Цэнэгчид

7-р сарын 1, 2014 8:13 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хөндөх сэдэв Уншсан: 1610
Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас бэлтгэсэн багц сурвалжлага уншигч танд үргэлжлэн хүрсээр байна.

Б.СОЛОНГО

Гэрэл зургийг Д.БАТБААТАР

Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас бэлтгэсэн багц сурвалжлага уншигч танд үргэлжлэн хүрсээр байна.

Гурвантэс сумаас зүүн урагш 90 км яваад Шивээ хүрэн боомтод ирлээ. Тус боомт нь ӨМӨЗО-ны Сэхээ боомттой хиллэдэг.  Нийт бараа эргэлтийнх нь 90 хувийг нүүрс эзэлдэг. Өглөө эртлэн ирсэн болохоор нүүрс ачихаар хилээр орж ирсэн хүнд даацын тэргүүд зөрөн өнгөрч байлаа. Тэд Сэхээ боомтоос өглөө эрт орж ирээд нүүрсээ ачиж буцаж гаран буулгачихаад амжвал буцаж орж хонодог гэнэ. Аз таарвал өдөрт хоёр эргэлт хийчихдэг тухай жолооч нар ярьж байлаа. Нүүрсний эргэлт буурснаас хойш өдөрт 250 орчим машин буюу дунджаар 25 мянган тонн нүүрс хилээр гарч байгаа гэнэ. Харин зорчигчдын хувьд ихэвчлэн Гурвантэс болон Ноён сумын иргэд цагаан идээ, чихэр, тамхи хилээр гаргаж өвөрмонголчуудад зардаг. Өдөртөө хүн тээврийн 50 орчим фургон хилээр орж гардаг байна. Шивээ хүрэн боомтод байшин барилга гэхээр зүйл алга. Шалган нэвтрүүлэх байр, нүүрсний хяналт шалгалтын байр, найман урсгал бүхий хяналтын зам, хилийн боомтод ажиллагсдын амьдардаг хэдэн вагончик л харагдана. Монголын талын боомт яагаад хөгжихгүй байгааг дараагийн сурвалжлагадаа өгүүлэх болно.

 

ИНГЭНИЙ ХООРМОГОО НУУЦААР ГАРГАДАГ БОЛЖЭЭ

 

Ингээд хилээр гарч Сэхээ боомттой танилцахаар боллоо. Хятадын тал 12-14 цагийн хооронд цайндаа орж хилээ хаачихдаг учир яаравчлан гарахаас аргагүй болов. Хилээр хүн тээвэрлэж гардаг фургонууд ар араасаа дараалан зогсчээ. Тэдний хамгийн эхэнд зогсох фургоны жолоочоос зөвшөөрөл аваад орж суув. Тэд хилээр хүн авч гарахдаа ямар нэг төлбөр авдаггүй аж.  Харин ч олон хүн суух тусмаа өөрсдөд нь ашигтай гэнэ. Нутгийнхан тэднийг “Цэнэгчид” гэж нэрлэнэ. Учир нь чихэр, тамхи, цагаан идээ гэх мэт хилээр гарган зарж болох зүйлсээр машинаа цэнэглэж аваад явна. Буцаж орж ирэхдээ суулгасан хүнийхээ тоогоор шуудайтай будаа авч ирдэг. Түүнчлэн хятад ундаа, чихэр, могойтой архи гэх мэтийг зөөвөрлөнө. Бас чулуу, гоёо гэх мэт нууцаар гаргадаг зүйлсүүдийг “Цэнэгчид” л зохицуулдаг гэж нутгийнхан ярьж байлаа. Хүнсний тухай шинэ хууль гарч, иргэд урд хөршөөс хүнс тээвэрлэхээ больжээ. Тиймээс  нэг хүн нэг шуудай будаа л оруулах эрхтэй юм байна. Олон хүн суулгах тусмаа өөрсдөд нь ашигтай гэсний учир энэ. н.Гантуяа гэж өөрийгөө танилцуулсан ахимаг насны ах биднийг машиндаа суулгалаа. Цаг 11:30 болж байсан учир цайны цагаас өмнө амжиж орохын тулд хажууд нь суусан эмэгтэй байн байн бууж Хятадын хилийн ажилтантай ярилцаж байгаа харагдана. н.Гантуяа ах аймгийн төвд амьдардаг гэсэн. Машинд нь хэдэн хайрцаг орос чихэр, боодол тамхинууд харагдав. “Ах нь урагшаа чихэр л гаргаж зардаг юм. Буцахдаа будаа оруулж ирнэ. Одоо эд нар бүр маяглаад оруулахаа байсан. Өмнө нь ааруул, ингэний хоормог оруулдаг байсан. Одоо хориглосон. Хүний хоёр хайрцаг чихэрнээс илүүг оруулж болохгүй. Яахав иймэрхүү байдлаар л амьдрал залгуулж байна даа” гэв.

Хилээр нэвтрэхэд шалган нэвтрүүлэхийн ажилтнууд гар цүнхийг нэгд нэгэнгүй нэгжин, шалгаж байв. Ингээд БНХАУ-ын нутаг дэвсгэрт орж Сэхээ боомттой танилцлаа.

 

ГОЁМСОГ БАРИЛГУУДТАЙ СЭХЭЭ БООМТ

 

Шалган нэвтрүүлэх байраасаа эхлээд гоёмсог сүрлэг байшинтай Сэхээ боомтыг Шивээ хүрэнтэй харьцуулахад их өөр. Хилээр нэвтрээд өргөн толигор замаар алхахад энд тэндгүй ногоон байгууламж арчилж буй ажилчид тааралдав. Удалгүй манай Ерөнхийлөгчийн зураг бүхий танилцуулгын самбартай ч тааралдлаа. Сэхээ боомтын гол гудамж нь ганц. Төөрнө гэсэн ойлголт үгүй. Тэр гудамжаа дагаад дэлгүүр, хоолны газар, зочид буудал гээд үйлчилгээний төвүүд нь үргэлжилнэ.

Сэхээ боомтын тухай “ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошууны хилийн шугамын 572 тоот хилийн баганатай ойролцоо байрладаг. ӨМӨЗО-ны төв болох Хөх хотоос 1100 км зайтай, Эзнээ хошууны төв Далайхөв хотоос 77 км зайтай. 1992 онд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ажиллаж эхэлсэн бөгөөд Хятадын Өвөрмонгол, Шаньси, Ганьсү, Нинся, Хөхнуур зэрэг мужуудаас Монгол Улсад хүрэх хамгийн ойрхон цэг болжээ” гэж танилцуулганд нь бичсэн байна. Тус боомт нь гадаад худалдаачдад зориулсан хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлдэг гэдэг ч бодит байдал дээр бараа бүтээгдэхүүн оруулахад улам л хяналттай, хаалттай болоод байгааг фургоны жолоочид ярьж байсан юм.

Урт гэгч нь үргэлжлэх худалдааны гудамжаар алхсаар эхний дэлгүүрт хүрэхэд нөгөө “Цэнэгчид” аль хэдийнэ ирчихсэн бараагаа худалдаж, оронд нь авсан будаа, бусад зүйлсийг машиндаа ачицгааж байв. Хятадын хилийн ажилчид цайндаа орсон тул сүүдэр бараадан хоёр гурваараа буу халж, зарим нь хоол идэцгээхээр “Монгол гуанз” гэсэн хаягтай байшин руу орцгоов. Нэг машинаас бууж ирсэн хоёр залуу “Чулуу авч ирсэн. Урнаагийнд очъё” гэсээр сууж байсан хүмүүсээс нэгийг нь дагуулан явж одов. Ихэвчлэн наймаа хийх гэж л хил нэвтэрдэг хүмүүс байсан учир дэвтэр, гэрэл зургийн аппаратаас өөр барьсан зүйлгүй бид хоёр өөр зорилготой гэдэг нь харваас тодорхой байгаа бололтой. Бүгд сонирхож харахаас гадна олон зүйл ярихгүй тэгсгээд яриагаа өндөрлөцгөөж байв. Сэхээ боомтод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байсан юм. Гол гудамжаа дагасан сүрлэг барилгууд босч байв. Гэхдээ Монголоос хил нэвтэрсэн фургончдоос өөр хүн тэр гудамжинд бараг л алга. Монгол худалдаачдын барааг авдаг өвөрмонгол дэлгүүрүүд Эрээнийхтэй ижилхэн. Крилл үсгээр зөв , буруу олон янзаар бичсэн хаягууд нүд эрээлжлэм. Үйлчилгээний төвүүд нь юаниар тооцоо хийх ба байхгүй бол монгол төгрөг өгч болдог юм билээ.

Ганц хоёр дэлгүүрээр орж сонирхоод сүүдэрт суугаа монголчуудтай уулзлаа. Бүгд л байнга хилээр гарч наймаа хийдэг хүмүүс байна. Монголоос оруулах барааны тоо улам л хумигдаж байгааг тэд учирласан юм. Өмнө нь цагаан идээ асуудалгүй гаргаж болдог байсан бол одоо бараг л оруулахаа больжээ. Ингэний хоормог, ааруул гэх мэтийг нууц байдлаар л авч гардаг болж. Тэднээс улаан чулуу зарж байгаа хүн байгаа эсэхийг сураглахад хэн ч дуугарсангүй. Харин нэг өвөрмонгол залуу илт сонирхон “Чулуу байгаа юм уу. Авна шүү” гэсээр дөхөж ирэв. Өөрийгөө Чой Жин Жав гэж танилцуулаад нэрээ дэвтэр дээр минь монгол бичгээр бичиж өгсөн түүнтэй ийм яриа өрнүүлсэн юм.

-Та улаан чулуу авдаг юм уу?

-Авна аа.

-Хэдээр авдаг юм?

-Янз бүр шүү дээ. Килограмм нь 200-300 юань болдог.

-Ойрд хэр ихийг авав?

-Зөндөө мөнгөөрөө чулуу авсан. Гэхдээ сүүлдээ шатаад дууслаа. Дандаа чанаргүй, бутардаг чулуу аваад байж. Эхэндээ мэдэхгүй улаан өнгөтэй л бол аваад байлаа. Одоо харин туршлагатай болсон. Гэхдээ сүүлийн үед орж ирэх нь багассан байна.

-Та өөрөө манай руу орж чулуу түүсэн үү?

-Үгүй ээ. Тэгвэл шууд л гянданд орно биз дээ.

-Та энд наймаа хийдэг хүн үү?

-Тийм ээ. Би урлагийн хүн байсан. Гэхдээ наймаа нь ашигтай байна. Манай Өвөрмонголд наймаачдаа дэмждэг. Бидэнд урамшуулал өгдөг юм. Гэтэл танайхан монголчуудаа дэмжихгүй байна. Юм болгоныг нь хорино.  Манай хүнс чанартай шүү дээ. Гэтэл оруулахаа больсон. Харин монгол идээ бол үнэхээр сайн. Манай Өвөрмонголд сүүнд нь ус хольчихдог. Танайхаас цагаан идээ авах сонирхолтой. Гэтэл оруулж ирэхгүй хориглоод байна. Танайхан малчдаа дэмжихгүй бол яаж амь зуух вэ.

“Чи надтай Далайхүү рүү цуг яв. Эндээс 70 км яваад л хүрнэ. Тэнд жинхэнэ амьдрал үзэж болно. Энэ Сэхээд юу үзэж харахав дээ” гэж шалсаар байсан Чой Жин Жавд учир байдлаа хэлж танилцсандаа таатай байгаагаа илэрхийлээд саллаа.

Цаг давчуу байсан учир Хятадын хилийн цайны цаг дуусангуут хамгийн түрүүнд ирсэн фургонд суугаад нутагтаа оров. Будаа, ундаа, архи сэлт ачсан хэдэн залуу өнөөх л улаан чулууны талаар хөөрөлдөж байсан юм. Хоёр нь бушуухан орчихоод өнөөдөртөө амжаад буцаад гарах санаатай бололтой. Хятадын боомт хэдий гялтганасан сайхан байсан ч шалган нэвтрүүлэхийн ажилчдаас эхлээд ааш зан нь тун тааруу. Монголынхоо хилээс хоёр гуравхан цаг холдсон ч монгол хүний  найрсаг, дулаахан зан ааш үгүйлэгдэж байсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Шивээ хүрэн боомтын шалган нэвтрэхээр орж ирээд Гаалийн газрын даргын өрөөг зүглэхэд байшингийн цонхоор хүчтэй хуй салхи дэгдэж, тэнгэр газар харанхуйлан бүүдийж эхлэх нь харагдлаа.

Үргэлжлэл дараагийн дугаарт

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *