар зөвшөөрснөөс өөр давхар ажил эрхлэхгүй байх хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн байна гэж АТГ-аас үзсэн байна. Харин яамны албан тушаалтнуудын зүгээс “Уул уурхайн шинжээчээр ажиллах хүн дутмаг байдаг. Энэ нь монгол мэргэжилтний үнэлэмжтэй холбоотой” гэсэн тайлбар хийж байжээ. Гэвч төрийн яамны бодлогыг хэрэгжүүлж байгаа мэргэжилтнүүд нь үр дүн, гүйцэтгэл шаардах ёстой аж ахуйн нэгжүүдээсээ шинжээчийн ажлын хөлс нэрээр төлбөр авч байгаа нь илт ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл юм гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.  Ийнхүү давхар ажил эрхлэлттэй холбоотой ажлын байрны давхардал ихтэй байгаа нь УИХ-ын 2014 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” бодлогын баримт бичгийн 3.1.11-д Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн, эрх үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэхээр заасныг хэрэгжүүлээгүй байна гэж үзэж болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *