Ц.Оюунгэрэл: Их хэмжээний мөнгө намынхаас огт өөр дансанд төвлөрөх нь ноцтой

3-р сарын 15, 2017 10:08 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 17
3-15-3

Ц.МЯГМАРБАЯР

АНын дотоод сонгуультай холбоотой асуудлаар УИХын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Та бүхний шаардлагын хариу юу болж байна. Бүртгэлийн дэнчингийн хэмжээг бууруулахаар болсон уу?

Дээд шүүхийн хуралд нөлөөлөхийн тулд PR хийж байна. Дээд шүүхэд өнөөдөр АНын шинэ дүрмийг бүртгэхэд одоогийн хийж буй PR нөлөөлөх учиртай. Дотоод сонгууль явуулахын тулд гишүүдээс татаж байгаа энэ их мөнгө хууль бус гэдгийг бид олон нийтийн анхаарлын төвд оруулж чадах юм бол Дээд шүүх дүрэм бүртгэхдээ энэ намд юу болоод байгааг анхаарч үзэх байлгүй. Хэрэв дүрмийг нүдээ аниад бүртгэчихвэл үндсэн дүрмээс хазайх юм. Тэгэхээр шинэ дүрэмд нийцүүлж бүртгэх нь үү гэдгийг бид харна. Их хурал дээр бидний эцэслэсэн дүрмээр явах  уу гэдэгт Дээд шүүхийн шийдвэр сонирхол татаж байна.

3-15-3a1АНын өмнөх дотоод сонгууль ялгаагүй мөнгөөр л явагддаг байсан. Одоо л нам шинэчлэгдлээ гэдгээр ил болж байгаа юм биш үү гэдэг өнцгөөс олон нийтийн зарим харж бай­на. Энэ талаар та юу хэлэх вэ?

Өмнөхөөсөө юугаараа өөр болчих гээд байгааг ялгаж салгах шаардлага байна. Үнэхээр ийм хэмжээний хураамж байсан уу гэвэл байгаагүй. Харин дэнчин байсан. Өөрөөр хэлбэл, өмнө ийм дээрмийн шинжтэй хураамж огт байгаагүй учраас гишүүд бухимдаад байна. Урд нь жирийн гишүүд төлж дийлэх татвартай  байсан. Гэтэл өнөөдөр тэр татвар нь гурав дахин  зарим газраа найм дахин өссөн. Өмнө огт байгаагүй хураамж гэдэг зүйл гарч ирсэн. Тухайлбал, нийс­лэлийн намын даргад нэр дэвшигчийн хураамжийн хэмжээ 90 сая болсон. Тиймээс хүмүүс юу нь үнэн, юу нь ил байсан гэдгийг харьцуулж хараагүй хэсэг нь тийм ойлголттой байх шиг.

Дээд шүүх та бүхний шаардлагыг харгалзахгүйгээр дүрмийг бүртгэж  баталгаажуулсан  тохиолдолд яах  вэ. Хэрэв шаардлагыг харгалзан үзэж дүрэмдээ тусгаагүй тохиолдолд сонгууль явуулахгүй байх арга хэрэглэнэ гэсэн байсан?

Шаардлага тавьсан гишүүд байр сууриа илэрхийлж байна.Нэгдүгээрт, Дээд шүүхэд бүртгэгдээгүй, үйлчлэл нь эхлээгүй  заалтуудаар, дээр нь  дүрэмд байхгүй эрх мэдлийг эдэлж байгаа нь гишүүдийн дунд эргэлзээ дагуулж байгаа тул бид үүнийг зөвшөөрөхгүй. Гэвч хүч түрэн энэ үйл ажиллагааг явуулж тодорхой хэмжээнд сонгууль боллоо гэхэд зарчим дээрээ үлдэх гишүүд энэ байр суурь дээрээ л үлднэ. Тэгэхээр зарчимгүй байдлаар энэ үйл ажиллагаа явагдвал нам дотроо хагарч бутрах л болно.

Дүрмээ Дээд шүүхээр баталгаажуулсны дараа дотоод сонгуулиа явуулж болоогүй юм уу?

Бид энэ сонгуульд оролцлоо гэхэд өмнө байгаагүй их хэмжээний  алба гувчуурын шинжтэй мөнгө төлөх гээд байна. Зарим нь бүр дээрмийн шинжтэй тоо байна. Эдийн засгийн хямралтай, дээр нь намын гишүүд бүгд ажилгүй байхад ямар их  дарамт учирч байгаа нь ойлгомжтой. Ямар сайндаа бид  хоорондоо  Манжийн дарлалд Монгол Улс орохдоо гэнэт ийм их татварын дарамтад орж байсан байхдаа гэмээр гэнэтийн дарамтад орчихлоо гэж ярьцгааж байна. Урд нь гишүүд төлж дийлэх хэмжээний татвар төлдөг байсан. Иймд жинхэнэ гишүүд нь жирийн гишүүдээ санхүүжүүлж байсан. Нэгэнт жирийн гишүүд дааж давашгүй татвар төлөөд эхлэхээр гишүүд яалтчгүй хүний халаас руу явж орох үр дагавар руу орно. Тэгэхээр цөөхөн мөнгөтэй хүний халаас руу бүх гишүүдийг сүргээр нь оруулах гэж байгаа юм шиг өндөр татвар гэнэт тогтоож байгаа нь татварын бодлогын хувьд ч алдаатай. Намыг санхүүжүүлэх урт хуга­цаа­ны тогтвортой байд­лын хувьд ч алдаатай. Ард­чиллыг удаан хуга­цаанд тогтвортой байлгая гэвэл дааж давашгүй татвар тогтоох ёсгүй.

Мөнгөтэй хэсэг нь энэ тогтоосон татвараар  сонгуульд оролцоод ҮБХг бүрдүүллээ гэхэд  сонгуульд оролцоогүй мөнгөгүй хэсэг нь хаачих вэ. Тухайлбал та өөрөө?

Стратегийн өнцгөөс харах юм бол Монголын ардчилал тун тогтворгүй байдалд орноАрдчилсан нам хэврэг болно. Яагаад гэхээр АНд жил болгон ийм хэмжээний мөнгө төлөөд явах даац жирийн гишүүдэд байхгүй. Тэгэхээр аль ч намд ийм боломж байхгүй. Зөвхөн АНаа мөнгөгүй гэж хэлж байгаа ч юм биш. Ерөөсөө улс төрийн  намын татвар ийм өндөр байх ёсгүй. Ардчилал нь тогтворжсон орнуудыг аваад үзэхэд нэгдүгээрт, намын албан тушаалд өрсөлдөхөд хэн ч дэнчин төлдөггүй. Хоёрдугаарт, төрийнхөө албан тушаалд өрсөлдөхөд нэг  хүний сарын цалингаас илүү хэмжээний мөнгөөр сонгуульд оролцдоггүй. Ийм дүрмийг хийсэн орнууд л ардчилал нь удаан хугацаанд тогтвортой явж байна. Одоо хамгийн их мөнгөөр ардчиллыг зохион байгуулж  байгаа  Америк гэхэд ардчилал нь хямралд нэрвэгдэж ардчилсан биш ерөнхийлөгч гарч ирснээр хямралд орж байна. Маш бага мөнгөөр сонгууль явуулдаг Европын ор­нууд ардчилал нь урт хуга­цаандаа тогт­вортой, эдийн засаг нь өөдрөг байдаг. Тэгэхээр улс төрийн зардлаа хямд­руулна гэдэг нь өөрөө төрийнхөө зардлыг багасахын эхлэл болдог. Намын зардлаа нэмэгдүүлнэ гэдэг төрийн зардлыг дааж давшгүй өндөр болгохын эхлэл. Монгол орныхоо төлөө гэж хэлээд АН мөнгөө нэмэгдүүлэхэд ерөөсөө алга ташиж болохгүй. Тиймээс өөрийнхөө намыг шүүмжлэхээс өөр арга алга. Улс төрийн намын зардлыг хямдруулахын төлөө тэмцэж байна гэдэг нь төрийн зардлыг хямдруулж чадна л гэсэн үг. Тэгэхээр төрийн зардлыг нэмэгдүүлдэг 60 тэрбумын схемтэй улс төрийн хүчин болчих юм бол Монголын төр  эргээд ард түмэндээ дааж давашгүй татварын дарамтад оруулах нөхцөл бий болох магадлалтай гэж санаа зовж байна. Тиймээс бид намынхаа гаргаж буй хамгийн том алдаан дээр дуугарахгүй байж чадахгүй.

Та цахим хуудастаа намын татварын шинэ хүснэгт гаргаж тавьсан бай­сан. Үүнийгээ тайлбар­лана уу?

АНын жирийн гишүүд төлж дийлэхүйц татвартай байсан боловч өнөөдөр хэр баргийн хүн дааж давашгүй их гувчууртай боллоо гэж жиргэсэн. ҮБХ өмнө нь нэг сая төгрөгийн татвар төлдөг байсан. Одоо энэ хүснэгтээс харахад өмнөхөөсөө гурав дахин их татвартай болсон. Дээр нь урд өмнө байгаагүй гурван сая төгрөгийн  хураамж нэмж төлнө. Нийслэлийн намын даргад татвар дэнчингүйгээр чөлөөтэй өрсөлдөж болдог байсан. Одоо 90 сая төгрөг, аймгийн намын даргад  мөн чөлөөтэй өрсөлддөг байсан бол одоо 15 сая төгрөг төлөхөөр болж байна. Тэгсэн хэрнээ  энэ их мөнгө намын төв дансанд биш Дотоод сонгуулийн хорооны дансанд төвлөрүүлнэ гээд огт өөр данс өгсөн. Энэ маш ноцтой. Яагаад гэхээр намын Ерөнхий нарийн бичгийн дарга намын төв дансан дээр гарын үсэг зурдаг. Тэр гарын үсгээр гишүүд хариуцлага тооцдог. Гэтэл намын тайланд тусгагддаггүйгишүүдийн өмнө хариуцлага хүлээдэггүй огт өөр дансанд их хэмжээний мөнгө хуримтлуулах гэж заагаад байна. Энэ бол санхүүгийн талаас маш хариуцлагагүй шийдвэр гаргаж байна. Нөгөө талаас сонгуулийг даруухан зохион байгуулах юм бол нэг нэр дэвшигчдэд маш бага хураамж ногдох боломжтой. 15-50 мянган төгрөгт аль ч нэр дэвшигч мөнгө хуримтлуулаад сонгуулийнхаар зардлыг гаргах боломжтой. Саналын хуудас хэвлүүлэх тараах, сонгуульд нэг өдөр ажиллах хүмүүсийн хоолны зардал гаргахад энэ нь гишүүдэд дарамт учрах боломжгүй. Нийслэлийн хэмжээнд нэг хүнээс 50, сумын хэмжээнд нэг хүнээс 1000 төгрөг гаргах боломжтой.

banner3-14

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *