“Төр эрх мэдлээ хязгаарладаг байх ёстой”

8-р сарын 14, 2012 10:01 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 263

Б.ЭРХЭС

 

Ерөнхийлөгчийн урил­гаар манай улсад зочилж  байгаа ардчиллын алдарт онолчид болох АНУ-ын Стэнфордын их сургуу­лийн эрдэмтэн Ларри Дай­монд, Фрэнсис Фуку­яама, Стивен Краснер нар Төрийн ордны Их танхимд өчигдөр лекц уншлаа.

Ерөн­хийлөгч Ц.Элбэг­дорж лек­цийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн бодлого боловсруулагчид, суд­лаа­чид, эрдэмтэд, оюутнууд   хамгийн түрүүнд энэ  профессоруудын аль нэгтэй уулзахыг хүсдэг. Энэ гурван хүний аль нэг нь ном бичиж, судалгаа гаргахад дэлхийн оюуны давхарга тэднийг уншиж, уулзахыг хүсдэг. Ийм гурван хүн Монголд ирнэ   гэдэг бол сайхан боломж. Монголын өнөөгийн ядуу, ийм хатин­гиршсан нийгэмд энэ төр засгийн бодлого үнэ­хээр ядуу байхаас аргагүй юм.  Тийм учраас би нэг сэрүүлэг дуугаргах гэсэн юм. Энэ гурван профес­сортой би Америкийн Нэгдсэн Улсад айлчилж,  Стенфордын Их сургуульд зочилж байхдаа уулзаад яагаад энэ сэрүүлгийг  дуугаргаж болохгүй гэж гэж бодсон  юм. Бид эндээс шинэ баримжаа авна гэж найдаж байна” гэсэн юм.

“Ертөнцийн төгсгөл ба сүүлчийн хүн” номоороо дэлхий нийтэд хэдийнэ танил болсон судлаач Фрэнсис Фукуяама “Хям­ралын дараах хөгжлийн загварууд” сэдэвт лекц уншсан юм. Эрх чөлөө байгаа цагт шинэ зүйлийг бий болгож болдог, шинэ зүйл бий болно гэдэг нийгмийн хамгийн үнэт зүйл гэдгийг тэрээр он­цолж байлаа. Мөн дэл­хийн улс орнуудын байдлыг жишээ болгон татахдаа Европын улс орнуудын ялгааг ч онцолж хэлсэн юм. Ев­ропын хувьд Грек, Итали зэрэг улс орнууд хямралд илүү өртөж байгаа нь төсвөөс хараат, хэтэр­хий бэлэнчлэх сэтгэлгээ­тэй нь  холбоотой хэмээн тайлбарлаж байлаа.

Харин профессор Стивен Краснер төр өөрөө өөрийнхөө гарыг хумьж, шаардлагатай үед эрх мэдлээ хязгаарладаг байх тухай тун сонирхолтой илтгэл тавьсан.

Ялангуяа Монгол шиг эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа, уул уурхай газрын баялаг ихтэй улс орон “Баялгийн хараал”-д өртөхгүйн тулд үндэсний хэмжээний сан байгуулж, орлогоо зөв зар­цуулах ту­хай сонирхолтой санааг тэрээр зөвлөсөн. Ту­хайлбал, Азийн хөгж­лийн банк зэрэг дэлхийн хэм­жээний томоохон банктай гэрээ байгуулж, сан бүрдүүлэх хэрэгтэй гэнэ. Тэрхүү сан­даа уул уурхайн баялгаас олж байгаа ор­логынхоо 70 хувийг хадгалж, зөвхөн бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах тухай журам гаргаж ч болох аж. Түүний хэлснээр энэ сан нь Сингапур ч юм уу гуравдагч улсад байр­лаж, сангийн удирдлагыг Азийн хөгжлийн банк, Монгол Улсын нийлсэн зургаан хүн болон аль алинаас нь ч хараат бус өөр нэг ги­шүүнтэй долоон хүний бү­рэлдэхүүнтэй зөвлөл удир­даж, хянадаг байх талаар онцолж байлаа. Мэдээж энэ бол зөвхөн жишээ. Гэхдээ энэ сангийн загвар ардчилал сайн хөгжсөн улс оронд илүү тохирно хэмээн тэ­рээр хэл­сэн.  Ингэж хөнд­лөнгийн хяналттай үндэс­ний сан байгуулс­наар орж ирж бай­гаа мөнгөнд төр хүссэ­нээрээ гар дүрэх боломжгүй болж, эрх мэдэл нь хязгаар­лагдана хэмээн судлаач Стивен Креснер онцолж байлаа.

Харин Ларри Даймонд профессор өмнө ярьсан хоёр судлаачийн яриаг дүг­нэж, ардчиллын үнэлэм­жийн талаар лекц уншсан юм. 1974 оноос хойш ардчиллын шинэ давалгаа эхэлсэн. Мэдээж энэ да­вал­гаа ардчиллын хөгжилд илүү сайнаар нөлөөлсөн. Гэхдээ сүүлийн жилүүдэд ардчилсан ор­нуу­дын тоо 126 байснаас 110 орчим болж буураад байгаа тухай харам­салтай баримтыг хэл­сэн юм. Ардчилал хэврэг­ших нь авлига, хүчир­хийлэл, төр хүчгүй, сул дорой байх зэрэг олон шалтгаантай гэнэ. Нийгэм эдийн засаг тогтворгүй, төр засаг сул дорой, шударга бус байдал газар авсан нөхцөлд ард­чилал ураг­шилдаггүйг ноён Л.Даймонд сануул­сан юм.

Лекцийн дараа Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж бо­лон дээрх гурван эр­дэмтэн сэтгүүл­чидтэй уулзаж, тэд­ний асуултад хариулсан юм.

-Ноён Л.Даймонд та лекцийнхээ үеэр ардчилсан сонгуультай орнуудын тоо сүүлийн үед буурч байгаа тухай дурдсан. Үүний шалтгаан юу вэ?

Ларри Даймонд:

-Сүүлийн үед ардчилал ух­рал­­тад орсон байдал харагдсан. Азид ч, бусад газарт ч тийм байна. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий. Нэг дэх шалтгаан нь тийм газруудад авлига газар авч байна. Улстөрчид ард түм­нээс тусгай анги давхарга мэт байх болсон. Авлига газар авч байгаа нь улстөрчид хувьдаа ихээхэн баялаг эзэмших гэсэнтэй холбоотой. Авлигыг таслан зогсоох боломжгүй орнуудад ийм байдал үүсч байна. Тийм орнуудад улс төрд хамаа­тай хүмүүсийн амьжир­гааны төвшин бус­дын­хаас хавьгүй дээгүүр болж байна. Тухайн улс орны ардчилал хэр чанартай байна, авлигаас ухрах боломжтой эсэх зэргээс ардчиллаас ухрах уу, үгүй юу гэдэг шалтгаална.

-Монгол Улс ”Баялгийн хараал”-д өртөхгүйн тулд  хөгжлийн сан байгуулж гуравдагч оронд байр­шуулах талаар ноён С.Крас­нер хэлсэн. Үүний­гээ жаахан тодруулахгүй юу?

Стивен Краснер:

-Байгалийн баялагтай улс орнууд баялгаа хэрхэн ашиглах нь улс төрийн лидерүүдээс шалтгаалдаг. Аль ч төр, засаг мөнгөнд дуртай байдаг. Тиймээс улстөрчид нэг гараа нөгөө гараараа атгаж баялгийн зарцуулалтад хяналт тавих ёстой. Баялгийн зарцуу­лалтыг зохицуулах чиглэ­лээр Монголын хөгжлийн санг байгуулах талаар сая ярьсан. Тэр санд гурав­дагч талыг оруулж хяналт тавих нь зөв юм.  Гурав­дагч орноор Сингапурыг сонгон нэрлэж жишээ болгосон. Азийн хөгжлийн банкны төлөөлөл болгож гурван гишүүнийг зөвлөлд оруулж бас хяналтын үүрэг гүйцэтгүүлэх юм. Мон­голын талын гурван ги­шүү­нийг Монгол Улсын Ерөн­хийлөгч, парламент, Зас­гийн газраас томилно. Шийдвэр гаргахдаа зөв­лөлийн долоон гишүүний дөрвөөс дээш хүний саналыг дагах ёстой. Тэр дөрвөөс дээш хүн дотор Монголын талын төлөөлөл заавал байх ёстой.

-Ноён Фрэнсис Фу­куяама Монгол Улс дэлхийг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг харь­цангуй амжилттай давсан нь юутай холбоотой вэ гэж үзэж байна. БНХАУ хям­ралд авталгүй тэсч гарсан нь үүнд нөлөөлсөн үү?

-Монгол орон санхүү­гийн хямралыг давж гар­сан нь нэгдүгээрт, Монгол Улс Хятад руу экспортын бүтээг­­дэхүү­нээ гарга­дагтай холбоо­той. Хятад хямралд өр­төөгүй нь давуу тал бол­сон. Хоёрдугаарт, Монгол Улсад банк, санхүү, мөн­гөний салбар сайн хөг­жөөгүй нь нө­лөөлсөн. Үүнийг зохи­цуу­лах амаргүй байдаг. Эд­гээр салбарын зохицуу­лалт тааруу байс­наар хям­ралын ангал болж хувир­даг. Монгол Улс үүнээс ангид байсан нь эерэгээр нөлөөлөл болсон байх.

-Та лекцийнхээ үеэр ардчиллын хэврэгших шалт­гаануудыг хэлж байсан. Ер нь Монголд ардчилал хэр төлөвшсөн гэж үздэг вэ?

Ларри Даймонд:

-Мон­голд ирээд 24 цаг бо­лоогүй хүний хувьд үүнийг хэлэхэд хэцүү. Гэх­дээ бусад орны судал­гаанаас үүнийг харж болох юм. Монголд ард­чил­сан сон­гууль, төлөөл­лийн тогтол­цоо сайн. Сая болсон УИХ-ын сон­гуулиас сон­гуу­лийн тогтолцоо сайн гэдэг нь харагдсан. Ту­хайн оронд хууль дээдлэх ёс байгаа эсэхээр бас ардчил­лыг хэмждэг. Тухайлбал, Монгол Улсын Ерөн­хийлөгч асан Н.Энх­баярыг авлигын хэрэгт холбог­дуулсан асуудлаар АНУ-д сэтгүүлчид янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Энэ хэрэгт улс төр нөлөөлсөн гэж хэлэх хүмүүс ч цөөнгүй. Бид аливаа зүйлийг тодорхой баримтанд тулгуурлаж ярих хэрэгтэй. Аль нэг орны төр барьж байсан хүнийг хэрхэн шийтгэх нь тухайн орны шүүх эрх мэдлийн чадварыг харуулдаг. Дээрх хэрэгт улс төр орсон эсэхийг цаг хугацаа харуулах байх.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Toradol Online Without Prescription Us cialis without prescription Viagra Originale On Line

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *