Ц.Цолмон: Намайг дагаад махн-д элсэх хүн бий

10-р сарын 4, 2012 11:59 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 279

Д.БОЛОРМАА

 

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон өчигдөр улстөрчид, хэвлэлийнхний хамгийн эрэлттэй хүн нь байлаа. Түүнийг МҮАН-ын дэд даргаас татгалзаж МАХН-д гишүүнээр элссэн нь үнэн эсэхийг лавлах гэж тэр юм. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-”Шударга ёс” эвсэл буюу МАХН-МҮАН-ын харилцаанд ан цав үүссэн. Таныг МАХН-ыг сонгосон тухай мэдээлэл байна?

 -Монголчуудын зан юм даа. Манайхны муу зан илэрч байна гэж өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж болно. Хоёр монгол мөнгөгүй байхдаа нийлээд нэг компани байгуулчихаад хожим мөнгөтэй болоод муудалцаад салдаг. Манай хоёр намын харилцаа ч гэсэн тэр маягын процесс юм даа. Өдгөөгөөс 5-6 сарын өмнө МАХН, МҮАН хоёр нам засагт байгаагүй. Зөвхөн бие биедээ хэрэгтэй гээд эвсэл байгуулж УИХ-ын сон­гуульд оролцож тодорхой хэмжээний амжилт­тай­гаар төр барилцаад явж байна. Өөрөөр хэлбэл, компани байгуулсан хоёр тал мөнгө, эрх мэдэлтэй болсон гэсэн үг. Өнөөдрийн бодит байдлыг ний нуугүй хэлэхэд МАХН, МҮАН хоёр бие биенээ үгүйсгэх, голох нь хэрээс хэтэрч байна. Энэ нь тодорхой хүмүүсийн зан араншинтай холбоотой. Миний хувьд хоёр намын удирдлагууд ямар зан араншинтай вэ гэдгээс үл хамаарч нэгдэх ёстой гэсэн зарчим баримталж байгаа. Өөр хоорондоо таарамжгүй хүмүүс байсан ч хамаагүй нэг нам болоод ажиллах ёстой . Үүнд цаг хугацаа хэрэгтэй байна. “Шударга ёс” эвслээс  орон нутгийн сонгуульд орох гэж буйг  нь харахад бас л өөрс­дийгөө хэт үнэлж, нөгөө талаа дутуу үнэлсэн ханд­лага ажиглагдаж байна. Энэ нь төвөөсөө орон ну­таг руу тархаж сонгуульд оролцох бодлого, зарчим нь алдагдах шинжтэй. Энэ нь орон нутагт байгаа намын гишүүд, дэмжиг­чид нөлөөлсөн гэхээс  илүү хоёр намын удирд­лагад ажиллаж байгаа хүмүүсийн хандлагаас хамаарч буй асуудал. Миний хувьд энэ хоёр намыг нэгтгэж улс төрийн хүчтэй хүчин болгохыг хүсч байгаа. МАХН-ыг сонгосон нь үүнтэй холбоотой. Монголчууд  хамтран ажиллаж болд­гийг үзүүлэх гэж яарав­чилсан нь энэ. Дээрээс нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд тохируулсан гэж болно. МҮАН-д намайг дэмжигч гишүүд, дэмжигч найз нөхөд бий. Тэднийг аль болох нэг улс төрийн хүчин болох чиглэл рүү санал санаачлага гаргаж ажиллаач гэж хэлмээр байна. Яагаад гэвэл Монголын эдийн засаг, боловсон хүчний нөөцийн харахад олон нам тус тусдаа үр дүнтэй ажиллах бололцоо алга. Энэ бол бидний хардаж ярьдгаар гадныханд ашигтай зүйл.

-Та МАХН-ын батла­хаа гардаж авсан уу?

-Авсан.

-МҮАН-ын дарга М.Энх­сайхан таны сана­лыг хэрхэн хүлээж авч байна. Бас намынхан чинь?

-Би УИХ-ын сонгуу­лийн өмнө бас хойно гэсэн хоёр намыг нэгтгэх саналаа тавьж байсан. Энэ бол саяхан гаргасан шийдвэр биш. Нөгөө талаар “Шударга ёс” эвсэл дотроо бие биенээ үгүйсгэж буй нөхцөл байдлыг дүгнээд МАХН-д орьё гэсэн шийдсэн юм.  М.Энхсайхан даргын тухайд миний саналыг хүндэтгэж байгаа. Харин бид хоёрын хувийн яриа та бүхэнд сонир­холгүй байлгүй. Хэлэх ч шаардлагагүй болов уу.

-Таны хэлсэнчлэн хоёр нам нэгдвэл “Шударга ёс” эвсэл байхгүй болох уу. Өөрөөр хэлбэл, хоёр намын нэрээр биш эвслийн зүгээс УИХ-д орж ирсэн. Энэ утгаараа парламентад эвслийн жагсаалтаар орж ирсэн УИХ-ын гишүүдэд ямар нэгэн асуудал тавигдах уу. Засгийн газрын хүрээнд ч гэсэн хоёр нам биш эвсэл гэдэг утгаараа гэрээ байгуулсан шүү дээ. Тэгвэл урьд нь “Эх орон-Ардчилал” эвсэл задарснаар засаг нь задарч байсан тохиолдол бий. Үүнтэй адилхан юм болох юм биш биз?

Эвслийг бүрдүүлж байгаа хоёр нам нэгдснээр эвсэл задарна гэж байхгүй. Харин эвслээс аль нэг нам нь гарвал эвсэл хүчингүй болно гэсэн заалт бий. Үүнтэй холбогдуулж хэлэхэд эвсэлд хоёр янз бий. Сонгуулийн өмнөх эвсэл, сонгуулийн дараах эвсэл гэж. Сонгуулийн өмнөх эвсэл бол олон улсын практик логик талаас нь бодсон ч нэг субьект болж орж байдаг. “Шударга ёс” эвсэл нь сонгуулийн хугацаа дуус­тал нэг байгууллага шиг ажиллаж байсан. Харин сонгуульд тус тусдаа ороод дараа нь сонгуулийн дүнгээс хамааран эвссэн бол бие даасан, өөр ста­тустай байгууллага байдаг. Дахин хэлэхэд хоёр нам нэгдсэнээр эвсэл зад­рахгүй. Яахав, баримт бичгийн хувьд өөрчлөх зүйл бий.

-Нэгэнт орон нутгийн сонгуулийн зарим тойрогт тус тусдаа орохоос эхлээд жижиг сажиг ан цав үүссэн МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвсэл  оршин тогтнох үндэсгүй болж байна гэх хардлага байна?

-Тодорхой шийдвэрт өөр өөрийн үзэл бодолтой байдгийн илрэл нь энэ. Ер нь аливаа байгууллагын хоёр ажилтан ажлаасаа гарлаа гэхэд байгууллага нь татан буугдаггүй биз дээ. Үүнтэй адил эвсэл байдгаараа байна.

-Нэгдэхдээ яагаад МҮАН-аас МАХН-д нэгдэх ёстой гэж. Эсрэ­гээ­рээ үндэсний эрх ашгаа дээдэлнэ гэсэн үзэл баримтлалтай гэх МҮАН-д  МАХН-ынхан нэгдэж болохгүй юу?

-Тэр бол өнөөдрийн улс төрийг дүгнэж байгаа хувь хүний алхам. Хоёр нам ямар хэлбэрээр нэгдэх нь чухал биш.  Орон нутгийн сонгуульд тус тусдаа орж байгаа нь өөрсдийнхөө улс төрийн жинг шалгая гэсэн зүйл гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, нэг аймагт МАХН давамгайл­на гэхээр МҮАН-ыхан тийм биш гэнэ. МҮАН давамгайлаад орно гэсэн аймагт МАХН-ынхан зөв­шөө­рөхгүй байх жишээ­тэй. Энэ нь өөрс­дийнхөө жинг хэтрүүлж үнэлээд нөгөө хамтраг­чийнхаа жинг дутуу үнэлснээс үүдсэн хэрэг. Орон нутгийн сонгуулиар хэн нь хэн бэ гэдгээ харуулах хариуцлагатай үе. Цаашид сонгуулийн дараа хоёр нам нэгдэх үйл явц илүү эрчимтэй болох байх гэж дүгнэж байна. Зарим хүмүүс надад “Орон нутгийн сонгуулийн дараа МАХН-д орохгүй яасан юм бэ” гэсэн шүүмжлэл хэлж байна. Гэхдээ МАХН-ыг сонгох шийд­вэрээ аль эрт гаргасан байсан юм.

-УИХ-д буй МҮАН-ын нэр бүхий гишүүн таныг “МҮАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон атлаа гарлаа. Тойргоос сонгогдоод гарсан бол хамаа алга” гэж хэлж байсан?

-Намын жагсаалт гэ­хээс илүүтэй эвслийн жагсаалтаар гарч ирсэн шүү дээ.

-Та нэгэн цагт ҮШН-ын дарга байсан. Тухайн үедээ сайдын суудалд ҮШН-ын нэрээр орж ирж байлаа. Тэр бүх боломжийг ҮШН-аас танд олгосон. Одоо яагаад МАХН-ыг сонгосон нь сонирхол татаж байна?

-Би нөгөөх л хариултаа хэлнэ. Хоёр намыг нэгтгэхийн тулд ийм алхам хийлээ гэж. Нэгдэнэ гэдэгт ч итгэлтэй байна.

  Цаг хугацаа болоод сэтгэл зүйн асуудал бол бий. Ний нуугүй хэлэхэд өнөөгийн нийгэмд олон жижиг нам тус тусдаа явах бололцоо муу. Үр ашиг ч багатай. Үүнийг ҮШН-д байхдаа ойлгосон.

-МАХН-ын иргэдийн дунд нэр хүндтэй болж, байр суурь нь бэхжиж байна. Магадгүй үүнээс болж ийм сонголт хийсэн үү?

-Хувь хүний үзэмжээс илүү хоёр намын ирээдүйг бодсон. Хоёр нам нэгдэх дохио нь намайг МАХН-д элссэнээр эхлээсэй гэж хүссэн хэрэг.

-Нэгдэхгүй бол яах вэ?

-Нэгдэхгүй байх эрх нь бий. Гэхдээ жижиг намууд байх нь улс төрчдийн цаг завыг зарж, эд хөрөнгийг нь үрсэн улс төр болоод байна. Энэ утгаар жижиг намууд  нэгдэх учиртай.

-”Шударга ёс” эвсэл дотроо МАХН хүчтэй, МҮАН сул дорой байгаа учраас таныг цаашдын улс төрийн карьераа харж сонголоо гэх хардлага байна?

-Нэгтгэх ёстой гэсэн талаа баримталсан. Хувь хүнийхээ үүднээс бодвол олон жилийн ашиг со­нирхол надад байхгүй. Түр зуурын ч ашиг сонирхол гэж байхгүй. Зарим хүн намайг МАХН-аас албан тушаал горьдож элсэж байна гэж хардах байх, тэгвэл үгүй. Н.Энхбаяр даргыг төрийн гурван өн­дөр албан тушаалыг ха­шиж байх үед нь уулзаж байгаагүй. Уул­зах ч шаард­лага байгаа­гүй. Нөгөө та­лаас тэр хүнийг магтаж бас муулж байсангүй. Яахав, өнгөр­сөн хугацаанд Мон­голд хэрэгтэй товариш байна гэж харсан. Удир­дан зохион байгуулах чад­вар, эзэмшсэн боловсрол мэд­лэ­гээс нь харахад мон­­гол төрд ашиглах ёстой хүн юм байна гэж ойлгосон.

-Энэ сонголтыг хийхэд МАХН болоод Н.Энхбаяр нөлөөлсөн үү. Та түүнтэй уулзсан биз дээ?

-МАХН-аас хүсэлт бол байсан. Н.Энхбаяр даргыг  шорон, эмнэлэгт байхад нь хүн чанарын үүднээс хоёр удаа уулзаж эргэсэн.

-Танай эвслийг хага­ралдуулж буй гол зүйл нь квот гэх. Тодруулбал, МАХН 70, МҮАН 30 гэсэн нь эвслийг задруулах алхам болж байна гэж дүгнэх хүн байна?

-Намууд квотын сис­тем нэвтрүүлснээр хага­ралын эх үүсвэр нь болдог. Квотоо буруу тогтоолоо гэж маргана. Дараа нь  квотынхоо дагуу авахаар их, бага авлаа гэж мар­гана.  Энэ утгаа­р нэг­дээд квотгүй болоод ажил­лая гэсэн саналтай байна.

-Квотоос эхлээд асуу­дал үүсч байгаа юм бол нэгдсэн хойноо МАХН-ын угшил, МҮАН-ын угшил гээд асуудал үүсэх вий?

-Арга ядаж нам дотроо фракц гэдэг шиг ажиллаад явж болох байх.

-Та шиг бодолтой хүн МҮАН-д бий юу. МАХН-д элсэхээр шийдсэн хүн хэр олон байна?

-Ойр дотно байдаг хүмүүстэйгээ зөвлөсөн. Тэд цаг хугацааны асуу­дал байна гэж байна. Нэрлээд яахав дээ, намайг дэмжсэн гишүүд олон бий. Тэд ч удахгүй МАХН-д элсэхийг  үгүйсгэхгүй.

-Таныг өөрийн намаа МАХН-тай нэгдэе гээд санал гаргахад нам дотроос чинь гадуурхал байсан уу?

-Байгаагүй байх. Би лав мэдрээгүй. Яахав, үзэл бодлоор зэмлэсэн, шүүм­жилсэн хүмүүс бол байсан. Манай хоёр нам нэгдэхэд нэг хүндрэл бий. Юу гэхээр зөвхөн аль нэг намд нь МАХН-ыг эс­вэл МҮАН-ыг үзэн ядсан хүмүүс байхаар хүндрэл гарч буй. Өөрөөр хэлбэл, өсвөр насны хүүх­дүүд  сайдаж мууддаг шиг тийм төвшний сэтгэл­гээтэй хүн улс төрд бий.

-МҮАН-аас орон нут­гийн зарим тойрогт бие даахаар хэм­жээний лидер байна уу?

-Хүч бололцоо бага. Заавал тасарч ганц нэ­гээрээ тоглолт хийх хүч байхгүй. Үүнийг олон хүн хүлээн зөвшөөрнө гэж ойлгож байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *