Тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ гэв

4-р сарын 21, 2017 10:19 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 5
18052231_1364800753558913_559966637_o

Д.ОЮУНЧИМЭГ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш, Мал эмнэлэг үржлийн газрын дарга Д.Ганхуяг нар Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласан юм. Энэ үеэр “Эрүүл хүнс- Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”, “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр, “Удам угшлыг сайжруулах жил”, “ Монгол мал үндэсний хөтөлбөр”, ”Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч,  салбарын ажилтнуудын санал хүсэлтийг сонслоо.

Хөдөө аж ахуйн салбарын ажилтны нийгмийн болон унааны асуудал,  малын цалингийн шатлал, эрүүл мэнд, мал сүргийг вакцинжуулах, хяналт тавих зэрэг олон асуудлыг салбарын ажилтнууд салбарын яамны удирдлагуудад уламжилж байв. Түүнчлэн бэлчээрийн даац,  хүлэмж,  сүүний үйлдвэр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих,  хүлэмж байгуулах,  хөдөө аж ахуйн газрын лабораторийн байрны асуудлууд тулгамдаж байгаа ажээ.

ДОРНОГОВЬД ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ

 18012594_1364797813559207_673016879_o

Аймгийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн төлөвлөгөөнд “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр багтсан байна. Тус хөтөлбөрт “Үйлдвэржилтийн 21:100”,  “Үндэсний үйлдвэрлэл” хөтөлбөрийн хүрээнд “Өрх бүр үйлдвэрлэгч-Иргэн бүр санаачлагч“, “Экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэл”, “Дорноговь аймагт үйлдвэр хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэмжин ажиллахаар тусгажээ. Мөн “Атрын III аян”-ы хүрээнд “Дорноговийн тарвас”, “Өрхийн хэрэгцээг–Өөрийн хашаанаас“ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна ”Хадлангийн салаа”, “Нарлаг хүлэмж” байгуулахаар төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Тус аймагт газар тариалан эрхлэхэд усны асуудал тулгамддаг ч хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломжтой хэмээн аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Наранболд ярьж байлаа. Тэрээр мөн говийнхоо онцлогт тохируулан “Дэлгэрэхийн улаан ямаа” төсөл хэрэгжүүлэн төгсгөлийн шатандаа орсныг дуулгасан юм. Говийн нөхцөлд гадаргын ил усгүй, 120 метрийн гүнээс ус татан газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хүндрэлтэй боловч өнгөрсөн онд 200 гаруй өрх нийт 106.7 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан байна. Ингэснээр 593.5 тн ургац хураан авч аймгийн хүн амын төмс, хүнсний ногооны жилийн хэрэгцээний 8-10 хувийг хангаж байгааг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэллээ. Цаашид өрхийн газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжин хүн амын хүнсний ногооны жилийн хэрэгцээний хангамжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж буй.

“СҮМБЭР” ҮҮЛДРИЙН ХОНИН СҮРГИЙГ ӨСГӨНӨ

Говьсүмбэр аймгийн тухайд кракул үүлдрийн хоньтой гэдгээрээ алдартай. Тус аймгийн “Цөм сүргийн үржлийн төв” ОНӨҮГ-аас “Сүмбэр” үүлдрийн хонин сүргийн хээлтүүлэгчийг шинэчлэх ажлыг маш яаралтай эхлүүлж үржлийг эрчимүүлэхэд анхаарлаа хандуулахыг салбарын сайдаас хүслээ. Өөрөөр хэлбэл, “Мах-сүүний анхдугаар аян”-ы хүрээнд мал үржлийн нэгжийг бий болгож бог малын хээлтүүлэгчийг ялган орон нутагт зохицсон үүлдэр омгийн хээлтүүлэгчээр үүлдэр угсааг сайжруулахаар төлөвлөсөн байна. “Сүмбэр” үүлдрийн хонины тоо толгойг энэ онд 21.7 хувиар өсгөх төлөвлөгөө гаргажээ. Мөн цэвэр үүлдрийн хонины тоог 15 хувиар өсгөх юм байна. Түүнчлэн ямааг сүүний болон ноолуурын чиглэлээр үржүүлэх аж. Бэлчээрийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэхээр мөн ажлын төлөвлөгөөндөө тусгажээ. Аймгийн хэмжээнд бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд гүний болон гар худаг гаргах, хурын ус хуримтлуулах, булаг шандны усыг хамгаалах зэрэг арга хэмжээг авч ажиллахаар болсноо аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Отгонсүрэн хэллээ.

НАРИЙН ТӨЛӨВЛӨХИЙГ ЗӨВЛӨЛӨӨ

Салбарын ажилтнуудад тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээ амлалаа. Түүнчлэн Говьсүмбэр аймгийн гурван суманд нэг, нэг худаг барьж өгөхөө илэрхийлэв. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхантай уулзаж санал бодлыг сонсч байна. Тулгамдсан асуудал байгаа нь үнэн. Гэхдээ бүгдийг нэг дор шийдэх боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Улс орны эдийн засаг тийм ч сайн биш байгаа учраас та бүхний хэлсэн санал хүсэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Харин салбарын ажилтнууд төр засгаас гаргасан хуулийн дүрмийн хэрэгжилт, салбарын яамнаас гаргаж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр зэрэгтэй уялдаж ажиллах учиртай. Та бүхэн ирэх жилүүдэд ХХААХҮ-ийн яамнаас баримталж ажиллах төсөл хөтөлбөртэй ажлаа уялдуулсан нь сайн. Гэвч нарийвчлан тодорхойлж цаг хугацааг нь тодорхойлох хэрэгтэй байна” гэв. Салбарын яамнаас үйлдвэржилт болон хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, эдийн засагт нөлөөлөх хувь хэмжээг өсгөхийн тулд олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Мэдээж салбарын яам төрийн бодлого, тогтолцоогоор дорвитой дэмжиж ажиллана. Харин энэхүү дэмжлэгийг зохистой ашиглах орон нутгийн болоод улсын төсөв, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тодорхой үр дүн гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь ярихаас илүү хийх нь чухал гэдгийг анхаарах учиртайг салбарын сайд хэлж байлаа. Тэрээр салбарынхаа ажилтны болон малчдын зөвлөгөөнийг бүсчилж зохион байгуулахаар болсоноо дуулгав.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *