Ц.Оюунбаатар: Цэвэрлэх байгууламж хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгаа 

4-р сарын 11, 2016 8:58 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 57
4-11-3

М.ГАН

Парламент өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаараа Боловсролын тухай, Дээд боловсролын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Төсөлдзайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ зургаан наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргаж, шийдвэрлүүлэхгэсэн саналыг нэмж тусгахаар болжээ. Энэ талаар гишүүд саналаа илэрхийлэв. “Зайлшгүй нөхцөл байдалгэхийн оронд тодорхой нөхцөл, тохиолдлыг тодотгож тусгах, зөвхөн малчдын хүүхдүүд төдийгүй сургууль нь хол байршилтай, олон ээлжтэй хотын захын хорооллын сургуульд  сурах  зургаан настай хүүхдийг  хамруулах, сургуульд элсүүлэхээс өмнө хүүхдийг хөдөө орон нутагт цэцэрлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэх, зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлэх эсэхийг захирал нь биш эцэг, эх нь өөрсдөө шийддэг байх, сургуульд элсүүлэх боломжгүй тохиолдлыг малчны зургаан настай хүүхэд бүрт хамааруулж хавт­гайруулахгүй байх зэрэгт анхаарлаа хандуулав.

Өнгөрсөн онд малчдын 10 мянга гаруй хүүхэд зургаан настайдаа сургуульд элсэн орж, тэдний хоёр мянга орчим нь сургуулийн дотуур байранд амьдарч байгаа ажээ. Дээрх саналыг гаргасан гишүүд хөдөө орон нутгаас голдуу сонгогдсон бөгөөд тойрогтоо ажиллах үеэр зургаан настнуудын эцэг, эх гомдол гаргасан байна. Тухайлбал, зургаан настай хүүхэд сургуулийн дотуур байранд амьдрахад хүндрэлтэй тул эцэг, эхийн аль нэг нь сумын төв эсвэл аймагт амьдардаг. Үүнээс шалтгаалж залуу гэр бүл салах, амьдрал ахуйд нь сөргөөр нөлөөлдөг байна. Энэ бүгдийг харгалзан үзэж дээрх саналыг гаргажээ. Гэвч орон нутагт судалгаа явуулахад зургаан настай хүүхдээ сургуульд сургахаас болж гэр бүл салсан тоо гараагүй гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр онцлов. Ингээд гишүүд дээрх саналыг  төсөлд нэмэхийг дэмжин эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ төслийг Ерөнхийлөгч санаачилсан бөгөөд гишүүд нэлээд шүүмжлэв. Төсөлд 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ Засгийн газрын сайд нарыг парламентын гаднаас томилох, нэр заасан зарим яамны удирдлагыг дотроос томилох тухай тусгасан юм.

Баасан гаригийн УИХын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь УИХын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэнд, спортын сайдад хандан тавьсан асуулга байв. Тэрээр төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдсон нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа, иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ гэсэн асуулга тавьжээ.

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч, Шадар сайд Ц.Оюунбаатар “…Цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудал АСЕМ хуралдахаас өмнө шийдэхээр ажиллаж байгаа юм билээ. Тодорхой санхүүжилтийг хөнгөлөлттэй шугамаар шийдэж үнэрийг эхний ээлжинд шийдэх юм байна гэсэн ойлголттой байгаа. Иргэд эрхээ хамгаалан тэмцэж чаддаг нөхцөлд хотын бохирыг шийднэ. Төв цэвэрлэх байгууламж хүн амын эрүүл мэндэд үнэхээр ноцтой нөлөөлж байгаа. Жишээ нь, 2000 онд амьсгалын замын өвчин 10 мянган хүн тутмаас 791 хүн өвчилдөг байсан бол , 2014 онд 1579 болж нэмэгдсэн. Ийм учраас ард иргэддээ бодит байдлыг үнэн зөвөөр хэлж хамгаалах асуудалд анхаарлыг нь хандуулах ёстойгэв.

Үргэлжлүүлэн УИХын чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХын гишүүн Д.Сумъяабазараас БОНХАЖын сайд Н.Батцэрэгт хандан тавьсан Туул голын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонслоо.

Н.Батцэрэг сайдын хэлснээр Сонгинын булангаас Алтанбулаг хүртэлх Туул голын урсац асар  их бохирдолтой байгаа. Бохирдолд Төв цэвэрлэх байгууламжаас дутуу цэвэрлэгдсэн ус Туул гол руу урсаж бохирдуулахын зэрэгцээ ашигт малтмал олборлож байгаа аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийдэггүй. Мөн гэр хороолол хөрсний бохирдол өндөр байгаа нь нөлөөлж байгаа юм байна. Мөн цаг дулаарахаар иргэд Туул гол орчмын ойролцоо зугаалахдаа хог ихээр хаядаг. Хуурай сайр, гуу жалгад хог ихээр хуримтлагддаг нь Туул гол руу хүрдэг гээд бохирдуулж байгаа шалтгаан нөхцөл олон гэнэ. Бохирдлыг бууруулах зорилгоор Туул голын сав газрын захиргаа байгуулагдсан, мөн Туул усан цогцолбор барихаар төлөвлөжээ. Үүнд асар их хөрөнгө шаардлагатай ч гурван эх үүсвэрээс бүрдүүлэх чиглэлээр Засгийн газар ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *