Ц.Сандуй: АН-ынхны түрэмгийллийг орон нутгийн сонгуулиар хазаарлана

9-р сарын 6, 2012 10:06 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 227

Д.МЯГМАР

 

Нийслэлийн МАН-ын  хорооны даргын ажлыг аваад удаагүй байгаа Ц.Сандуйг “Ярилцах цаг” булангийн зочноор урилаа.

 

 

 

 

 

-Монгол ардын нам 2012 оны УИХ-ын сонгуульд олонх болж чадсангүй. Нийслэлд ч Ардчилсан нам яллаа. Тиймээс залуучуудын байгууллага болон ахмад гишүүдийн санал, шүүмжлэл гарч намын удирдлагуудад хариуцлага тооцож шинэ залуу үедээ халаагаа өгсөн. Таны хувьд нууц биш бол ямар учраас хотын намын хорооны даргын суудалд хүрэв?

-Мэдээж сонгуулийн үр дүнгээр аливаа нам ажлаа дүгнэх нь бий. Өн­гөрсөн сонгуулиар манай нам өөрсдийн санасан хэмжээнд хүртэл амжилт гаргаж чадаагүй, цөөнх боллоо. Тухайн үед намыг удирдан чиглүүлж байсан удирдлагууд ха­риуц­лагаа үүрсэн. Нийслэ­лийн МАН-ын хорооны удирдлага ч ялгаагүй ажлынхаа алдаа дутагдлыг хэлэлцэж цааш­дын арга, замаа тодорхойлсон. Өнгөрсөн наймдугаар сарын 15-нд МАН-ын V бага хурал болж шинэ удирдлагаа сонгосон. Олон хүн намын шинэчлэлийн төлөө шу­даргаар ил тод өрсөлдөж, тавьсан шал­гуу­рыг хан­гасан байсан. Нэг сана­лын илүүгээр миний бие энэ албыг үүрэхээр болсон.

– Шинэ дарга ямар бодлого барих бол?

-Би намдаа сэтгэл­гээний шинэчлэл хийнэ. Арга барил маань ч гэсэн өөр байх болно. Үзэл бодол, зохион байгуулал­тын эв нэгдэлгүйгээс болж 2012 оны сонгуульд бид ялагдсан. МАН-ын хувьд орон нутгийн сонгууль том боломж гэж харж байгаа. АН-ыг хараад байхад хүч түрэх маягаар явж ардчилсан нийгмийг булингар­туу­лаад байх шиг. Энэ бол нийгэмд эвгүй сэтгэгдэл төрүүлж эхэлж байгааг өөрсдөө анзаарахгүй байна.

-Намын дарга нар ардаа ямар нэг бүлэглэлд харьяалагдаж, тэдний дохио, зангаагаар ажилла­даг гэсэн яриа бий. Таныг ч бас хэн нэгний туг болж намирна гэж хардаж байгаа байх?

-Сандуй гэж хүн залуу хүний эрч хүч, шинэ са­наа­гаа хэрэгжүүлж ажиллаарай гэж намайг намын даргаар олонх сонгосон гэж ойлгодог. Хувь хүн талаасаа би мэдээж өөрийн бодлого, зорилгоо хэрэгжүүлэх бол­но. Намынхаа томчуудын өмнө нь хэрэгжүүлж байсан бодлого, жанжин шугамыг тууштай хэрэг­жүүлнэ. Намынхаа уламж­лал, шинэчлэлийг хослуулж аливаад би авах, гээхийн ухаанаар ханда­на. Миний ард мянга мянган гишүүд, дэмжигчид шинэ ажил, олонд хэрэгтэй бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх бол гэж харж, хүлээж суугаа.

-Даргын ажлаа өгөхгүй гэж тамга, тэмдгээ авч зугтаах, муур хулгана болж хөөцөлдөх үзэгдэл намуу­дын аль ч шатанд гардаг болсон. Харин Г.Мөнхбаяр дарга хэл амгүй ажлаа өглөө. Танд ажлаа шилжүүлэх учраас тэгсэн болов уу? 

-Сонгуульд намаа ам­жилт­гүй удирдсан боло­хоор улс төрийн хариуц­лагаа хүлээсэн. Манай намын аль ч шатанд ажил хийх, хариуцлага үүрэх ийм л байдаг. Эрүүл үзэг­дэл л дээ. Тэрийг намын дарга нар харууллаа.

-Өнгөрсөн сонгуульд оролцсон амжилтаа танай нам хэрхэн дүгнэсэн бэ?

-Сонгуулийн ажлын алдаа, оноогоо намын хурлаар бид ярьж, цаашдаа алдаа гаргахгүйн төлөө хэрхэн ажиллахаа ярилцсан. Энэ нь нам дотоод ардчилалтай байгаагаа харуулж байгаа хэрэг. Хуулийн шинэ ор­чинд бид пропорционал болон  холимог системээр сонгуулийг явуулсан. Нам ялагдсан явдлыг олон хүчин зүйлтэй холбож ойлгож болно. Шинэ технологийг энэ жилийн сонгуульд нэвтрүүлж сана­лыг автомат маши­наар тоолдог болсон нь хүмүүсийн эргэлзээг төрүүлсэн. Манайх намынхаа уугуул нэрийг сольсноос болж олон суудал алдсан гэж хэлж болно. Үүнээс болж ги­шүүд, дэмжигчдийн хоо­ронд үл ойлголцол гарсан. МАХН нэрээ МАН бол­гос­ноор намын­хаа хүчийг тарамдуулсан болов уу. Сонгуулийн үр дүнг харж байхад АН сайндаа ч ялчи­хаагүй юм байна. МАН-ынхны авсан суудал дээр МАХН-ны “Шударга ёс” эвслийнхний тоог нэмбэл 50 гаруй суудал болж байна. Бид өрсөлдөгчөө олон суудал авч, өндөр хувьтай гарна гэж тооцоолоогүй учраас ялагдалд нөлөөлсөн байх. Миний харж байгаагаар сонгуулийн дараа буруугаа тэрнээс, энэнээс болсон гэж хайж, яриад байх биш алдаагаа засч,  суралцах хэрэгтэй. Хамгийн гол нь нам доторх эв нэгдэл чухал. Бид нам дотроо эв нэгдэлтэй байж хүчирхэг болно. Намын­хаа мянга мянган гишүүд дэмжигчдийн хүчийг ч гэсэн хуримтлуулах ёстой.  

-Танай нам дотроо эв нэгдэлгүйгээс болж тойргоос санал чирээд ирэх гишүүдээ алдаж байсан гэж ойлгож болох уу?

-Би нийслэл нэр дэвшээд, хажуугаар нь сонгуулийн хороог ахалж ажилласан. Манай дүүр­гүү­дийн болон үүрүүдийн дарга нар хангалттай сайн ажиллаж чадаагүй. Үүнийг намын гишүүд маань хатуухан хэлж байгаа. Дээр байгаа намын хоёр даргаас хамаарч гишүүд хуваагдах учиргүй. Тэдний үзэл бодлоос хамаарч зөрчил үүсээд байгаа юм. Уг нь аливаа нам жирийн гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсч, шийд­вэртээ тусгаж бодлого болгох ёстой. Намын гишүүдийн санал, санаачлага ажил болж буцаад хөрсөн дээрээ буудаг эргэх холбоотой байх учиртай.  Ингэвэл нам маань эрүүл, бүтээлч, улс төрийн хувьд хүчтэй баг болж чадна.

-Та багаа яаж бүрдүүлсэн бэ. Шинэ томилгоо хийсэн үү?

– V бага хурлаар бид Удирдах зөвлөлөө бүрэл­дэхүүнээр нь сольсныг хүмүүс мэдэж байгаа байх. 13 тэргүүлэгч гишүүний нэг нь би. Манай нам хороо дөрвөн дэд даргатай болсон. Тэдний гурав нь орон тооны ажилтан. Нэг нь орон тооны бус. Энэ бол Нийслэлийн ИТХ-д суудалтай манай намын бүлгийн ахлагч Д.Амар­баясгалан юм. Тэрээр манай намын дуу хоолой болж ирэх дөрвөн жил ажиллана. Манай намын дэд даргаар ажиллаж байсан Энхтөрийг ажлын туршлагатай гэж үзээд ажиллуулж байна. Мөн нийслэлд олон жил ажил­ласан “эсэргүү” Ганбаата­рыг дэд даргаар урьж багтаа ажиллуулж байгаа. Намын гол бүтцийн бай­гууллага болох залуучууд, эмэгтэйчүүдтэй ажиллах хуваарьтайгаар сонгосон байгаа. Аливаа ажлыг явуу­лахад санхүүгийн асуудал тулгардаг. Энэ асуудлыг хариуцуулахаар УИХ-ын гишүүн Ч.Сай­хан­самбууг сонгосон. Тэр­гүүлэгчдийн бүрэлдэхүүнд бүлэгтээ ажиллаж байгаа эрхмүүдийг түлхүү оруул­сан. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн МАН-ын хороо бүтцээ шинээр бо­лов­сруулж байна. Тэргүү­лэгчдээр хэлэлцүүлсний дараа батална.

-Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Орон нутгийн сонгууль болох гэж байна. Унасан бөх ууртай байдаг шиг танай намын нөхөд шаралхаж байгаа байлгүй?

-Бид хаяанд ирсэн орон нутгийн сонгуулийг хүлээж сандал ширээ булаалдахгүй, харин улам шаргуу ажиллаж байгаа. Дөрвөн жил ажилласан бат бөх бүтцээрээ бид дахин баг болж урагшаа харж ажиллана. Дотоод эв нэгд­лээ сахиж хуучин бүтцээ улам бэхжүүлнэ. АН-ынхны түрэмгийллийг бид Орон нутгийн сонгуулиар хазаарлана. Эрх мэдэл авсандаа эрдэж хууль бус шийдвэр гаргаж, цөөнхөө хүндэтгэхгүй байгаа нь ард түмний итгэлийг ал­даж байгаа гэдгээ ухаарахгүй байна л даа. Хэн ч алдаа гаргаж болно. Түүнийгээ даруйхан засдаг байх хэрэгтэй. АН-ынхны түрэмгийлэл, хууль бус үйлдлийг ха­заар­лахын тулд сонгогчид маань орон нутгийн сон­гуульдаа хариуцлагатай хандаж биднийг сонгох байх гэдэгт итгэлтэй байгаа.

-Сонгуульд тааруухан ажилласан гэж дүүргийн намын хороодын дарга нарт хариуцлага тооцсон гэж дуулсан. Энэ үнэн болов уу?

-Намын удирдах зөв­лөл болон дүүргийн намын хорооныхонтой би энэ талаар ярилцсан. Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн тул энэ удаа дүүргийн намын дарга нарыг багаа аваад сон­гуульд орох чиглэл өгсөн. Сонгинохайрханы намын дарга Д.Баяр­сайхан өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тиймээс түүний оронд Д.Сумъяа­базарыг ажиллуулахаар сонгосон. Манай хүн УИХ-д Сонги­нохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгааг иргэд, сонгогчид мэдэх байх.  

-МАН улс төрийн туршлагыг харгалзахаас илүү мөнгөтэй эрхмүүдийг намын даргаар сонгоод байх шиг. Ту­хайлбал, Ч.Сайхансамбуу, Д.Су­мъяа­базар гээд бизнес­мэнүүдийн нэр дуулдаад байна л даа?

-Ямар ч ажлыг хийхэд мөнгө хэрэгтэй. Түүнийг олох гэж толгой­гоо сайн ажиллуулдаг манай намын гишүүнийг бид бодлогын хувьд дэмжинэ. Тэр хүний мөнгө босгох бизнес ухааныг намын ажилдаа нэмэрлэнэ. Аль ч улс төрийн хүчинд ийм шийдэл байдаг. Намын үйл ажиллагаа гишүүдийн хандиваар явна. Тэд мөнгөтэй болоод намын даргаар сонгогдож байгаа гэсэн өнцгөөс харж болохгүй. Тэдний ажлын туршлагыг манай гишүүд, дэмжигчид бэлхнээ мэднэ. Манай намын дуу хоолой болж ажиллаж байсан хүмүү­сээр бид багаа удирдуулж ирсэн. Тэр зарчмаар л томилгоо хийдэг. Хэлэх гэсэн үгээ хэнээс ч айхгүй хэлчихдэг. Амьдралд хат сууж зовлон, жаргал туулсан, хувь, хувьсгалын ажил, алба хашиж үзсэн туршлагатай хүмүүсээр л манайх намаа удирдуулж байна даа. Миний дотоод итгэл үнэмшил алдаагүй болов уу. 

-МАН боловсон хүчний “полог”-долтой хэмээн нэгэн эмэгтэй гишүүн онгирч байсныг санаж байна. Тэр олон чадварлаг залуус өнөөдөр АН-ын засагт тахимаа өгч байгаа. Тө­рийн албанаас “буусан” дарга нар намынхаа ажилд хэр оролцож байна вэ?

-Засгийн газар ши­нээр байгуулагдаж, нийс­лэлийн төр, захиргааны байгууллагын дарга нарыг тэр хэрээр өөрчилж байна. Нэг улс төрийн хүчнээс нөгөөд засаглах эрх шилжиж байгаа энэ үед төрийн албан хаагчид цом­хотгол нэрээр ажилгүй болох магадлал ажиглагдаж байна. Угтаа төрийн албан хаагчид маань намын харьяаллаас түдгэлзсэнийг хүмүүс мэдэж байгаа байх. МАН-ын үед ажиллаж байсан гэдэг өнцгөөс хараад улс төрийн шийдвэрээр зарим газрын даргыг чөлөөлөх явдал ажиглагдаж байна. Үүнийг манай нам дуугүй хараад суухгүй. Хүмүү­сийн амьдрал цаана нь байдаг учраас мэргэшсэн алба хаагч нарыг албанд нь хэвээр үлдээх талаар сануулна. Чадварлаг, бэлт­­­гэгдсэн боловсон хүчнийг төр ашиглах ёстой. Улс төрийн албан тушаалтныг сольж болно. Халаа, сэлгээнээс АН ангид байж бодлогоо хэрэгжүүлэх нь нээлттэй. Төрийн албаны хууль зөрчихгүйгээр томилгоо­гоо хийнэ гэдэгт найдаж байна.      

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *