Цагаан сар ба оньсон тоглоом

2-р сарын 13, 2018 11:42 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 115
9
М.БААСАНДЭЛГЭР

“Оюун ухааны музей”-д монголчуудын ёс заншлыг харуулсан олон төрлийн уламжлалт  тоглоом наадгай хадгалагдаж байна. Монголчууд Сар шинийн баяраар ямар тоглоом наадгайгаар тоглодог байсан талаар тус музейгээс сурвалжлага бэлтгэлээ.  Тус музей 130 орны 11 мянга гаруй оюун ухааны бүтээлтэй, дөрвөн том заал, есөн танхимаас бүрддэг. Үүнээс уламжлалт оньсон тоглоомын хэсгийг онцлоё. Монголчууд битүүний орой шагайгаар алаг мэлхийг урд зүг рүү харуулан өрдөг заншилтай.  Шинийн 1-ний өглөө энэ наадгайг тоглож хожсон хүн нь ирж буй жилдээ аз хийморь, олз омог дүүрэн байна гэж билэгддэг. Харин хожигдсон нь ирэх жилдээ тааруу байж болзошгүй гэж таамаглан шинийн 15-наас өмнө засал хийлгэдэг учиртай. Мөн алаг мэлхий өрөх нь зурхайн гол үндэслэл болдог. Цагаан сараар алаг мэлхий гэлтгүй бөгцөг болон шагай няслах, дөрвөн бэрх хаях гэх мэт олон тоглоомыг хөгшин залуугүй тоглож нааддаг уламжлалтай. Харин  нийтлэг тоглодог наадгай нь оньсон тоглоом. Оньс нь нүүдэлчдийн соёл иргэншлээс үүдэлтэй. Гэрээ нүүлгэхдээ эд хогшил, хашаа хороогоо бүгдийг нь задрахаар хийдэг. Энэ нь явсаар оньс болж хөгжсөн. Дээхнэ үед айл бүрт тос болоод харласан оньс байдаг байв. Хэдийгээр хувьсгалын дараа Орос тоглоом худалдаанд гарч оньсон тоглоом шахагдсан ч тасарч алга болоогүй. Манай орон оньслох ухаанаар дэлхийд тэргүүлдэг.

Анх монголчууд 27 модтой хөзөр хийж байжээ. Энэ нь уламжилж явсаар “Үүчүүр” гэх тоглоом болжээ.

Оюун ухааны музейд хоёроос эхлэн 673 ширхэг хүртэл дүрсээс бүтсэн 5000 гаруй оньс бий. Хоёр модны оньсыг задлан угсрахад нэг хөдөлгөөн хийдэг бол 673 модны оньсонд 56831 хөдөлгөөн ордог гэнэ.Мөн урлагийн бүтээлүүдийг оньсоор хийсэн нь зөвхөн Монголд л байдаг. Ертөнцийн долоон гайхамшгийг оньсоор хийснээс эхлээд оньсон сансрын хөлөг, оньсон гэр, оньсон хүн, оньсон сүм хийд, байшин барилга гээд олон гайхамшигт бүтээлүүд бий. Монголчууд XVI зуунд Хятадын даалууг халж “Хорол” гэдэг тоглоомыг бий болгосон. Ерөнхий зарчим нь даалуутай төстэй хүнийг танин мэдэхүй талаас нь хөгжүүлдэг тоглоом юм. Энэ тоглоомыг ахмад настанууд хот айлаараа шинэлэхдээ тоглож нааддаг байжээ.

Сар шинийн баяр гэлтгүй хуримын үеэр бэр, хүргэнээрээ тоглуулдаг байсан сонирхолтой тоглоом бол ээдрээ тайлах наадам. Жишээ нь, бөгж нийлүүлэх тоглоом юм. Хадам аав ээж нь бэрээрээ тоглуулж ур ухааныг нь шалгадаг. Салангид хоёр шагайг нэг талд нь нийлүүлж чадвал айлын бэр болж, чадахгүй бол гологддог байжээ. Харин хүргэнээ сорих “шагай мултлах” гэж тоглоом бий. Хүнтэй суух насны охиныг нь гуйж ирсэн хүмүүсээр шаант чөмөг мултлуулж хүч, бярыг нь шалгадаг. Хүргэнээ болгохоор таалсан хүндээ амархан мултрахыг нь өгдөг. Харин охиноо өгөхгүй гэсэн хүндээ мултрахааргүй хатсаныг нь өгнө. Хүргэн болох хүн түүнийг нь мулталж дийлэхгүй бол “Эр бие гүйцээгүй байна, Энэ удаад охиноо өгөх арга алга, эр бие гүйцхээрээ, эргэж охиныг минь гуйгаарай” хэмээн буцаадаг ёс байжээ.

Ээдрээ тайлах наадам /бөгж нийлүүлэх, шагай мултлах тоглоом/

Соёлын гавьяат зүтгэлтэн, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий “Унших, бодох нь ухаан санааны гимнастик. Тэгэхээр миний судалгаагаар тоглоом их тоглодог хүн зөнөдөггүй. Тоглоом оюун ухаан, хүч чадлын өрсөлдөөн байдаг. Хожно, хожигдоно. Чадна, чадахгүй. Залхуу хүн тоглоом тоглодоггүй. Тоглоом нь амьдралаас урган гарч амьдрах ухааныг зааж байдаг. Зах зээлийн энэ үед амьдрахын тулд бүх хүн завгүй ажиллаж байна. Гэхдээ долоо хоногт ганц удаа ч болов гэр бүлээрээ тоглоом тоглож байх хэрэгтэй. Шатар, даам, хөзөр юу ч байсан болно. Тэгвэл гэр бүлийн уур амьсгал халуун дулаан эерэг болдог” гэсэн юм.

Ийнхүү сар шинийн баяраар ахмад настан, хүүхэд багачууд уламжлалт тоглоомоороо наадан шинэлнэ. Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог ажээ. Улс орныг хөгжүүлэх гол хэрэгсэлтоглоом, наадам гэдгийг музейн хамт олон хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хорол нь ерөнхий зарчмын хувьд даалуутай төстэй хүнийг танин мэдэхүй талаас нь хөгжүүлдэг тоглоом юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *