Ц.Оюунчимэг: Би мундаг хүний генийг хожуу мэдэрсэн

5-р сарын 20, 2013 9:27 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 1059
Өнгөрсөн долоо хоногт Австрийн Вена хотноо хүндийг өргөлтийн ахмадын олон улсын гран-при тэмцээн болсон билээ.

Д.ЖАВХЛАН

Өнгөрсөн долоо хоногт Австрийн Вена хотноо хүндийг өргөлтийн ахмадын олон улсын гран-при тэмцээн болсон билээ. Энэхүү тэмцээний 75 кг-ын жинд үнэмлэхүй амжилт гаргасан Ц.Оюунчимэгтэй ярилцлаа.

 

-Австрийн гранприд аваргалсан танд баяр хүргэе. Тэмцээнийхээ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү?

Баярлалаа. Энэ удаагийн тэмцээнд хүндийг өргөлтийн спорт өндөр хөгжсөн 16 орны 110-аад тамирчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлд­сөн. Тэднээс Германы та­мирчин надтай эн тэн­цүүхэн өрсөлдсөн нь энэ тэмцээнийг улам сонир­холтой болгосон.

-Таныг дэлхийн аваргын мөнгөн медальтай гэдгийг мэднэ. Та энэ спортод хожуу орсон байх аа?

-2011 оны зургадугаар сарын дундуур хүндийг өргөлтийн спортод анх хөл тавьж байхад эгч нь 49 насыг шүргэж байлаа. Өнгөрсөн оны спартакиад наадмын дөрөвдүгээр байр, нийслэлийн спар­такиад тэмцээний дэд аварга болсон нь миний урмыг сэргээж удалгүй 2012 оны Ах­мадын дэлхийн аваргын бэлтгэлд орж байсан юм. Дотоодын хоёр том тэм­цээн миний туршлагыг зузаалж, өнгөрсөн оны дэлхийн аваргын мөнгөн медалийг энгэртээ гялал­зуулахад чухал нөлөөлсөн гэж боддог. Тэр тэм­цээний нийлбэр дүнгээр 116 кг-ыг өргөсөн  байдаг.

-Тэгэхээр хэнз тамирчин гэх үү, залуу тамирчин гэх үү?

-Сонирхолтой асуулт байна. Энэ спортод хөл тавьсан хугацаагаар намайг дүгнэвэл зүгээр байх. Залуу тамирчин гэж дуудуулах нь юуны буруу гэж.

-Тэгэхээр залуу мастер маань яван чангарч энэ тэмцээнд өмнөх амжилтаа ахиулсан байна?

-Би одоогоор улсын зэрэг цолгүй байгаа. Энэ удаагийн гранпри тэмцээнд нийл­бэр дүнгээр 140 кг-ыг өргөн өөрийнхөө болон улсын дээд амжилтыг шинэ­чиллээ. 

-Одоо ямар тэмцээн уралдаанууд хүлээж байгаа вэ?

-Киргизэд ирэх долдугаар сарын 2-9-нд Азийн аварга болно. Энэ тэмцээний бэлтгэлд маргаашаас орох санаатай байна. Тэгээд Дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлд зал­гуулан орох байх. Энэ жилийн хувьд олон тэм­цээн уралдаан хүлээж байна.

-Та өмнө нь ямар спортоор хичээллэж байв?

-Эгч нь спортоор хи­чээллэж байгаагүй. Үүнд л их харамсдаг.

-Тэгэхээр танд удмын нэг юм байх нь? 

-Харин ч байгаа шүү. Нас хэтийдсэн ч спортод өндөр амжилт гаргаж бай­гаагаа өвөөтэйгөө хол­бо­дог. Миний өвөөг монгол бөхөд хайртай, бөхөө дээ­дэлдэг ард түмэн андахгүй. Эгч нь монгол бөхийн зүлэг ногоон дэв­жээнд нэгэн үе ид хаваа гай­хуулж байсан Б.Түвдэн­дорж аваргын удамт охин юм шүү дээ. Би мундаг хүний генийг хожуу мэдэрсэн хүн.

-Таны аав мундаг аваргын хүү. Тэгэхээр бас л ноцолддог байсан байж таараа?

-Миний аав Б.Түвдэн­дорж аваргын отгон хүү. Сурган хүмүүжүүлэх салбарт залуу насаа үдсэн. Аав улсын наадамд гурав барилдахдаа хоёр удаа дөрөв давж, улсын начин цолны босгонд гар хүрээд буцсан буурал юм. Тий­мээс би бөхийн гени та­сардаггүй гэдэгтэй санал нэг явдаг. Эгч нь ч гэсэн Б.Түвдэндорж аваргын генийн тасархай шүү дээ.

-Та Б.Түвдэндорж аваргын барилдахыг харж байв уу?

-Өвөө бөх үзэх бүртээ намайг дагуулж явна. Тэгээд бид хоёр талбай дотор ороод бөх үзнэ шүү дээ. Миний бөх мэддэг гэж юу байхав. Өвөөгийн бөх тайлбарлахыг сонсох нь надад таатай байсан болоод тэр биз. Өвөөтэй хамт явахад үеийн болон залуу бөхчүүд хүндэтгэн ёслохыг одоо эргэн санахад юутай сайхан. Яармагийн дэнжид бөх барилдахад бид хоёр алгасах нь үгүй. Би тэр үед гуравдугаар ангийн бяцхан охин байлаа. Би өвөөгийн хүрэн бор гутлыг тэврээд хажуугаас нь сална гэж байхгүй. 

-Аваргын бөхийн удмыг залгах хүн танайханд байна уу?

-Өвөөгийн том хүүгийн ач нь Д.Ундрах гэж сайхан залуу бий. Тэр мэргэжлийн сүмогийн макүүчи зиндаанд барилдаж байгаа. Тэр л бөх болох хүн байгаа юм. Миний өвөө чинь хүүхдүүдээ бөх бол гэж шахаж шаарддаггүй байсан гэдэг.

-Ярилцсанд баярлалаа. Танд спортын өндөр амжилт хүсье?

-Баярлалаа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *