Ц.Шаравдорж: С.Баяр даргын өрөөний хаалгыг эвдэж, акт тогтоосон

7-р сарын 20, 2012 9:07 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 282

-Ц.Нямдорж сайд өрөөгөө суллаж өгөхгүй байна-

М.ГАНЦЭЦЭГ

 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.

 

-Шинэ гишүүд Төрийн ордонд төвхнөх бэлтгэл ажлыг Тамгын газар хэр базааж байна вэ?

-УИХ-ын анхдугаар чуулган хуралдахаас өмнө Тамгын газар шинэ пар­ламентын бэлтгэл ажлыг хангасан гэдгээ мэдээл­сэн. Тамгын газар УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, техник, тоног тө­хөөрөмж гээд бүгдийг хан­гах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн. УИХ-д 30 га­руй шинэ гишүүн орж ир­лээ. Хуучин гишүүд буюу дахин сонгогдсон нь хуу­чин өрөөндөө сууж байгаа. Харин шинээр сонгогдсон гишүүдэд өрөө хуваари­лаас өөр арга байхгүй. Энд нэг зүйлийг онцолж хэл­мээр байна. Өмнөх УИХ-ын анхдугаар чуулганы үед буруу жишиг тогтсон гэж хэлж болно. Тэр нь юу вэ гэхээр хуучин гишүүд өрөөнийхөө түлхүүрийг гараас гарт дамжуулдаг, дуртай өрөөндөө орохыг оролддог, дайрдаг. Ийм буруу жишиг байсан. Үүнээс болж УИХ-ын байнгын хороо болон дэд хороо, түр хороодын ажил­лах нөхцөл боломжийг хангахад хүндрэлтэй бай­даг. Байнгын хороо, дэд хорооны дарга нар орох өрөөгүй болчихдог. Ийм нөхцөл байдал аяндаа бий болдог юм байна. Тиймээс энэ жил гишүүдийн өрөө­ний зохицуулалтыг Там­гын газар эрх хэмжээндээ шийдэж байна. Баталсан хуваарийн дагуу гишүү­дийн олонхи нь өрөөндөө орсон. Гэхдээ зарим хуу­чин гишүүд өрөөгөө өгөх­гүй байх явдал гарч байна.

-Тухайлбал хэн, хэн өрөөгөө суллаж өгөхгүй байгаа юм бэ?

-Засгийн газрын Хэ­рэг эрхлэх газраас гарга­сан шийдвэр ч юм уу, за­рим албан тушаалтны үүрэг даалгавраар хаал­га­ны голыг солих, Төрийн тусгай хамгаалалтын га­зарт үүрэг өгч зарим өрөөг лацдуулах явдал мэр сэр гарсан. Энэ нь 2-3 хүний хүрээнд яригдсан асуудал. Тамгын газраас тавьсан шаардлагыг ойлгож хү­лээж авах хүсэлтийг ги­шүүдэд тавьж байна. Хуу­чин гишүүд маань өрөөн­дөө дураараа засвар хийх, хувийнхаа тавилга, хэ­рэгс­лийг оруулж ирсэн зүйл гарсан.  Гэхдээ өрөөн­дөө засвар хийх хүсэлт ирж байгааг би зүй ёсных гэж бодож байна. Яагаад гэвэл хуучин гишүүд өрөөн­дөө олон зураг, хөрөг хаддаг, түүнээс болоод хадаасны олон ором, нүх гарсан байгаа. Шинэ ги­шүүд түүнийг нь засуула­хыг хүсч байгаа нь аргагүй юм даа. Энэ асуудлыг Зас­гийн газрын Үйлчилгээ, аж ахуйн газарт албан ёсоор тавьж байгаа. Ги­шүү­дийн ажиллах нөхцөл боломжийг хангах үүд­нээс хөнгөхөн засвар хийж өгөх хүсэлт тавьсныг Зас­гийн газрын Үйлчилгээ, аж ахуйн газар хүлээж авч байгаа. Тэгэхээр зарим гишүүний өрөөнд зохих хэмжээний засвар хийчих байх. Техник хэрэгслийг бид үндсэнд нь шийдсэн. Шинээр зөөврийн болон суурин компьютерийг тараагаад дуусч байна. Нэг хүндрэл байгаа. Өм­нөх УИХ-ын 76 гишүүнд бүгдэд нь Тамгын газраас IPAD тарааж өгсөн. Хуу­чин гишүүд маань IPAD-аа буцааж өгнө гэсэн боловч арай л амжихгүй байх шиг байна. Буцааж өгнө гэдэгт бид найдаж бай­гаа. Ийм хүндрэл бий.

-Бүрэн эрх нь дууссан гишүүд IPAD-аа буцааж өгөх ёстой юм уу?

-Өгөх ёстой.

-Анхдугаар чуулган нээлтээ хийснээс хойш хэд хонолоо. УИХ-ын дарга, дэд даргыг томилох, УИХ-ын  бүтцийг зохион байгуулах хуулийн тодор­хой хугацаа байдаг уу?

-УИХ-ын шинэ ги­шүүд тангараг өргөсний дараа нэг их хугацаа ал­дахгүйгээр даргаа томил­дог өмнөх жишиг байсан. Энэ удаад УИХ-д суудал бүхий намууд олонхийн бүлэгтэй зөвшилцөл хийж байгаа учир УИХ-ын дар­гыг томилох хугацаа бага зэрэг хойшилж байна. Ойрын үед томилоосой гэсэн бодол байна. Яагаад гэвэл гишүүд түр үнэмлэх­тэй Төрийн ордонд орж, гарч байгаа. УИХ-ын дар­гыг анхдугаар чуулган эхэлснээс хойш хэд хоно­гийн дараа томилно гэсэн хуулийн заалт байхгүй.  Хурдан томилох нь УИХ-ын бүтэц зохион байгуу­лал­тыг хийж ажилдаа орох, бүрэн эрхээ хэрэг­жүү­лэх боломжтой болно. Дарга томилогдохоор УИХ-д суудал бүхий нам, эвслүүдийн бүлэг ажилдаа орж байнгын хороодын даргыг сонгох байх. Үүний дараа шинэ Зас­гийн газрыг бүрдүүлнэ.

-Засгийн газрыг бүр­дүү­лэх хуулийн хугацаа бий юү?

-Нэг хугацаа бий. УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөснөөс  хойш 45 хоногийн дотор Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол УИХ тарах тухай заалт бий. Үүнийг УИХ-д суу­далтай нам, эвсэл анхаарч байгаа болов уу.

-Шинээр сонгогдсон гишүүд хэдэн туслах, зөвлөхтэй байх ёстой вэ. Гишүүдийн дэргэд ажиллах багт ямар шаардлага тавьдаг вэ?

-Гишүүд хуулийн да­гуу туслах, зөвлөхөө авна. Одоогоор туслахуудаа аваад эхэлж байна. Гэхдээ бид Авлигатай тэмцэх газарт бичиг явуулсан. Ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулиар бол УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүд АТГ-аас зохих “виз” авах ёстой. Иймд гишүүдийн туслах, зөвлөхүүдэд түр үнэмлэх олгож байгаа. АТГ-аас зохих зөвшөөрөл ирсний дараа туслах, зөвлөхүү­дийг жинхлэх зөвшөөрөл өгнө. Нэг зүйлийг онцолж хэлэх ёстой. Хуучин гишүүд хөдөө орон нутагт бие төлөөлөгчтэй байсан. Энэ удаад нэг хүндрэлтэй, ойлгомжгүй асуудал гарч байгаа. УИХ-ын сонгууль мажоритар болон про­пор­циональ хувилбараар яв­сан. Тэгэхээр тойргоос сонгогдоогүй, намын жагсаалтаар сонгогдсон гишүүд бие төлөөлөгчтэй байх уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөнө. Өм­нөх парламентын үед ту­хайлбал, Дундговь айм­гаас сонгогдсон гишүүн тэндээ бие төлөөлөгчтэй байсан. Тэгэхээр энэ удаад орон нутгаас сон­гогдоогүй, намын нэрийн жагсаалтаар орж ирсэн гишүүд бие төлөөлөгчтэй байх уу, үгүй юу гэдгийг УИХ-ын дарга томилог­дохоор даргын дэргэдэх зөвлөлд танилцуулна гэж бодож байгаа. Тэндээс шийдвэр гарах байх.

-Хоёр ч өрөө Төрийн тусгай хамгаалалтын лацтай байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?

-УИХ-ын Тамгын газраас гишүүдийн өрөөг хуваарилсан. Гэтэл зарим нэгэн өрөөг лацадсан байсан. Түүнийг Төрийн тусгай хамгаалалтынхан лацадсан гэсэн. Би өчиг­дөр (уржигдар) Төрийн тусгай хамгаалалтын газ­рын даргыг дуудаж асуу­сан. Ингэхдээ “Та бүхний бүрэн эрхэд ийм зүйл байх­гүй. УИХ-ын гишүү­дийнхээ ажиллах нөхцөл бололцоог би хангая. Та нар тэр тусгай хамгаалал­таа авдаг газраа ав. Ги­шүүдийн өрөөг лацдах нь танай асуудал биш. Там­гын газар ажлаа мэдмээр байна” гэж би хэлсэн. Тэд ойлгосон. Иймд бид өчиг­дөр (уржигдар) С.Баяр даргын өрөөг хүчээр нээ­сэн. Юуг нь нуух билээ. Үнэндээ хаалгыг нь эвдэж орсон. Зохих ёсны акт тогтоосон. Хуучин хүмүүс нь гарч өгөхгүй байсан юм. С.Баяр дарга өөрөө бол өрөөгөө суллахыг зөв­шөөрч, өгдөг хүнд нь өгө­хийг хүссэн.  Гэтэл наа­гуур нь манай Засгийн газрын Хэрэг эрхлэх газ­рын нөхдүүд өрөөг нь өгөх­гүй лацдаж ломбодоод байх юм. Энд бас нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Энэ жилийн хувьд УИХ-д бүлэг байгуулах хэмжээний нэг эвсэл орж ирлээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл.  Дур­тай ч, дургүй ч тэр эвсэл бүлгийн дарга,  УИХ-ын дэд даргатай байна. Одоо та бүхэн хар даа. Ардчил­сан нам, Ардын намын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга нар ямар өрөөнд суудаг билээ. Тэгэхээр тэр эвслийн дарга нарын ажил­лах нөхцөл болом­жийг бүрдүүлэхийн тулд зохих хэмжээний өрөөгөөр хангаж өгөх ёстой. Ийм учир бид хоёр өрөөг зоочихоод байгаа. Нэгийг нь өчигдөр хүчээр суллаж авлаа. Нэг нь бол өрөөгөө суллаж өгөхгүй байна. Энэ нь Ц.Нямдорж даргын өрөө. Ц.Нямдорж сайд Төрийн тусгай хамгаалал­таас гарчихсан. Түүнд Ц.Мөнх-Оргил гишүүний өрөөг бид зааж өгсөн. Тэр нь ч гайгүй боломжийн өрөө байдаг. Гэтэл өрөө­нөөсөө гарахгүй гээд суу­чих­сан. Ц.Ням­дорж дарга маань ойлгож өрөөгөө суллаж өгнө гэж найдаж байна.

-Гишүүд Төрийн ор­донд хувийнхаа эд хэрэгс­лийг оруулж, өрөөгөө то­хи­жуулах боломжтой юу?

-Оруулж ирэх хүсэлт тавьж байгаа. Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйн газар зөвшөөрвөл оруулж ирэхийг албан ёсоор мэдэгдэнэ. Оруулж тавьчихаад явахдаа аваад явна биз.

-УИХ ажлаа эхлэх бэлтгэл хангагдаж байн­гын хороо, дэд хороод хуралдах боломжтой бол­сон гэж ойлгож болох уу?

-УИХ-ын байнгын хороо болон дэд хороод хуралдах нөхцөл бололцоо хангагдсан. УИХ-ын шинэ гишүүдийн зар­цуу­лах төсөв бэлэн байгаа. УИХ-ын сонгуулийн өд­рөөр дуусгавар болгож хуучин гишүүдийн төс­вийг тас­лаад өгчихсөн. Түүнээс хойшхи төсвийг шинэ гишүүд ашиглах ёс­той. Тиймээс гишүүдийн төсөв, хөрөнгөд ямар ч саад бэрхшээл байхгүй. Үнийн өсөлтөөс шалтгаа­лаад Сангийн яамнаас нэмэлт төсөв авах асуудал бий. Үүнийг шийдчих байх.

Нийт: 2 Сэтгэгдэл

Navid
2016 оны 12-р сарын 1

I’m shokced that I found this info so easily.

Candid
2016 оны 12-р сарын 3

If I were a Teenage Mutant Ninja Turtle, now I’d say “Kabwounga, dude!” http://axqtdncejs.com [url=http://yrbzqowfhn.com]yrbzqowfhn[/url] [link=http://phrnaj.com]phrnaj[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *