Цэргийн музейд Чингисийн баатруудыг “залав”

2-р сарын 7, 2017 3:00 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 63
16507921_1182429138461039_8363560084296319540_n

Б.ТУУЛ

Юнител групп, ДДэш ТВ компани хамтран Гал Тахиа жилийг угтан бүтээсэн Хамаг Монголын дөрвөн их хүлэг баатар Зэв, Сүбээдэй, Боорчи, Мухулайн хөрөг зургийг өнөөдөр Монгол Цэргийн музейд хүлээлгэн өгөв.

Монгол түмэн эртнээс Тахиа жилийг сэргэн мандалтын эхлэл хэмээн бэлгэдэж иржээ. Түүхийн сурвалжид 1189 оны Шаргачин тахиа жил Хамаг Монгол улс дахин нэгдэж Тэмүүжинг Чингис хаан цол хэргэмд өргөмжилсөн гэдэг. 13 дугаар зууны үеийн археологийн олдвор, угсаатан зүйн судалгаа шинжилгээнд үндэслэн тухайн үеийн хаад, ноёдын өмсч хэрэглэж байсан хөө хуяг дуулга, хувцас хэрэглэлийн онцлогийг дээрх хүлэг баатруудын хөрөгт тусгажээ. Гоо Ван Мухулайг дугуй алтан магнайвчтай болд дуулга, алтан сурвууны халх бүхий хараавч, алтан зүрхэн толь зэрэг өмсгөлтэй дүрслэн харуулсан нь түүний өндөр дээд ноён хэргэмийг нь тодотгосон бол Сүбээдэй жанжныг хүр хорхойн шүлсээр ээрч хэрсэн бамбай, тэмээн тушиман төмөр ялтас бүхий мөрөвч, ташаавч, хуяг зэрэг уран нарийн хийц бүхий өмсгөлтэйгөөр бүтээсэн нь түүнийг өндөр дээд хэргэмтэй дайнч жанжин гэдгийг харуулсан байна. Энэ тухай монгол цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнай “Монгол цэргийн музейн түүхэнд чухал үйл явдал тохиож байна. Бид 13 дугаар зууны нэрт жанжин, баатруудын үйл хэрэг, түүхийг сурталчлан таниулах олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Зэвсэгт хүчний цэрэг дайчдын түүхийн мэдлэгт энэхүү хүлэг баатруудын зураг чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна” гэв. УСГЗ, эрдэмтэн, судлаач Г.Аким энэ тухай хэлэхдээ “Их Монгол улсыг байгуулахад асар том хувь нэмрээ оруулж Чингис хаанд томоор үнэлэгдэж чадсан жанжны тоонд эдгээр 4 хүлэг баатар зүй ёсоор багтдаг. Монголын нууц товчоо болон бусад судар бичиг эдгээр 4 хүлэг баатрын Чингис хаан хэрхэн магтаж, тодорхойлж хэлсэн тухай шүлэг бий. Боорчи Мухулай хоёр бол шилдэг баатраас гадна Чингис хааны 2 сэцэн зөвлөх байсан түүхтэй. Харин Зэв Сүбээдэй нар бол жинхэнэ тулаанч дайнч баатрууд. Чингис хааны хамгийн хүнд хэцүү тулаан бүрт энэ хоёр жанжин манлайлан оролцож үргэлж ялалтаар төгсдөг байсан” гэв. Юнител групп олон нийтэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, зар сурталчилгаа явуулах бүртээ залуучууд, олон нийтийг эерэг зан төлөвт уриалсан, түүхийн болон соёлын өвийг сэргээн хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж байдгаас энэ удаад залуу хойч үеийнхээ түүхийн мэдлэгийг зузаатгах олон нийтийг их түүхээ судлах, бахархах сэдлийг нь бий болгох үүднээс Чингис хааны хүлэг баатруудын дүрийг сэргээн бүтээж, олон нийтийн хүртээл болгож байгаа нь энэ юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *