Ц.Цэнд-Аюуш: Хоршооллын хуулийг шинэчлэн найруулахыг хэтэрхий удаан хүлээж байна

5-р сарын 11, 2016 8:16 am Нийтлэгч: Ангилал Бизнес хөгжил , Ярилцах цаг Уншсан: 57
5-11-3х

Г.ГАНЧИМЭГ

Энэ удаагийнхаа “Бизнес, хөгжил” ярилцлагын буланд Монголын анхны “Ноосон зангилаа” дундынхоршооны дарга Ц.Цэнд-Аюушийг урилаа.

Та хоршооны сэдвээр ярьдаг цөөн хүмүүсийн нэг. Ер нь манай улсад өнөөдөр хоршооны хөгжил ямартөвшинд байна вэ?

-Хор­шооллын хөг­жил үсрэнгүй байж чадахгүй байгаа. Сүүлийн үед малчид ноосны урамшууллаа авахын тулд  хоршиж байгаа нь бий. Гэхдээ энэ нь жинхэнэ утгаараа хоршоо хөгжиж байгаа гэсэн үг биш. Манай иргэдийн дунд хоршоо гэхээр хөдөөний юм, хоёр настай хүн ажиллуулдаг гэх мэт бурангуй ойлголт байдаг. Гэтэл олон улсад брэнд болсон кофе, цайны үйлдвэрлэгчид дандаа хоршоологчид байдаг шүү дээ. Тиймээс хоршоон дотроо үйлдвэрлэл, малчных гээд бас зааг ялгаатай байгаа биз.

Манайд анхан шатны хоршоод олон бий. Харин танай “Ноосон зангилаа” Монголын анхны дундын хоршоогэдгээрээ онцлог. Мөн улсын тэргүүний гэдэг тодотголтой юм билээ?

-Манай “Ноосон зан­гилаа” дундын хоршоо 2006 оны есдүгээр сарын 13-нд үүсгэн байгуу­лагд­сан. Монголд Норвегийн тусламжийн байгууллага дөрвөн төсөл хэрэгжүүлж байлаа. Түүний нэг нь “Ноосны өрхийн үйлдвэрлэл, маркетинг” гэдэг төсөл байсан юм. Товчхондоо тэр төслийн үр дүнд “Ноосон зангилаа” Монголын анхны дундын хоршоо үүссэн түүхтэй. Харин одоо эгнээндээ 12 хоршоо, нэг төрийн бус байгууллага, 200 гаруй үйлдвэрлэгч, гэрээт ажил­чинтайгаар үйл ажил­лагаа явуулж байна. Байршлын хувьд Дархан хотод долоон хоршоо, үлдсэн нь Улаанбаатарт бий. Таруу байрлал нь жаахан хүндрэлтэй ч бид хийж буй ажил, бизнесээ маш сайн мэддэг нь давуу тал болдог.

Анх жижигхэн төслөөр эхэлж байсан гэхэд өнгөр­сөн хугацаанд та нар зах зээлд өөрсдийгөө таниулж,харьцангуй бүтээмжтэй ажиллаж чаджээ?

-Бидний бүтээгдэхүүн, бизнес бол зах зээлд шинэ байсан. Монголчууд ноос унгасаараа дээвэр, туурга зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийдэг байсан бол орчин үед хэрэглээний урлаг болтлоо хөгжиж байна. Малгай ороолт, бээлий, шаахай зэрэг хувцас хэрэглэлээс гадна бэлэг дурсгал, гоёл чимэглэл гээд бүр нарийн зүйлийг урладаг болсон. Дотооддоо “Цагаан алт” дэлгүүрээр бүх бүтээгдэхүүнээ бор­луулдаг. Гадагшаа 4-5 оронд бүтээгдэхүүнээ экспор­толж байна. Япон, АНУ, Австралид тогтмол харил­цагчтай болсон. Манай хоршоо жилд дотоодын зах зээлд 300 сая төгрөг, гадаадад 100 сая төгрөгийн борлуулалт хийдэг.

Тэгвэл та нарт бизнесээ улам өргөжүүлэн тэлэх боломж байгаа юм байна?

-Бүтээгдэхүүнээ гараар хийдэг учраас хэт олноор үйлдвэрлэхэд жаахан хүндрэлтэй. Гэхдээ бид гадаадаас авах захиалга дээрээ хугацаагаа зөв тооцоолж авдаг учраас олон тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг. Хүний нөөц ч хангалттай бий.

Саяхан манай улсад цэн­хэр эдийн засгийг үндэс­лэгч Гюнтер Паули ирж лекц уншсан. Тэрээр жижиг байхтусмаа давуу тал болно гэж үздэг юм билээ. Та нарын эр­хэлж буй бизнес яг энэ тодорхойлолтод таарахюм байна шүү дээ?

-Тийм ээ, би ч бас тэр лекцийг сонссон. Бидэнд боломж их бий. Түүхий эд маань Монголоор дүүрэн байна. Эсгий урлалын өндөр ур чадвартай мэр­гэжилтнүүд манай хоршоонд байдаг. Эцэст нь эко бүтээгдэхүүн гаргадаг учраас дэлхийн аль ч улсад очсон хүлээн зөвшөөрдөг юм. Дэлхийн олон оронд өнөөдөр жижиг, дунд үйлдвэрүүд л эдийн засгийг авч явж байгаа нь нотлогдчихсон. Гэтэл манай эрх баригчид хэтэрхий том зүйлээс их ашиг хараад байдаг.

Тэгээд бас гар аргаар хийдэг учраас үнэ цэнэтэй гээд ярих зүйл их бий байх?

-Хүний биед ээлтэй био эко бүтээгдэхүүнийг ямар ч хаягдалгүй технологиор үйлдвэрлэдэг гээд бод доо. Бид “Цагаан алт” нэрийг ч санамсаргүй өгөөгүй юм шүү. Малын маань ноосны үнэ нэг л өдөр алтны дайтай үнэ цэнэтэй болно. Энэ бол уул уурхайн бус экспортын нэг болно гэж үзсэн хэрэг. Дээрээс нь манай хоршооны үйдвэрлэсэн гар урлалын бүтээгдэхүүн чанарын өндөр шаардлагыг хангаж чаддаг. ЮНЕСКО-д манай үйлдвэрлэгчдийн 4-5 бүтээгдэхүүн бүртгэгдсэн байгаа. Хамгийн гол нь бид маш их нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Дахиад орон нутгуудад хоршооныхоо сүлжээг тэлэх боломжтой юу?

-Манай хоршооны үйлд­­вэрлэж байгаа бүтээг­дэхүүний чанар, стандартыг орон нутгийн хоршоод маань хараахан гүйц­дэггүй. Хөдөөгийн хо­р­­шоологчдын сул тал ерөөсөө л энэ. Бид олон улсад экспортолдог болохоор ноосоо горимын дагуу боловсруулж, өнгөлөг, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Чанарын удирдлагын тогтолцоо гэдэг зүйл Монголд яриг­даагүй байхад “Ноосон зангилаа” дундын хор­шоонд 2007-2008 оны хоо­­ронд 1.5 жилийн ху­га­­цаатай Дэлхийн худалдааны байгууллагын төсөл хэрэгжсэн юм. Гар ур­лалын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагын дагуу яаж стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдэг арга техникийг энэ төслийн хүрээнд заалгаж сур­сан даа. Бид өнөөдөр ч тэрхүү байгууллагын стан­дартаа мөрдөн ажиллаж байна. Энэ нь бусад гар ур­лаач­даас биднийг ялга­руулж, зах зээл дээр өөрийн гэсэн эзлэх байр суурьтай болгож байгаа юм.

Ингэхэд хоршоо, компани хоёр яг юугаараа ялгаатай юм бэ?      

-Аж ахуйн нэгжүүдээс хоршоо нэлээд олон зүйлээрээ онцлог, ялгаатай. Компаниуд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс ол­сон ашгиа цөөхөн хүнд хувааж хүртээдэг. Хоршоо болохоор үйлд­вэр­лэгчдийн хийсэн бара­а бүтээгдэхүүнийг бусдад зуучлан борлуулаад үнийн зөрүүнээс үлдсэн жаахан мөнгөн дээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Иймээс биднийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас тодорхой хэмжээгээр чө­­лөөл­­дөг ч НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даат­галаа төлдөг. Гэтэл бидэнд татварын асуудалтай холбоотой нэг хүнд нөхцөл үүсээд байна. Сүүлийн дөрвөн жил бид хичээж байгаад үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн маань нэг хувийн татвар бидэнд маш хүнд тусч байна. Жил болгон бид 5.3 сая төгрөгийг энэ татварт төлж байна. Энэ нь бидний хувьд дарамт. Яагаад гэвэл, хүний барааг зуучлан борлуулаад үнийн зөрүүгээр амьдрах гэж ядаж байгаа мөртлөө дээрээс нь үл хөдлөх хөрөнгөтэй болсныхоо төлөө өндөр татвар төлж байна. Бид төлөхгүй гэж байгаа юм биш. Тохирсон хэмжээний бага татвар төлмөөр байна шүү дээ. Сүхбаатар дүүргийн хамгийн өндөр татвар төлөгч нь манай хоршоо. Гэтэл манай­хаас хэдэн арван тэрбум төгрөгөөр илүү хөрөнгөтэй байгууллагууд ийм татвар төлдөггүй. Тиймээс хуулинд тохирох заалтыг оруулж өгөх хэрэгтэй. Ер нь Монголын Хоршооллын хууль 1924 онд гарсан. Өнөөдрийг хүртэл энэ хуулийн шинэ­чилсэн найруулга бат­лаг­даагүй байгаа нь би­дэнд хууль, эрхзүйн орчныг таагүй болгож байна. Би 2008 оноос хойш Хоршооллын хуулийн шинэчилсэн найруулгын багт орж ажилласан. Энэ хуулийн шинэчилсэн найруулга хэтэрхий удаан хүлээл­гэж байна. Эрх баригчид өөрсдийнхөө ашиг сонирхолд нийцсэн хуулийг богино хугацаанд баталдаг хэр нь энэ хуулийг огт тоохгүй юм.

Сүүлийн үед байс­хийгээд л бизнес форум, янз бүрийн сэдвээр эдийн засгийн чуулган их зохионбайгуулагдаж байна. Эдийн засаг хүнд байгаа үед гарц шийдлийг хайж байгаа нэг хэлбэр нь энэ. Эдгээрарга хэмжээ үнэхээр хүндээ хүрч чаддаг юм болов уу. Та юу гэж бодож байна?

  1. -Хүндээ хүрэлгүй яахав. Үнэхээр их үр дүнтэй болдог гэж би хувьдаа боддог. Би ийм төрлийн арга хэмжээнд оролцох болгондоо олзтой ирдэг шүү. Хамгийн сүүлд гэхэд СоцИнтерний эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Азид анх удаа, тэр дундаа манай улсын нийслэлд боллоо. Үүнд бид тавхан минутын танилцуулга хийсний үр дүнд БНХАУ-ын бизнес эрхлэгч эмэгтэй “Би ийм бизнесийг дэмжинэ. Бүр энэ хүмүүстэй л хамтарч ажиллана” гэсэн.

Зарим хүн ийм арга хэмжээнд ирчихээд “Юм зарагдсангүй” гээд байдаг?

-Үгүй ээ, өөрсдөө зорилгоо анхнаасаа зөв тодорхойлох хэрэгтэй. Аливаа хурал чуулган, бизнес хэлэлцүүлэг гэдэг чинь хар зах эсвэл худалдааны цэг огт  биш шүү дээ. Тиймээс үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нь борлуулах үүрэг хүлээдэггүй. Харин бизнесээ өргөжүүлэх гарц, бүтээгдэхүүнээ сайжруулах боломж, цаашид гадаад, дотоодод хэнтэй хамтран ажиллах вэ гэдэг түншээ хайдаг арга хэмжээ. Наад зах нь шинэ гаргасан бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ танилцуулж, хоногшуулах маркетингийг энэ үеэр хийж болно. Үүнийг янз бүрийн хэлбэрээр хийдэг л дээ. Борлуулалт багахан хувийг л эзэлдэг. Тиймээс их олон талыг нь харж иймэрхүү арга хэмжээнд оролцох хэрэгтэй. Тухайлбал, бид 2012 онд Японд болсон нэгэн форум, үзэсгэлэнгийн үеэр одоо хамгийн их хамтын ажиллагаатай байгаа гадаад түншээ олж билээ. Тэр үед бид хамгийн их бизнес уулзалтыг хийж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *