Цахим орчинд садар самууныг сурталчилсан 1.8 тэрбум зураг бий

2-р сарын 8, 2018 9:41 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 33
9

Б.ЗАЯА

 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 25 ортой хүүхдийн тасагтай. Хүүхдийнхээ дижитал технологийн донтолтыг эмчлүүлэх гэсэн эцэг, эхчүүд энэ тасагт хандах тохиолдол нэмэгдсээр тасгийн даац аль хэдийнэ хэтэрсэн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн ярив. Хөвгүүд интернет тоглоомд, охид фэйсбүүк сүлжээнд хэт их донтож байгаа гэнэ. Цахим сүлжээ залуу үеийнхэнд хэрхэн нөлөөлж байгаагийн энгийн жишээ энэ. Монгол төдийгүй дэлхий дахинаа интернетийн хор уршиг нэмэгдсээр байгаа учраасАюулгүй интернетийн өдөр”-ийг олон улсад жил бүр тэмдэглэдэг. Энэ өдөр өчигдөр /02.06/ тохиов. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраасАюулгүй интернетийн өдөр”-т зориулжХүүхдэд ээлтэй хэвлэл мэдээлэл ба цахим орчинсургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Төрөөс хүүхэд залуучуудад чиглэсэн бодлого ямар байгаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгуулагдаад хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга О.Алтансүх хэлэлцүүлгийн оршил болгож мэдээлэл өгөв. Нийт хүн амын 35.8 хувийг эзэлж буй хүүхэд, залууст чиглэсэн үйлчилгээнд улсаас жил бүр тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгө төсөвлөдөг ч үр дүнтэй зарцуулагдсан нь ховор. Энэ нь зөв бодлогыг тодорхойлоогүйтэй холбоотой. Тухайлбал, халамжийн үйлчилгээг түлхүү хэрэгжүүлж ирснээс биш хүүхэд хөгжлийн үйлчилгээ орхигдсон талаар газрын дарга О.Алтансүх ярив. Тиймээс хүүхэд хөгжлийн бодлогыг зөв тодорхойлохын тулд 50 000 өрхийн судалгааг энэ жилээс эхлүүлжээ. Хараа хяналтгүй, бүтэн өнчин, унаач хүүхдүүдийг нэг мөр бүртгэлтэй болгохоор хурууны хээгээр бүртгэх ажлыг эхлүүлээд байгааг тэрээр онцлов.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр ЦЕГын Хүүхдийн тасгийн дарга Д.Будзааны өгсөн мэдээлэл анхаарал татав. Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад 450 мянган дуудлага иржээ. Энэ тоог задалвал интернет тоглоомын газарт бүртгэгдсэн зөрчил 2100 байсан гэв. Үүнээс 50 нь гэмт хэргийн шинжтэй байсан нь өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, цахим тоглоом хүүхэд залуусын оюун сэтгэхүйд нөлөөлөөд зогсохгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох эрсдэл өндөр байгааг харуулж буй хэрэг гэв.

Өнөөдөр хүүхдүүд гар утас, цахим орчны хэт их хамааралтай байгаа нь айл өрх бүрт тулгамдаж байгаа асуудал. Бусдад уруу татагдах вий, буруу зөрүү мэдээлэл авах вий гэсэн айдас ээж, аав бүрт байгаа. Судалгаагаар интернетэд нэг минут тутамд садар самуун утгатай 500 зураг оруулдаг бол нэг өдөрт энэ төрлийн 1.8 тэрбум зургийг татаж авч, бусдад түгээдэг гэж байна. Хараа хяналтгүй, таслан зогсоох боломжгүй энэ том сүлжээг залуу үеийнхэнд хор уршиг багатай ойлгуулах нь эцэг, эх, сургуулийн орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг яах аргагүй мөн. Цахим орчны мэдээллийг хүүхдүүд төдийгүй томчууд шүүн тунгаах чадваргүйгээр хүлээж авч байгаа нь интернетийн аюулыг бууруулахад хамгийн том хүндрэл болоод байгааг хэлэлцүүлэгт оролцогсод онцолж байлаа. Наад зах нь эцэг, эхчүүдБи мэдэхгүй байна. Чи хийгээд өг, татаад өг, зураг оруулаад өггэх зэргээр интернетэд ханддаг нь хүүхдүүдээ цахим орчинд дураараатэнэхболомжийг нь олгож бүх мэдээллээ алддаг, интернетийн талаар хүүхдээсээ муу мэдлэгтэй байгааг харуулж байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулах, хүүхдүүдтэйгээ сайн ярилцах, интернетийн мэдлэгээ дээшлүүлэх нь хамгийн чухал байгааг мэргэжилтнүүд ярилаа. Түүнчлэн хүүхдүүд насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл, видеог үзэхэд интернет хаагддаг, цоожлогддог, аав ээжид нь энэ талаарх мэдээлэл очдог “Famely log” үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан дуулгав. Үүнээс дутахааргүй үр дүн бий болгох, ач холбогдолтой ажлыг хийж чадах салбар бол хэвлэл мэдээллийнхэн гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод ярьж байлаа.

Хүүхдүүдээ интернетийн хамаарлаас сэргийлэх том боломж эцэг, эхчүүдийн гарт бий. Тэдэнтэй ярилцагч байж чадвал ирээдүйд учирч болзошгүй олон аюулаас сэргийлж чадна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *