Цус ойртолт нь Монгол хүний удмын санг ядууруулж байна

10-р сарын 4, 2012 1:56 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 471

 Д.АМГАЛАНБААТАР

ЭМШУИС-ийн Анатомийн тэнхмийн эрхлэгч, АШУ-ны доктор, профессор

А.АВИРМЭД

АУ-ны доктор                         

 

      Хүний бие 100 гаруй төрлийн 50000 тэрбум эсээс бүтдэг. Эдгээр эсүүд үүрэг бүтцээрээ хэсэг бүл­гүүдэд ялгарч хүний бүхэл бүтэн бие махбодыг бүтээ­дэг. Эдгээр бүлэг эсүүдийн биед гүйцэтгэх үүрэг хү­ний биеийн эс бүрийн бөөмөнд хадаглагддаг 46 хромосомыг бүрдүүлэгч дезоксорибонуклейн хүч­лийн  гинжний нуклеотид хэмээх азотлог дөрвөн суурийн дараалалаар ил­рэх генийн идэвхжлээр тодорхойлогд­дог. Хүний их биеийн эсд байгаа 46 хромосомыг 2х109 ген бү­тээ­дэг. Эдгээ­рээс 30000 орчим нь хүний биед то­дор­хой үүрэг хү­лээж оролц­дог бол үлдсэн нь хү­нийг амьтны хувьд орчин нөхцөл өөрчлөг­дөхөд түүнд дасан зохицох шинэ шинж төрх бүр­дүү­лэх уд­мын нөөц талбар болдог. Гэтэл хүний бие 30000-хан генээр зохи­цуу­лагд­даг гэж үзэж бо­лох­гүй. Хэдийгээр хүний эсд агуулагдах эдгээр генийн нэг нь нэг шин­жийг тодорхойлдог гэдэг авч олон ген нийлж өөр нэг шинжийг тодор­хойлж болдог. Өөрөөр хэл­бэл 30000 ген сэлгэмэ­лийн хуулиар хоршиж хү­ний биеийн шинжийг бүтээдэг гэвэл мэдээлэл удирд­лагын асар баян орон зай болно.

Эрэгтэй эмэг­тэй хү­мүүс хослон сууж айл гэр бүл болж дундаас нь хүү­хэд төрөх гэдэг нь ээжээ­сээ 50 хувь, ааваасаа 50 хувь удмын мэдээллийг солбицол сэлгэмэлийн зарчмаар цоо шинэ 30000 генийн багцийн бүрдэлтэй шинэ хүн бүрдэх үйл юм. Ингэж шинэ хүн бүрдэх­дээ ээж ааваасаа биеийн шинж тодорхойлох генийг багц багцаар нь авдаг тийм болохоороо нэг ээж аавтай эгч дүүс удмын шинжийг тодорхойлох генийн баг­цаараа ойр төстэй байдаг. Зөвхөн эгч дүүс ч байгаад тогтохгүй цусан төрлийн хүмүүсийн генийн багц ч ойр төстэй байдаг.

Ийм болохоор цусан төрлүүд өөр хоорондоо гэр бүл бо­лоход тэдгээрийн дундаас төрсөн шинэ хүн генийн багцын баяжилгүй төрөх, ингэснээр тэр удамд бай­сан эмгэг шинж өвчинг тодорхойлох нуугд­мал ге­нүүд уул хүний шинж тодорхойлоход орж ирж удмын өвчтэй төрөх нь ихэсч улмаар тэр удам устахад хүрдэг.

Аливаа амьтны сүрэг цусаа сэл­бэж удмын сангийн баг­цаа баяжуулж сүргийн тоо толгойгоо олшруулж хү­чирхэг­жүү­лэх тийм зөн бэлгийн үйлдэл авир аран­шинтай байдаг.

Азарга гэ­хэд л өөрийн хураасан сүр­гээсээ үрээ байдсаа хасч хөөгөөд өөр азарганы сүр­гээс байдас хурааж сүр­гийн бүтцээ сэлгэж, удмаа баяжуулж байдгийг бид мэднэ. Хүн хүний нийгэмд ч ийм чанар өндөр дээд төв­шинд илэрдэг. Монголд Монгол үндэстний энэ үйлдэл авир араншинд төр засгийн буруутай бод­логоос болж садаа учирч Монгол хүний удмын сан ядуурч Монгол хүний биологи нийгмийн чанар буурч энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөө­лөхүйц болоод байна.

 ТӨРӨЛ ОЙРТСОН ГЭР БҮЛД УДАМШЛЫН ЭЛДЭВ ЭМГЭГ, ТӨРӨЛХИЙН ГАЖИГ СОГОГ ИХЭСДЭГ

 Төрөл ойртолт буюу энгийнээр цус ойртолт нь Монгол хүний удмын санг ядууруулж баяжил, цэвэр­шилтийг нь саатуулах та­хал болж байна. Нуугдмал генээр дагаж удамшдаг өвчний илрэх магадлалыг тооцож үзвэл ах дүүс болон эгч дүүсийн хүүхдүүд хоо­рондоо гэр бүл болвол дөрвөн хүүхдийн нэгд нь илэрч болох бол дөрвөн үе холдсон гэрлэлтийн үед 32 хүүхэд тутмын нэгд нь дээрх удмын өвчин илрэх магадлалтай, тав дахь үеийн гэрлэлтийн үед 64 хүүх­дийн нэгд нь ес дэх үед 1024 хүүхдийн нэгд нь энэ өвчин илрэх магадлалтай болж түүнээс айх аюул багасдаг. Хүн амын дунд төрөл ойртолт шууд, шууд бус гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Шууд төрөл ойр­толт гэдэг нь ураг төрлийн холбоо бүхий хүмүүс хоо­рондоо гэрлэснээс болдог үзэгдэл юм. Хүн амын до­тор ургийн бичгээ хөтөлдөг заншил гээгдсэн учир есөн үе удмын доторх ураг төрлийн холбоогоо тогтоох асуудал анхаарлын гадна орхигдсоноос шууд төрөл ойртолт илэрдэг. Төрөл ойртсон гэр бүлд удамш­лын элдэв эмгэг, төрөл­хийн гажиг согог оюуны хомсдол ихэсдэг болох нь С.Ганболд, Ц.Цэрэндаш, Ц.Батсуурь (2001) нарын судалгаагаар хөдөлшгүй баримтаар тогтоогдсон. Тэдний судалгаагаар зурш­мал зулбалт төрөл ойртсон гэр бүлд 6.35 хувь хувь байхад төрөл ойртоо­гүй гэр бүлд 0.87 хувь буюу даруй 5 дахин цөөн байдаг бол хүүхдийн эндэгдэл төрөл ойртсон гэр бүлд 26.19 хувь байхад төрөл ойртоогүй гэр бүлд 20.67 хувь байгаа дүн гарсан.

Шууд бус төрөл ойр­толт гэдэг нь ураг төрлийн хувьд шууд холбоогүй бо­ловч олон үе дамжсан нэг нутаг усны хүмүүс ихэвч­лэн хоорондоо гэрлэснээс үүсдэг үзэгдэл юм. Энэ хэлбэрийн цус ойртолтод төрийн захиргааны бүтэц зохион байгуулалт газар зүйн байршил, хүн амын нягтаршил генетик миг­рац гол нөлөө үзүүлдэг Ц.Цэрэндашийн (2000) хөдөөгийн хүн амын дүнд явуулсан генетик мигра­цийн судалгаагаар баг дотроо гэрлэлт 68.4-99 хувь сумын төвийн хэмжээнд гэрлэлт 13.8-67 хувь байгаа нь тогтоогдсон. Энэ нь манай улсын хэмжээнд цус ойртолт үндэсний аюулгүй байдлын төвшинд хүрсэн асуудал болжээ гэдгийн бодит нотолгоо юм. Энэ хэлбэрийн төрөл ойртолтонд Монголын хүн амыг хэт жижигрүүлсэн засаг захиргааны нэгжид хуваасан явдал ноцтой нөлөөлж байна. Үүнээс болоод багийн хүн ам харьцангуй цөөн болж тэр дотроо нөхөн үржихүйд орох насанд хүрсэн гэр бүл болох насны хүмүүс бүр ч цөөн хувийг эзэлж холын хамаатан садангууд хоо­рон­доо гэрлэхэд хүргэж байна. Үүнийг зогсооход бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг ажил болгож хэрэгжүүлэх асуудал гол нөлөөтэй юм. Үүнээс гадна ажил орлогоо бараадаж багаас сум руу, сумаас аймаг руу, аймгаас хот нийслэл рүү хүмүүс нүү­дэллэх асуудал ихэсч, энэ нь баг сумын иргэдийн удмын санг ядууруулах байдалд хүргэж байгааг зогсоох хэрэгтэй юм. Ин­гэхийн тулд аймаг дундын үйлдвэрлэлийн парк, сум­дад жижиг дунд үйлдвэ­рийг олноор байгуулах ёстой юм. Ингэж байж хэмээжин хот руу чиглэ­сэн их нүүдэл саарч төрийн бодлого Монгол орны бүх нутаг нугыг ха­мар­сан далайцтай ажил болж чадна.  

 ЗАЛУУС НЬ ХАРЬД ГАРЧ, ЭМС ОХИД НЬ ХАРИЙН ХҮНТЭЙ СУУЖ БАЙГАА НЬ УДМЫН САНГ ЯДУУРУУЛАХ АЮУЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА

 Монгол хүний удмын сангийн баяжилтийг тө­рийн алсын хараатай бод­логоор удирдан чиглүүлэх ёстой. Их Чингис хаан их хаадын төрийн холч мэр­гэн бодлогын ачаар Мон­гол хүн удмын их баялаг сантай дэлхийн талыг эзэлсэн аян дайн хийж чадварлаг эрсийг дэлхий даяар тараасан гэмтэй ч хацар гоо охид уран гартай эрдэм номтой чанарлаг хүмүүсийг олзолж за­ри­мыг  нь дайны төлбөрт авч Монгол зоны удмын санг баяжуулж байсан.

Үүний ачаар 1921 онд ардын хувьсгал ялахад манай хүн ам 400 га­руй­хан мянга болж Монгол үндэстэн устах нь гэж тооцогдож байсан аюу­лаас ангижирч чадсан. Ардын засгаас сургууль тэнхим байгуулж оршин суугчдын сууршмал бай­далд хөдөлгөөн оруулж чадсан. Социалист бүтээн байгуулалтын үед илгээл­тийн хөдөлгөөн өрнүүлж Эрдэнэт, Дархан болон аймгийн төвүүдэд үйлд­вэр­лэлийн парк байгуул­сан нь энэ үйл хэрэгт их нөлөө үзүүлсэн. Төр зас­гийн дээрх мэргэн бод­логын ачаар манай хүн ам 3 саяд хүрэх шахам өсөж чадсан. Харин хүрсэн ам­жилт­даа сэтгэл цадаж бо­лохгүй юм. Залуу ажиллах хүчинг харьд гаргаж эмс охид нь харь хүнтэй сууж эх орноосоо даажиж бай­гаа нь Монгол хүний уд­мын санг ядууруулах шинэ аюул заналыг буй болгож байна. Монгол хүний эд цусыг харьд гар­гахгүй хуультай атлаа орчин үеийн олигтойхон хоёр үйлдвэрийг ажиллах хүчээр хангаж чадах ажил­лах хүчгүй атлаа хүүх­дээ харь хүнд үрч­лүүлж байгаа нэрийдлээр харьд цөлж байгаа нь ч энд нөлөөлөхгүй гэж хэлэхийн аргагүй. Харьд үрчлэгдсэн тэр хүүхдүүдийн удмын санд Монгол хүний сайн сайхан чанар чадамжийг хариуцсан удмын мате­риал хамт үнэгүй экспорт­логдож буйг бодоод буцаж эх орондоо ирэх болзлыг хангаж давхар иргэншил олгож үндэсний паспорт бусад баримтийг хөтөлбөл зохилтой. Хилийн чандад суугаа иргэддээ эх орны баялгаас хувь хүргэх данс нээж байгаа нь энэ чиг­лэлд хийж байгаа маш зөв алхам юм.

 ЭЦГИЙН УДАМ ЕС, ЭХИЙН УДАМ ДӨРВӨН ҮЕЭСЭЭ ЦУС НЬ ХОЛДОЖ ИРДЭГ

 Үндэс угсаа овог айм­гийнхаа удмын санг ариун дагшин байлгах нь засаг төр Монголоо гэсэн хүн бүхний сэтгэл бодолд тогт­мол хадаатай байх зүйл юм. Манай цөөхөн ард олны дүнд Шарко-Марри Тут, булчин мэдрэлийн аттакси, Паркинсоны өв­чин гэсэн Энэтхэг, Төв­дөөс дамжиж ирсэн юм уу шинэ мутацаар үүсээд үр удамдаа толгой дараалан давамгайлж дамждаг уд­мын аюултай өвчний го­ломт байсаар хүрээгээ тэлж зарим нь бүхэл бүтэн багийг хамарч байгаа үед нүдэн балай чихэн дүлий суух эрх бидэнд байхгүй. Тийм овог аймгийн хүмүү­сийг засаг төр ивээлдээ авч чадах хөдөлмөрийг нь эрхлүүлж ийм удмын өвч­тэй хүний хүрээ тэлэхээс сэргийлүүштэй. Ийм өв­чинд өртсөн хувь хүн овог аймаг бүхэн өөрийн биеэр энэ зовлонг  туулж Монгол зон олныхоо удмын санг ариун байлгахад сэтгэл, тэвчээр гаргах ёстой. Миний бие удмын бо­лон төрөлхийн өвчин бол­гоны тухай яриагүй гэд­гийг эрхэм уншигч авхай нар ойлгох бизээ.Энэ өгүүллийг тэр­лэж суугаа миний бие болон уншигч авхай таны удмын санд ч төрөлхийн гажиг согог үүсгэх ген нууцаар агуулагдсан байдаг ба гагц­хүү илрэхгүй дамж­саар байдаг. Хувь хүний энэ өвчнийг илрүүлэхгүй байх ганц үүрэг бол удам угсаандаа цус ойртолт үүсгэхгүй байх явдал юм. Эцгийн удам 9 үеэсээ эхийн удам 4 үеэсээ цус нь холдож ирдэг гэдгийг надаар хэлүүлэлтгүй ма­най ард олон мэднэ байхаа. Энэ чиглэлээр засаг төрийн хийх зүйл бол жижиг дунд үйлдвэр­лэ­лийг сум бригадын тө­вүүдэд бодлогоор бай­гуулж үйлдвэрлэл, бор­луулалт, урамшуулалын бус нутаг улсын тогтол­цоог бүрдүүлэх явдал юм. Сайншандын үйлдвэр­лэлийн парктай төстэй тийм паркийг баруун аймаг дундын төвүүдийг түшиглэн байгуулмаар байна.

Монгол хүний удмын санг ариун дагшин байл­гахад Монгол хүнтэй гэр бүл болж байгаа үржлийн насны гадаадын иргэний мэргэжил боловсрол, эрүүл мэндийг тодорхой шалгуураар хянаж, зөв­шөөрч, батлаж байхыг яаралтай хийж хэрэгжүүл­мээр байна. Монголын иргэн болохыг хүссэн га­даа­дын иргэдэд ч иймэр­хүү шалгуур байх нь зүй­тэй юм.

Гадаад хүнтэй суугаад харь орныг зорьж байгаа охид хөвгүүдэд Монгол цусаа ариун байлгах бодол сэтгэлгээ суулгахад тодор­хой ажил зохиомоор бай­на. Удам судар нь мэдэг­дэхгүй харь хүнтэй сууж удмын өвчтэй хүүхэд тө­рүүлж, түүнийгээ асарч сувилах эмчлүүлэх гэж цөөнгүй Монгол хүн зовж явааг энд хэлэх юун. Архидалт хавтгайрч залуу үе үүнд эрчимтэй өртөж буйг нь Монгол хүний удмын сан бохир­дож, эхнэр нөхөр хоёр хоёул архичин болсон ат­лаа төлөвлөлтгүй олон хүүхэд цувуулж хүүхдийн түрүүч нь ээж, ааваа дуу­райж архичин, эсвэл хул­гайч болж улмаар архичин хулгайч үйлдвэрлэдэг өрх гэр нийслэлийн дүүрэг, дагуул хот аймгийн төвүү­дэд цөөнгүй буй болж Мон­гол улс АНУ-ын Ин­дианы цөөнхийн араас орох нь хэзээ хэзээгүй болжээ.

Монгол хүний соргог ухаан, уран авъяас бүдгэ­рэх аюул нүүрлэж буйг төр засаг анхааралдаа авч төв­лөр­сөн хот суурингийн архичдыг албан журмаар хөдөлмөр эрхлүүлж, донг нь эмчилж, эрүүлжүүлж эмх замбраагүй архи үйлд­вэр­лэх, худалдаалахыг зах зээл хүний эрх гэж ном­чир­холгүй хааж цэгцэл­мээр болжээ.

Үйлдвэрлэл уул уурхай эрчимтэй хөгжсөнтэй хол­боо­тойгоор агаар, ус, хөрс бохирдож зарим орон ну­тагт нь малын  удмын санд нө­лөөлөх хэмжээнд хүрээд байгааг хүлээн зөвшөө­рөхөд хүрээд байна.

Хүний үр удамд үйлдвэрлэлд хэ­рэглэгдэх ямар бодис, яаж нө­лөөлж байгааг  судалсан су­далгаа бодит баримт байх­гүй ч ашигт малтма­лын олбор­лолт эрчимтэй явагдаж хөрс, ус бохирдож байгаа Баянхонгор, Өвөр­хан­гайд хонь нохой шиг 4-5 ихэр хурга гаргаж байгаа нь нэг их баярлах зүйл биш юм. Энэ олон ихэр төрсөн хур­ганы зүсийг харахад хээл авсны дараа хөврө­лийн хөгжил гажсаны ил­рэл байлтай ижил зүстэй байх нь харагдаж байх юм. Удахгүй Монгол эмэгтэй 4-5 ихэр хүүхэд төрүүлжээ гэж мэдээлэхэд хүрээд байна.

Бидний 2004 онд 6799 нярайд хийсэн удам зүйн судалгаагаар 115 ня­райд гажиг илэрсний 2-т нь Дауны өвчин, 6-д нь га­дар бэлэг эрхтэний гажиг, 18-д нь уруул тагнайн сэ­тэр­хий, 5-д нь гадар чих­ний гажиг, 8-д нь уушиг­ны гажиг, 6-д нь хөл га­рын хуруунд нь зургаадай илэрсэн ба үлдсэн 70-д нь бусад эрхтэн тогтолцооны гажиг илэрсэн.

Байгалийн баялгаа хө­рөнгөтнүүдэд цөлмүүлж, хөрс ус нь бохирдсон Аф­ри­кийн зарим буурай хөг­жилтэй оронд өнгөт арьс­тан эмэгтэй 4 ихэр хүүхэд гар­гажээ гэж нэг биш удаа хэв­лэлд мэдээлж байсныг ма­най уншигч авхай нар санаж байгаа байх.

 

 

Нийт: 2 Сэтгэгдэл

Derex
2016 оны 12-р сарын 2

You’ve hit the ball out the park! Indercible!

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Le Cialis Wikipedia Uses For Cephalexin 500 Mg cialis prices Lamisil Tablets At Ebay Amoxicillin During Pregnacy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *